Амьдрах сайхан
Намрын сэрүүн хэдийнээ ирчихэж, салхи жиндүү байх юм. Гараад ирсэн чинь даарахаар шинжтэй. Уулзах охиныхоо гэрийг гайгүй сайн заалгаад Баруун дөрвөн зам зүглэлээ. Таарсан хүн бүрээсээ Богд Ар хорооллыг асууж сурагласаар 12 давхар ягаан байрны дэргэд ирлээ. Шинэ байр болохоор одоохондоо лифтгүй гэнэ. Зорьж ирсэн айл маань 11 давхарт болохоор шатаар өгсөх зуураа Мишээлд ч амаргүй даваа юм даа гэж бодлоо. Ингэхийн учир нь зорьж яваа охин маань төрлөхийн саажилттай, тэргэнцэр дээр суудаг.
Мишээл одоо 20 настай. Нийслэлийн 25-р сургуулийн 9-р ангид сурдаг. Би явж чаддаггүй, бас гар минь хөдөлдөггүй ч гэсэн би үргэлж хүн гэдгээ мэдэрдэг. Миний мөрөөдөл хязгааргүй. Өөртэйгээ адилхан хүмүүсийн тухай кино бүтээнэ. Найзынхаа зохиосон шүлэгнээс санаа авч зохиол бичээд кино найруулагч болно, ФМ радиогийн дарга нь болж өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэнд ажиллуулна. Гэхдээ хэл яриа нь сайн хүмүүс миний радиод ажиллах болно оо. Бүх хүмүүст эрх тэгш үйлчилдэг дэлгүүр, орон сууц, кино театр, банк гээд олон нийтийн байгууллагад хөрөнгө оруулдаг тэрбумтан болно оо... гэж Мишээл ярьсан юм.
Мишээл мөрөөдлөө ярьж байхдаа огтхон ч эргэлзээгүй. Түүний хамгийн ойр байдаг хүн бол ээж нь. 20 жил хамтдаа хайр дүүрэн амьдарч яваа ээж охин хоёр хэнээс ч илүү ойлголцдог. Би ээжийгээ өвдвөл сайхан хоол хийж, аавыгаа хааяахан согтуу ирэхэд нь хувцасыг нь тайлаад өгмөөр санагддаг. Аав, ээжтэйгээ л байхдаа би хамгийн аз жаргалтай байдаг. Хүн болж төрсөндөө бахархдаг. Мандаж байгаа нарыг харж байгаадаа баярладаг. Зарим хүмүүс хүсэл тэмүүлэлгүй, өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байгааг хараад хайран гар, хөл гэж боддог юм. Хэрвээ би тэдний оронд байсан бол их зүйл амжуулах байсан даа.
Мишээлийн ээжийг Энхээ гэдэг. Миний охин наддаа амин эрдэнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Явж чаддаггүй нь асуудал биш ээ, оюун ухаан л эрүүл байгаа нь хангалттай. Ээждээ дандаа сайхан үг хэлдэг. Би бүр заримдаа хэлэх үг олдохгүй, уйлчихдагым. Ойр тойрны маань хүмүүс хэлдэг л дээ. Чи ийм хэцүү өвчтэй хүүхэдтэй байж яаж ийм өөдрөг сэтгэлтэй байдаг байна аа гэж. Би яах юм бэ, хүүхэд минь саажилттай гээд уруу дорой царайлаад явах уу? Надад миний хүүхэд хэцүү санагддаггүй болохоор л би ийм өөдрөг, амьдрал минь сайхан байгаа хэрэг шүү дээ.
Амьдралыг дандаа гэгээнээр хардаг ийм өөдрөг ээжийн охин том мөрөөдөлтэй байхаас ч яах билээ. Үнэхээр урамтай байна шүү. Миний хөөрхөн болцгор ээж, бас их уйланхай гээд л ярьж байхдаа Мишээлийн нүд баяр хөөртэй харагдаж байсан. Анх өрөвдөх сэтгэл төрөөд байсан миний бодол одоо өөр болчихсоон. Би Мишээлийн гэрээс урамтай гарсан юм.
Ирж явахад жиндүү байсан салхи одоо зөөлөн болчихож. Нөгөө түүртээд байсан 11 давхар ч амархан санагдаж байх чинь. Амьдрал надад гэгээн бүхнийг өгсөн... гээд ч дуулмаар. Хүнийг ойлгох сайхан юм. Амьдрах бүүр ч сайхан юм байна аа.