Дагваны ГАНПҮРЭВ: МОНГОЛ УЛС ХҮНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЕ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАЯ ГЭВЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХАМГААЛЖ ЧАДДАГ БОЛОХ ЁСТОЙ
8 жил, 6 сар өмнө
Дагваны ГАНПҮРЭВ
Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер, язгуур урлаг судлаач.


- Сайн байна уу. Сайхан зуншиж байна уу. Таны уран бүтээл арвин уу. Та Европт 15 жил ажиллаж амьдарч байгаад хэдхэн жилийн өмнө Монголдоо эргэж ирсэн байдаг. Монголруугаа эргэж ирэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? Буцаж ирэхдээ ямар бодол тээж ирсэн бэ?

- Үндэсний үнэт зүйлсээ их үгүйлдэг. Өөрсдийнхөө хөгжмийн үүх түүхийг сайн мэдэхгүй гэдгээ тэнд ойлгосон. Европт хэт удаад 10-с дээш жил болохоор өөрийнхөө нандин зүйлүүдийг гээж европжих соёлд орж эхлэдэг. Манай 2 хүүхэд Германд төрлөө. Герман орчинд, герман хэлтэй, герман соёлоор монгол хүн хүмүүжихээр дараа нь хэн болох уу гэдэг нь надад харагдаж эхлэсэн. Хоёр хүүхдээ монгол орчинд нь өсгөе. Бас гэргий Мөнх-Эрдэнэ маань олон улсын хэмжээнд олон жил ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан гэж боддог. Ятганд өөрийн гэсэн тоглох арга барилыг бий болгож ятгадах урлагт шинэчлэл хийлээ. Түүний хийсэн шинэчлэлийг мэргэжил нэг нөхдүүд нь болон монголын хөгжмийн зохиолчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний бодит шинэчлэл нь1998 онд зохиосон Дурсамж бүтээл, түүгээр дамжуулж ятгын хөгтэй хөггүй чавхдасны бүхий боломжит дуу эгшиг, урд өмнө тоглож байгаа өөрийн өмөрмөц арга барил, өнгө дуугаралт юм. Ятгын энэ хөгжил нь гадаадад биш Монголд үргэлжилээсэй, Монголдоо өөр шигээ олон ятгачинг төрүүлээсэй гэсэн нэг бодол цаашдаа хэт их харьжихаас зайлсхийх, монголдоо очъё гэсэн эх ороноо санасан шийдвэр байсан.

Бид Герман улсад байхдаа байнгийн ажиллах эрхтэй бас тэндээс 2 хүүхдийн мөнгө авна. Орон байр, ажиллах нөхцлөөр хөлөө олчихсон, амьдралаа босгосон байсан. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, хүмүүжүүлэх, Монголын соёл урлагт өөрийн хийх ёстой зүйлээ хийчих юмсан гэсэн бодолтой тэр бүхнээ орхиод л эх оронруугаа тэмүүлсэн. Дандаа хөгжим тоглоод яваад байх биш, Эх орныхоо хөрсөн дээр бууж, өөрийн орон зайг бий болгох, Монголынхоо нийгэмд өөрсдийн боломжит хийж чадах зүйлийг бүтээхийн тулд эгэл бор амьдрал дунд нь ороод тэмцээд явж байна даа. Аз жаргалтай л байна.


ЭГШИГЛЭН МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ ( Мюнхен хот, 1994 оны 7 сар)
1993 оны 2 сар 19-д "Монгол Гайхамшиг" наадамд Моцарт болон алдарт БИТЛЗ- н бүтээлүүдийг 
морин хуураар тоглолоо гэж өвгөн хуурч Г.Жамъян багшаараа зэмлүүлж, 23 насандаа дэлхийн 
алдартай SATTVA WORLD MUSIC Inc.-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж бие даасан анхны цомогоо 
Германд гаргаж явлаа. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омголон залуу насаа энэ 
хамтлагтаа өгсөндөө бахархдаг.

- Хөгжимчин хүний амьдралын баяр баясгалан юунд оршдог вэ?

- Энэ мэргэжлийг сонгосон бол жинхэнэ мэргэжлийн хөгжимчин байх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд дээд зэргийн нарийн зохион байгуулалттай байх ёстой. Давталт, бэлтгэл сургуулилтанд асар их цаг хугацаа зарцуулж, өөрийгөө байнга бэлэн байдалд байлгах ёстой. Нэг тоглолтын цаад талд нөр их хөдөлмөр урсаж байдаг. Тэр тоглолт бол хөгжимчин хүний өөрийгөө илэрхийлэх цорын ганц боломж юм. Тиймээс хөгжимчин хүний амьдрал нөр их хөдөлмөрөөр бүтсэн, олон бэрхшээл дундаас үүсэж бий болсон байдаг. Сөрөг тал нь тэдний амьдрал ихэнхдээ хаягддаг. Ганц бүтээгдэхүүн брэнд л явсаар байгаад дуусдаг. Бусад хүмүүсийн амьдралын нийтлэг баяр баясгаланг хүртэж чаддаггүй. Хүмүүс бидний тоглолтыг үзээд аз жаргалаар дүүрэн гэртээ хариад сайхан амардаг бол бид тайзаа чөлөөлөх, хувцасаа солих, хөгжим техникээ хураах, машин тэргэнд ачаалж дуусаад шөнийн 01 цагийн үеийн оройн хоолондоо орох энүүхэнд. Энэ нь бидний энгийн амьдрал гэж ойлгож болно. Хүмүүсийн энгийн амьралын хэмнэлийн эсрэг бидний амьдралын хэмнэл үргэлжилж байдаг. Европт 15 жил болоход зөвхөн хөгжмөө мэргэжлийн тоглохоос гадна мэргэжлийн хэмжээний жолооч, хөтөч байх шаардлагатай. Өдөр бүр өөр хот, Европын улсуудад тоглох хуваарь ирнэ. Өнөөдөр энд, маргааш тэнд очсон байх шаардлагатай. Олон зуун, бүүр олон мянган км замыг машин, галт тэрэг, онгоцоор аялах шаардлага гардаг. Герман улсын Нюрнбергээс Ром явах боллоо гэхэд бүх уран бүтээлчид хөгжим техникээ цаг алдалгүй шаламгай ачаад, замын хүнс, шаардлагатай зүйлсээ бэлдээд цагийн дотор ч хөдлөх хэрэг гардаг. 1 өдрийн дотор 1000 гаруй км-ийг зогсолтгүйгээр туулж байж тоглолтын цагаасаа өмнө очих, үүний тулд замд тохиолдох бэрхшээлийг бид тооцож замын сонголтоо хийдэг. Ромын хаана ч очиж болно. Бидэнд очих газрын хаяг л байхад болно. Испани, Франц, Итали, Славак Голланд, Дани улсын мухарт байгаа тэр жижиг газрыг олж очих тийм эрдэмд бид суралцсан байдаг. Олон улсад бид байнгын бэлэн байдалд хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг байсан. Одоо ч тэгж ажиллаж байгаа хамтлагууд бий.

Европ дахь амьдрал ч бас тийм амар хялбар биш. Нүүдлийн байдалтай, амьдралын ихэнхи хугацаа замд өнгөрнө, өндөр эрсдэл дунд л амьдарна. Аваар ослын асуудал их гарна. Манай Эгшиглэн хамтлаг гэхэд л францад тоглолт хийгээд гараад ирэхэд машин нь шатчихсан байх жишээтэй. Машинд байсан бүх бичиг баримт тэр чигтээ шатсан. Хэрвээ тэр машинд хүүхдээ орхиод орсон бол ямар эрсдэл дунд бид ажиллаж энэ ардын урлагийг олон улсад танилцуулж байсныг та бүхэн ойлгох байх. Хөх Монгол хамтлаг гэхэд л хурдны зам дээр түр үүргэлснээс хүнд осол гаргаж бүгдээрээ нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байсан. Урлагийн амьдрал дотор ингэж л зүтгэж хүндрэл бэрхшээлүүдийг давж туулж ардын урлагаа сурталчилж явдаг даа.


- Та Хөх Монгол, Эгшиглэн гээд хэд хэдэн хамтлагтай Европийг олон удаа тойрсон байдаг даа. Энэ талаар?

- Европруу чиглэсэн анхны аялан тоглолтоо Эгшиглэн хамтлагтайгаа хийсэн. Бид ХБПС-ийн нэг үеийнхэн, 1991 оны төгсөгчид. Сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн Монгол адуу нийгэмлэгийн дэргэдэх “Морин эрдэнэ” чуулгыг байгуулсан. Үнэхээр сайн чуулга байсан. Хөөмийч Хосбаяр, Эгшиглэн, Хөх монгол хамтлаг бүгдээрээ л энэ чуулгаас үүсэлтэй.


Хөх Монгол хамтлаг

Монгол улс зах зээлийн нийгэмрүү шилжиж байсан тэр цаг үед Монголын гадаад бодлого маш хумигдмал байсныг бидний үйл ажиллагаа нотолдог. 1993 онд Европын улсуудаар тоглож байхад тоглолтын дараа тавигдаж буй ихэнх асуултууд нь Хятад уу, Монгол Хятад улсад хамаардаг гэсэн, Оросын Монголоос ирсэн үү, Монгол гэж бие даасан улс юм уу, газрын зурган дээрээс олохгүй байна, олоод өгөөч гэсэн асуултууд байдаг байлаа. Бид ч эх орноо тухайн үеийн газрын зураг дээрээс нь хайгаад олохгүй, хоёр хуваагдасан Монгол орон маань Хятад болон Оросд хамаардаг болохыг харж л байсан. Ийм үед л бид ардын урлагаа сурталчилж ардчилсан Монгол улсыг өрнөдийн өргөн зах зээл дээр өөрийн хүсэл тэмцэлийн дунд таниулж явлаа. Анх “Эгшиглэн- морин хуурын дөрвөл” хамтлагаар Европд тоглосон. Морин хуурын дөрвөлийг гаргахад хүчин нөлөө үзүүлсэн зүйл нь Санта Лучи компанийн захирал Дамдин ах. Тэрээр ардын язгуур урлагийн наадмуудаар бидний бүх зардалыг хариуцаж 12 улсаар авч явсан.

1994 оноос өөрсдөө бие даан Европд тоглолт хийж эхлэсэн. 1996 онд зохиогчийн эрхийн асуудал болон хамтлаг өөрийн гэсэн стил, жанр, уран бүтээлтэй өнгө төрхтэй байх ёстой гэж ярилцаад Уянга хамтлагийг байгуулж зууны манлай уртын дууч Норовбанзад гуайтай хамтран ажиллаж эхэлсэн. Хөөмийч Хосоо, Морин хуурч Болдбаатар (одоо Хөгжим бүжигт багш) бид 4 байгуулсан. 2000 оноос Бөртэ нэрээр уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Мөн Морин эрдэнээс Хөх Монгол хамтлаг салбарласан. Дараа нь Хосоо маань хувийн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Ингээд 4 хамтлаг Европт, тэр дундаа Германд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Ийнхүү чөлөөт уран бүтээлчид, олон улсын зах зээл дээр Ардын урлагийг танилцуулахад хамгийн хүнд хэцүү үед анхны түүчээ нь болж явсан даа.

1998 онд манай Бөртэ хамтлаг өөрсдөө уран бүтээлээ зохиодог этно жазз урсгалаар тоглодог цорын ганц хамтлаг байлаа. Манай хамтлагийн уран бүтээлийг сонсож хүмүүжсэн, олон сайхан уран бүтээлч залуучуудтай уулзаж хамтлагийнхаа туурвиж бүтээсэн он жилүүдийг эргэж сонсоход сайхан байдаг. 2005 оноос Бөртэ, Хөх монгол хамтлагаас гарсан уран бүтээлчид Домог, Хөсөгтөн зэрэг хамтлагуудыг үүсгэж өнөөдрийн этник хамтлагуудын түүхийг үргэлжлүүлж байна.


- Этно жааз урсгал гэж олон улсад байдаг хүлээн зөвшөөрөгдсөн урсгал мөн үү? Яг ямар урсгал вэ?

- Этно жааз бол бидний зохиосон урсгал биш дэлхий даяар хөгжсөн урсгал. Угсаатны хөгжим “Authentik musik” дээр суурилж орчин үеийн ритм хэмнэл, дуурьслаар хөгжиж байгаа үндэсний хөгжмийн хамтлагийн төрөл гэж хэлж болхоор. Бид энэ урсгалруу орсноо ч мэдэхгүй өөрсдөө хөгжүүлсэн байдаг. Жишээлбэл хамгийн цоглог аялгуу гэвэл Монголчууд “Жалам хар” гэж ойлгодог. Аргагүй, түүнд морины хурд, түүгээр дамжсан омогшил байдаг тул бүх Монголчууд дуртай. Яагаад гэвэл монголчууд морь унадаг. Мориороо сайхан шогшино, хатирна, цогино, жороолно, давхина, довтолгоно. Энэ аялгуу зүрх сэтгэлд тэр л мэдрэмжээр гүн шингэсэн байдаг. Бидний энэ мэдрэмж европын сэтгэлгээнд хайрцаглагдсан наймт, арван зургаатын хэмнэл, хөгжил, өрнөл багатай ойлгогддог ч тохиолдол бий.

Хөгжмийн аялгуун дотор бидний мэдрэмж морьтой нэг хэмнэлээр давхиж байдаг бол өрнөдийн сэтгэлгээнд өөрөөр төсөөлөгддөг. Хүн гэдгээрээ ижил хэдий ч сэтгэлгээний хувьд соёлын зөрүү байнаа гэж ойлгож болно. Бид европын үзэгчдийн сэтгэлгээнд зориулж бүтээл туурвих шаардлагатай болсон. Өрнөдийн үзэгчдэд зориулсан анхны бүтээлүүд маань 1998 онд зохиосон “Чингис хааны агт”, “Ганган борлог”, “Цогт тайж”. Бүтээлийг баяжуулж гаргаж байгаа гол зүйл нь ятгын ритм хэмнэл, өвөрмөц тоглолт, хөөмий, хархираа хоолойны хүчтэй түрлэг, суурь өнгөөр дэмжсэн эрч хүчтэй бүтээл болсон. Үндэсний хөгжмөөр тоглож, язгуур урлагийн бусад элементүүдийг оруулж ирж байгаа болхоор этно жааз ангилалд миний бүтээлүүд хамаардаг. Энэ урсгалыг анхлан Бөртэ хамтлаг хөгжүүлж эх орондоо дэлгэрүүлсэн тул 2010 онд шинэ урсгал төрлийг хөгжүүлсэн ангилалд Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо марал” шагнал авсан.


- Европт уран бүтээлээ туурвиад, цомгоо хэвлээд, аялан тоглолтоо хийх, Монголдоо ирээд уран бүтээлээ туурвихад ямар ялгаа байна вэ? Монголд ирэхдээ бас нэг хүлээлттэй ирсэн байх. Эргээд бодоход Монголдоо ирээд зорьсон үйлсээ бүтээв үү?

- Монголд нийгмийнхээ хөгжлөөс хамаараад соёл урлаг нь түрүүлж биш, үзэгчдийн сэтгэлгээнд нь тааруулж хөгжиж байгаа. Нийтээрээ нийтийн дуунд маш их дуртай. Дэлгэрсэн шатгаан нь найр наадам, цэнгээн, хуримлах зан үйл, хөгжин наадахтай холбоотой тул Монголчууд энэ урлагтаа их дуртай. Нийгмийн шилжилтийн үед энэ урлаг хамгийн сайхан байсан учраас нийтийн дуучид түрж гарч ирсэн байх. Хоёрдугаарт нүүдэлчид шооч талдаа хүмүүс байдаг. Хошин шогийг маш сайн ойлгоно. Энэ 2 урлаг маш хүчтэй хөгжсөн нь нийгмийн үйл явцтай холбоотой байж магадгүй.

Бөртэ хамтлаг Монголдоо ирээд 2000 онд “Мөрөөдлийн салхи” тоглолтоо тавихад хүмүүс төдийлэн сайн ойлгож хүлээж аваагүй ч гэсэн тухайн үедээ тэнд шинэчлэлийн эхэн үеийн үйл явцыг бид эх орондоо эхлүүлсэн. Хөгжим судлаач Доктор Б.Батжаргал “Бөртэ хамтлаг ардын хөгжимд бөмбөг хаячихлаа” гэж дуу алдаж байсан тэр үеэс 10 жилийн дараа Домог, Хөсөгтөн хамтлагийг монголчууд ойлгодог болсон нь бидний уран бүтээл нийгмийн хөгжлөөс түрүүлсэн байж магадгүй.


Boerte Live Concert 2010.11.27

Монголд зорьж ирсэн зорилго маш үнэ цэнтэй, өөрийн хийх ёстой зүйлийг хийе гэж ирсэн. Ирмэгцээ шууд хийгээгүй. Бөртэ хамтлагийг улам өргөжүүлсэн. Бөртэ хамтлагийн уран бүтээлчид Монголын шилдэг тоглоочид байсанд би маш их бахархдаг. Эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Ганхөлөг, морин хуурч Шинэцог, ятгач Мөнх-Эрдэнэ. Манай хэд бол улсын уралдааны тэргүүн байрын шагналыг авсан номер 1 тоглоочид. Бид ажлын түүх туршлага, тоглолтын ур чадвараар Монголдоо хийх ёстой зүйлээ хийсэн. Харин цаашаа бид хөгжиж чадаагүй зогссон нь монгол сэтгэлгээтэй холбоотой. Яг монгол сэтгэлгээ гэж нэрлэж болохгүй. Өнөөгийн Монголд байгаа сэтгэлгээ гэвэл зохих байх. Энэ сэтгэлгээ бол жинхэнэ язгуур монгол сэтгэлгээ биш л дээ. Язгуур монгол сэтгэлгээг өнөөгийн ядруу түвшинд авчрахын тулд 300 жил тал талаас нь хэмэлж нухалж байж ийм болгосон. Хэрвээ ийм сэтгэлгээтэй байсан бол дэлхийг эзлэнэ гэж байхгүй л дээ. Тэгэхээр жинхэнэ монгол сэтгэлгээг 13-р зуунаас олох хэрэгтэй.


- Ямар сэтгэлгээгээгээр дэлхийг эзлэх үү?

- Зохион байгуулалт, холч хараа, түүнийг долоо хэмжиж алдаагүй зөв төлөвлөх.

Би ХБК-ын дэргэдэх “GMUB” олон улсын жазз хөгжмийн төслийн зохицуулагчаар одоо ажиллаж байна. Энэ төсөл дээр гэхэд л манай төслийн удирдагч Герман сэтгэлгээгээр цаг цагаар, алхам алхамаар улам урагшлаад тэр хэмжээгээр суралцаж байгаа монгол залуусыг улам л хөгжүүлж байгаа. Энд харагдаж байгаа бидний гол бэрхшээл нь цаг барьдаггүй, хэнэггүй, тухайн зүйлийн үнэ цэнийг харахгүйгээр хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих зэрэг асуудлууд. Бүхэл бүтэн улсын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт, хэнэггүй, мэдлэггүй үйл ажиллагаанууд өдөр бүр бидний ажилд саад болдог нь нууц биш. Гадны мэргэжилтэнүүдэд үнэлэгдэх монгол хүний нэр хүнд, сэтгэлгээний сөрөг үр дагаварыг улсын хэмжээнд энгийн зүйл мэт орхиж чадаж байгаад харамсдаг. Хэд хоногийн өмнө Үндэсний телевизид том бичлэгэнд орох гэж байхад дууны инженер маань “би ажилтай болчихлоо” гээд шууд хаяад явчихсан байсан. Тэрнээс болоод олон нийтэд зориулсан бичлэгийн шаардлага хангахгүй болсноор уран бүтээлчийн нэр хүндэд халдах, төслийн нэр хүндийг унагах жишээтэй. Монголд хэт их газар авчихсан энэ сул талаа бид монгол сэтгэлгээ мэтээр нэрлээд байдаг.


- Одоо таны төвлөрч байгаа нэг ажил бол Алтай ятга шүү дээ. Энэ талаар?

- Монгол улсад тоглогдож байгаа бүхий л ятгууд уламжилж ирсэн Монгол ятга биш. Монгол ятгачдыг хятад, солонгос ятгаар тоглуулахгүйн тулд эртний нүүдэлчдийн ятгыг судлах, хийх хүсэл 2000 оны эхээр бий болсон. Монголчууд 10 гаруй ятгатай байсныг Жамцийн Бадраа агсан “Монгол хөгжмийн түүх” номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр ятгууд өнөөдөр хүртэл уламжлагдаж ирээгүй учраас бид Монгол ятгын судалгааг 2010 онд хийж эхэлсэн. Судалгаа маань сүүлдээ Алтай ятгын судалгаа руу орсон.


Эртний нүүдэлчдийн түүхийн хуудаснаа баларсан хөгжмийн зэмсэгийг эх олдвортой, судлаачтай, дахин нутагшсан 6- 8-р зууны биет бус соёлыг нь давхар сэргээж гаргаж ирэх нь Монголын түүхэнд нэн ховор тохиолдол. Магадгүй анхных байж болно. Жамцын Бадраа агсан 2000 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуурын олдворыг хараад “өвөг дээдсийн маань нэг ч гэсэн хөгжмийн зэмсэг олдлоо” хэмээн баярлан уйлж байсан гэдэг. Алтай ятга бол чавхдаст хөгжмийн зэмсэг учир тухайн ясан хуурнаас хамаагүй илүү хөгжилтэй, нутагшуулах, дуугаргах өргөн боломжтой хөгжмийн зэмсэгийн олдвор. Энэ цаг үед Алтай ятга олдсон нь их хувь тавилан юм даа.

Алтай ятгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэлтэйгээр гардуулав.

Алтай ятга тоглолт Турк Улсад. Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы хамт. 2015/06/07

Энэ хөгжмийг монголчууд сэргээж нутагшуулаагүй байхад гадны улсууд маш их анхаарал хандуулж Япон, Америкаас судлах хүсэлтээ Археологийн хүрээлэнд ирүүлсэн гэсэн. 2008 онд олдсон уг зэмсэгийг Германы эрдэмтэн Сузана Шульц өнцөгт ятгын ангилалд хамруулан бүтээсэн. Уул шугамандаа тэд биш бид өөрсдөө энэ хөгжмийг дахин сэргээх нь чухал. Бид өөрсдийн өв соёлоо таних байгалийн мэдрэмж өнөөдрийг хүртэл бий гэдэгт би итгэдэг. Тийм учраас уг олдворыг нүүдэлчдийн ахуйн соёл талаас нь судлаж нээх шаардлагатай байсан. Түмэн олны нүдэнд дулаахан, тээгээд явахад соёлынх нь нэг зохицол болж чадах хэмжээнд энэ олдворыг дахин сэргээх эрмэлзэл надад төрсөн. Өөрийн хүссэндээ би сэргээн нутагшуулж чадсан гэж боддог. Уг олдворыг дахин нутагшуулахад эхнэр маань асар том өмөг түшиг болсон. Ятгачин эхнэртэй байгаагүй бол ятгаруу тэгж гүн орж, сэргээх гэж зориглох байсан уу? Хэрвээ европруу яваагүй байсан бол бусад судлаачдийн адил Алтай ятгыг музейн үзвэрийн хэмжээнд л харах байсан болов уу. Алтай ятгыг сэргээж гаргана гэдэг бол миний өнгөрсөн амьралын түүх, ажлын туршлага, хань ижлийн оролцоо, түүнийг олж харах мэлмий байж дээ.


- Урлагаа хөгжүүлээд олон улсад таниулж явсан үе байсан бол эргээд соёлоо унаган төрхөөр нь авч үлдэхээр ажиллаж байна. Яагаад?

- Эсрэг тэсрэг атлаа нэг чиглэлд явж байгаа зүйл. Язгуур урлагийг хөгжүүлэхийн тулд этно жаазаар хүртэл тоглож язгуурынхаа хэв шинжийг өрнөдийн сэтгэлгээнд зориулж гаргаад тэр нь өнөөдөр монголд моод болох шахаад явчихлаа.


Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд. 
Сургуулийн морин хуурын дөрвөл. Төмөрбаатар, Хуягсайхан, Ганпүрэв, Ганболд багш.

Контрбас, их хуурчид 1987 он

1956 онд Мөрдөрж гуай үндэсний их найрал хөгжмийг байгуулахдаа найрал хөгжмийн суурь өнгийг тоглох зорилгоор Их хуурыг зохиож гаргаж ирсэн байдаг. Одоо мэргэжлийн хөгжим болсон. Намайг анхны мэргэжлийн их хуурч гэж хэлж болно. Баасанхүү багш болон ангийн анд Боожоотойгоо нийлж хөгжмийн задаргаа хийж урын сангаар баяжуулж өнөөдрийн мэргэжлийн их хуурчид бэлтгэгдэх үндэс суурь болсон.

1998 онд “Их хуур” хөгжмийг 4 утастай болгож загварыг нь өөрөө зурж “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэсэн. Түүнийг тэгж хөгжүүлэх шаардлага надад байсан. 2005 онд Германы “Пирамид” үйлвэртэй хамтраад их хуурын утсан дээр судалгаа хийж бие даасан их хуурын утас хийлгэсэн. Тэр утас маань бүх өнгөн дээр маш сайхан дуугардаг ч гэсэн хүмүүс ойлгох өнцөг өөр байсан учир судалгааны хэмжээнд л үлдсэн дээ.

Одоо бол язгуур урлагруу эргэлт буцалтгүй бүрэн орсон. Монголын үндэсний хөгжмийн хөгжил зөв явж байна уу, үгүй юу гэдгийг хамгийн сайнаар хэлж өгч чадах хөгжлийн эхэн шат бол Язгуур урлаг. Энэ бол бидний асар том өв. Соёлын биет бус өвд ч гэсэн нүүдэлчдийн зан чанар, сэтгэлгээ, нарийн нандин бүхэн хадгалагдана. Мэргэжлийн хүмүүс язгуурыг сураад, шимтээд судлаад тоглож болно л доо. Гэхдээ ген дамжиж, ахуй соёлоороо, олон үеэрээ өвлөөд дамжаад ирчихсэн язгуурын мастерууд, өв тээгчдийг тэд нартай харьцуулах боломжгүй. Хуур татаж байгаа нумын аргачлалыг хараад нотоор тэмдэглэж бичих боломжгүй, тэр бол цусанд дахь генийн мэдээлэлтэй холбоотой онцгой мэдрэмж. Тиймээс язгуур урлагийн 4- 12 үеийн соёлын биет бус өв тээгч “Алтай” хамтлагийг байгуулсан.


Алтай хамтлаг, ЮНЕСКО-гийн тайзнаа. 2015/3/26

Сүүлийн үед язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт гэж хийж байгаа нь үнэн хэрэгтээ үндэсний мэргэжлийн хөгжмийн төрөл урсгалуудаар тоглодог хамтлагуудын нэгдсэн тоглолтыг хийгээд байгаа юм. Түүнийг язгуур урлаг гэж нийтэд танилцуулаад байвал яваандаа төөрөгдөлд орж болно. Тиймээс хөгжмийн нэр томъёо, ангилал, ойлголтуудаа цэгцлэх хэрэгтэй. Үүнд мэргэжлийн судлаачдын нийгэм дэх шүүмж өгүүллүүд маш чухал.


- Бусад улсуудын язгуур урлаг ямар хөгжилтэй байдаг вэ?

- Бүх улс үндэстэн өөрийн гэсэн түүх соёлтой, язгуур урлагтай. Зөвхөн Монголчууд л ганцхан агуу мундаг язгуур урлагтай мэтээр ойлгоод байж болохгүй. Эртний түүх соёл урлаг ярихын тулд түүхэн олдвор баримт дээр түшиглэх ёстой. Гэтэл бид үндэснийхээ хөгжмийн түүхийг барьцтайгаар батлаж чадаагүй л байна. 2000 жилийн өмнөх морин хуурыг музейгээс очоод үзчих боломж байхгүй байгаа. Бид эртний өв соёлтой Улс гэдгээ таниулахын тулд өөрийн гэсэн Соёлын яамтай байх зайлшгүй хэрэгтэй. Монголын газар нутагт нарийн судалгаа хийх ёстой. Археологийн хүрээлэнгийн Хүннүгийн үеийн олдвороос эхлээд дэлхийд нэн ховор олдворуудаар Монголын Археологийн Музейг байгуулж жуулчидад үзүүлвэл, эртний бүдүүлэг нүүдэлчид гэсэн төсөөлөл орвонгоороо эргэх болно.


- Язгуур урлагаа судалж, хойч үеийнхэндээ таниулсаар ямар үр дүн гарах вэ?

- Язгуур гэдэг бол юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй. Язгуур урлаг дотор бидний сэтгэлгээ явж байгаа. Нүүдэлчдийн сонсох өнгө хөг өөр. Гэтэл бидэнд хятадын соёл хэт их нөлөөлсөн байх магадлалтай. Үндэсний урлаг нэрийн доор дорнын хөгжмүүдийг сонсож өсөж байна. Гэтэл нүүдэлчдийн урлаг ямар урлаг байсан бэ гэдгийг судалж гаргаж ирээд тэрийгээ хөгжүүлвэл монгол сэтгэлгээ бий болоход нөлөөлж болох юм.

Чин гүрний үеийн Монголын үндэсний хөгжмийн "Shibang" хамтлаг. /хөгжмийн яам/ 
Нийт 11 хөгжимчинтэй. Хар бараан, хар хөх голдуу хувцас, улаан залаатай малгай өмсдөг.
Хааны ордоны зүүн хэсэгт сууж хөгжимддөг байжээ.
УРД ЭГНЭЭ / зүүн гар талаас: hujia (Tataren Oboe) – бишгүүр, Zheng (Zither) – ятга, 
pipa (Laute) – пипа, huobusi (qobus from Turkestan) – хобис, paiban (Holzklapper) – модон хоржигнуур хонхолдой,
ХОЙД ЭГНЭЭ: yueqin (Mondlaute) – Саран товшуур, tiqin (two-stringed fiddle) – үлгэрийн хуур, 
huqin (string instrument) – нумт хөгжим, yunluo, shuangqing (octagonal long-necked lute) – найман талд урт хүзүүтэй товшуур
Хятад зураачийн бүтээл. / Судалгааны материалаас

Өнөөдрийн Монгол үндэсний найрал хөгжмийн ай савуудыг сайн судлаад үзвэл 50 хувь нь өмнө зүгийн хөгжим байж ч магадгүй. Зарим үед боддог юм. Бид тоглож буй хөгжмийнхөө түүхийг гүйцэд судлаагүйгээс олон улсад манай үндэсний хөгжмөө гээд хэнэг ч үгүй тоглоод явж байх вий. Тийм хөгжмийн зэмсгүүд манай үндэсний хөгжмийн зэмсгүүдэд бий. Мэдээлэл нээлттэй болсон энэ цаг үед Хятадын эртний хөгжмийн түүхийг дэлхий мэддэг болсон. Тэр ч байтугай бид язгуур урлагаа таниулж амжаагүй явахад Хятад улс Өвөр Монголоор дамжуулан Монголын язгуур урлагийг дэлхийд таниулцуулаад овоо хэдэн жил болж байна. Бид энэ талаар маш нухацтай бодох цаг ирсэн. Өнөөдөр Монгол улс үндэсний баяр наадам дээрээ Монгол урлагаа толилуулж чадаж байна уу. Бид хойч ирээдүйгээ ямар хөгжмөөр хүмүүжүүлж байгаа вэ! Бидний дунд байгаа монгол бус зан чанарууд хаанаас үүдэлтэй вэ? Энэ бүхнийг сайн бодоод үзэх юм бол бид өвөг дээдсээсээ өгөгдсөн өгөгдлөөс огт өөр замаар будаа тээгээд байна уу даа гэсэн харуусал хааяа төрдөг шүү. Хөгжил замаасаа хазайсан байж болно.


Манж Чин гүрний үеийн Монгол хөгжмийн Ши-банг чуулга (Shibang Ensemble) / (Qing Dinasty)
“Хил дээрх их дайллагад зориулсан 4 төрлийн наадам” уран зүргийн хэсгээс.
Зургийн хэмжээ: 300,2 х 400 см.
Тайлбар: Манжийн хаан Жанлонг (Kaiser Qianlong 1736 – 1795 ) Жехолын (Jehol) зуны ордондоо 
зохион байгуулсан их дайллагын үеэр 4 төрлийн наадам зохион байгуулжээ. 
Үүнд: zhama буюу соёолон морины уралдаан, xiangpu буюу бөхийн барилдаан, jiaotao буюу морь сургах, 
shibang буюу монголын дуу хуурыг олонд сонирхуулан баярладаг байжээ. /Судалгааны материалаас

- Харин монгол хүн чинь дүрэмгүй тоглодог, хайрцаггүй сэтгэдэг. Тулалдахдаа хүртэл цайзны заавал урдаас биш ардаас нь дайрах жишээтэй. Бараг бидний давуу тал энэ бүтээлч сэтгэлгээндээ оршиж байгаа юм бишүү. Монгол хүний давуу тал, бусад үндэстэнээс ялгарах онцлог юу вэ?

- Тухайн цаг үед ч гэсэн дайнд мордох гээд цэргүүдээ цуглуулах гэсэн чинь айл хэсээд, айраг эргүүлээд алга болчихоод цагтаа цуглахгүй, бэлтгэлээ хийхгүй дайнд орсон тохиолдолд бэлтгэлгүй нөхдүүд мэдээж хядуулна шүү дээ. Энэ их найр цэнгээн, наадам бол сүүлийн 400 жил л үүссэн зүйл. Бидний далд сэтгэлгээнд шингэтэл нөлөөлсөн өрсөлдөгчийн сөрөг бодлого ч юм уу даа. Уг нь Монголчууд жинхэнэ хүний дээд болсон хүн байх ёстой. Олон шилдэг сэхээтэн, лидерүүддээ бид устгуулаад үлдсэн салаа мөчир нь дахин үндэслэж өнөөдөр дөнгөж 3 саяуулаа болж өндийж байгаа бид их хувь тавилантай үндэстэн шүү.

Бидэнд давуу тал бий. Хэт хөгжсөн орны хүмүүс сэтгэлгээ нь хэтэрхий хайрцаглагдсан байгаа. Бид 3 сая мөртлөө олимпын аваргатай, эрдэмтэд нь Нобелийн шагнал авчихсан (Гэхдээ өөр улсын иргэншлээр), Оскарт нэр дэвшчихсэн, Дуурь балетат толгой цохих хэмжээнд явж байна. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй сэтгэлгээ, байгаль дэлхийтэй ойр амьдарсан эрч хүч, энергийг технологийн хөгжилтэй хослуулаад ирэхээр харин ч бид цахиур хагалж болох юм.

Улс үндэстэн оршин тогтнох хүчин зүйл нь хүн төрлөхтөний өмнө бүтээсэн түүх, соёл. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу түүх соёлын үнэ цэнийг бидний үеийнхэн олж хараагүй байж ч болно. Зохион байгуулалтынхаа хувьд бүхэлдээ буруу яваад байгаа энэ системийг зөв болгох хэрэгтэй. Энэ систем нь өнчин ишиг ч дутаахгүйгээр тэгш үйлчилдэг хүмүүнлэг нийтийн эрх ашгийг хамгаалсан зөв систем байх ёстой. Жирийн нэг уран бүтээлч миний юу хийж байгааг Улс мэддэг байх ёстой. Улсад үнэхээр хэрэгтэй юм хийж байгаа бол олж хараад хамтардаг байх ёстой.

- Зөв хөгжсөн Монгол Улс ямар байх ёстой вэ?

- Хүнтэй зүйрлэх юм бол манай улс саажилттай, дахир дутуу хүн шиг л үйл ажиллагаатай, бие эрхтэнээ удирдаж чадахгүй, ярьсан ч ойлголцож чадахгүй хэмжээнд байна.

Нүүдэлчид маш зөв сэтгэлтэй, саахалт айлын санаа зөрдөггүй эвтэй сайхан хүмүүс. Миний багад ээж минь нүүдэл, жинг урдаас нь тосож идээ цайгаараа цайлдаг байсан. Бүх л боломжоороо сэтгэлийн тусыг хүргэж, хамгийн амттай идээгээ үрдээ биш зочиндоо барьдаг сайхан ёс заншилтай. Өнөөгийн төр яг энэ ард түмэн шигээ сэтгэх ёстой.

Олон Улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байхдаа Монголоосоо ичих үе гарна. Мэргэжлийн судлаачдыг очих ёстой хуралд нь очуулаад тэндээс гарсан үр дүнг эндээ хэрэгжүүлж дэлхийтэй ижил түвшинд сэтгэж хөгжих ёстой атал, дарга нар нь очоод гоё сайхан зочид буудал, архи дарсны ард цээжээ дэлдчихээд ирдэг учраас бид дэлхийтэй зэрэгцэж чадахгүй л яваад байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн юм хийх гэж хөглөж байгааг хараад ичдэг.

Соёлын бодлогоор Монгол уран бүтээлчдийг хөгжүүлэх бодлого, тунхаг гаргасан атлаа амьдрал дээр уран бүтээлчдээ огт үнэлэхгүй, төрийн үйл ажиллагаанд үнэгүй тоглуулна. Улс нь уран бүтээлчдээ олж хардаггүй болхоор өөрсдийгөө тодорхойлж магтсан уйваагүй алдартангууд өнөө цагт нэлээн хэд төрсөн байх.

Мөн Зохиогчийн эрхийн тал дээр олон улсын хэмжээнд бид маш өрөвдөлтэй байдалд явж байна. Олон улсын зах зээл дээр Монголын маш олон хөгжим эгшиглэж байгаа. Зохиогчийн эрхийн байгууллага нь олон улсын хэмжээнд хянаж чаддаггүй. Тэр байтугай Монгол Улсынхаа хэмжээнд ч хамгаалж чаддаггүй. Улсын баяр наадмаар гэхэд л хичнээн тэрбумыг зарцуулдаг атлаа тэнд байгаа уран бүтээлчид бүгд үнэгүй хөдөлмөрлөх жишээтэй. Тэнд ашиглагдсан бүх хөгжмийн бүтээлийг ямар ч хамгаалалтгүйгээр баяр наадамд ашиглаж Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотол олноороо баярлацгаана. Соёл урлаг сайн системгүйгээс болоод ойлгомжгүй, маш их зөрчлүүд үүссэн байгааг эргэж харах шаардлагатай.


- Уран бүтээлчид зохиогчийн эрхээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

- Манайд Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага, Патентын холбоо зэрэг байгууллага байгаа хэдий ч үйл ажиллагааны горим нь төдийлөн зөв биш. Хууль нь ч гэсэн хэтэрхий энгийн. Олон улсын хэмжээнд бол маш тодорхой дэлгэрэнгүй хуультай, мөн төрөлжсөн өмгөөлөгчтэй, тагнах турших онцгой эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын хэмжээнд болон Улсынхаа хэмжээнд зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол бүхэл бүтэн том агентлагийн хийх ажил л даа. Гэтэл хэдэн жижиг холбоод гарч ирээд хоорондоо учраа олохгүй гишүүд нь бүх холбооныхоо гишүүд байх жишээтэй. Дээр нь хөгжмийн лиценз эрхтэй холбоотой асуудал Монголд огт яригддаггүй. Лиценз эрхээ хамгаалуулж байна гээд ганцхан эрх яриад байдаг. Гэтэл лиценз эрх дотор нэлээдгүй олон жижиг эрх дагалдаж байдаг. 1 бүтээлийг хайчлах, засах, кинонд ашиглах, 3-дагч этгээдэд дамжуулах, олгох, зарах, холих гэх мэт энэ олон эрхүүдээ ойлгож байгаа хүмүүс ч бага бололтой. Хөгжмийн бүтээлээр ярихад хөгжмийг зохиосон зохиолчийн эрхээс гадна, тэр хөгжмийг тоглож амилуулсан хөгжимчдийн эрх хүртэл хамт явах ёстой. Бүтээл ашигласныхаа төлөө төлбөр төлж байх ёстой тв, радиодоо өөрсдөө мөнгө төлж гуйж гаргуулж байх жишээтэй. Энэ хачин системыг халах цаг нь аль хэдийн болжээ.

Миний хувьд 2000 оноос Герман улсын зохиогчийн эрхийг хамгаалах GEMA байгууллагын гишүүн. Өнөөдөр гэхэд л 5-р сарын бүх мэдээлэл е-майлээр ирсэн байна. Улирлын бүх тайлан тооцоо, 2015, 2016 оны бүх төлөвлөгөөгөө ирүүлсэн байна. Канад Улсын жижигхэн тосгонд эгшиглэсэн 3 секунтын хөгжмийн талаар надад мэдэгдэж бүтээл ашигласны төлбөрийг надруу шилжүүлж байх жишээтэй. Хяналт ямар өндөр байгааг харж байгаа биз дээ. Энэ бол асар том зохион байгуулалт. Монгол Улс бас ингэж ажиллах ёстой. Олон улсын хэмжээнд болж байгаа патент, зохиогчийн эрхийн хурал семинарт оролцоод ирлээ гээд хүмүүс явж байдаг. Гэхдээ оролцож ирээд хийсэн юм алга. Сайхан амарч зугаалж байгаад ирэх жишээтэй. Тэгэхээр бид зөв хүмүүсийг явуулж мэргэжилтэнгүүдийг бодлогоор бэлдэж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудал ч бас Улсын хөгжилтэй холбоотой асуудал.


- Монгол бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай маш их ярьж байгаа. Зохиогчийн эрхийн асуудлаа шийдээгүй тохиолдолд энэ салбарыг хөгжилд том чөдөр болох уу?

- Зохиогчийн эрхээ шийдээгүй тохиололд бүтээлч үйлдвэрлэл бол яриа төдий л болно. Шийдсэн тохиолдолд 1 уран бүтээлээсээ бүх талаар үр шимийг хүртэж чадна. Хууль бус хулгайн худалдаа үгүй болно. Товчхондоо бол Оюуны өмчтэйгээ сайн ноцолдож чадвал уул уурхай шиг л их ашиг өгнө гэсэн үг. Монголын маш олон уран бүтээл, ардын дуу хүртэл автоматаар хамгаалагдана. Олон орнуудын зохиогчийн эрхийн байгууллагын дансанд Монголын оюуны бүтээлүүдийн мөнгө хуримтлагдана. Гадагшаа гарч тоглож байгаа бүх хамтлагууд Монголынхоо дуу хөгжмийг тоглох бүрд Монгол Улсдаа зохиогчийн эрхийн төлбөрөө төлнө. Вэб сайт, мобайл компаниуд хяналтгүйгээр маш олон уран бүтээлүүдийг ашиглаж байна. Зүй нь бол зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагаас лицензийн эрхээ аваад хяналтын доор хийх ёстой атал, тэр байхгүй учраас дуртай нь л ашиглаж байна даа. Оюуны өмчийн сайн байгууллагатай болсноор Монгол Улсад илүү ашигтай. Монгол Улс Монгол хүнийхээ үнэ цэнийг өсгөе, Монгол гэж бахархая гэвэл энэ бүх ажлыг 100 хувь хийх хэрэгтэй. Нэг ёсондоо Монгол хүнээ хамгаалж байна гэсэн үг. Нэг хүн, нэг бүтээл гэдэг бол бас л нэг уурхай юм. Тэр бүтээлийг дэлхийн хаа нэгтээ ашиглахдаа заавал төлбөрөө төлдөг л байх ёстой.

Маш чухал сэдвээр нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Ярилцсан: Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)

2015 оны 5-р сарын 13