Вандангийн УНДРАА- Зураач, уран бүтээлч TEAM Art хөтөлбөр
2 жил, 6 сар өмнө

U Art Studio- н үүсгэн байгуулагч. Creative Camp- бүтээлч зусланг хамтран үүсгэн байгуулагч. Хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015”, 2019 онд BID бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэл, 2019 оноос Бүүвэй од, Гоёлог урлал, Эрка анхилуун үнэртэн, Hi Mongolia, UArt- Oyun design souvenir зэрэг бүтээгдэхүүний загвар чимэглэлээр ажилласан.

2018 оноос өөрийн бие даасан “U Mandala”, “U-Art” цувралаа эхлүүлж 3 цуврал ном эрхлэн хэвлүүлсэн.

Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцохоос гадна багш, сурагчидад 3D баримал, Art bag- эко цүнх тор чимэглэх сургалтыг зохион байгуулж бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлч билээ.

Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

КАТАЛОГИ
Каталоги 2012 он
Каталоги 2011 он

Twitter | Facebook

Ярилцлага унших