Яаж эхлүүлснээ дуусгах вэ?
10 жил, 10 сар өмнө

Ихэнх хүмүүсийн амьдралдаа гаргадаг 2 том алдаа: 1. Хүссэн, бодсон зүйлээ эхлүүлдэггүй 2. Эхлүүлсэн бол гүйцээдэггүй.

Аливаа ажлыг эхлүүлэх, түүндээ тууштай байх, түүнийгээ дуусгах зэрэг нь бүгд дадал зуршил. Хэрвээ эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмшээгүй бол дундаас нь хаядаг муу зуршилтай байна гэсэн үг. Бас зарим хүмүүс “эхлүүлэх амархан харин дуусгах хэцүү” гэж хэлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд эхлүүлэх сайн дадал эзэмшсэн ч дуусгадаг дадлыг сураагүй байна гэсэн үг.

Эхлүүлснээ дуусгахын тулд:

1. Хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юман дээр анхаарлаа төвлөрүүлТа өөрийгөө нэг анзаараад үзээрэй, олон юман дээр анхаарлаа төвлөрүүлснээс болоод энд тэндгүй эхлүүлээд орхичихсон юмнууд байна уу?  Хэрвээ тийм бол эхлээд хийж чадах НЭГ юмаа эхлүүлж, хийж дуустлаа түүн дээрээ анхаарлаа бүрэн төвлөрүүл. Бусдыг нь орхи!

Яагаад гэвэл: хэрвээ та энэ хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юмаа хийж дуусгаж чадахгүй юм бол хүнд хэцүү гэж үзэж байгаа зүйлээ хийж дуусгана гэдэг юу л бол. Харин хийж чаддагаа хийж дуусгаснаар таны өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж, дараа дараагийн хүнд хэцүү ажлыг хийж дуусгах болно.

Санаж яв: Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг олж авах шилдэг арга бол аливаа ажлыг гүйцэтгэж дуусгах юм.

2. Өөрийгөө хүчил Үнэнийг хэлэхэд эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмших тийм амар биш. Уучлаарай, хэцүү!

Амжилттай болон амжилтгүй 2 хүний ялгаа гэвэл нэг нь барьснаа дуусгадаг, нөгөө нь дуусгадаггүйд л байгаа юм. Маш энгийн.  Амжилтанд хүрэхийн тулд хүссэн, хүсээгүй эхлүүлснээ дуусгах хэрэгтэй. Яаж?

“Цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үед би өөрийгөө хүчилдэг. Миний амжилт азан дээр биш тэсвэр хатуужил дээр тулгуурласан. –Estee Lauder

Тиймээс цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үедээ өөрийгөө сайн хүчлэх хэрэгтэй. Та нэг ажлыг хийж дуусгавал түүнтэй тэнцэх айдсыг давж байдаг учраас та тэр хэмжээгээрээ хүчтэй болдог.

Та нэг удаа өөрийгөө давж чадвал дахиж өөрийгөө давж чадна.

3. Өөртөө сонголт бүү өг

Бид ямар том алдаа гаргадаг вэ гэвэл бид өөрсддөө “хийхгүй ч байж болно” гэдэг сонголтыг өгдөг. Өөрөөр хэлбэл бид өөрсддөө хийхгүй байх зөвшөөрлийг олгодог. Хэрвээ танд “хийхгүй ч байж болно” гэдэг бодол байгаа бол түүнийгээ орхи. Харин оронд нь хийж дуусгах ажилдаа ХУГАЦАА ТОГТОО.

Тухайлбал, би долоо хоногийн дараа, 5 дахь өдрийн оройн 17:00 цаг гэхэд үүнийг хийж дуусгасан байх ёстой гэдэг АМЛАЛТ өг. Тэгээд өөртөө өгсөн амлалтыг биелүүл.

Амжилттай хүн гэж өөрт өгсөн амлалтаа биелүүлдэг хүнийг хэлдэг.

Бид эхлүүлснээ дуусгаснаар л тодорхой үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Хэрвээ энгийн чаддаг зүйлээ хийж дуусгаж чадахгүй бол аугаа зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй. Тэгээд ч олон энгийн зүйлийг дуусгаснаар нэг аугаа зүйл бий болдог гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр