Эрдэнэцогтын БААТАРЖАВ- Туульч, цуурч
14 жил, 4 сар өмнө

Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт, Язгуур урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд дуурсгаж яваа туульч, цуурч, хөөмийч, өв тээгч.


ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ ЭРДЭНЭЦОГТЫН БААТАРЖАВЫН УДМЫН ТОВЧ НАМТАР


1. УРИАНХАЙН НЭРТ ТУУЛЬЧ ХОО ЖИВЭРТИЙН МЭНГИТ

Монгол Алтайн нурууны ноён их хайрхадын өр өврөөр Алтайн Таван Богдоос Ээвийн гол, Алдарт Эрчис мөрөн хүртэлх цагаан уулын нутагт Алтайн Урианхайчууд долоон хошуунд хуваагдан амьдарч иржээ. Алтайн их нуруу зөвхөн зуны дэлгэр цагт нээгдэж, энэ үед хоёр талаас ах дүү амраг садан уулзаж, уул овоогоо тахиж, үлгэр туульсаа сонсож, ан авдаа мордож, цуурын цагаан аянд, цуутай удган голоороо дамжуулж тэнгэр лусаа баясгадаг заншил энэ зууны 30-аад он хүртэл үргэлжилж ирсэн байна. Энэ олон зуунаар дамжиж ирсэн үйл явдлын чухал төлөөлөгчдийн нэг бол туульч ардын билэг зүйч Мэнгит айдаа яах аргагүй мөн билээ. Урианхайчууд эртнээс нааш сур харвах, ан гөрөө хийх, туульс хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх урлаг, тэнгэр тахих зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн төдийгүй дээрх зан үйл соёлыг төрийн хэрэг болгож иржээ. XIX зууны эцсээс XX зууны дунд үе хүртэл Сэнхэрийн голоор нутаглаж явсан Мэнгит туульчид Алтайн магтаалын эртний хувилбар болон хэд хэдэн туульс өвлөж ирэхдээ тэр болгон хэлээд байдаггүй тодорхой цаг үед хайлдаг байжээ. Ялангуяа Алтай Чингэл Баатар, туулийг үе дамжуулан авч иржээ. Энэ туульд тэнгэр газрын савсалган дунд галав юүлдэгээрээ бусад туульсаас өвөрмөц юм. Туульч Мэнгит 1872 онд Ховд аймгийн Дуут сумын нутаг /Урианхайн Цэрвээ сум/ “Гурван цэнхэр” гэдэг газар төржээ. Энэ хүний өвөг дээдэс мөн л тууль хайлж, ан хийж, бөх барилддаг хүмүүс байсныг ахмад настан Д.Доноров, Т.Нанзад нар дурсан ярьдгаас гадна Дуут сумын сургуульд олон жил багшилсан үлгэрч Б.Дамдиндорж, ач Эрдэнэцогт нарт амаар болон бичгээр үлджээ.
Туульч Мэнгит Алтайн магтаалыг Цагаан уулын магтаал буюу Алтай уулын магтаал нэрээр хайлдаг байлаа. Тэрээр цаг үргэлж “Баян буурал алтай минь”, “Цаст цагаан уул минь”, “Хүчирхэг мөнх тэнгэр минь”, “Атай таван тэнгэрэм” гэж залбирдаг байсан учраас тэнгэр шүтлэгийн тэр үгээр нь “Баян Алтай өвгөн” гэж авгайлан нэрлэх болжээ. Мэнгит гуай тууль хайлах бүрдээ тахилга хийдэг байжээ. Мэнгит туульч Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн, Хаан цэцэн зурхайч, Галзуу хар хөхөл, Зул алдар хаан, Алтай Чингэл баатар, Талын хар бодон, Эзэн улаан бодон, Хүрэл алтан дөш, Хаан Чингэл гэсэн туульсыг ач Эрдэнэцогт болон үлгэрч Дамдиндоржид хуучин болон тод бичгээр үлдээжээ. Мөн туульч Мэнгит аргил сайхан хоолойтой хоржилж, шахаж хэлдэг хүн байснаас гадна Наран татлага, Ээвийн долгион, Долоон арал, Алтан нуурын урсгал, Уулын цуурай, Таван тэнгэр гэсэн эртний аялгууг цуурддаг байсныг Чингэл, Хандгайтын Урианхай настангууд батлан өгүүлж байна. Баян Алтай Мэнгит ганц хүүтэй байсан бөгөөд нэр нь Живэрлэг юм. Живэрлэг нь Цэрэн, Хорлоо, Эрдэнэцогт, Цагаанхүү, Бямбажав гэсэн таван хүүхэдтэй байв. Живэрлэг тууль хайлдаггүй малчин хүн байсан бөгөөд Живэрлэгийн дунд хүү Эрдэнэцогт өвгийнхөө туульс хайлах эрдмийг өвлөн авчээ.

2. БААТАРЖАВЫН ЭЦЭГ ТУУЛЬЧ ЖИВЭРЛЭГИЙН ЭРДЭНЭ- ЦОГТ


Эрдэнэцогт нь1941 онд Ховд Дуут сумын Цэнхэрийн голд төржээ. Түүний бага нас туульч, цуурчдын дунд өнгөрчээ. Тэрээр Мэнгит гуайн хайлдаг туульсаас гадна Чойсүрэн гуайн хайлдаг байсан зарим тууль, олон үлгэр мэддэг бас хошин үгээрээ бусдыг инээлгэж явдаг нэгэн байв. Тэрээр Дуутын сургууль дүүргээд цэргийн албыг Улаанбаатарт хааж ирээд, Дуут суманд мужаан, эмчилгээ тэжээлийн цэгт малчин, санитар хийж байжээ. Туульч Эрдэнэ-цогт ажлынхаа хажуугаар туулийн урлагаа хөгжүүлж чөлөөт цагаараа хайлж иржээ. Мөн есөн нүдтэй цацал, чандмань толгойтой товшуур, “үүчүүр” гэдэг тоглоом, цуур, икэл хөгжим урлахдаа сайн байлаа. 1968 онд Америкийн нэрт Монголч эрдэмтэн Хянганы Гомбожав “Гунан улаан Баатар”, “Баян цагаан өвгөн”, “Бөх алтан нудрам” туульсыг соронзон хальсанд бичиж авч, фото зургийг нь үлдээжээ. 1982 онд Хүү Баатаржавд туульс хайлах товшуур хөгжим хийж үлдээсэн нь одоо болтол хадгалагдаж байна. Мөн энэ үеэр багш Дамдиндорж өвөөгийнх нь хайлдаг Алтай-Чингэл баатар тууль, Алтан үг туулийн эхний бүлгийг Э. Баатаржавд өгчээ. Мөн Урианхайн нэрт туульч Чойсүрэнг өөрийн гэртээ залж авчирч тууль хайлуулдаг байлаа. Туульч Эрдэнэ-цогт нь ан гөрөөнд сайн бас улсын зэрэгтэй сайн тамирчин хүн байлаа. Эрдэнэ-цогтыг ид залуу байхад өвөг эцэг Мэнгит нь насан өөд болжээ. Эрдэнэ-цогтийн ярьдаг олон сайхан хуучин үлгэр, түүх хошин яриа өнөөгийн бидэнд үлджээ. Мөн Лха.Туяабаатарын соронзон хальсанд бичиж авсан “Алтай уулын магтаал”, “Бөх Алтан нудрам”, “Баян цагаан өвгөн”, “Алтай Чингэл баатар”,”Эзэн улаан бодон” зэрэг туулийнх нь бичлэгүүд үлджээ.

2003 онд тууль судлаач, доктор профессор Б.Катуу Эрдэнэцогт туульчийн хайлдаг “Алтай Чингэл баатар” туулийн гар бичмэлийг түүний хүү Баатаржавын хамт судлан шинжилж, ШУ-ны эргэлтэнд оруулжээ. Дараа нь энэ туульс 2011 онд “Монгол Урианхайн аман зохиол” номонд хэвлэгджээ. “Тэнгэрийн алтан үгт түүх“ хэмээх нэн эртний туульсыг эдний удмын туульчид дамжуулж иржээ.


ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ Э.БААТАРЖАВЫН НАМТАР


Э.Баатаржав нь 1972 онд Дуут сумын “Босгын эх” гэдэг газар мэндэлжээ. Удам дамжсан туульч, түүний бага нас Монголын сүүлчийн хэдэн нэрт туульчдын дунд өнгөрчээ. Тухайлбал их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, Ядмаа өөрийн эцэг Эрдэнэ-цогт нар нь түүний багш нар байлаа. Э.Баатаржав нь багаасаа урлаг соёлд дуртай хүүхэд байв.1980 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд орж, “Дуут нуур” хэмээх үлээвэр хөгжмийн хамтлагт “Тенор” хөгжим үлээдэг байжээ. Улмаар ОХУ-д дээд сургууль төгсжээ. Тэрээр их сургуульд суралцах хугацаандаа тууль, цуурын урлагаа орхиогүй бөгөөд харин ч урлагийн боловсролоо улам ахиулж Аркады хэмээх орос багшаар хөгжмийн онол заалгаж байжээ. Энэ нь ардын урлагийн баялаг өв дээр орчин цагийн хөгжмийн ололтуудыг хослуулан эзэмшихэд түлхэц болж, түүний цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлжээ. 1994 онд ганц хүний “Монгол хөлгөн туульс” хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Э.Баатаржав нь энэ хугацаанд Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлаг, чашга, дудар, икэл,бүх төрлийн хэл хуур (яс,хулс, төмөр) нуман хуурыг сурч эзэмшиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл дав, давын мухарт нэг нэгээрэй өвлөж үлдсэн, зарим нь бараг устаж байсан хөгжмүүдийг цуглуулж хослуулан эзэмших анхны оролдлого хийсэн хүн юм. Баатаржавын эзэмшсэн язгуур соёлын олон төрлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн, их холын эх сурвалжтай нэгэн цогц том урлаг юмаа гэдгийг тэр өөрийн биеэр 1995- 2003 оны хооронд Монгол туургатнуудаар “Хамаг Монгол” тоглолт хийж явахдаа тэдний урлаг соёлуудтай харьцуулж олж мэджээ. Үүнд бас нэмж хэлэх ёстой нэг зүйл бол Баатаржавын өссөн орчин, угсаа гарвал, өөрийнх нь чармайлт их нөлөөлжээ. Язгуур Монголчуудын үеэс Бурхан Халдун уул, өндөр Алтайн ар өвөр шил, Сибирийн их тайга, сарьдаг уулсаар олон зуун, мянганыг дамжин амьдарч эцэг тэнгэрээ аргадаж ирсэн Урианхай түмэн, хэдийгээр Баатаржавд олон ховор соёлыг эзэмших нь хувь хүний хувьд хүнд хэцүү ч хуучин язгуур эхийг нь алдагдуулалгүй зэрэгцүүлэн сурах ажил руу зориглон орсонд гол нууц нь оршиж байгаа юм. Эхний үедээ их өгсүүр бартаатай байсан өв соёл тээгч хүмүүсийг амьд сэрүүн дээр нь амжин олж, тэдгээрт буй авьяас билгийг өвлөн, авч хоцорч, хойч үеийн багачуудад өвлүүлэн үлдээх гэсэн чин эрмэлзэл нь түүний зоригийг мохоосонгүй. Энэ цаг үед Баатаржав нь сум, баг, хөдөө малын бэлчээрт ардын авяьастануудтай уулзан учирч, тэднээс сурах судлах ажлыг хувийн идэвх оролдлогоор хийж байв. Энэ нь бусдадаа үлгэр дууриалтай, бас нэг хүн хэд хэдэн том урлагийг ажил амьдарлаа зохицуулан, сурч мэдэж болдгийг харуулсан билээ. Тэрээр 1995 онд тууль судлаач Лха.Туяабаатартай хамтран Горный Алтай, Тувагийн нутгаар, Ээвийн голоор нутагтай Хандгайт Ханасын Эрдэш цуурч, ОХУ-н ардын жүжигчин Тувагийн нэрт хөөмийч Ондар, Халимгийн туульч Цагаанзам, Буриад, ОХУ-ын урлагийн гавяьат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Петер Тимофеевич, Сахагийн авъяас билэгтэн туульч Валя Ивановна зэрэг хүмүүс бусад эрдэмтэн мэргэдтэй харилцаа тогтоон, өөрийн тоглолтоо дангаар буюу хамтарч хийсээр иржээ. Монгол Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсын хоржин хоолойн эрдмийг харьцуулан туршиж уран бүтээлдээ хэрэгжүүлж иржээ. Монгол улсад сүүлийн үед зохион байгуулагдсан хөөмэй, цуурын холбогдолтой хуралд удаа дараа оролцож илтгэл тавьжээ.


Туульч Э.Баатаржав нь хөөмэй, цуурын урлагийг “Дэлхийн соёлын байгууллага, ЮНЕСКО-д батлуулахад язгуур өвийн талаас нь материалжуулахад хувь нэмэрээ оруулж явна. Туульч Э.Баатаржав нь 2009 оны олон улсын хөөмийн наадмын нээлтийг Алтайн Монголчуудын “Балиг” тахилгаар, 2010 оны 500 ардын билиг авьяастнуудтай хамтарч “Их Хөгсүү” наадмын нээлт, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн наадмыг 99 бөөтэй хамт, 2011 онд “Хөгсүү” чуулга, ”Аса” цирктэй хамтарсан “Монгол гайхамшиг” тоглолтын нээлтийг /АЖ/.Р.Самжид, /МУГЖ/ Х.Чапаевын хамт Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн зан үйлээр хийж байжээ. 2013 онд АНУ-гийн Аризонад болсон бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ.

Э.Баатаржав нь Монгол бөөгийн тамлага, Монгол туульсын өвөрмөц төстэй хэлц хэлэлгүүдийг харьцуулан судалж байна. Мөн тэрээр язгуур хөөмэй, туульс, цуурыг хуучин ёс заншилтай нь (уул овооны тахилгын ёс заншил, эзэд савдгийн ерөөл, ан авын дуудлага г.м) ёс жаягаар нь хөгжүүлж үлдээхэд анхаарч ажиллаж иржээ. 2009 онд Э.Баатаржав нь эртний Ром Италын угсаа залгамжилсан хун тайжид Монгол урлагаа тоглон сонирхуулжээ.


Мөн 120 гаруй жил тасалдсан нэн ховордсон хөгжим болох чашга, дудар, нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрин сурвалжилж эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, өнө эртний урлагаа дэлхийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан юм. 2011 онд угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол хүртжээ. Одоогоор нэн ховордсон урлагийн олон төрлийг хослуулан эзэмшиж олны хүртээл болгож хөгжүүлсээр яваа хүмүүс тун цөөрсөн байхгүй гэж хэлж болохоор байна. Мөн Баатаржавын тухай олон чухал нэвтрүүлэг BCBC, CCVT, NHK, СИБТБ зэрэг нэр хүнд бүхий сувгуудаар гарч дэлхийн олон үзэгчдэд хүрчээ.

Туульч, хөөмийч Э.Баатаржав нь аливаа цаг үед Монгол соёл урлагаа хөгжүүлэхийн төлөө зорилго нэгтэй нөхдийн хамт хошуучлан ажилсаар байна.


БҮТЭЭЛҮҮД

1996 онд “Арван гурван Алтай ханы аялгуу”

2000 онд “Олон ястаны өлгий”

2007 онд Америкийн судлаач Эндрю Колвелийн хамт “Хүннү аялгуу”

2009 онд тууль, хөөмий, цуурын “Алтан язгуур” цомогоо гаргасан байна.

2008 оны “Алтайн цуур” номыг Францын судлаач М.Санторо, бөө судлаач Ш.Сүхбатын “Алтайн аялгуу” номуудыг хамтарч бичжээ.

2011 онд “Монгол Урианхайн Хөөмий” түүхэн баримтат киног Нүүдэлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд болон Азийн бөөгийн холбоо, “Их хөгсүү” холбоотой хамтран хийсэн байна.

2010 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд ардын урлагийн 5 төрөл дээр 38 хүнд,

2011 онд 10 сард Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын 30 гаруй уран бүтээлчдэд модон цуур хөгжмийн шавь сургалт

2014 оноос Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах төслийн хүрээнд туулийн шавь сургалтыг амжилттай явуулж байна.

2015 онд БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс онд Э.Баатаржавын хайльсан арван гаруй туульсаас “Алтай уулын магтаал” болон Баян цагаан өвгөн, Зул Алдар хаан, Хаан Чингэл, Хүдэр мөнгөн тэвни туульсуудыг хамтран эмхэтгэж “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” номыг хэвлэж олны хүртээл болгож байна.


ДОТООД ГАДААД ХИЙСЭН ТОГЛОЛТ, ИЛТГЭЛҮҮД

1995- 2003 онуудад нийт Монгол туургатнуудад “Хамаг Монгол”

2001 онд Польш, ОХУ-д “Өрлөг Зэлмэ” тоглолт

2002 онд Арабын Дубайд “Монгол хөөмий, цуурын гайхамшиг”

2004 онд Үрэмч хотод “Хоолойн эрдэм”

2005 онд Шанхайн “Эртний Ази” Фестиваль

2005 онд Японы Токио, Осака хотуудад “Хүннү” аялан тоглолт

2006 онд Ховдын Алтайн туульс, хөөмийн наадам

2007 онд Японы 28 хотод хийсэн “Чингисийн үр сад” аялан тоглолт

2008 онд Австралын хөгжмийн продюсер Жеймс Жекийн хамт Джиридоо, Хоолойн цуурыг хоршил тоглолт

2010 оны намар Хельсингийн язгууртаны ордны хөгжим судлалын хурлын тоглолт,

2011 оны ХБНГУ-д Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам болон Дундад зууны фестивальд оролцож, Европын Итали, Франц, Швецарь, Белги, Голланд гэх мэт улсад “Транс Монголиа” хамтлагтай болон дангаарай хийсэн тоглолт, Бад Эзинерийн фестиваль

2011 онд Курилын арал, Индиан, Аляск, Якут, Сибирийн нүүдэлчдийн “Бараган” хурал симпозиумд

2012 онд “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр Диплом, мөнгөн шагнал

2012 онд “Хөгсүү” чуулгын бүрэлдэхүүнд Европ тив болон Америк, Скандинавын орнууд, ОХУ, зэрэг олон улсын уран бүтээлчид оролцдог 30,000 үзэгчтэй “Суломино” фестивальд амжилттай оролцож, тэргүүн шагнал багаарай хүртэж, мөн онд Дундад Азийн орнуудаар 3 сарын тоглолт хийсний дотор Монгол улс Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн концертонд Астанагийн урлагийн их сургууль, Ханшатр театр ордон, Халимагийн төв театр, Дэлхийн шатрын хотхонд

2012 онд Францын 20 хотын алдартай тайз, музейд

2012 онд Швейцарт хийсэн “Гималай, Алтайн нуруу, Сибирийн ард түмнүүдийн уугуул соёл” урлагийн хамтарсан тоглолт

2012 онд АНУ-гийн Ласвегас хотод олон улсын бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ

2012- 2013 онд АНУ-ын 8 мужид тоглолтоо хийж, Бостоны Харвардын их сургуулийн археологийн музейд тоглож, дөрвөн үе дамжиж ирсэн зарим хөгжмүүд нь тавигдаж, Лосс Анжлес хотын Холливудын ууланд “Алтай уулын магтаал” бүрэн эхээр нь хайлж, Юниверсал студиогийн тайз, Нью Мексикогийн Индианчуудын соёлын ордонд тогложээ. Мөн ондоо Америкийн Албуqүрqү хотод нэрт жаз “Андерсан Трио” хамтлагтай хамтран тогложээ.

2013 онд уугуул иргэдийн соёлын продюсер, анторпологч эрдэмтэн Гордон Броницкын хамт лекц уншжээ.

2013 онд АНУ-ын Веслианы их сургуульд угсаатны хөгжим судлаач Андрю Колвелын урилгаар очиж хамтран ажиллажээ.

2014 онд 1400 гаруй жилийн өмнөх “Чүрэ” хэмээгч туульчийн хадны оршуулгаас олдсон Алтай ятга хөгжмийг анх сэргээн нутагшуулах ажилд оролцож энэ хөгжим дээр “Бөх Алтан нудрам”, “Хаан цэцэн зурхайч”, “Талын хар бодон” туульсаа хайлж, “Бөртэ” хамтлагийн ахлагч хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, яруу найрагч Бодонгууд Дөш хоёрын зохиосон “Дайны бурхан” бэсрэг туулийг Алтай хамтлагтай хамтарч хайлжээ.

2014 онд Стайнфордын их сургуульд УДБЭ-ийн театр, “Домог” хамтлаг, Монголын урлагийн мастеруудтай хамт тоглосон “Монголын дуу хоолой” тоглолт, Санфранциско хотын захиргааны ордонд хийсэн тоглолт, “Пан Азийн фестиваль”, Олон үндэстэний ЭШ-ны хуралд оролцжээ.

2014 онд Берклейгийн их сургуульд үзүүлэх тоглолт лекцын хамт тавьжээ.

2014 онд Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа авч, Нюрбай, Хангалас, Якутск хотуудаар тогложээ.

2015 онд Бэй Айрагийн Монголчуудын “Монгол гэр” сургуульд тоглож өв соёлынхоо талаар лекц уншжээ.

2015 онд АНУ-ын Хавайн Зүүн Ази судлалын соёлын хүрээлэн, ордны хаан хөшөөний цэцэрлэгт тогложээ. Мөн ондоо Сахагийн Мирный хотод “Олонхо Айхал” соёлын арга хэмжээнд оролцож цуур, чашга, хөөмийн хоршил мастер класс тоглолт хийжээ.

2015 онд Ховд хотод зохион байгуулагдсан нэрт туульч Б.Авирмэд, цуурч П.Наранцогтын нэрэмжит наадмуудад хот хөдөөгийн шавь нарынхаа хамт оролцов. Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2013 оноос хэрэгжсэн Монгол туульс хөтөлбөрийн хүрээнд шавь сургалтыг үе шаттай явуулж, ирээдүйтэй шавь нарыг бэлдэж байна. Хот хөдөөгийн шавь нарыг товшуур хөгжимтэй туульс хайлуулж сургахаас гадна 2016 он гарснаар “LCN түмний телевиз”-тэй хамтран “ Монгол өв соёл, ёс заншил”, “Тэнгэрлэг Монгол хүмүүн” нэвтрүүлгүүдийг хөтлөж, 30 гаруй цуврал дугаарыг гаргаад байна.

2016 онд ОХУ-ын Сибир,хойд зүгийн ард түмний “Хомус хөгжим болон тэнгэр шүтлэгийн холбоо” симпозиумд оролцов.

2016 онд “Алтай” хамтлагийн уран бүтээлчдэд болон Улаанбаатар хотын шавь нартай Алтай ятга хөгжимтэй туульс, хөөмйи, цуурын сургалтыг эхлүүлж байна. Мөн судлаач Ш.Сүхбатын хамт “Монгол туульсын дотоод мөн чанар” номын язгуур эх бэлтгэлийн ажилд оролцож байна.

2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” хэмээх томоохон хэмжээний аялан тоглолтоо Ази, Европ, Америк тивүүдийг дамжиж, 56 хотод 98 хоног үргэлжилсэн тоглолтоо амжилттай хийж ирлээ. Энэ удаад “Язгуур аялгуу” хэмээх хамтлагийн хос тоглолтыг үзүүлжээ. Тус хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолт нь өвөрмөц онцлогтой тоглолт байлаа. Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ. Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин Халимагийн төв театр, “Ойраты” театруудтай хамтарч тогложээ. Волга/Ижил/ мөрний эргээр явж, хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл Москвад тогложээ. Тэндээсээ олон улсын уран бүтээлч экипажтай нэгдэж, Минск, Варшавт тоглож, Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож, дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ. Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулагддаг “Дэлхийн эртний язгуур хөгжмийн наадам”, “Сенгисляны ардын дуу бүжгийн наадам”, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. 2016 оны 6 сард Гронингийн фестивальд оролцож олон сая үзэгчтэй дэлхийн “Сибтв” телевизийн хөгжмийн сурталчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангажээ. Мөн долоон сард Антиверпен хотод Ардын хувьсгалын 95 жилийн ойд Бельгийн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч Монголчуудынхаа баяр наадмын үйл ажиллагаанд дуу хуураа хүргэж дуусаад АНУ-ыг зорин Парисаас нисэж, “Дэлхийг тойрох Монгол өв соёл аялан тоглолт” Лос-Анжелес хотод иржээ. Тэндээсээ Ласбегас, Айдахо мужын Берлей хотуудад тогложээ.

/Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Веслианы их сургуульд уригдаж, Харвардын их сургуульд тоглосноосоо хойш 7 удаа тус улсад очиж Нью-Йорк, Филадельфын Халимгууд, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсныг энд дурдах хэрэгтэй./

Тун удалгүй “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадам” эхлэж 21 хоног үргэлжлэв. Ийнхүү тус наадмын хамгийн цөөхөн бүрэлдэхүүнтэй оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг маань хүрэх ёстой газраа хүрч мянган дамнасан их соёлынхоо чанарыг үзүүлж тоглосоор “Шилдгийн шилдэг” хэмээх гранпри хүндтэй цолыг хүртэж, мянга мянган үзэгчдийг бишрүүлж алтан соёмбот далбаагаа мандуулан дэлхийн хэмжээний дүнгээ тавиулж чадаад, эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ. Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна таван тивийн олон улс оронд очиж тоглолт, үзүүлэн тоглолт, хуралд илтгэл тавьж, телевизын шууд болон хөгжмийн нэвтрүүлэгт оролцон олон арван алдартай том тайзнаа язгуур соёлоо хүргэжээ. Ардын урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд Монгол гэсэн нэрээр дуурсган гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч, өв тээгч юм.


ШАГНАЛ

2008 он Боловсролын яамны хүндэт жуух

2009 он Нэрт хөөмэйч Сундуйн Нэрэмжит шагнал цом

2010 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол

2010 он “Алтан гадас” одон

2011 он Угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол

2012 он “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр

2014 он Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа хүртсэн.

2016 он “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадамд, “Язгуур аялгуу” хамтлагаараа Гранпри шагнал

Тодорхойлолтыг бичсэн:
“Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншлын
төв”-ийн дэд тэргүүн Ө.Төмөрхуяг


Ярилцлага унших