Амьдрал баян, хорвоо уудам шиг, уншаагүй зөндөө сайхан ном өмнө минь байгаа гэж бодохоор яармаар ч юм шиг…
13 жил, 4 сар өмнө

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн

Далай мэт гүн номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч далайд хөвөх мэт

(АУЗ Цэндийн Дамдинсүрэн)

 

Гэрт нам гүм орчин ноёлоно. Бодож суугаад болгоож уншихад хэн ч саад хийхгүй болохоор нам гүмд би дуртай. Гэрийнхэн хараахан ирээгүй байна, энэ цагийг ашиглаад өчигдөрхөн эхэлсэн номоо уншихаар ширээндээ суулаа.

Ширээн дээр нэлээд хэдэн ном харагдана. Голдуу уншсан номоо өрсөн ч хараахан уншиж эхлээгүй ном ч хорхой хөдөлгөөд харагдаж байна. Номын амтанд орох мөн ч сайхан даа!    

Энэ удаа би ном уншихаа түр азнаад номын тухай тэмдэглэл бичихээр шийдлээ.

Би номонд их дурлаж өссөн. Сургуульд ороогүй байхдаа л үсэг сурсан. Аав минь надад их энгийн аргаар үсэг зааж өгсөн нь одоо хүртэл санаанаас гардаггүй. Тэр үеийн “Хөдөлмөр”, “Үнэн” сонины том том гарчигийг үелэн уншуулсаар байгаад үсэг нүдлүүлсэн гэдэг. Би ч тэдгээр гарчгийг унших их дуртай, хүн орж ирэхээр унших бүр ч дуртай байж билээ. Бодвол магтуулах гэж л сонингоо бариад гүйдэг байсан биз ээ. Харин гарчигнаас өөр юм ёстой уншдаггүй байсан. Аавыг унш гээд янз бүрээр гуйхад үгүй гээд л зөрдөг байсан гэнэ лээ. Ингэж л би юм уншиж сурсан. Бага насандаа үлгэрийн номын амтанд орох сайхан байсан шүү! Удалгүй ном унших минь хүрээгээ тэлсээр Уран зохиолын ном унших дуртай болсон…

Яг одоо миний дэргэд Марк Фишер, Марк Аллен гэж хоёр хүний хамтран бичсэн “Саятнууд ингэж сэтгэдэг“ ном дэлгээтэй байна. Орчуулагч нь У.Нямсүрэн гэдэг хүн байна.Саятан гэхээр л мөнгө санхүү гэж  ойлгодог миний бодол энэ номыг уншаад өөрчлөгдсөн юм.

Саятан байна гэдэг халаасанд мөнгө байхад биш, сэтгэлд зөв бүхэн байхыг л хэлдэг юм байна…

Саяхан Ламжавын Гүндалайн “Хайрлахгүй байхын аргагүй” тэмдэглэл номыг уншиж дуусгасан.

Аливаа хүн өөрийнхөө амьдралыг бичнэ гэдэг тэр хүний үнэн түүх байдаг болохоор энэ номыг уншиж байж л Гүндалай гэдэг хүний тухай төсөөлөл бууж ирсэн.

“Амьдралын туршид хүмүүст хоёр зүйл маш чухал байдаг. Энэ нь хүнийг хайрлаж хайрлуулах, өөрийгөө өөртөө болон бусдад хэрэгтэй гэдгийг мэдрэх явдал” гэж энэ номонд бичжээ. Бодууштай л үг!...

Мэдээж уншсан бүх номоо энд тэмдэглэнэ гэвэл их урт хугацаа.Урьд нь би олдсон бүх номыг уншдаг байлаа. Нэг л их ном уншсан хүн! Гэвч үлдэх юм үнэндээ байсангүй. Зөвхөн нэр л үлджээ. Яагаад гэвэл тогтож уншдаггүй болохоор л тэр. Харин одоо бол сонгож уншдаг. Анзаарч, эргэцүүлж, заримдаа бүр мэтгэлцэж уншдаг болохоор тэмдэглэл бичихгүйгээр ном уншихаа больсон. Тиймдээ ч номын хуудсыг хурдан эргүүлэх аргагүй болсон.

Утгын далайд хөвөхдөө уужирч, бас уярч заримдаа уйлж ном уншихад нэг л гэгээн болчихдог. Амьдралыг өөр нүдээр хараад ч байгаа юм шиг…Асаж дүрэлзэж байгаа сэтгэлдээ тос нэммээр ч болох шиг… Нээрээ  нэг л өөр болчихдог.

Амьдрал баян, хорвоо уудам шиг, уншаагүй зөндөө сайхан ном өмнө минь байгаа гэж бодохоор яармаар ч юм шиг…

Хаалганы хонх дуугарч байна. Манай гэрийнхэний хэн нэг нь ирж байгаа нь энэ.  Аягүй бол босч хоолоо хийх цаг болсон доо. Амжиж номын тухай тэмдэглэлээ бичиж дуусгалаа.

Эрхэм таны ухааны ертөнцөд номын далай давалгаалж байг ээ!