АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ- Монгол бахархалын төлөө нэгдэцгээе
10 жил, 7 сар өмнө


БЭЛТГЭЛ АЖИЛ


АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

7-р зуурны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа Монгол баатар дахин дуурьсгав.

2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсон юм. 2011 оноос Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийг сэргээн нутагшуулах ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв хийж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавтай хамтран сэргээн бүтээгээд байна.
Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв нь Алтай ятгын хөг, эгшиг дуурьсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд түшиглэсэн бөгөөд зэмсэгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн язгуурын дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурьсалд нийцтэй байх талыг эрхэмлэжээ.
Мөн нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтай ятга хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж байх хугацаандаа “тус хөгжмийн зэмсэг нь тоглож буй тоглоочийг гүн төвлөрөлийн агшинд оруулж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, дотоод сэтгэлийг ховсдож чаддаг ямар нэг эрчимтэй холбогдсон амьд хөгтэй хөгжим” хэмээн тодорхойлсон байдаг.
Алтай ятгын археологийн эх олдвор, судлаач Д.Ганпүрэвийн бүтээсэн хувилбар болон Германы эртний хөгжим судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар нь 2014 оны 4- р сарын 8- нд Монголын Үндэсний Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж олон нийтэд хүрсэн.
Монголын хосгүй үнэт өв соёл Алтай ятга, түүний аялгуу эгшигийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт, АСА циркд зохион байгуулж байна. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, Бүх Цэргийн Эрдмийн Дуу Бүжгийн Чуулгын найрал хөгжим, найрал дуучид, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын найрал дуучид тэргүүтэй 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
Цаашид Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо нь салбарын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран Алтай ятгын сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулах, ятгачдыг сургаж бэлтгэх, Алтай ятгын голомт Манхан суманд Алтай ятгыг чуулга байгуулах, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлж Монгол брэнд болгон дэлхий дахинд таниулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

БАРИМТАТ КИНО

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ


АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ by CREATIVE MONGOLIA