Гутлын мастер Г.Ерөөлт: Гутал урлал, үйлдвэрлэлээр Монголчууд бид дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой
5 жил, 2 сар өмнө

Дэлхийн аваргын “WORLD CHAMPIONSHIPS IN SHOEMAKING 2018 ”тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Сонгодог төрөлд түрүүлсэн Г.Ерөөлттэй ярилцлаа. Монгол залуучууд спорт, урлагийн төрлөөс гадна дэлхийн шилдэг гутлын мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг батлан харуулсан түүнтэй ярилцаж суухад эх оронч, хөдөлмөрч занг нь төвөггүй харж болохоор байлаа.


-Сайн байна уу? Лондонд гар урлалын гутлын дэлхийн аврагын тэмцээнд амжилт гаргаж, улсынхаа нэрийг гаргаад ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхлэе. Хэчнээн улсын шилдгүүдтэй өрсөлдөв?

-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Лондонд болдог дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, сонгодог төрөлд нь амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Азийн орнуудаас Япон улсын дөрвөн мастер болон Монгол улсаас би оролцсон. Харин Европын орнуудаас Англи, Итали, Франц, Швед, Герман гэх мэт олон орны дэлхийн топ шилдгүүд өрсөлдсөн. Нэгдүгээр байранд шалгарсан Герман мастерийн урласан гутал үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэрээр алдарт Викториан загвараар урласан байсан. Викториан стийл загварыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. XIX зууны, Виктория хатан хааны үеийн хатагтай, ноёдын хувцас, гутал загварын нэгэн үеийг тодорхойлдог бөгөөд дэлхийд, загварын ертөнцөд тамгалагдсан үе юм. Гэхдээ тэрбээр загвараа хүн өмсөхөөр урлаагүй байсан. Харин миний хувьд хүн өмсөж болохоор гутал хийсэн. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсоноор дараа дараагийн тэмцээнүүдэд монголчууд оролцох, амжилт гаргах жимийг гаргаж чадлаа.

-Бүгд нэг ижил гутал хийж өрсөлдсөн үү?

-Тийм ээ. Бүгд зүүн хөлийн, хар өнгийн,оксфорд загварын гутал хийж өрсөлдсөн. Миний хувьд гутлаа тэмцээний журмын дагуу хийж урлахдаа техниктээ түлхүү анхаарч ажилласан. Харин зарим орны гуталчид чөлөөтэй, задгай сэтгэн шаардлагаас зөрсөн тохиолдлууд ажиглагдсан. Тухайлбал, гутлынхаа улыг будах ёсгүй байтал улыг будаж, халим дүрсэлж, морины тах хийсэн гэх мэт дүрмийн бус хэлбэр загварууд олон байлаа. Би анхандаа мөн адил нарийн хадаасаар шивж зураг зурах гэж байсан ч тодорхой дүрэмтэй байсан болохоор дүрмийн дагуу хийсэн. Магадгүй нэг тийм ази сэтгэлгээний сайн, муу гэмээр тэгэх л ёстой гэсэн бол тэгж хийдэг зан чанар нөлөөлсөн болов уу. Мөн анхны удаагаа оролцож буй болохоор туршлага бага зэрэг дутагдсан гэж бодож байна.

-Тэмцээний чансааг сонирхмоор байна. Гуталчдын хувьд мэдээж олон жил гутал хийсэн, олон улсад танигдсан, удам дамжсан хүмүүс олон байсан байх.

-Гуталчдын нэг онцлог нь удам дамжсан, зуун дамжсан байдаг. Тэмцээний чанар үнэхээр өндөр зэрэгтэй юм билээ. Тэмцээнд 1800-аад оноос үйлдвэрлэл явуулж, аль хэдийнэ үйлдвэрлэл, бүх зүйл нь тогтсон гутлын үйлдвэрүүдийн төлөөллүүд олон байсан. Бидний хувьд мөн адил “euGo since 1934” гэдэг ч их учиртай. Миний өвөөгийн 1934 онд хэрэглэж байсан дээр үеийн Зингэр оёдлын машин, багаж, төхөөрөмж одоог хүртэл надад байдаг. Зарим багажууд бол маш эртнийх, би одоог хүртэл хэрэглэсээр байгаа. Тэмцээнийхээ гутлыг ч тэдгээр багажаар хийсэн. Өвөө маань Маршал Чойбалсан, Оросын сургагч нарын гутлыг хийдэг гуталчин хүн байсан. Цэдэнбал даргын гутлыг ч бас хийж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол үүх түүх. Өвөөгийн маань хийж байсан арга барил, нарийн технологи, өвөрмөц зүйлс надад өв дамжин уламжлагдан ирсэн. Иймд бид ч мөн удам дагасан урлаачид гэдгээ харуулахаар танилцуулга видео бэлдэж зохион байгуулагчид руу явуулсан. Танилцуулгадаа монголчууд эртнээс өөрсдөө гутлаа урлаж ирсэн уламжлалтай, түүх соёлтой ард түмэн гэдгээ харуулахыг хичээсэн. Мөн тэмцээнд надаас өөр танилцуулгаа видеогоор илгээсэн хүн байгаагүй. Танилцуулгаа видеогоор өгсөн нь нэг талаараа их онцгой байж чадсан. Дэлхийн дайдыг эзэлж явсан монголчууд өнөөдөр ч аль ч талаараа өв уламжлалаа авч яваа, дэлхий хэмжээнд хийж чадна гэдгийг давхар харуулахыг хичээсэн дээ.

-Таны танилцуулга видео маш өвөрмөц юм. Монгол ёс заншлаа шингээж өгсөн санагдлаа.

-Видео танилцуулгаа хийхийн тулд тусгайлан зориулж студи байгуулсан. Ерөнхийдөө Монгол ахуйгаа харуулсан гэр, бүтээлийг хийж буй тайз, хийж буй бүтээлийн онцлог,орчин цаг үетэй уялдаа холбоотой, байхыг илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Гар аргаар гутал урлах техникийн үйл явцыг нэг бүрчлэн нарийн харуулахыг зорьсон. Энэ нь бас учиртай. Монголчууд эрт дээр Хүннүгийн үеэс яг тухайн хүндээ зориулж гутал урладаг уламжлал байсан юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн юм.

-Барууны гутлын соёл хаашаа чиглэж байна вэ. Загвар эргэх холбоогоор эргэж байдаг гэдэг.

-Загвар удаандаа 20-25 жилээр эргэж байдаг. Гэхдээ үндсэн, гол дүрслэл нь хадгалагддаг. Түүн дээр тухайн цаг үеийн чимэг орж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн эхний байранд орсон Герман гуталчин Викториан үеийн загвараар урласан. Викториан үеийн загвар тэр чигтээ урлаг, гоо сайхан, уран зураг, архитектур гээд бүх л зүйлийг багтааж чадсан. Мөн Гётикийн үеийн загвар байна. Чех, Испанийн шөвгөр, урт оройтой барилгууд тэр загварын илрэл. Виктория хатан хааны үеийн загвар хамгийн сонгодог нь. Тэр үеийн загварын дүр төрх эргээд орж ирж байгаа.

-Таны хувьд мэдээж бүтээлийг нь биширдэг олон гутлын загвар зохион бүтээгчид дизайнерууд байдаг байх.

-Тийм, гэхдээ биширэх гэдэг өөр Германы дизайнер Карл Лагерфельд гээд 84 настай гайхалтай дезайнер байна. Энэ хүн аль эртний Шанель, Фенди, Клоуи -н гэх мэт олон загварын ордонд ажиллаж байсан хүн. Гэтэл өнөөдөр яг л тэр үеийн өөрийн загвартаа үнэнч, дүр төрхөө гаргаад явж байна. Мөн Жимми Чүү гэж Малайз гаралтай зохион бүтээгч өнөөдөр ч гутлын загварын ертөнцийн шилдэг хүн.Түүнчлэн өнөөдөр эмэгтэй гутлын загварын салбарт хамгийн шилдэг байгаа нь одоо 72 настай Манола Бланик гэж Испани гаралтай хүн байна. Түүнчлэн Францын гутлын дизайнер Кристиан Любутон байна. Яагаад заавал насыг нь тодотгож хэлээд байгаа вэ гэхээр бид хэтэрхий эрт өөрсдийнхөө хүч чадлын үнэ цэнийг үнэлэхгүй, нас явчихлаа хэмээн бодож өөрсдийгөө голцгоож байна. Гэтэл бидний хийж чадах, бүтээх зүйлс маань дундрашгүй их, тэр тусмаа оюуны баялаг бүтээгчдийн уул уурхай яндашгүй гэдгийг л ойлгох нь чухал юм.

-Алдартай зохион бүтээгчид ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарснаар олонд танигдсан байдаг. Түүнтэй адил таны гутал юугаараа онцлог болох вэ?

-Миний хувьд сонгодог чиглэлдээ илүү дуртай. Классик буюу сонгодог төрөл гэдэг өөрөө ухаад баршгүй уурхай нэг төрөл мэт. Би гутлыг ихэвчлэн Good Year гэх Англи технологиор хийдэг. Энэ технологийг арай дөхүүлж тайлбарлавал рант уллагаатай гэсэн үг л дээ. Одоогоор жинхэнэ утгаар нь ийм технологиор ажиллаж буй үйлдвэр байхгүй. Удахгүй яг энэ технологиор хийдэг үйлдвэрийг Монголдоо нээхээр бэлдэж байна.

-Тэмцээндээ эргээд очиход, шүүгч нар хэр үнэн зөв шүүсэн гэж бодож байгаа вэ?

-Зөв сайхан шүүсэн гэж бодож байнаа. Техникийг харж шүүхээс гадна загварыг нилээд харах шиг боллоо. Нийт найман шүүгч байсан. Зарим шүүгчид нь миний таних хүмүүс ч байсан. Намайг Лондонд байхад ажиллаж байсан залуус шүүгчээр орсон байсан. Английн үе үеийн гүнж, хан хүү нарын гутлыг хийдэг “Жонн Лобб” хэмээх үндэсний, удам дамжиж ирсэн мастерууд ажилладаг урлан байдаг юм. Миний дараа ажиллаж байсан залуу гэхүүдээ. Бас Японы Фукуда хэмээх мастер шүүгчээр ажиллаж байсан. Тус бүрдээ гар урлалын гутлын талаар нарийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс шүүлт хийцгээсээн.

-Та энэ алдартай үйлдвэрт ажиллаж байсан юм уу?

-Тийм ээ. 2000-аад оны эхэн үе л дээ. Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцахын өмнө зургаан сар ажиллах завшаан тохиосон юм. Тус гутлын үйлдвэрийн удирдлагууд надад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлт тавьсан. Гэхдээ би сурсан мэдсэн бүх зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байсан юм. Миний хувьд тухайн байгууллагад туршлага судлахаар л ажилласан даа.

-Энэ гутал хийдэг ширээ тань их содон сонин юм. Хаана хийлгэсэн бэ. Угаасаа ийм загвартай байх ёстой байдаг уу?

-Энэ тэмцээнд зориулж хэвлүүрийн зохион бүтээгчийн ширээг өөрөө загварыг нь гаргаж хийсэн. Анх би, ЗХУ-д хэвлүүрийн зохион бүтээгч зураач дизайнер мэргэжлээр төгссөн, Д.Ариунхүүд 1989 онд хадаг барьж шавь орж байлаа. Түүнд хэвлүүрийн зохион бүтээгч Ганбаатар, Намсрай нараас дамжиж ирсэн ширээ байсан бөгөөд маш энгийн мөртлөө эргономик сайтай ширээ байсан юм.Тухайн үедээ ийм ширээ хийнэ дээ гэж бодоод дараа нь Англиас англичуудын санааг нэмж зохиогоод 28 жилийн дараа долоо хоногт л хийсэндээ. Мөн мундаг дархчууд маань түмэн насан хээ сийлсэн ойл хутга урлаж өгсөн. Ер нь мастер хэвлүүрийн зохион бүтээгчид ийм л ширээн дээр хийдэг. Гэхдээ миний ширээ өөрийн онцлог зүйлтэй. Монголын ахмад инженерүүдийнхээ санааг оруулж өгснөөрөө ялгаатай.

-Видеогоо хийхэд буюу гутлаа урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

- Танилцуулга видеогоо долоо хоногт хийсэн. Эхэндээ Америкт хийх гэж байсан ч Монголдоо ирээд хийсэн нь дээр гэж шийдсэн юм. Энэ видеог хийхийн тулд тусгайлан Монгол арт студи хүртэл байгуулсан. Бичлэгтээ гутал хийхэд оролцох таван мэргэжлийг нэг дор багтаасан байгаа. Тухайлбал, хэвлүүрийн зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, оёдолчин, гутал татаж уллагч гэх мэт олон мэргэжлийг монгол мастер нэг дор хийж буйгаараа онцлог давуу талтай юм. Эхнээс нь эхлээд дуустал бүх зүйлээ хийдэг мастерууд байдаг. Гэхдээ тун цөөхөн. Ийм видео хийснээр мэргэжлийн сургуульд мэргэшихээр суралцаж буй залууст сургалтын бүтэн материал болж буйгаараа онцлог. Түүнчлэн үүнээс бас үлгэр дууриалал авч, санаа аван дэлхийд өөрсдийгөө сорих уран бүтээлч залууст маань урам зориг өгөх болов уу. Эцэст нь энэхүү нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцоход маань дэмжиж туслалцаа үзүүлсэн гэр бүл, найз нөхөд болон УИХ-ын эрхэм гишүүн С. Жавхланд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ технологи бүхий шинэ үйлдвэрийн нээлтэд тань эргэн уулзахын ерөөл тавья.

Л.Булганчимэг http://www.times.mn/