Амьдрах орон зай
Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан, зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.
Газар гэдэг маань эх орон юм.
Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр.
Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхлэнэ. Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж, үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй.
Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож, Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, Фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Энэтхэг ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор…
1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу 30 гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л…
Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.
Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хуваан идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, ”хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”?
Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.
Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.
Германы газар зүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан.
Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.
Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлхийг санаархаж байна. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх орондоо хүн шиг алхаж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь… Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж “би энд насаараа сууна!” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.
Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.
Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь жаран жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө… одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогт, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яах вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.
Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баатарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө“ гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ? Минийх байж болохгүй гэж үү? Хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.
Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан харь эзэн нь хаан шиг данхалзана биз дээ.
Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гоо охин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.
Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал… Хэнбугай ч, юу ч хэлж чадахгүй.
Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж иргэний үнэмлэх авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар байр, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.
Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?… монгол гэх үү?
(үргэлжилнэ) Очирбатын Дашбалбар