Алтан хайрцаг /өгүүллэг/
Эмээгийн маань эгэл ертөнцтэй холбогдож байдаг сүүлчийн утас тасарч байхад толгой нь миний өвөр дээр байсан юм. “Тэд ирлээ. Тэр хоёр намайг авах гээд” байна гэсэн үгсийг сонсоод би эмээгээ хэний гараас хэрхэн аварч үлдэхээ мэдэхгүй хий л бүлтгэнэж, анх удаа хувь тавилангийн өмнө юу ч хийж чадахгүй арчаагүй дорой нэгэн болохоо ойлгосон юм. Цээжнээс нь хүрхрэх мэт чимээ гарснаа эмээ маань “Эмээгээ..битгий тавиарай” гэж үглэж байв. Би ч чадах л хэрээрээ гарыг нь алгандаа байдаг чадлаараа атгаж байх үед хуруунууд нь аажмаар хөрч, миний эрхий хурууг зүүн гартаа атгасан чигээрээ хөшиж байлаа. Түүнийг хэн нэг нь миний гараас булаан авч байхад би юу ч хийж чадаагүй. Түргэний эмч ирээд цээж рүү нь хүчтэй дэлсэж, байн байн чагнаж үзэж байхад “Одоо ч оройтсон доо” гэж бодож зогсов. Үнэхээр тэгэхэд л эмээгийн маань хувьд бүх юм дууссан. Эмээ нар үлгэр шиг үргэлж нууцлаг, сонирхолтой хэрнээ мөрөөдөл шиг үргэлж дэргэд байдгийг бид дэндүү хожуу ухаардаг нь харамсалтай. Би эмээгийнхээ хамгийн анхны зээ охин нь. “Балет” гэдэг нэртэй, бүжиглэж байгаа гоё хүүхний зурагтай дугуй хайрцагнаас сайхан үнэртэй цагаан энгэсэг хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд эмээ маань өглөө бүр ажилдаа явдаг байсан үеийг санаж байна. Энэ бол бүүр багын явдал. Одоо бодоход эмээ маань тун ч залуухан байж дээ. Харин ээж маань бол 19 настайдаа охин төрүүлсэн, 20 гарч яваа охин байсан. Тэр үед эмээ ямар нэгэн олон нийтийн байгууллагад хариуцлагатай ажилтан байсан юм билээ. Сүүлд сонсоход тэр ажил нь Хотын үйлдвэрчний эвлэлийн эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга байсан гэсэн. Манайхаар яг эмээд маань байдаг шиг дугуй цагаан малгай, өргөн хүрээтэй шляп духдуулсан улаан уруултай дэгжин хатагтай нар их ирдэг байв. Тэд дунд өрөөнд /Одоо манай ээжийн үргэлж сууж байдаг/ орж суугаад нарийхан янжуур асаан маягтайхан зуугаад, жавхаатай инээд цангинуулан эмэгтэйчүүд болон олон нийтийн ажлынхаа тухай ярилцаж байснаа оройхон хэрд,
“Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан” хэмээн намуухан дуулцгааж эхэлдэг байлаа. Би гэдэг хүн хаалттай өрөөнийх нь доогуур шагайн харах гэж тонголзон суух зуураа өтгөн шингэнтэйгээ холилдож, тэрнээсээ өөрөө ч сэжиглэн хүний анхаарал татах гэж дуу хадаан чарласан “баастай бурхан” байсан санагдаж байна. Тэр үед манайх хотын төвийн “40 мянгат” гэгддэг цагаан байрнуудын хоёр өрөөнд амьдардаг байлаа. Эмээ маань найман хүүхэд төрүүлсэн юм. Тэд намайг жаахан ухаан орох үед бүгд л том болж, бие даах бэлтгэлээ хийж байв. Ах нар маань найз нараа дагуулан ирж, өдөртөө гитар тоглон дуулалдаж, мөнгөө нийлүүлж авсан консеровоо үргэлж гэртээ ганцаар цоожлуулдаг надтай хувааж идчихээд л гарч одно. Харин манай ээж тэргүүтэй эгч нар маань тэр хавьдаа л сайхан бүсгүйчүүдэд тоогддог насан дээрээ очицгоосон тул гоёж гоодон, цэцэгтэй эрээн даавуугаар дэрвэгэр хормойтой даашинз эсгэнгээ орой бүр орцонд эргэлддэг эрчүүдийн тухай, энд тэндхийн диско бүжгийн тухай элдвийн сонирхолтой зүйл ярьцгаана. Энэ бүхэн миний хувьд мөрөөдөл байлаа. Тэд нар шиг сайхан даашинз өмсөөд, үсээ буржийлган, сормуусаа дэрвийлгээд л хаа нэг тийшээ нисээд явчихмаар байсан ч би хэтэрхий жижигхэн байсан. Олон хүүхэдтэй, тэд нар нь олон найзтай тул эмээ, өвөө хоёрын маань гэрт хөл гишгэх газар ховор байж билээ. Тэгсэн хэрнээ тэд хэнийг ч аашилж, ад үзэж, аяга хоолоо нуун далдалж байсангүй. Тогоо дүүрэн хоол хийхэд л нүд ирмэх зуур үгүй болно. Одоо санахад Жаалаа ахын /бага нагац ах/ том Гамбаа, Энхбаяр ах, Пүүвээ эгчийн /нагац эгч/ найз Ундармаа, Ногооноо, Иван, ээжийн маань найз Нараа, Түмээ эгч өөр хэн хэн ч билээ манайхаар олон хүн байнга л орж гарч, заримдаа хонож өнжөөд явна. Харин эмээгийн маань найз нар ихэнхдээ урлаг соёлын алдартнууд, олон нийтийн ажилтнууд байсан юм. Дуучин Түмэндэмбэрэл гуай хүртэл манайд ирээд дуулж байгаад л гардаг байсан санагдаж байна. Харин өвөө маань дуугүйхэн эрүүнийхээ сахалыг чимхүүрээр зулгааж, цонхоор ширтэнгээ хаа нэг бүрхэг өдрийн нарны туяа шиг мэлсхийтэл инээмсэглэнэ. Бодвол эргэн тойрныхныхоо элдэв балай яриа, хөгжилтэй дуу шуугианы аль нэгд инээдээ барьж чаддаггүй байснаас тэр биз. Манайд орж гарагсад өвөөг маань хэтэрхий дуу цөөнтэй болохоор ч тэр үү битүүхэндээ сүрддэг байв. Магадгүй цагтаа сайдтай зэрэгцэхүйц том ажил хийж явсныг нь хүндэлдэг байсан ч байж мэднэ. Тэр дуугүй, зөрүүд хөгшнийг ганц дуугаргадаг хүн нь эмээ байлаа. Өвөө өдөржин гэртээ эргэлдэх үедээ эмээг хүүхэд шиг дагаж, хаашаа л орно дүнсэн тамхины хайрцаг, үнсний сав хоёрыг нь бариад араас нь шогшино. Үргэлж үг сөрж, байнга шахам л бие биенээ гэмгүй хорон үгээр егөх хэрнээ тэр хоёрын ярих юм дуусдаггүй байсан. Би бол эмээ өвөө хоёр болон тэдний хүүхдүүдийнх нь залуу цагийн гэрч болохоор зүгээр л хүрээд ирсэн тусгай эрхтэй нэгэн мэт бүгдийнх нь ертөнцөд шууд л яваад орчихно. Том өрөөнд эгч нар эрчүүдийн тухай шивнэлдэж, дунд өрөөнд өвөө эмээ хоёр хэн нэгний тухай сайхан дурсамж, ниймгийн байдлын тухай хөөрөлдөж, гал тогооны өрөөнд манай ээж болон түүний үе тэнгийн бүсгүйчүүд эр нөхөр, хадмуудын тухай яриа өрнүүлж, харин ариун цэврийн өрөөнд өөр хэн нэгэн эгч, ах нууцаар тамхи татаж суухад би явж л байна. Тэд нар намайг тэр үед хэтэрхий жаахан байсан болохоор энэ бүхнийг одоо мартсан гэж бодож байгаа. Сонирхолтой нь би багын явдлуудаа хэтэрхий сайн санадаг хүн аж. Гэхдээ хэзээ ч нэгнийх нь яриаг нөгөөд нь дамжуулж байгаагүй. “Хүүхэд томчуудын ярианд оролцдоггүй юм” гэсэн лүндэнг хана, тааз хүртэл буулгадаг байсан юм чинь, арга ч үгүй биз.
Ерөөсөө би гэдэг хүн үргэлж гол хүн байх хэрнээ бас томчуудын хувьд эд юмс шиг л тэр гэрт байх ёстой зүйлсийн нэг байсан гэхэд болно. Эмээ маань орой болгон дотоожийг маань тайлж, гэдэс гуяыг минь угаан тосолж өгөөд “Эвий, миний муу охин. Муусайн хогнууд цэвэрлээд өгөхгүй байна уу?” гээд духан дээр үнэрлэнэ. Би одоо ч хайртай хүмүүсээ үнэрлэж үнсэх дуртай. Эмээгээс уламжилж авсан энэ үнсэлт маань надад тайтгарал өгдөг гэхэд болно. Өөрийн юм, өрцнөөс унасан үр гэдэг уруулаараа сорон, шүлсээрээ норгож зүрхлэмгүй дэндүү энхрий амьтан болохыг тэр үнсэлт надад мэдрүүлдэг юм. Эмээд ч бас тэгж санагддаг байсан байх. Би эмээгээ эгэл жирийн өдрүүдэд уйлж байхыг хараагүй. Үргэлж инээж, хүүхдүүдээ цаашлуулж, өвөөг ёжлон уурыг нь барж, түүндээ өөрөө ч тачигнатал инээж сууна. Зүү ороон цэцэг навч хатгасан ногоон давуун даашинзных нь энгэр татагдан сунаж, оёосоороо ханзарсан байдагсан. Тэр бол би мэтийн хэдэн эрх зээгийнх нь хийсэн ажил. Улаан мэнгэтэй том цагаан мөөмийг нь бид булаацалдан барьж, дулаахан зөөлхөн энгэрт нь ээлжлэн шигддэг байв. Эмээ маань яг л бид нар шиг амттанд дуртай нэгэн байлаа. Орой ажлаасаа ирэх бүртээ намайг энхрийлэн үнэрлээд том хүрэн цүнхээ уудлан алим, мандарин, 30-ын чихэр гаргаж өгнө. Өдөржин гэрт түгжээтэй суусны гавьяа ингэж гарна.
Хөвгүүд охид эхнээсээ сэтгэл нийлсэн хосоо авчирч, хүргэн бэрүүдийн найз, ах дүү гээд манайх бүр ч их ам бүлтэй болов. Зарим нь бүр гал тогооны өрөө, хонгилд хүртэл гудас дэвсээд унтаад өгнө. Одоо манай гэрт тийм их хүн ирвэл би л лав галзуурах байх. Гэтэл эмээ, өвөө хоёр маань нөгөө л дунд нь бужигнаж, дуу шуугиантайгаар өдөр хоногуудыг эв найрамдалтайгаар үдэж, угтсан хэвээр. Тэдний ганц хийсэн зоригтой алхам бол өдөртөө өөрсдийнхөө өрөөг түгжихдэг болж билээ. Учир нь дүрсгүй хэдэн ах нар маань бор авдартаа хадгалсан тавгийн чихэр, дүнсэн тамхийг нь хоосолчихдог байснаас тэр. Гэсэн ч бага залуу, омог зориг нь багтаж ядсан хөвгүүд яаж ийгээд өрөөнд нь орчихоод л байдагсан. Заримдаа бүр тагтаар дамжин өвөөгийн өрөөний салхивчаар орчихно. “Гурван давхарын тагтан дээрээс хүүхэд унах нь” гэсэн дуулианаар манай тагтны доор хүмүүс бужигналдаж, саваагүй сахилгагүй Болдоо /их нагац/ ахыг маань зүрх шимшрэн харж зогсох нь надад ч сонирхолтой байсан. Би эгээ л өөрөө тэр тагтаар дүүлж яваа мэт хүмүүст гайхуулан инээж зогсдогсон. Харин түүнийг дуулсан бол өвөө орой харьж ирээд суран тэлээгээ тайлж болдоггүй ахыг маань гурав сайн ороолгоно. Тэр үед эмээ “боль, битгий” гэж хориглож сүйд болдоггүй байлаа. Бодвол хүүхдийг эцгээс нь өмөөрвөл дийлдэхгүй болно гэдгийг эрх биш олон нийтийн ажил хийдэг хүний хувьд сайн мэддэг байсан биз.
Нэг удаа эмээ маань намайг гадуур дагуулан явав. Бид хамтдаа дэлгүүр хэсэж, бараг арваад метр эрээн даавуу авч билээ. Би “Та ийм их даавуугаар яах гэж байгаа юм?” гэж асуухад эмээ,
-Хэдэн хүүхэндээ даашинз хийж өгье. Чамд ч бас гоё даашинз хийж өгнө өө гээд нэг их баяртайгаар нүд нь гэрэлтэж байв. Үнэхээр ч тэр хэдэн өдрүүдэд манайд ёстой л хувцасны үйлдвэрлэл явагдав. Таван охин, нэг зээдээ адилхан эрээн даашинз хийж өгөөд ээлжлэн өмсөж, толины өмнө эргэлдэх тоолонд нөгөөх их баяр гэрэлтсэн нүд нь хөгжилтэйгээр гялалзаж харагдсан. Ер нь эмээ, өвөө хоёр маань гарын дүйтэй, зөв сайхан дуулчихдаг хүмүүс байсан. Түүнийг хүүхдүүд нь дуурайж боломж л олдвол хуучин хувцсаа тайрч, эсгэн, моод маягийг нь эвдлэн өөрийн болгоод авах сонирхолтой байж билээ. Хүн бүр л зураг сайхан зурчихдаг, гитар хөгжим тоглодог, бас аятайхан дуулж, дуртай хувцсаа оёод өмсчихдөг байв. Тэр бүхэн эмээ, өвөө хоёрын маань л ач. Манайхан ном их уншдаг байлаа. Орой унтахаар орондоо орцгоохдоо дор дороо ном дэлгэн хэвтэцгээх бөгөөд хааяахан номын хуудас сарчигнатал эргүүлэхээс өөр чимээ аниргүй болно. Тийм олон хүн нэг гэрт амьдардаг гэх тэмдэг огт үгүй. Харин би эмээгийнхээ шүлэнгэтэн уншдаг айхавтар зузаан “Зүрхний хилэн” романыг шохоорхон ширтсээр нойрсдог байлаа. Тиймээс тэдний тэр амтархан уншаад байдаг зүйлийг өөрөө олж мэдэхийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй нэгэн болов. Хүн бүрээс нэг нэг үсэг асуусаар би нууцаар уншаад сурчихсан юм. Гэхдээ сургуульд ороод “Цагаан толгой” бүрэн заалгах хүртлээ энэ нууцаа хэнд ч хэлээгүй. Бодвол ичдэг байсан биз. Анх сургуульд ороход эмээ минь л хөтөлж аваачсан. Бас бид хоёр хамтдаа сургуулийн хашаанд тарьсан модыг маань байнга усалж, нууцхан торддог байлаа. Одоо бол тэр мод маш том болсон. Тэр модыг харах бүрт эмээ минь санагддаг. Тэгээд яг тэр модны дэргэд шороотой хутгалдан сууж байхад минь тагтан дээрээ гарч ирээд “Хоолоо ид ээ” хэмээн дуудаг байсан нь нүдэн харагдах шиг болдог.
Нийгмийн байгуулал задрахаас өмнө эмээгийн маань амьдрал нэг иймэрхүү байлаа. 1993 онд эмээ маань эрс хөгширчихсөн юм. Нэг өдөр харахад л үс нь цал буурал болсон байх бөгөөд нөгөө их цовоо цолгиун байдал нь үгүй болж, тамхи баагиулан хаалга чагнаж суудаг болчихсон байж билээ. Тэр үед урьдын гэр дүүрэн бужигнасан хүмүүс ч нүдний гэм болж өвөө, бид хоёроос өөр хүний бараа долоо хоногтоо ховор үзэгдэнэ. Ерөнхийдөө тэр олон хүний жигүүрээ дэлгэн ниссэн үүрэнд бид гурав л бүх дурсамжийг нь сахин үлдсэн байсан юм. Хэн нэг нь ирлээ гэхэд баахан идэж ууж аваад, хүнс барааны үнэ өсөж, амьдрах аргагүй болсон тухай л гомдоллоно. Хаа нэг өвөө, эмээ хоёрын удирдлаганд өмнө нь ажиллаж байсан хүн утсаар ярьж, мэнд мэдэн, бие тэнхээг нь асуух төдий. Өвөө сурсан зангаараа өглөө зургаан цагт босож, цай чанаад, намайг дуудан сэрээнэ. Харин эмээ чимээгүйхэн орон дээрээ өндийгөөд дэр, гудсан доогуураа гараа оруулан ямар нэгэн юм хайн тэмтэчсээр үлдэнэ. Өвөөгийн чанасан цай, халаасан хоолыг хам хум идэж аваад би хаалгаа тас саван сургууль руугаа яаран гарахад эмээ “Миний охин, хэдэн цагт ирэх үү?” гэж царайчлангуй асуусаар үлддэгсэн. Заримдаа хичээлээсээ ирэхэд эмээ, өвөө хоёр маань хөзөр тоглон инээд хөөр болсоор угтана. Тэр зуураа эмээ маань бульхайцсан хэрэгт орж, тэр буруугаа хүлээлгүй өвөөг гүжирдэн уурыг нь хүргээд авна. Төдөлгүй хоёр тийшээ харан суугаад “зөнөг, тэнэг, муу чавганц, халзан өвгөн” гэж хоёр биедээ нэлээд ширүүн үг шидлэн тэрүүхэндээ тунирхацгаана. Гэхдээ энэ зөрөлдөөн удаан үргэлжлэхгүй. Хэдэн хоромын дараа эмээгийн тэвчээргүй инээд түсхийтэл гадагшилж, өвөө маань ч муухан мушийх янзтай болж ирээд тэгсгээд эвлэрнэ. Цагтаа ажил хэрэг нь өөдрөг, албан тушаал өндөр, нэр төртэй явсан тэр хүмүүс ийнхүү цэцэрлэгийн хүүхэд шиг тоглохоос өөр хийх ажилгүй байгаатайгаа ихэнхдээ эвлэрдэггүй байлаа.
Нүдэндээ том том шил хийж аваад шинээр гарсан сонин бүрийг гарчиглан, шүүн хэлэлцэж, улс, зах зээл, ардчилалын тухай ам булаалдан ярьцгаах хэрнээ ихэнхдээ санал зөрөлдөнө. Эмээ маань ардчилалыг дэмжигч байхад өвөө маань улаан коммунист байлаа. Тэр битгий хэл шашин, шашингүйн үзлийн тухай ч бодол санаа нь нийлж байсангүй. Эмээ залуу цагаа бодвол шашинд илүүтэй итгэж, харин өвөө тэр бүхнийг үгүйсгэсэн хэвээр. Сталины хөшөөг Төв номын сангийн өмнөөс буулгахад өвөө маш их сэтгэлээр унаж билээ. Харин эмээ огт тоогоогүй. “Тэгэх л ёстой болоод хүүхдүүд авч хаяж байгаа биз. Төр барьж байгаа хүн гэдэг чи бид хоёр шиг л зөнөчихсөн тэнэг амьтан байв гэж үү. Тэр амээрик, ёпон шиг нь болъё гэвэл энэ мэтээсээ салах л хэрэгтэй болох байх” гэж хэгжүүрхээд өвөөг бүр ихээр уурлуулж орхино. Уурлахаараа голцуухан гадагш гараад явчихдаг өвөө маань ч тэсэлгүй хаалга саваг гарч одно. Харин эмээ өвөөг дийлчихсэн гэдэгтээ итгээд хи хи хи хэмээн ханцуйдаа сэмхэн инээсээр үлдэх хэрнээ орж ирэхийг нь хүлээн цонхоор өнгөлзөн, хаалганы зүг чимээ тавина.
Өвөө, эмээ хоёрын тэтгэвэрийн мөнгө бид гуравт дажгүй хүрэлцдэг байсан ч тэр үедээ сүүтэй цай ууна гэдэг амаргүй хэрэг байв. Хааяахан гал тогоондоо гар хүрдэг эмээ маань дэлгүүр явах их дуртай байсан. Явах болгондоо сүү авчирч “Өнөөдөр гурвуулаа нэг сайхан банштай цай хийж ууна аа” хэмээн инээд алдан орж ирдэгсэн. Одоо бодоход тэр үедээ ч эмээ маань өсгийтэй гутал дээр сурамгай алхдаг байв. Намайг гоёж гоодоход яг л жаахан охин шиг дагуулан харж, ингэ тэг гэж санаа нэмэнгээ хэдэн охиноосоо нууж хадгалсан чамин, ганган юмсаа харамгүй өгнө. Мэдээж эмээд гоё санагдсан бүхэн надад таалагдахгүй л дээ. Өгсөн юмыг нь авахгүй бол хүүхэд шиг гомдох тул би нэг их баярласан царай гарган аваад, хувцасныхаа шүүгээнд мартаж орхидог байлаа. Бид гуравын хамтдаа өнгөрүүлсэн эгэл жирийн өдрүүдийн сүүлчийнх нь иймэрхүү л байв. Нэг л нартай сайхан хаврын өдөр эмээ минь урьдынх шигээ өвөөтэй хөзөр тоглож байгаад гэв гэнэт өөр ертөнц рүү явчихсан юм. Тэр үед өвөө тэр хоёр алтан хайрцаг нээн тоглож байлаа. Эмээ дэлгүүр орж мах ногоо авч ирээд цовоо инээдээ цацруулсаар “Өнөөдөр гурвуулаа нэг сайхан ногоотой шөл хийж идье. Миний охин сайхан шөл хийчих” гээд тоглоомондоо улайран орсон. Гэхдээ эмээ минь тэр өдөр тэгтлээ хүссэн ногоотой шөлөө амталж ч амжихгүй гэдгээ таагаагүй биз.
Болж өнгөрсөн аймшигт өдрийн маргааш манайхан лам дээр очиж, эмээгийн ажил явдлыг гүйцээхийн тулд “алтан хайрцаг”-ийг нь нээлгэв. Тэр үед л бид эмээгийнхээ жинхэнэ насыг мэдэж тун их гайхацгаасан. Эмээ маань өвөөгөөс таван насаар эгч байснаа хүүхдүүдээсээ бүх насаараа нуусан байв. Үргэлж сайхан байхыг, үргэлж сэтгэл булаам байхыг эмээ тун их хүсдэг байжээ. Жинхэнэ эмэгтэй хүний энэ авираа насныхаа эцсийг хүртэл хэнд ч хэлээгүйг нь бодоход өхөөрдөн инээд хүрмээр ч юм шиг. Ламтан “Хойт зүгээс ирсэн хоёр хүнээс улаан юм авсан байна. Уг нь нас нь гүйцээгүй л байж дээ. Гурван жилийн дараа өөрийн охин хүүхдэд буцаж ирнэ” гэсэн тухай томчуул ярилцахыг би хальт сонсоод авав. Яагаад ч юм тэр бүхэн тун сонин санагдаж байлаа. Эмээ тэр өдөр дэлгүүр орохдоо хоёр залуугаас үхрийн мах тун хямдхан авсан тухайгаа хөөр болон ярьж байсан нь ламын хэлсэнтэй таарч байсан бөгөөд сүүлчийн амьсгалаа татах мөчдөө “Тэр хоёр намайг авах гээд байна” гэж үглэж байсан зэрэг нь хачирхалтай санагдсан юм.
Амьдрал гэдэг алтан хайрцаг мэт тансаг чамин хэрнээ тодорхой хэмжээс, багтаамжтай байдаг нь энэ үү гэж тэгэхэд бодогдож билээ. Харин ламтан алтан хайрцагийг нь нээчихээд буцааж хаасан тухай би л лав дуулаагүй. Тэгж болдог эсэхийг ч мэдэхгүй. Аливаа зүйлийг нээсэн л бол буцааж хаах ёстой гэж бодогдох тул ламын нээгээд орхисон алтан хайрцагийг нь хаахыг хичээж суугаа маань энэ. Эмээгийн маань алтан хайрцаг хаа нэгтээ дэлгээстэй байгаа гэсэн бодол тэр өдрүүдээс хойш сэтгэлээс огт гараагүй. Тэгээд ч тэр үү зүүдэнд минь эмээ өнөөх л хатгамалтай ногоон даашинзтайгаа байнга хүрч ирсээр байдаг юм. Надаас ямар нэг зүйлийг гуйгаад ч байгаа юм шиг. Сүүлчийн амьсгал татах мөчдөө ямархан нэг зүйл захиад үлдээснийг нь магадгүй би сонсож чадаагүй ч байж болох. Тиймээс тоглож байгаад дутуу орхисон хөзрийн алтан хайрцаг, идэх гэж хүсээд идэж амжаагүй ногоотой шөл, ар хойчийг нь тодруулах гэж нээчихээд хааж амжаагүй алтан хайрцагийнх нь тагийг одоо хаая даа. Алт шиг амьдралынх нь алтан хайрцаг руу хэн дуртай нь өнгөлзөөд байхыг миний эмээ хэзээ ч хүсэхгүй нууцлаг, дэгжин, бас хараа булаам эмэгтэй хэвээрээ үлдэг.
2007 он. 1-2 дугаар сар.