У.Төмөрхуяг: Бяслагаар Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан
6 жил өмнө

-Бизнесийн санаагаа анх хэрхэн олж, хэзээнээс эхлүүлэв? -Монголд анх тахь нутагшуулахтай холбоо­той бий болсон гэж болно. Тахийг анх бий болгосон хүн нь антарктид судлаач Ж.Цэрэндэлэг. Бид эртний танилууд. Тэр үед би сумын нарийн бичгийн дарга байсан юм. Алтанбулагийн нутаг, Хустайн ойр орчим нутаглаж байсан малчид газраа чөлөөлөхөд ямар дэм, тусламж үзүүлж болох вэ гэж тухайн үед ярилцаж байв. Малчдын сүүг боловсруулдаг үйлдвэр байхад зүгээр юм байна гээд орхичихсон. 1994 онд шинэ засаг гарч би 14 жил ажилласан ажлаасаа гарч бизнес рүү ороод байтал бяслагны үйлдвэр яригдлаа. Алтанбулагаас зургаан хүн үйлдвэрийг хариуцъя гэж санал өгсөний нэг нь би. Тэр нь НҮБ-ын Голландын хөрөнгө оруулалттай төсөл байсан. Мон-94/303 гэсэн төслийн шалгаруулалт явагдахад шалгарч энэ төслийг хийсэн. 1994 оны намар Голландаас нэг мэргэжилтэн ирж бяслаг хэрхэн хийхийг надад заалаа. 70 гаруй насны өвгөнтэй хоёулаа 10 литр сүүгээр гэртээ туршиж үзчихээд нөгөө хүн маань долоо хоноод яваад өгсөн. 1995 оны хавар нөгөө мэргэ­жил­тэн маань 42 хоногийн хугацаатай ирсэн. Тэр хооронд би үйлдвэрээ бэлэн болгох ёстой байсан учраас хуучин худалдааны ангийн барьж байгаад орхисон барилгыг худалдаж аваад үйлдвэрээ барьж, Алтанбулагийн малчдын сүүг худалдаж авдаг болсон. 

-Тэгвэл Голланд стандартаар бяслаг хийдэг болжээ. Хэдэн төрлийн бяслаг хийдэг юм бэ? -1998 он хүртэл Голланд технологийг мөрдөж байсан. Будаг, өнгө шаргал байх, удаан хадгалах, Е гэж нэрлэдэг нэмэлтийг хийдэг байснаа яагаад Монгол үнээний сүү өөрөөрөө байж болдоггүй юм гээд туршсан. Алдаа, оноо байж магадгүй, далимд нь Монголынхоо газар нутгийг үзүүлье гэсэн сэтгэлээр ирж, очих унааныхаа зардлыг та даачих, Монголд байх зардлыг чинь би даая хүрээд ирээч гээд эхнэртэй нь урьсан. Тэгээд 21 хонохдоо Өвөрхангайн Улаан­цутгалан, Хар­хориноор аялуулахдаа шинэ бүтээгдэхүүнийхээ талаар ярилаа. Тэгсэн энэ болж байна, сайхан бяслаг болсон байна. Харин чамд хэдэн тоо өгье. Чи өөрөө цааш нь хийгээрэй гээд нисэх гэж байхдаа надад шинэ бяслагны технологи өгсөн. Голландаас энэ бяслагт орох гоньд явуулна гэлээ. 1999 оноос хоёр төрлийн бяслаг хийдэг байсан бол өнөөдөр зургаан төрлийн бяслаг хийж байна. Тухайлбал, “Хустай гоуда” гэсэн анхны бяслаг байгаа. Энэ нь тослог өндөртэй, пицца, зууш болон хайлдаг төрлийн бүх хоолонд хэрэглэдэг. Дараагийнх нь гоньдны төрлийн ургамалтай. Энэ нь халуун ногоо иддэг хүмүүст тааламжтай, эрүүл мэндийн бяслаг. Үүнийг дэлхийд нэг их хийгээд байдаггүй юм. Голландаас энэ ургамлыг авчруулдаг. Мөн едам тослогыг нь багас­гасан бяслаг бий. Өнгөрсөн жилээс рестора­нуу­дад зориулсан соусны бяслаг хийж үзлээ. Тусгай орчинд, удаан хугацаанд хатаадаг нунтаг бяслаг юм. Мөн хиаманд хийдэг бяслаг хийж байгаа.  

-Танайхыг бяслагны хоёр үйлдвэртэй гэж сонссон? -Сумын төвд нэг үйлдвэр маань байдаг. Малчид зун сүүгээ өгөх гээд үнээгээ туугаад ирнэ. Сумын төв мэдээж бэлчээрийн даац муу. Сүүний мөнгөө авах тэр айлд сайхан ч дараа жил үнээ нь сувайрдаг болсон. Тиймээс Алтанбулаг сумаас 25 км-т зусдаг малчдад зориулж булаг шанд, хужир мараатай, малчид зусдаг газар банкны зээл авч шинэ үйлдвэрээ байгуулсан. Үйлдвэр байгуулсан ойрхон толгойн нэрээр “Лигийн ухаа” гэж нэрлэсэн. 2001 оноос ажлаа эхэлсэн. Харин сумын төв дээрх үйлдвэр 2010 оноос хойш ажилласангүй. Туул голын бохир уснаас ундаалсан үхрийн сүүнээс гарч байгаа бяслагны амт өөрчлөгдсөн болохоор зогсоочихсон. Анхны үйлдвэр маань долоон жил зогсчихоод байна. Уг нь хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдчихвэл энэ үйлдвэрийг Туул голоос жаахан холдуулаад байгуулчих юмсан гэж бодох юм. Жижиг, дунд үйлдвэр хэцүү шүү дээ. Сүү ихтэй жил гайгүй ашиг олно. Тэр нь үйлдвэр байгуулах хэмжээнд хүрэхгүй. Нэг үйлдвэр байгуулахад ойролцоогоор 270 сая төгрөг. Үүнээс дээш ч байж болно. 

-Таныг энэ бяслагаараа Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан гэдэг. Энэ талаар? -Цагаан сүүний буян их. Үүгээр би Монгол Улсын шилдгээр тав, “Гранпри” шагналыг нэг удаа авсан. Төв аймгийн, төвийн бүсийн, Монгол Улсын брэндийг 2011 онд УИХ-ын дарга М.Энхболд даргыг Шадар сайд байхад нь авч байлаа. Ямар нэг ажлыг миний амьдралын эх үүсвэр, үүний төлөө өөрийгөө зориулах ёстой гэвэл нэр хүнд олдог юм байна. Бяслагаараа Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан. Би аль нэг улсын хэл мэдэхгүй. Үүнийг хэн гаргачихав гээд харахад жуулчид гаргасан байна. Жуулчдыг ирэхэд нь монгол ёс заншлаараа тавгын идээ барих учраас бяслагаа зүсч тавган дээр тавиад амтлуулдаг. Эргээд нөгөө хүмүүс чинь идэх гэж худалдаж аваад очоод судалдаг. Дараа жил нь эрдэмтэн болон янз бүрийн хүмүүс ирээд “Таны бяслаг яагаад ийм амттай болж байна” гэж асууна. Энэ хүмүүс ирэхдээ гар хоосон ирэхгүй. Өөрийнхөө орны бяслагыг заавал авчирч өгдөг. Тэгээд яриад сууна. Тэдний бяслаг байдаг л бяслаг. Дэлхийд 400 гаруй төрлийн бяслаг байна. -

Бяслагны ялгаа юундаа байна. Гадаадаас захиалга их ирдэг гэсэн? -Гадаадынхан бяслагтаа нөгөө л Е-гээ хийсэн, хадгалалтын, нөгөө будгаа, мөнхийн зөөлөн, нялцгай байлгадаг бодисоо хийсэн байдаг. Харин манайх ийм юм хийдэггүй. Бэлчээрийн мал аж ахуйн сүү. Гадаадынх шиг биш. Тэр малын хэлэн дээр юу тавина түүгээр сүү нь гарч байдаг. Тиймээс нөгөө хүмүүс чинь Монголоос бяслаг авъя гэхээр манай үйлдвэр жаахан. Сард 20 тоннын захиалга орж ирнэ. Гадаадынхан бүтэн жил ажилладаг бол манайх зуны гурван сар ажиллаад буучихдаг. Тэгэхээр өмнө жил нь бяслаг авсан жуулчин хавар нь ирдэг. Тухайлбал, Германы жуулчин жуулчны визээр ирчихээд 50 тонн бяслаг аваад буцах гэсэн тохиолдол гарсан. Харин Япон хүн их сонин. Уучлаарай би таныг ойлгосонгүй, дэмий ирчихлээ гэж байсан. Манай хажууд Японы жуулчны бааз бий. Тэнд ирсэн япончууд байнга ирдэг. Тэр жуулчны баазаас визээ аваад манай бяслагыг авч явдаг хүн олон болсон. Зун хөөрхөн ам.доллар хийнэ. 2013 онд Япон руу онгоцоор авах хүнийхээ нэр дээр 50 кг бяслаг ачуулж байлаа. Тэгсэн 14 хоногийн дараа Японы гаалиас надад албан бичиг ирсэн. Танай бүтээгдэхүүн манай стандартад нийцэж байгаа тул бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулж болно гэсэн. Энэ жилээс гарч эхэлнэ. Манай бяслагыг авахаар виз аваад орж ирсэн хүмүүс ч байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед захиалгаа дийлэхгүй байна. Үйлдвэр маань жижигхэн учраас.                                               

 -Энэ жил ажлаа хэзээ эхлэх гэж байна. Бэлтгэл хэр байна. Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ? -Манай үйлдвэр ирэх сарын 20-нд эхлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Цаг агаар сайхан байвал эхэлнэ. Манайх чинь цаг агаартай холбоотой. Мал төллөлт, ногооны гаралт, сүүгээ худалдаж авахын тулд малчид хэзээ ирж буухыг харна. Одоогийн байдлаар ажилчид гэвэл улирлын чанартай 4-6 хүнийг ажлын байраар хангаж байна. Манайд олон жил ажилласан, мэргэжлийн, туршлагатай хүн ч бий. Мөн сургалтынхаа төлбөрийг олох гэсэн оюутан ч байна. Өдрийн хоол, байр нь үнэгүй, 400-500 мянган төгрөгийн цалин бэлнээр өгдөг. Харин ажилчин бол нийгмийн даатгалаа сайн дураараа төлөөрэй гэдэг. Гурван сар төлж болно л доо. Тэгэхээр бусад сар нь тасарчих гээд байдаг. Миний төлж байгаа нийгмийн даатгалын мөнгө нөгөө хүний жилээр төлсөн мөнгөтэй тэнцдэг. Тиймээс тэр хүн гурван сараар нийгмийн даатгалаа бөглүүлэх үү жилээр нь бөглүүлэх үү гэдэгт л байгаа юм. 

-Үйлдвэр ажиллаад ирэхээр өдөрт хэчнээн хэмжээний бяслаг хийх боломжтой вэ? -Мэдээж хавар сүү шингэн, тослог багатай байдаг. Харин намар ургамлын бүтэц, малын тарга хүч нэмэгдээд ирэхээр сүүний уураглаг чанар ихэсдэг. Олон жилийн дунджаас харахад зургаа, долдугаар сарын сүүнээс 14-16 литр сүүнээс нэг кг, долдугаар сарын сүүлчээр наймдугаар сар гараад ирэхээр 12 литр сүүнээс нэг кг, наймдугаар сарын сүүлчээс 10 литр сүүнээс нэг кг бяслаг авна. Сүүлийн үед үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор 2014 оноос хойш АНУ-ын иргэнтэй хамтарсан. Энэ хүн миний менежмент, борлуулалтын асуудал хариуцсан. Монголд үйлдвэрлэл явуулж байгаа бяслагны үйлдвэрүүдийг нэгтгэж “МАКУ” компани байгуулсан. Монголд үйлдвэрлэл явуулдаг нэлээд хэдэн компанийг нэгтгэсэн. Монголд ойролцоогоор манайх шиг 25 үйлдвэр байх хэрэгтэй. Тэгвэл Яагаад Монголд тэр ам.долларыг оруулж ирж болохгүй гэж би ингэж л бодсон. Одоо Монголд 7-8 үйлдвэр бий болж байна. “МАКУ” компанийг байгуулсны дараа Улаанбаатарт ресторан, хоолны газруудад 24, 48 цагийн хугацаатай хэрэглэдэг зөөлөн бяслаг хэрэгтэй. Манайхаар ээдэм шиг бяслагыг бид Зайсанд хийж байна. Зайсанд “Цагаануул” гэж өвгөн компани байгуулаад бид тал талаасаа технологио гаргаад хийж байгаа. Манайд хийе гэхээр Улаанбаатараас 70-аад км. Би энд үйлдвэрлэчихээд Улаанбаатар руу зөөгөөд эзэндээ очих гэсээр байтал 24 цаг нь болчих гээд байсан болохоор хийгээгүй. Өнөөдөр Улаанбаатарын олон рестораныг хангаж байна. Өнгөрсөн жилээс эхлээд өөрөө борлуулалтаа хийхээ больсон. Шууд “МАКУ”-д нийлүүлж цааш нь тараадаг. -

Шинээр үйлдвэр барих гэж байгаа гэв үү? -Энэ жил олон улсын стандартад нийц­сэн том үйлдвэр бари­хаар төлөвлөгөө, төслөө хийчихлээ. Хэрэв ашиглал­тад оруулчихвал жилийн дөрвөн улирал ажиллана. Тиймээс гадны хүнтэй нийлээд зээл, тусламж хөөцөлдөж байна. 20 тонн бяслагыг ойролцоогоор 15 ам.доллараар гаргачихаар яваад өгнө. Тэгэхээр улсад төлдөг татвар ч өснө. Үүнийг дагаад ажилчин ч нэмэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг банкны зээл зовоож байна. Манай зээлийн хүү маш өндөр. Жилийн дундаж нь 27 хувьтай байна. Нэг кг бяслагнаас 2000-3000 төгрөг харна. Гэтэл зээлийн хүү түүнээс даваад явчихаар өөрөө сүйрээд байгаа юм. Өнөөдөр зээл авлаа, маргааш өрөнд орно, нөгөөдөр шүүхэд шилжинэ. Би үүнийг 20 жилийн хугацаанд олон үзлээ. Зээлийн хүү бага байх тусмаа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Ингэхийн тулд төрөөс бодлого хэрэгтэй. Бодлого байгаад, хийгээд байна. Гэтэл эцэстээ хөрөнгөн дээр очоод ойчоод байна. Тухайлбал, би үйлдвэрээ томсгоё тэрбум эсвэл 10 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэхэд надад хэн өгөх юм бэ. Энэ чинь жижиг, дунд үйлдвэрлэлийн зовлон болчихоод байна. Миний өгсөн татвараар цагдаа, сургууль, төр ажиллаж байна гэсэн бахархал үйлдвэрлэгч болгонд байдаг. Зээлгүй үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Би сүү авдаг малчиддаа “Та нар боодлын өвс, хивгээр малаа тэжээж бай, өөр тэжээл битгий хэрэглээрэй” гэж гуйдаг. Тэгж байж чанартай сүү гардаг. Эрлийз байх нь хамаагүй. Нэг үйлдвэр байгуулаад гурван жилийн дараа тэр өрөөнд гадуур хувцастайгаа орсон ч хамаагүй. Бидний хувцсанд наалдаад орсон бактерийг бяслагны өрөөнд байгаа бяслагны бактери устгачихдаг. Харин гурван жил дотроо хэцүү. 60 хоног дотроо бяслаг яг өлгийтэй хүүхэд шиг маллагдана. Тиймээс бяслагыг магтахаас өөр аргагүй. Хүний эрүүл мэндийн бүтээгдэхүүн. 

-Импортоор бяслаг оруулж ирж байгааг та юу гэж бодож байна? -Импортоор орж ирж байгаа бяслаг чанаргүй. Малын сүүгээр хийгээгүй, ургамлын сүүгээр хийсэн бяслаг ч орж ирдэг. Үүнийг хэрэглээд хүн өөртөө хэрэгтэй аминдэмээ авч чадахгүй. 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зөвлөгөөн дээр би “Монгол хүний ходоод хогийн сав биш. Гааль, мэргэжлийн хяналт юу хийгээд байна. Та нар импортынхоо бяслагт анхаарал тавиач” гэж хэлж байсан. Манайд орж ирж байгаа бяслаг чинь гахайн тэжээл. Үнийн хямдыг бодоод ийм бяслаг оруулж ирээд байна. Үнэтэй нь Монголд орж ирэх боломжгүй. 70-80 мянган төгрөгийн бяслагыг Монгол хүн авахгүй. Импортын бяслаг яагаад 20 мянгад байгаад байна. Нөгөө л нэг ам.долларын гахайн тэжээлийн, таван ам.долларын ядуучууддаа бэлдсэн бяслаг. Хүн мөнгө олж болно. Гэхдээ бурхан гэж байдаг бол битгий нүгэл хийгээч гэж хэлмээр санагддаг. 20-30 жилийн дараа тэр их химийн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэчихээд хорт хавдар болно. Өнөөдөр Монгол яагаад хорт хавдраараа нэгдүгээрт орчихов. 1990-ээд оноос хойш хоол, хүнсэндээ тавьдаг анхаарал суларснаас өнөөдөр монголчууд эрүүл мэндээрээ хохирч хорт хавдартай болох гээд байна. Тиймээс бидний үр хүүхэд, хойч ирээдүй маань эрүүл байгаасай, хорт хавдаргүй, эрүүл хүнсээ хэрэглээд сурчихаасай гэсэндээ үүнийг хэлээд байгаа юм. Одоо монголчууд бяслагыг их хэрэглэдэг болж. Гэхдээ чанартайг нь хэрэглээсэй. Бяслагыг ойролцоогоор гурван жил хадгална. Орон оронд өөр. Манай бяслагыг гурван жил хадгалахад ямар ч өөрчлөлт орохгүй. 

Р. ОюунЭх сурвалж "Зууны мэдээ" сонин