АЛТАЙ ЯТГА ТӨСӨЛ
2 жил, 9 сар өмнө

Эртний нүүдэлчдийн “Алтай ятга” хөгжмийн зэмсэгийг сэргээн нутагшуулах төсөл
2011- 2016 он


1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг сэргээн нутагшуулж, Алтайн тууль, магтаал, хөөмий, бий биелгээтэй хорших, товшуур, ятга, хуур хөгжимтэй найрсан дуугарах Алтай ятга хөгжмийн зэмсэгийг бүтээж соёлын өв уламжлагчдын хэрэгцээг хангаж соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэхэд оршино.

2. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон байдаг. Уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин нутагшуулах зорилгоор Бөртэ хөгжим ТББ-ийн тэргүүн Ганпүрэв бие даасан судалгааг 3 жил хийж, хөгжмийн зэмсэг урлаач Байгальжавтай хамтран тус хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна. Алтай ятгын археологийн олдвор болон сэргээж бүтээсэн хувилбар нь 2014.04.08- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж хосгүй үнэт өвөөр зарлагдсан бол 2014 оны 5-р сарын 16-нд Алтай ятгыг дэлхий дахин зарлах Алтай ятгыг дуурьсгах их ёслолын үеэр Алтай ятгыг Монгол- Германы соёлын харилцааны бэлэг тэмдэг болгож албан ёсоор батламжилсан юм.

Цаашид хөгжмийн зэмсэгийн болон уран бүтээлийн судалгааг тогтвортой үргэжлүүлж уг ятгыг сэргээн нутагшуулж, Алтайн язгуурын соёл уламжлалд суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд Алтай ятга хөгжмийн зэмсэгийн бүтээх технологийг боловсруулах, хөгжмийн зэмсэгийг тоглох арга барил, хөг хөглөгөөг судлан боловсруулах, сургалтын материал, гарын авлага боловсруулах, сургалтын дугуйлан байгуулж ятгачдыг бэлтгэх, хөгжмийн зохиол бүтээл туурьвиж олон улсын хэмжээнд таниулан сурталчилах юм.

3. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 1-р ҮЕ ШАТ (2011- 2014 он)

  1. Эх олдворын загварын судалгаа | Төслийн санаачлагч Дагваны Ганпүрэв;
  2. Алтай ятгын шинэ загварыг бүтээж оюуны өмчөөр баталгаажуулав | Дагваны Ганпүрэв;
  3. Алтай ятгын шинэ загварын дагуу урлаач П.Байгалжавтай хамтран бүтээв | 2013 оны 9 сар;
  4. Хөг хөглөгөөний туршилт | Ятгач Ч.Мөнх-Эрдэнэ;
  5. Урын сангаар баяжуулна;
  6. Алтай ятгыг дуурьсгах их ёслол. Дэлхий дахинд зарлав. | 2014 оны 5 сар, МУХТовчоо, Яру нэгдэл;
  7. Монгол угсаатанд таниулан сурталчилах тоглолт | 2014 оны 6- 10 сар | МУХТовчоо, Алтай хамтлаг;

Алтай ятгыг хөгжүүлэх явцад тулгарах бэрхшээлүүд, дахин засварлах, сэргээгдэх, өөрчлөх, хөгжүүлэх үйл явцыг хянах, олон нийтэд таниулах ажлууд эхний шатны судалгааны хүрээнд хийгдсэн. Алтай ятгыг хөгжүүлэх эхний үе шатын үргэлжлэх хугацаанд хуримтлагдсан ажлын туршлага, тоглох арга барил, урын сан, олон нийтийн хүсэл сонирхол, тууль, магтаал болон бусад язгуур урлагийн төрөлд хэрэглэгдэх өргөн боломжуудыг үндэслэн 2 дахь үе шатны хөгжүүлэлтийг 2015 оны 1 сараас эхлэж гүйцэтгэхээр Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо ажиллаж байна.

4. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 2-р ҮЕ ШАТ (2015- 2016 он)

  1. Алтай ятгыг европоор таниулан сурталчилах аялан тоглолт | 2015 оны 3- 4 сар |
  2. Алтай ятгын дэлгэрэнгүй танилцуулга брошур хэвлэнэ;
  3. Алтай ятгын сургалтын гарын авлага боловсруулж хэвлэнэ;
  4. Алтай ятгын дугуйлан байгуулж сургалт зохион байгуулна;
  5. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан сургалт;
  6. Алтай ятгыг уран бүтээлээр баяжуулна;
  7. Алтай ятгыг сурталчилах бие даасан тоглолт;


5. АЛТАЙ ЯТГЫГ ХӨГЖҮҮЛЭХ 3-р ҮЕ ШАТ (2016 он)

  1. Алтай ятгыг олон нийтийн хүртээл болгож үйлдвэрлэнэ;
  2. ХБК болон СУИС- ын ятгын ангид нэмэлт хичээлээр оруулна;
  3. Алтай ятгын бие даасан соёлын судалгааг хийнэ;
  4. Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулна;
  5. Алтай ятгыг мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ;
  6. Монгол улсын Ятгын их чуулга байгуулна;


6. ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЭЛ

ОЛОН НИЙТИЙН КОМПАНИТ АЖИЛ

АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ


БАРИМТАТ КИНО

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

Холбоо барих
https://www.facebook.com/Altaiyatga
https://www.facebook.com/Musicagencymn