Couchsurfer болж дэлхийтэй нөхөрлөж аялах боломжтой
4 жил, 4 сар өмнө

Эрхэм та гадаадын аль нэг улсад алба, амины шугамаар аялах боллоо. Аялах гэж байгаа улс, хотод найз нөхөд, хамаатан садан чинь байдаг бол хичнээн амар, санаа зовох зүйлгүй байдгыг бид мэднэ.



Онгоц, галт тэрэгний буудлаас зөв автобус унаандаа сууж, байрлах айл уруугаа очиж цүнх саваа тавьж, авч очсон бэлгээ өгч, цай хоол идэж уун, хууч хөөрч, зорьж очсон хэргээ бүтээж, Монголд очихдоо манайд очоорой гэж хэлээд төрсөн нутагруугаа эргэнэ.



Би дэлхийн аль ч улс, хотод аялах үедээ яг дээрх шиг санаа зовох зүйлгүй, интернэтээр эчнээ танилцсан найзынхаа зөвшөөрснөөр гэрт нь очиж үнэгүй хэд хонож, боломжтой үедээ гэр орны ажилд нь туслаж, найзынхаа гэр бүлийн амьдралд нь саад бололгүй харин ч гэр бүлийн гишүүдтэй нь харилцан ойлголцож, эелдэг найрсаг, тусч сэтгэлээр хандан, мөн гадаад хэл сурч өөрийн зорьж очсон хэргээ бүтээх боломжтой болсон.



Надад ийм боломжийг олгосон Интернэт дэхь вэб хуудсыг “Яруу сэтгэгч” сонины эрхэм уншигч танд танилцуулж байгаадаа би баяртай байна.
Вэб хаяг: www.couchsurfing.com



Аялагч болон сонирхсон хүн бүр энэхүү вэбд гишүүнээр бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулна. Гишүүнээр бүртгүүлсэн иргэнийг Kөүчсойрпер гэдэг.



Ийнхүү аялагч нь очих гэж байгаа улс, хотынхоо иргэнийг вэб дэхь бүртгэлээс хайж олж, аялалынхаа тухай болон үнэгүй хонуулах боломжтой эсэхийг асууж имэйл илгээнэ. Тухайн иргэн нь таны хүсэлтийн дагуу аялалын болон хувийн мэдээлэлтэй танилцаад, зөвшөөрсөн эсэхээ хариу имэйлээр мэдэгдэнэ.



Өнөөдрийн байдлаар дэлхийн 231 улсын 50248 хотын 804205 иргэн Көүчсойрперээр бүртгүүлсэн байна. Би 2008 оны 7 сарын 8 өдөр энэхүү вэбд бүртгүүлж гишүүн болсоноосоо хойш Португал, Шотланд, Франц, Швейцарь, Израйл, Герман, Канад, Дани, Англи, Испани, Ирландын 22 иргэнийг гэртээ үнэгүй хонуулж, Монгол ёс заншил, шагайн тоглоом наадгайгаа зааж өгч, хоол ундаа хамтран бэлтгэж, англи хэлээ сайжруулж, Улаанбаатар хот дахь түүх дурсгалт газрууд, музей, захыг зааж өгч, улмаар найзууд болцгоосон байна.



Та www.couchsurfing.com/blackcow_jbegz хаягаар орж, миний мэдээлэл болон найзуудын маань бичиж үлдээсэн сэтгэгдэлүүдийг уншиж болно.
Энэхүү үр дүнгээс харахад Көүчсойрпинг гэдэг нь аялагчид болон орон нутгийн иргэдийн хооронд холбоо үүсгэсэн дэлхий даяарх сүлжээ юм байна гэдгийг түвэггүй ойлгож, та ч гэсэн энэхүү сүлжээнд нэгдэн орж дэлхийн найрсаг, нөхөрсөг, үнэнч, тусч иргэн гэдгээ харуулаарай.



Францын зочин Давид, Өөдсөтэй хийсэн ярилцлагаа мөн танд хүргэе.



- Өөрсдийгөө танилцуулна уу?
- Bonjour. Бид нар 27 настай франц хүмүүс. Францын баруун бүс нутаг, далайн эргийн хотод амьдардаг. Монголд анх удаагаа зочилж байна. Миний нэр Давид. Би 6 жил номын дэлгүүрт ажилласан. Сүүлийн 1 жилд модоор байшин барихад суралцсан. Би энэхүү мэргэжлийн сургалтаа 2008 оны 6 сард төгссөн ба 11 сард шинэ ажилд орно. Би өөрийн гараар бодит зүйлийг бүтээхийг хүссэн тул ажлаа өөрчлөхөөр шийдсэн. Байгаль орчинд ээлтэй амьдралаар амьдрахыг зорьдог.
Миний нэр Өөдсө. Би хувцасны загвар зохион бүтээгч. Би гэртээ ажлын байраа бэлтгэсэн ба төрөл бүрийн хувцас оёдог. Цирк, театр гэх мэт урлагийн байгуулагуудын жүжигчин, бүжигчдын хувцасыг оёх дуртай. Мөн би оёж сурахыг хүссэн хүн бүрт хэрхэн эсгэх, оёхыг зааж өгдөг. Би 5 жил урлагийн сургуульд суралцсан тул урлагийн бүхий л төрлийг маш их сонирхдог.



- Францдаа та хоёр монгол гэрт амьдардаг гэсэн. Энэ тухай?
- Бид өөрсдийн гараар хамтарч бүтээсэн гэртээ 1 жил орчим амьдарч байна. Давид модон хэсгүүдийг харин би даавуун хэсгүүдийг бүтээсэн. Бидний ур чадвар гайхамшигтайгаар нэгдсэн нь монгол гэрийг өөрсдийн гараар бүтээж, амьдрах нөхцөл болсон. Бид эхлээд зурган дээрээс монгол гэрийг харж, хэрхэн бүтээхээ зурж, төлөвлөсөн. Манай франц улсад цаг агаар их хүйтэн биш боловч далайн эргийн хотод бороо орох нь элбэг байдаг учраас ус нэвтэрдэггүй материалаар цагаан бүрээс хийж, тооноо гялгар уутаар битүү бүтээсэн.



- Яагаад гэр хийж амьдрах болов?
- Гэр бүтээж амьдрах болсон гол шалтгаан бол бидэнд өөрийн байшингаа барих газар худалдаж авах мөнгө байгаагүй. Монгол гэрийг гарын доорх материал ашиглан барихад хямдхан байсан. Мөн гэр нь байгальтайгаа ойр амьдрах боломжийг олгож байгаа нь бид нар шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүст таалагдсан. Францад ихэнх хүмүүс байшинд амьдардаг. Тэгээд тэд байгальтайгаа харьцаа тасарч, байгалийн тухай санаа тавих боломжгүй болдог. Ж.бэл, бидний гэрт усны нэгдсэн систем байхгүй учир борооны усыг цуглуулж угаалганд ашигладаг. Мөн бид модны үртэс хэрэглэсэн хуурай жорлонг хэрэглэдэг. Хуурай жорлондоо ус хэрэглэдэггүй нь усаа хэмнэж улмаар мөнгөө хэмнэх боломжийг олгохоос гадна ялгадас, модны үртэсний холимогоо цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалдаа бордоо болгон ашигладаг нь байгалиа хайрлаж, тэтгэж байгаа бидний тус билээ. Бид гэрээ монгол гэр шиг биш харин гал тогоо, унтлагын өрөө, салон, хоол идэх өрөөтэй Францын нэг өрөө байр шиг тохижуулсан. Бид ширээгээ өндөрлөж, доор нь ном, хувцасны тавиураа байрлуулсан. Гэрт маань ус байхгүй тул цэцэрлэгтээ жижигхэн амбаар барьж дотор нь усны сав, ариун цэврийн өрөөгөө байрлуулсан. Бас нэг зүйл бол бид гэртээ зурагт хэрэглэдэггүй, яагаад гэвэл зурагтны өмнө суух чөлөөт цаг байдаггүй учраас ямар нэвтрүүлгүүд гардгыг ч мэдэхгүй. Харин зурагт үзэхийн оронд ном унших, тоглоом тоглохыг илүүд үздэг.



- Яагаад Монголд аялахаар шийдсэн бэ?
- Бид өөрийн гэрээ барьж амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн Монголд ирж жинхэнэ монгол гэр ямар байдгыг харах хүсэлтэй болсон. Мөн монголчууд гэртээ хэрхэн амьдардагыг мэдэж авах нь чухал байсан. Ингээд бид нэг сар хагасын хугацаатай Монгол уруу аялаж монгол хүмүүстэй уулзах, монгол гэрээ яаж барьдгыг нь мэдэж авах, эсгийг яаж монгол аргаар хийдгийг сурч авахаар шийдсэн.



- Аялалын мөнгө яаж олсон вэ
- Цалин маань их биш ч гэсэн бид мөнгөө цуглуулсан. Мөнгө цуглуулж чадсан нууц нь гэвэл орон сууцанд амьдарч түрээсийн мөнгө төлөлгүй гэртээ амьдарч байсантай холбоотой. Хэрвээ бид өрөө түрээслэн амьдарсан бол сарын цалингийнхаа ихэнхийг зарцуулах байсан. Давидын ажиллаж байсан номын дэлгүүрийн эзэн нь өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ биднийг гэрээ барьж амьдрахыг зөвшөөрсөн нь аз болсон хэрэг. Ийнхүү бид аялалын мөнгөө цуглуулж чадсан.
Монгол уруу явахаа шийдсэний дараахан бид Монголын Хархоринд хөгжмийн наадам зохион байгуулах гэж байгаа франц хүнтэй тааралдсан. Тэр франц хүн бидэнд монгол хөгжимчид, франц хөгжимчид оролцсон, уламжлалт хөгжмийг орчин үеийн хөгжимтэй найруулсан тоглолт хийх тухайгаа, тоглолтын бэлтгэл, жүжигчдийн хоол хүнсийг бэлтгэхэд туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлсэн. Энэ ажилд нь туслах болсон нь бидний санхүүгийн асуудлаа шийдэхэд тус болсон.



- Аялалдаа көүчсойрпингийг хэрхэн ашиглав?
- Бид нар хэдэн өдөр үнэгүй хонохыг зөвшөөрөх эсэхийг асууж Бэгзсүрэнгийн гэр бүлд имэйл илгээсэн. Энэ гэр бүл ч зөвшөөрч, Улаанбаатарт ирээд бид Бэгзсүрэнгийнд очиж, эхнэр Мөнгөнсоёмбо, хүү Төгөлдөр, охидууд Манужин, Гаадмаа, Мөнгөлөн нартай танилцсан. Ингээд бид Улаанбаатарын гэр хороололд Бэгзсүрэнгийнд хамтдаа амьдарч, хүүхдүүдтэй нь тоглож, рашаан руу усанд явж, Сэлбэ голын эргээр аргал түүж, Оюунухааны музейг хамтдаа үзэж, ууган охин Манужинтай нь хамт сургуульдаа үүрч явах цүнхыг нь оёж, Франц хоол хийж нэг долоо хоногийг харавсан сум шиг өнгөрүүлсэн.



- Монголчууд ба Францчуудын амьдралын ялгаа?
- Францад ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ маш их хамаардаг бол бидний уулзсан Монгол хүүхдүүд бие даасан, илэн далангүй байсан. Гэр бүлээрээ нэг өрөөнд буюу гэрт цугтаа амьдардаг тул гэртээ ирсэн хүнд бүгд л зочломтгой зангаа харуулж чаддаг байхад Францад гэр бүлийн хүмүүс өөр өөрийн өрөөндөө амьдардаг нь зочломтгой занг бараг алга болгосон байдаг юм байна. Монголд аливаа зүйл нь цаг их үрдэг. Жишээлбэл, Улаанбаатараас өөр хотод очиход Монгол улс үнэхээр өргөн уудам гэдэг мэдэгдэж, цаг их зарцуулдаг. Харин Франц улс жижиг тул нэг өдрийн дотор хөндлөн туулж чадна.
Монголд ирэхээсээ өмнө бид Монгол орныг том газар нутагтай, цэнхэр тэнгэр, зэрлэг адуу бэлчсэн ногоон уулстай гэж бодож байсан. Энэ ч үнэн байсан. Харин хотдоо ийм олон хүн гэрт амьдардаг гэж бодоогүй. Эцэст нь монгол гэр нь монголчуудын амьдралд их зохицсон сууц болохыг ойлгосон. Хөдөө талд байгаа айлын гэрт зурагт асаж, гаднаа жийп машин, морьдоо сойж, үндэсний хувцас, орчин үеийн хувцас аль алиныг нь өмсөж, ер нь уламжлалт амьдралийн хэв маягаа орчин үетэйгээ хослуулан авч яваа нь гайхалтай байсан. Харин хөдөө, хот хаа сайгүй хаясан хог хаягдал нь байгаль, ан амьтандаа сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн харамсалтай санагдсан. Бас гялгар уут, хуванцарыг их шатаадаг нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд маш муу. Магадгүй одоо л хог хаягдлаа дахин ашиглах асуудлаа шийдвэрлэхгүй бол болохгүй болжээ.
Аа нээрээ, ихэнх монголчууд байнга дуу аялж явдаг нь “өөр ертөнцөд очсон мэт” сэтгэгдэл төрүүлж гайхалтай санагддагыг хэлэхээ мартсан байна. Өдөр бүр бид Монгол орон гайхамшигтайг харж байна.
- Маш их баярлалаа.

Ж.Бэгзсүрэн http://creativemongolia.com/begzsuren/