XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ
4 жил, 8 сар өмнө

Л. ТҮДЭВ
XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ

Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг үед амьдрал үйлсийнхээ замыг хорьдугаар зуунд туулсан ахмад үеийнхэн бид шинэ зууныг эзэгнэх хувь тавилант хойч үеийнхэндээ:

- эртний сурвалжит Монгол улсынхаа төрт ёс, түүх соёлын үнэт уламжлалыг нандигнан өвлөж
- хүмүүнлэг энэрэнгүй, эв найрсаг, шударга үнэнч, төв шулуун, ажилч хичээнгүй, тэсвэр хатуужилтай өвөг дээдсийнхээ ариун ёс журмыг дээдлэн үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэж,
- мянганы тэртээгээс үүдэлтэй улс Монголынхоо туурга тусгаар байдал бүрэн эрх дарх, байгаль орчныхоо зүй зохицлыг хадгалан хамгаалж нэр төртэй явахын бэлэгтэй ерөөлийг санамж болгон цөөн хэдэн үгээ дуртган толилуулъя.

… Ахмад үеийн биднийг зууны эхээр төрж мэндлэх цаг дор угтан тоссон эх орон минь 542 мянга гаруйхан буюу одоогийн нийслэл хотын хүн амаас ч цөөн бүлтэй, тэдний талаас илүү хувь нь нийгмийн архаг өвчтэй, зуун хүн дутмын ганц хоёр нь бичиг гадарлах төдий, эрчүүдийн олонхи нь лам хувраг, цөөнх нь нүүдлийн мөр хөөсөн малчин, тарвагачин, гөрөөчин, тахар, зарлага, улаач, сүрэгчин хүмүүс голдсон, найм хүрэхгүй сая малынх нь үлэмж хэсэг нь боом, хамуу, шүлхий мэтийн өвчтэй тийм нэгэн буурайхан айл байлаа. Мөхөж яваа үндэстний дансанд ороод ХХ зууны дунд буюу тавиад жилийн дотор үгүй болох байхаа гэж өрнөдийнхөн нэгэнт онош тавиад ном хэвлэлд биччихсэн тийм л орны иргэд болон бид төржээ.

Гэвч сэтгэлээр унаж зүтгэлээр мохсонгүй. Учир нь өвөг дээдсийн хүчирхэг явсан үлгэр дууриал, эх орноо гэх халуун сэтгэл, мэргэжил чадвар олохын төлөө цуцалтгүй хийсэн урт аяны маань үр дүнд зорьсондоо хүрч, хүссэнээ сурсан тэр эрдмээрээ цахилгаан гэрэл асааж харанхуйг гийгүүлэн, төмөр утас татаж харилцаа холбоо барьж, уурын тэрэг жолоодон хол замыг хардаг болсон юм. Уурын тэрэг, нисэх онгоц, галт тэрэг, цахилгаан гэрэл, аж үйлдвэр, алсын холбоо, пуужинт зэвсэг гэдэг ололт биднээс өмнө Эх оронд маань байгаагүй билээ. Урьд байгаагүй олон шинэ юмсыг буй болгоход гар бие оролцондоо ахмад үеийнхэн бид тун баяртай явдаг бөгөөд түүнээс хэдэн арав дахин давуу гайхамшгийг бүтээх хойч үеэрээ бахархдаг билээ.

Бид баян хүчирхэг оронд биш харин баян хүчирхэг явсан орны иргэд болж төрсөндөө, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин үргэлжлүүлэх түүхэн их хувь тавилан аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, зууныг товчилсон их хурдтайгаар хөгжин дэвшихийг зорьсон. Түүндээ ч хүрч хүн амаа хоёр сая гаруй болтол нь хэд дахин өнөржүүлэн эрүүл энх, саруул сайхан болгож, нийтээрээ бичиг үсэгтэй, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн, сансарт ч иргэнээ нисгэсэн, өрнө дорнын соёлыг ч хослуулан эзэмшсэн орны эзэд боллоо.
Урган гарах зуунд Монгол эх орон, Монгол түмэн минь тэгш журамт баян хүчирхэг улсын байр сууринд өргөмжлөгдөнө гэдэгт гүн итгэж тэрхүү гайхамшгийг бүтээх хувьтай, ариун үүрэгтэй, хувь заяаны зураг төөрөгтэй хойч үеийнхэндээ хандаж чин сэтгэлийн үг-санамж бичиг юүгээ өргөн барьж байна.
Нэртэй улсын зүстэй үндэстний угсаа залгах хойч үеийн идэр залуу дүү нар минь болгоон соёрхму!

#НЭГ. Ачит эхээс төрөхөд ээж минь өлгийднө, энэ бие өсөхөд Эх орон минь өлгий болно. Төрөлх хоёр өлгийнхөө ачийг санаж эртнээс янагш экологич ард түмнийхээ уламжлалт сахил ёсыг дээдлэн, хүн байгалийн зохилдолгоот соёл иргэншлийг төлөвшүүлэхийн тулд байгаль-хүн гэсэн шинэ тогтолцооны уран барилгачдын итгэмжлэлийг та нар гардах буюу!

#ХОЁР. Эх орны хамгийн эрхэм дээд үнэт баялаг нь болж, эрдэнэт хүний биеийг олсон бүхэн хүмүүнлэг байж, хүн ёсны мэргэн бодлого барьж хүнээ л гэж дээдлэж чадвал хандах зүг аяндаа тодроод ирнэ. Хүнгүй бол Эх орон юуных, Эх оронгүй бол хүн юусан билээ.

#ГУРАВ. Эрүүл биед саруул ухаан гэдэг үзэлтэй монголчууд эрүүл л байвал юуг ч бүтээж, юунд ч хүрч болно хэмээдэг тул бага залуугаасаа эрүүл чийрэг өсч бойжиж, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн манаанд насан туршид нүд цавчитлгүй зогсдог байх эрүүл энхийн үндэсний хяналтын чухлыг өгүүлэх юун. Эрүүл мэндийг бусдаас зээлдэггүй юм гэдэг.

#ДӨРӨВ. Эртнээс янагш монголчууд “эрдэмгүй хүн балай” гэж үзэж насны бага, цусны шингэн дээрээ эрдэм сурч авахыг чармайдаг байсан тэр уламжлалыг улам бадрааж төрөл бүрийн эрдэмд нэвтэрч юм юм хийж чаддаг болохыг амьдралынхаа утга учир болгому. Мөнгө зээлэхээс эрдэм зээлдэх нь дээр!

#ТАВ. Эрх чөлөө гэдэг зөвхөн хувь хүнд хамаатай богино жолоотой зүйл биш, харин ард түмний үеэс үе дамжин ирсэн амин хэрэгцээ мөн тул өөрөө ч эрх чөлөөтэй, эх орон, ард түмнээ ч эрх чөлөөтэй, туурга тусгаар тулга дархан байлгаж, нэгэнт олсон эрх чөлөөгөө ёс төртэй эдэлж чаддаг байваас энэ яваа насны тань хэрэг зориг бүтмой.

#ЗУРГАА. Эд хөрөнгөгүй хүнийг монголчууд гуйлгачин гэдэггүй. Харин эд хөрөнгө бүтээх ажил хөдөлмөр хийж чаддаггүй, хийж сурахыг шамддаггүй залхуу хүнийг л гуйрамч гэж жигшдэг байсныг санаж бүх баялгийн түлхүүр, сайн сайхны эх сурвалж нь хөдөлмөр гэдгийг сайн ухаарч үргэлж мөрдөж явах нь залуу хүн болгоны нийтлэг ижил шинж болтугай.

#ДОЛОО. Мөнх хөх тэнгэрийг эцгээ, хөрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хүний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хөлөөс тулж, хорвоод хүн шиг явахын цорны ганц баталгаа тул анхдагч шүтээн тань газар болтугай! Хайрлаж яв! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу.

#НАЙМ. Эргэлдэж байдаг орчлон бөөрөнхий учир цагийн салхи болчимгүй хүний хорвоо үе үе хувьсамтгайг бодож өөр хоорондоо, өрх гэр дотроо, өнөр олон дундаа эв эеийг хичээвээс ороо бусгаа цагийн ямар ч гамшгийг давж чадахын тул “эвт шаазгай буга барьдгийн” үлгэрийг үрээс үрдээ уламжлаарай даа.

#ЕС. Дэлхийн олон улс орон хурц зэвсэг, хурдан буу, хорт бодис, тэсрэх бөмбөгнийхөө ихээр биш, харилцан ойлголцож, хүчирхийлэл дарангуйллыг ардчилсан шударга ёсоор солих үйлсэд НҮБ-ын ивээл доор идэвхийлэн ажиллаж нийтийн үйлсэд оруулсан хувь нэмрээ зузаатгаж, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах гол зэвсэг нь оюуны чадавхи, ухаан санаа, зөвшилцөл, эв нэгдэл, найдвартай түншлэлийн бодлого гэдгийг чанд барьж явагтун!

#АРАВ. Өмнө дурдсан есөн зүйлийг тухайлбал эрүүл энх, эрх чөлөө, эдийн засаг, эрдэм боловсрол, эв нэгдэл, эх орон, газар шороо, аюулгүй байдлаа тус бүрийг нь дархлаажуулалттай болгох бодлого барьваас дархлалын олдмол хомсдол байтугай төрөлхийн хомсдол ч үл тохиолдох буюу.

#АРВАН НЭГ. Монгол хүний үнэнч шударга нь мянган жилийн тэртэйгээс түмэнд илэрхий болсон бөгөөд эзнээсээ урваж шарвагчдыг өчиггүй шийтгэдэг төрийн уламжлалыг санаж шударга ёс, үнэнч чанарыг эрхэмлэн хуулийг дээдэлтүгэй.

#АРВАН ХОЁР. Монголын буян хишиг нь таван хошуу малдаа байсаар ирснийг үл огоорон амны хишиг тогтохын үндэс мал сүргээ, түүнийг өсгөн тойлогч малчин олноо төрийнхөө ивээлд байлгаж малчин удмаа таслахгүйг хичээн нүүдлийн болон суурин соёл иргэншлийг зохистой зөв хослуулан хөгжүүлтүгэй.

#АРВАН ГУРАВ. Цаг бол үнэмлэхүй дээд засаглал, цагийг хожих нь баялгийг арвижуулах дээд арга, цаглашгүй үнэт зүйлсийг бүтээх боломж гэдгийг бидний ахмад үе бас ч дутуу ухаарч явсныг гүйцээж, цагийн жамыг туйлын ухаалаг эзэгнэх буйзаа.

#АРВАН ДӨРӨВ. Бусдын эрхшээлд амархан орох үл үзэгдэх цалам бол өр
зээл бөгөөд “өргүй бол баян” гэдэг өвөг дээдсийн аман хуулийг умартахгүй явж гадаад дотоод өр зээлийн дөнгөнөөс үүрд чөлөөтэй шинэ үе төлөвшүүлэхийн төлөө ухаан санаа, самбаа зориг, мэдлэг боловсролоороо бусдын царай харахааргүй болцгоохыг хичээгээрэй!

#АРВАН ТАВ. Ном эрдэм “А” үсгээр эхэлэг боловч “А” үсгээр эхэлсэн нэртэй гурван аюул буйг өглөө бүр бие биендээ сануулж байгтун! Тэр гурван чимээгүй гэтэн хорлогч бол “архи”, “авлига”, “аборт” (үр хөндөлт) юм. Буун дуу гаргахгүйгээр үндэстнийг хөнөөх эдгээр заналт аюулаас хойч үе жигшдэг байхыг бид хүсч байнам. Сайн нөхдийн тусламжтайгаар эрийн зориг, идрийн жавхаагаар харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, энхийн манаанд өчнөөн жил зүүрмэглэхгүй зогсож туурга тусгаар, тулга дархан авч үлдсэн Эх орон юм шүү! Бидний үе гэнэ алдаж тэдгээрийг бүрэн сэрэмжилж чадаагүй бол гэмээ наманчилж байна. Бидний үеийнхний ухвар мөчдийн бусад гэмийг ч үл давтахын сургамж болготугай!

Монгол түмний хойчийг залгах шинэ зууны бум буман хөвгүүд, охид минь ээ!
Бидний энэ бодол, санамж цагийн эрхээр хуучирна гэдгийг мэдэж байвч XX зууны өвөг дээдсийнхээ бодол санаа ямархуу юманд зовж байсныг Та бүхэн эргэн дурсаж эргэцүүлэн бодох буйзаа гэсэн сэтгэлээр үүнийг толилуулбай.
Уужим аугаа сэтгэлд тань дундуур санагдваас улам цааш нь учиг сунган биднийхээ эгэл богино санааг баяжуулаарай!
Бидэнд гагцхүү Та нараас өөр өв залгамжлагч байхгүйн учир ингэж итгэмжлэн захивай!

2000 он

Лодонгийн ТҮДЭВ