АМЬДРАЛД ХАМГИЙН ЗӨВ НЬ УТОПИ ҮЗЭЛ. /”Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн сурвалжлагч, зохиолч Ш.Билэгсайхантай хийсэн философи эргэцүүллийн ярилцлага/
-Саяхан “21дүээр зууны Азийн яруу найргийн наадам Монголд болж өнгөрлөө.Майхан наадам болов уу?
-Хятад, Японы шилдэг яруу найрагчид ирсэн. Гэхдээ орчин үеийн яруу найргийн дэлхийн чиг хандлага, сэтгэлгээний түвшин, эрэл хайгуул, уран сайхны нээлт зэрэг амин чухал асуудлаар ярилцаж чадаагүй. Бие биедээ баярлаж талархсанаа илэрхийлээд, шилмэл шүлгээсээ уншаад, хоёр өдөр доргиж байгаад буцсан даа. Би нүүр тулсан ярианд тааруу. Энэ нь миний багын хүмүүжилтэй, дотоод чанартай холбоотой байх. Өмнөөс хоёр хүн хараад сууж байхад, би ерөөсөө юм ярьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл,хүмүүсийн дунд ерөөсөө өөрийнхөөрөө байж чаддаггүй. “Өөрийнхөөрөө байж чаддаг чанар” гэж бодож байгаа юмаа цомхон бодож чадах, хичнээн хүн байлаа ч, бодлоо төвлөрүүлж чадах, эрдэм чадлын түвшин оновчтой байхыг хэлж байна. Түүнээс биш өөр байдлаар, олон түмний дунд ялгарч болно шүү дээ. Хувцастай, эсвэл нүцгэн байж болно.Хүн өөрийнхөөрөө байна гээд инээх ханиах, уурлах уцаарлах, янз бүрийн ааш араншин гаргаж болно.Түүнийг би, өөрийнхөөрөө байна гэж боддоггүй, хэлдэггүй. Өөрийнхөөрөө байна гэдэг энэ орчлон ертөнц, хүний амьдралын тухай бодож байгаа хүн, маш товчоор холчоор бодож илэрхийлэхийг хэлнэ. Тэгэхээр би асуултанд хариулахдаа маш тааруу. Ямар ч энгийн асуулт асуусан хариулахад би бэлэн биш. Бодно .Миний мэддэг юмыг, эсвэл огт санаанд ороогүй, урьд нь амьдралдаа бодож байгаагүй юмыг ч асууж болно шүү дээ. Би ярьж боддоггүй, бичиж боддог. Энэ чинь их том ялгаа шүү дээ. Гэртээ ширээндээ суугаад, цонхоор тэнгэрийн хаяа хардаг ч юмуу, эсвэл уулын орой, нисч байгаа шувуу, цулгуй цагаан ханаа хараад, бичих юмаа бодож, шар Манзушир, Янжинлхамдаа залбирал үйлдэж зохиолоо бичдэг. Зохиолчид эрдэмтэд ер нь хоёр янз байдаг.Зарим нь тайзан дээр олон хүний дунд орохоороо онгод нь ордог, тэндээс энерги эрч хүч авдаг ч юмуу, ямар ч байсан маш сайхан ярьдаг. Бүүр онгод нь орж хөглөгдөн, танхимд байгаа хүмүүсийг эзэмдэж чаддаг. Гэтэл зарим нь олны өмнө ярьж чаддаггүй, зүгээр л бичдэг. Тийм хүний нэг нь би.
-Өнөөдөр өөрийнхөөрөө байх чанар чухал болжээ.Манай олны танил хүмүүс, ялангуяа лидерүүд бусдын үгээр их мэдэмхийрч ярих юм. Энэ тухай та юу боддог вэ?
-Одоо мэдээллийн нийгэм, техник технологийн шинэ харилцаа гэж их ярих болжээ. Иргэншсэн даяарчлагдсан өнөө үед хүн бүхэн бие биенийхээ мэдээллийг олоод авчихсан байдаг юм байна. Интернет ухаад, сонин ном уншаад, мэдээлэл авчихдаг улсууд бол ярих бэлэн сэдэвтэй, сэтгүүлчид, эрдэмтэд, зохиолчид, улстөрчид, энэ нийгмийг авч яваа давхарга, сүүлийн үеийн залуучуудын “элит” гээд байгаа улсыг хэлж байна шүү дээ. Түүнээс биш, монголчуудын ихэнхи нь мэдээлэлгүй байна. Хөдөөний малчинд радио чагнаад байх зав алга байна шүү дээ. Тэд мэдээлэл хомс, та нарын сонин сэтгүүлд бичсэн юмсыг уншиж чадаагүй л яваа. Би хөдөөгөөр их явдаг. Тэнд ном сонин ерөөсөө байхгүй. Өнөөдөр дэлхий дээр ном сонин хамгийн бага уншдаг үндэстэн бол Монголчууд гэж би бодож байна. Хотод байгаа сэхээтнүүд бол мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр мэдээлэлтэй улс бусдаас илүү сайн ярьж байна. Үнэхээр ард түмэнд амаараа хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байна. Үүнд би баярлаж байгаа. Харин би бичих юмаа дандаа л гараараа бичдэг. Бичгийн машин дээр хуруугаа ч тавьж үзсэнгүй. Та нарын энэ хэрэглэдэг компьютерийг “тог цохиод алчихдаг байж магадгүй” гэх маягийн ойлголттой. Интернет бол ерөөсөө мэдэхгүй. Тийм учраас бэлэн асуултанд хариулж чаддаггүй гэдэг маань энэ. Асууж байгаа асуулт бол мэдээллээс гарч байгаа, хариулт ч бас ялгаагүй. Тэгэхлээр би мэдээлэлгүй учраас орчлон ертөнц, хүний амьдрал, нийгмийн зохион байгуулалт, бурхан, байгаль, энэ бүх юмны тухай өөрөө л боддог. Тэгээд бодож олсон юмаа бичгийн хэлний түвшинд илэрхийлдэг. Би багаасаа зожиг өссөн хөдөөний хүн юмаа. Миний аав хатуу хүн учраас айлын хүүхэдтэй тоглуулдаггүй, “Баян айлын унага даага эрх, ядуу айлын хүүхэд нохой эрх” хэмээн сургадаг, өөрөө “баян” гэж хэлүүлэх дуртай ч юмуу, биднийг эрхлүүлдэггүй байв. Хүн амьтан ирэхлээр аав ээж хоёр биднийг хөөгөөд гаргачихдаг, гэрийн сүүдэрт сууж байхдаа, тэртээ ууланд хуцаж байгаа нохой, тэнгэрт нисэж яваа шувуу, салхинд шуугиж байгаа мод, мөөрч байгаа тугал хараад, гадагшаа харьцаа байхгүй юм чинь дотроо л бүх юмыг бодож идээшүүлдэг багын төрхөөрөө далан нас хүртэл аж төрж байна. Ер нь би хүнтэй нэг их яриад байдаггүй юм л даа. Ном сонин уншихын хувьд бол зөндөө уншдаг. Харин уншихдаа ямар ч тогтолцоогүй уншсан байдаг.Түүнээс надад мэдлэг тогтсон юм алга. Мэдээлэл болж эмхлэгдсэн, тийм орчин үеийн мэдлэг байхгүй юм байна. Боловсролгүй гэхэд хэцүү, хоёр дээд сургууль төгсч, маш олон ном уншсан байна. Хүний толгойд сэтгэлгээний эд эсүүд байдаг байх. Компьютерээр бол аппарат юм уу даа. Би өөрийнхөө олсон, хувьдаа нээсэн ойлголтуудаа, магадгүй тэр Эйнштейн, Гегель, Маркс, Толстой нь юу гэж хэлсэн байдаг юм падгүй, өөрийнхөө үгээр, үзэл бодлоор тэгэхдээ шинжлэх ухааны хэл найруулгын зэгсэн түвшинд илэрхийлдэг.
-Дэлхийн сонгодог зохиолчид гэртээ ганцаараа сууж, шилдэг бүтээлээ туурвисан тохиолдол цөөнгүй байдаг.Таны зохиолуудыг гүн ухааны сэтгэлгээ, өвөрмөц утга санааны талаас нь эрдэмтэд үнэлдэг.Та орос, англи хэлээр ном их уншдаг болохоор хүн төрөлхтний амьдрал, нийгмийн зөрчлийг шүүн тунгаахад илүү хялбар байдаг байх?
-Би хүний амьдрал нийгмийн амьдралыг харьцуулж үзэхдээ марксист, буддист байр сууринаас ханддаг хүн.1994 онд монголын нийгмийн харилцаатай “иргэний үл эвлэрэл” зарласан.Үндэстний харилцаанд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн харилцаа өнөөдрийн бидний тэмүүлээд байгаа энэ нийгмийн харилцааг би “маш буруу” гэж үздэг.Тэр үед монголын “төрийн гурван өндөрлөг” гэж бидний нэрлэдэг, Баабар бол арай өөрөөр нэрлэдэг шүү дээ…
-Баабар тийм сүйдтэй юм заагаад байдаг хүн биш шүү дээ?
-Ааанн..Тийм ээ, тийм. Тэгэхдээ бид санал зөрдөг. Тэр үеийн “төрийн гурван өндөрлөг” гэж ярьдаг байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, тэр үед байсан бүх намын удирдлагад би ил захидал илгээсэн юм. Ингээд иргэний үл эвлэрэл зарлаж, “Бодь сэтгэл, эв хамт ёс- гэдэг улстөрийн ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. Энэ бол онолын хөдөлгөөн. Нийгмийн амьдралыг үзэх миний дотоод чанар, философи үзэлд зах зээлийн нийгмийн харилцаа, үзэл суртал, онол маш харш. Жишээлбэл, Монголд улсын үйлдвэр байхаар ерөөсөө хөгждөггүй юм гэлцдэг. Өмч хүнийг ажиллуулах гол механизм болдог гэж ярьдаг л даа. Үүнийг эсэргүүцэхэд маш хэцүү, гэхдээ 100% үнэн биш. Хүн улсын үйлдвэрт яагаад муу ажиллаж байгаа юм бэ? Цалин нь бага байж болно.Гэхдээ үүний цаана том хөдөлгөгч хүч байгаа нь хүний өөриймсөг сэтгэл юм. Өөрөөр хэлбэл, энэ бол “миний юм” гэж боддоггүй, энэ үйлдвэр бид хоёр шүтэн барилдаж, цаг хугацааг өнгөрөөж байна гэсэн чин сэтгэл үүсээгүй байна гэсэн үг.
-Та бид социалист нийгэмд хамтдаа амьдарч байсан.таны “нэг хүний хөдөлгөөн” социализмын үед үүсэх бололцоотой байсан бол тэмцэл хийх үү?
-Энэ бол миний ярьж байгааг мухарлах асуулт байна. Социализмын үед улс орныг ганц үзэл сурталтай нам удирдаж байсан цагт би “ганц хүний хөдөлгөөн” зарлах ямар ч бололцоогүй байсан. Хэрвээ зарласан бол шууд л шоронд орох байлаа. Тэгвэл та өнөөдөр энэ хөдөлгөөнийг яагаад зарлаж байгаа юм бэ? гэсэн асуулт шүү дээ. Тэгэхээр зах зээлийн нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч байна.
-Хэрвээ та тэр үед нийгмээ шүүмжлэх бодол төрж байсан бол юу гэж хэлэх байсан бэ?
-Тэр үед ганц би ч биш, манай шилдэг сэхээтнүүд социалист нийгмийн харилцааг дотроо шүүмжлэн боддог байсан. Би юу гэж шүүмжлэх байсан бэ? гэвэл, төвлөрсөн төлөвлөгөөт улсын өмчтэй, “хүн бүхэн хийснийхээ хэрээр авдаг, нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгийн төлөө” гэдэг уриатай энэ нийгмийн эдийн засгийн харилцаа бол маш зөв байна гэж би хувьдаа үздэг байсан. Нийгмийн хуваарилалт маш тэгш, харин үзэл суртлын хувьд эсэргүүцэж байсан. Бүгдээрээ “хувьсгалт намын гаргаж байгаа шийдвэр зөв, Маркс Лениний зохиол мундаг” гээд шүтээд байсан юм байхгүй. Шүүмжлэгч Төмөрийг нас барахад бичсэн миний анхны өгүүлэл “Ирээдүйн алганаас эхэлсэн од” утга зохиол онолын сэтгэлгээтэй шүүмж главлетэд хураагдсан. Түүнээс хойш миний маш олон зохиол энэ тэнд хураагдсан ч би энэ талаар ярьдаггүй. Та нар залуучууд учраас би үүнийг ярьж байна. Сүүлд хэвлэл утга зохиолыг хянах газар /главлет/ татан буугдсан хойно өгүүллэг, тууж маань буцаж ирж байлаа. Намын төв хорооноос өгсөн даалгавар ёсоор “юу ч бичсэн уншиж бай” гэсэн 8 хүний нэр главлет дээр байдаг. Ринчен гуай, Дамдинсүрэн гуай гээд, залуучуудаас Д.Урианхай. Үүнийг би эсэргүүцэж байсан. Харин эдийн засгийн харилцааг бол хамгийн зөв гэж одоо ч итгэлтэй явдаг.
-Би таны бмчсэн юмыг “хэтэрхий зөв” юм ярьж байна гэж боддог. Буруу юм яриад байна гэхээсээ илүү амьдрал дээр байхгүй, хэзээ ч бүрэлдэн тогтохгүй, ийм зөв юмны тухай ярьж байна гэсэн бодол төрдөг. Тийм утгаараа “нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгийн төлөө” гэсэн тэр үед бид улсынхаа төлөө ажилладаг байсан. Монгол иргэншил ЗХУ-ын тусламжтайгаар төлөвшиж, биднийг өөд татсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Улс орны хөгжлийн төлөө бүгдээрээ хөдөлмөрлөж байсан хөлс хүч маань үр ашиггүй зардал их гарч, хэрэггүй юманд хөрөнгө оруулж байсан.Тэгэхээр “нийтийн төлөө ажиллаад байхаар, тэр хөрөнгө нэг хүний төлөө хуримтлагдаж, нийгэм сайхан болдоггүй юм байна” гэдгийг ойлгож авсан. Бүгдээрээ нийлээд, миний төлөө санаа зовоод байгааг, ерөөсөө хүлээж авч чадаагүй шүү дээ?
-Тийм ээ, санал нийлж байна. Надад иргэн хүний хувьд нэг санал байна. Төр засаг хүний хэрэгцээ хангахуйц үйлдвэрүүд байгуулаач ээ. Хүн амын 40% нь нэн ядуу байна. Энэ хүмүүсийн дунд Урианхай би ч орно. Ядуу хүмүүст гурил, будаа, талх, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний арван хүнсний барааг улсаас үнийн хязгаар тогтоон, картын системд оруулж өгөөч ээ. Картын барааны үнэ шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Үндсэн зардлыг нөхөөд, улсад алдагдалгүйгээр 10-20%-ийн ашиг олохоор үнийг тогтоон гаргадаг эдийн засгийн жишиг бий. Бусад барааг чөлөөт үнээр худалдана биз.
-Тэгвэл ядуурал багасаад ирэхээр картын бараагаа өгөхөө болих уу? Үүнийг “төр засаг алдаагаа засах арга” гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Амаар нь шороо үмхүүлж байгаа хөөрхий ядуусаа төр харж үзээч. Өнөөдөр ард түмний амьдрал хутганы ирэн дээр байна шүү.
-Нэг нэгэндээ гай болохгүй, нийтээрээ сайхан амьдрах нийгмийг Шведэд бүтээжээ. Шведэд хотын төвд “нийтийн эзэмшлийн газар” нэг ч хувийн барилга бариулдаггүй. Гэтэл Монголд хамаг юм нь холилдчихсон, машин эргэхэд ч хэцүү шахцалдсан замтай, замбараагүй байх юм?
-Төр засаг иймэрхүү маягаар хот байгуулалтыг Швед шиг зохицуулах хэрэгтэй. Ирээдүйд итгэлгүй байгаа ард түмнээ ядуурлаас гаргаж, зовлонгоос хагацаахын тулд томоохон компани, корпорациуд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн үйлдвэр байгуулахыг төрөөс зөвшөөрч дэмжээд, бусдыг нь нийгэмчилж, хурааж авмаар байна.Үндсэн хуульд завар хийж, ард түмний төр гарч ирээд, олигархийн төр биш, “ард түмний төр” болгомоор байна. Монгол хамгийн их хэвлэлийн эрх чөлөөтэй улс болжээ. Тэгвэл өнөөдөр бидэнд “эдийн засгийн эрх чөлөө” алга.Монголын нийгмийн баялаг шударга хуваарилагддаг системд ормоор байна. Өнөөдрийн ардчилал бол нохойн баас шиг ардчилал. Хүмүүс гудамжинд жагсаад, гадаадад очоод юу хийж байгаа юм бэ? Монголын хоёр аймгийн хүн гадаадад амьдарч байна. Монголын ардчилал ард түмнээ ядууруулаад, бас боолчилж байна. Үүнийгээ зөв ойлгож, боолын сэтгэлгээнээсээ гарах онолыг судлаач ээ.
-Бид социализмын үед улсын зардлаар гадаадад суралцдаг байсан.Гэхдээ гадаадад сургуульд явахад арын хаалга, албан тушаалаа ашиглаж, ямар нэг байдлаар шударга бус систем байсан шүү дээ.Тэр үед хүн болгон арын хаалга хэрэглэхийг хичээдэг байсан.Тэгвэл өнөөдөр төв замд ойрхон супермаркет байна гэж бодъё.Хүмүүс автобусны буудалд ойрхон болохоор эндээс их юм авдаг.Дэргэд нь бидний гурван “ТҮЦ” байна гэж төсөөдье.Тэгвэл би өөрийнхөө орлогыг бодоод, таныг сайн ажиллаж , их орлого олоосой гэж хүснэ.Яагаад гэвэл энэ замаар худалдан авагч их явбал, надад бас ашигтай.Тиймээс би бусадтай хамтран ажиллаж сурна.Ийм байдлаар хүмүүсийн байгалиас заяасан мөн чанар, хэрэгцээн дээр тулгуурласан нийгэм бол зах зээлийн “өмчийн” нийгэм юм.Нөгөө бидний туулсан социалист нийгэм түүхийн тавцан дээр шалгагдаад, ачааллаа даалгүй нурж унасан шүү дээ. Тэгэхээр тэр нийгэм бол хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл мөрөөдөл болохоос биш, яг үнэндээ бол абстракт нийгэм, “хиймэл орчин” юм байна.Энэ хиймэл орчинд монголчууд далаад жил яваад, хүмүүсийн сэтгэлзүйд чин сэтгэлээсээ ажлаа хийх чадвар, дадал төлөвшөөгүй.Яагаад гэвэл, муу ажилласан ч адилхан цалин авна. Энэ дэлхий дээр төрсөн бол өөрөө өөрийнхөө амьдралыг зөв авч явах ёстой.Хүн бүхэн тархи толгойтой учраас өөрийнхөөрөө сэтгэх учиртай. Иймээс “жам ёсны нийгэм” гэдэг хүний жам ёсны дадал, жам ёсны зан араншин дээр зохицсон нийгэм байх ёстой болов уу?
-Энэ бүхэн үнэн юмаа.Гэхдээ бас үгүйсгэхэд хэцүү.Тэгэхээр, би сэтгэгч маягийн уран бүтээлч хүний хувьд нийгмийн хөгжилд нилээд шинжлэх ухаанчаар ханддаг. Социализм, өнөөдрийн “капиталист” гэж нэрлэгдэх зах зээлийн харилцаа, бас “либераль эдийн засгийн харилцаа” ч гэж хэлж болно.Үр дүнг нь харахаар, бидний ярьж байгаа энэ хоёр нийгмийн ялгаа надад тод харагддаг.Монголчууд зах зээлийн харилцаанд орж 18 жил боллоо.Иймээс нийгмийн харилцааг үр дүнгээр нь, тэр нийгмийг байгуулж байгаа гишүүдийн амьдралын төвшинөөр нь харьцуулж үзвэл, өнөөдөр 2 600000 хүний 40% нь засгийн газрын албан ёсны статистик үзүүлэлтээр нэн ядуу амьдарч байна.Зарим эдийн засагчдын тооцож байгаагаар 70% нь ядуу амьдралтай.Баян чинээлэг гэж үзэж болохоор хүмүүс нь 3-4%, дундаж амьдралтай нь хүн амын 10-20% байна. Тэгвэл хүн амын 70% нь ядуурчихаад байгаа нийгмийн харилцаа, дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-ийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн аж ахуй ноёлсон эдийн засагтай нийгэм хзмззсээ сайн сайхан амьдралтай болгодог нийгэм юм бол хүн амын 70% нь яагаад ядуурчихаа вэ? Эндээс нийгмийн асар хүчтэй задрац явагдаж байгаа нь харагдаж байна. Хүн амын дунд тэр ч байтугай, улс төрийн хүрээнд “антигнист” харилцаа үүссэн байна.Анги гэх юм байхгүй мөртлөө 18 жилийн дотор Монголд антигнист харилцаа ирчихсэн байна.
-Тантай би хоёр хөлөө өргөөд, дөрвөн мөчөөрөө санал нэг байна.Тэгэхээр хүмүүс урьд нь энэ нийгэмд аж төрж байгаа шигээ ядуугийн зовлон үзээгүй. Ядуу хүн хараад зүрх шимширч байна.Хүмүүсийн дийлэнх нь өдөр ирэх тутам улам ядуурч байгааг бид нүдээрээ харж байна. Тэгэхээр социализмаас зах зээлийн нийгэмд шилжихдээ, юу ч мэдэхгүй хүмүүсийг гэв гэнэтхэн хаалгыг нь онгойлгоод, маш олон хүн живсэн, зарим нь салхинд цохиулаад хатгаа авчихсан, еолоод хэвтэж байна.Зарим нь далай руунийлсэн.Үнэндээ бол хүмүүсийг зах зээлийн нийгэмд хүчээр түлхэж оруулснаас, маш олон хүн эрсэдлээ.Улс орон бол нийгмийн харилцаанаас нөгөө нийгэмд шилжихдээ ямар арга зарчмыг барьж болохыг Хятад улс тодорхой харуулж байна.Тэд хүмүүст өмчийн ойлголт өгөөд, “өмч гэдэг баялгийг бүтээдэг” гэдгийг мэдрүүлсэн болохоор, эрсдэлээс зайлсхийх биз.Харин бид 1990 оноос хойш өмч хувьчлал яаж явагдсаныг мэдэж байгаа.Ийм цөөхөн ард түмнээ хайрлахгүй, зөнд нь орхисон атлаа, тэр үед гадаад худалдаа эрхэлж байсан хүмүүс доллараар наймаа хийгээд, бүгд баяжчихсан байна.Энэ бүхэн 1990 оноос хойшхи монголын төр засаг улс орныг тогтвортой бодлогогүйгээр авч явсныг гэрчилж байна.Энэ нь цаашаа улам ялгараад, улам гүнзгийрээд, саяхан хувьсгалт намын байшин шатаж цэгцэрлээ.Нийгмийнх нь харилцаа буруу гэдэгтээ биш, бидний байж байгаа царай энэ мөн үү?
-“Өмч гэдэг баялгийг бүтээдэг” гэдэг онол үзэл байна.Гэхдээ нийгмийн баялгийг өмч бүтээж байгаа юм биш.Нийгмийн баялгийг хөдөлмөр бүтээдэг.Тэгэхээр гол механизм бол өмч биш, хөлөомөрт харилцах хүний харилцаа.Хөдөлмөр их бага байх, үр ашигтай байх, бучн нүгэл болох юунаас хамаарах вэ? гэхлээр хувь хүний хөдөлмөрт хандах хандлага, үзэлтэй холбоотой.Энэ үзлийг л өөрчлөх хэрэгтэй.Хүн хөдөлмөрөө мөнгөөр үнэлэх ёсгүй.Ерөөсөө хүн нийгэм хоёр шүтэн барилдлагын дунд байдаг.Түүнээс хүн өөрийгөө салгаж аваад, “би мөнгө олно” гэдэг анхнаасаа буруу ойлголт. Би аяга хийлээ гэхэд цай уух бүх хүний тусын тулд хийж байгаа гэж бодно.Энэ аягыг хүмүүс үнэгүй хэрэглэх ёстой.Үүнээс цааш хоосон чанарын тухай яривал, их нарийн юм болно.Энэ аяганд орж байгаа агаар, шавар, усыг би бүтээгээгүй.Хэдэн жил болоод, тэртэй тэргүй “дэлхий сөнөнө” гээд эрдэмтэд тооцоог нь гаргачихсан байгаа.Байгалийн баялаг байтугай, хүн өөрөө ч дуусна шүү дээ.Аяга бүтээхэд, зөвхөн миний оюун ухаан орж байгаа.Бид бие биеэ гэсэн сэтгэлээр хийсэн юмаа солилцоод, бие биенээ тэжээх хэрэгтэй.
-Таны хийсэн аяга надад таалагдахгүй байвал яах вэ?
-Таалагдахаар л аяга хийнэ шүү дээ. Ганцхан ийм загварын аяга хийхгүй.
-Тэгвэл сэтгэлзүй хөгжилд нөлөөлөх үү?
-Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй ч, асар хүчтэй бодит энерги чанарын ертөнц.Хүн өөртөө хэрэгцээтэй юмыг оюун бодлоосоо материалазаци хийх замыг хөгжил гэж үзэж байна.Бумбын эринд сансраас ухаалаг хүчтэй сүнснүүд төрнө.Бид дэлхийг хоослоод, түүний шүтэн барилдлагыг эвдэж байгаа учраас энэ хөгжлийн зам буруу. Хүний амьдралд хамгийн зөв үзэл блд утопи үзэл байгаа юм.Хүн төрөлхтөн метафизик сэтгэлгээнээс хагацаад, прагматик сэтгэлгээнд автсан байна.Монголын төр өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй гуйлгачин төр болжээ.Төрийн бодлого олигархиудын гарт эзлэгдсэн учраас ард түмнээ гэсэн бодлого явуулж чадахгүй байна.
-Хүний хүн чанар муудаж, бие биенээ их үзэн ядах юм.Та үүнийг ажиглаж байна уу?
-Монголын нийгэмд хүн бие биенээ үзэн ядах антигнист шинж чанарын харилцаанд өртлөө.Үр хүүхэд нь эхийгээ алж байна.Нөхөр нь нөхрөө дээрэмдэж байна.Бас нэг аймшигтай үзэгдэл нүүрлэлээ.Монголын оюунлаг сэтгэлгээтэй хүмүүс амиа хорлож байна. Тэд оюунаа нийгэмд хандивлах, түүнийг хэрэглэх орчин байхгүйгээс бидний найз Ананда Шри, авъяаслаг модернист, философич Анударь нар амиа хорлолоо.Өнөөдөр Монголд оюунлаг зорилготой, оюунлаг амьдралтай хүмүүс амьдрах, амьдралын харилцааны орчин байхгүй болсон.Хүн амын 701% нь амаараа шороо үмхлээ.Миний хувьд хамгийн эмгэнэлтэй нь хог түүж яваа гуйлгачин, гудамжинд архи уугаад, нам унтаж байгаа согтуу хүмүүс, золбин нохой, монгол хүний муу муухайг харахаар үнэхээр элэг зүрх урагдах юм.
“Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн 2008 оны ¹58 дугаарт нийтлэгджээ.