АМЬДРАЛТАЙ НҮҮР ТУЛАХ ТУХАЙД
11 жил, 1 сар өмнө

Би 10 хүний дайтай ажиллаж байж, бүх хүчээ шавхаж байж эх орноо сайхан болгоно гэж боддог. Тэрнээс биш зүгээр ярьж, мөрөөдөөд юу ч өөрчдөгдөхгүй. Өдөрт 6 цагаас илүү унтах хэрэггүй. Сэрүүн үедээ өөрийнхөө бүх хүч чадлыг хийж бүтээхэд зориул. Ингэж тэмүүлж яваад л үхнэ. Ганц олдох амьдралд жижиг бэрхшээлийн өмнө сөхөрч, өөрийгөө эрхлүүлэх эрх надад байхгүй. Би худлаа хоосон мөрөөдөж өдөр хоногийг аргацаахгүй. Замд гараад хийх ёстой маш олон зүйл байгаа олж хараад л хийж эхлэдэг.

За өөрийгөө хөгжүүлчихээд л хийж эхэлье, өөрийгөө боловсруулчихаад цөм авъя, за яг маргааш л өөр хүн болъё, ингэснийхээ дараа тэрийг хийнэ гэж явсаар өдөр хоногийг аргацаах хэрэггүй. Ингэж бодож явсаар нэг л мэдэхэд нас чинь барагдсан байх вий. Юм хийж бүтээж байж л өөрийгөө танин мэддэг юм. Өөрийгөө таних гэж сууснаар өөрийгөө таньдаггүй юм. Улам л уймарсаар байгаад таардаг. Зүгээр л чиний амьдралын зам мөр тэмцэл чинь чамайг өөрийгөө ойлгоход туслана. Амьдралтай нүүр тулж байж өөрийгөө ойлгоно.

Бүхнээс зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Буланд шигдсэн жаахан хүү хэвээрээ л үлдэнэ. Чи бусдын амьдралаар биш өөрийнхөө амьдралаар л амьдар. Өөрийн замналыг өөрийнхөөрөө гараар бүтээ. Зовсон ч жаргасан өөрийн бүтээсэн амьдрал л гайхалтай.


Ж.Лувсандорж
2013/09/27