НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
6 жил, 2 сар өмнө

<<ШАГНАЛЫН САН 4,5сая₮>>

1. ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

Бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх “Цэгээр наадъя” арга технологи эзэмшсэн багш нарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, улмаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад энэхүү бүтээлч арга аргачлалыг нэвтрүүлэхэд уралдааны үндсэн зорилго оршино.
Тус уралдаанд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш, удирдлага оролцож болно.

2. УРАЛДААНЫ ҮЕ ШАТ

2018.09.26- 2018.11.20 Хөгжүүлэх үйл ажиллагааны боловсруулалт хийж, цэцэрлэг дээрээ турших
2018.10.25-2018.11.25 Хөгжүүлэх үйл ажиллагааны боловсруулалт, зааж туршсан бичлэг, хүүхдийн бүтээл зэргийг уралдааны комисст илгээх
2018.12.05-2018.12.10 Уралдааны дүн гаргах, мэдээлэх
2018.12.15-2018.12.25 Шагнал гардуулах

3. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Хөгжүүлэх үйл ажиллагаа (ХҮА) нь “Бэлтгэл” бүлэгт чиглэнэ.
2. Хөгжүүлэх үйл ажиллагааг СӨБ-ын Сургалтын цөм хөтөлбөр дэх хүүхдэд эзэмшүүлбэл зохих агуулгын хүрээнд (үүнээс сонгож авсан 60 агуулгыг Хавсралт 1-ээс харах) зохион байгуулах бөгөөд хүүхэд өөрийн сурч мэдсэн ойлголт, төсөөллийг бүтээлээрээ илэрхийлэн зурахад чиглэсэн (Хавсралт 2-оос харах, мөн тус зурагнаас үзүүлэн болгон хэрэглэж болно.) байна.
3. Суралцахуйн чиглэлийн “Хөдөлгөөн, эрүүл мэнд”, “Хөгжим, дүрслэх урлаг” зэрэг ажлуудын (Заал, танхимд урьд өмнө зохион байгуулсан ХҮА-ны боловсруулалтыг хавсаргаж болно.) үр дүнд хүүхдийн олж авсан чадамжийн талаар багшийн зүгээс сэргээн ярилцах, улмаар хүүхэд энэхүү сурч мэдсэн зүйлээ бататган “Цэгээр наадъя” дэвтэрт өөрийн бүтээлээрээ илэрхийлэн зурахад ХҮА-г чиглүүлнэ.
4. ХҮА-г зааж, туршихдаа тухайн бүлгийн 10-аас доошгүй хүүхдийг нэг хэсэг болгон зохион байгуулж, “Цэгээр наадъя” дэвтэрт бүтээл хийлгэж болно.
5. Уралдаанд оролцож буй багш нар цэцэрлэгийнхээ удирдлагатай зөвлөлдөн, ХҮА-ны боловсруулалтыг 1-2 удаа зааж туршсан, засаж сайжруулсан, удирдах албан тушаалтнаар батлуулсан байна.
6. ХҮА явуулж буй бичлэгийг нягтрал сайтай гар утас, зургийн аппаратаар хийсэн байна.
7. Нэг цэцэрлэгээс суралцахуйн 3-аас доошгүй чиглэлээр 10-аас доошгүй ХҮА-ны боловсруулалт хийж оролцоно.
8. Уралдааны комисст доорх материалыг бүрдүүлэн sub.shinechlel@gmail.com хаягаар илгээнэ. Үүнд:
• ХҮА боловсруулсан багшийн овог нэр (бүтнээр), регистр, утасны дугаар, цахим хаяг, ажиллаж буй цэцэрлэгийн хаяг (дүүрэг, дугаар, эрхлэгчийн овог нэр, утас, арга зүйчийн овог нэр, утас)-ийг бүрэн багтаасан нүүр бүхий ХҮА-ны боловсруулалт;
• ХҮА явуулж буй бичлэг;
• ХҮА-ны үеэр хүүхдийн зурсан бүтээлээс 5-аас доошгүйг сканердаж, бүтээлийн нэр, цэцэрлэг, бүлэг, хүүхдийн овог нэрийг бичиж илгээнэ.

4. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛГЭЭ

Шалгуур үзүүлэлт: (Нийт 100 оноо)
• ХҮА-ны агуулга нь сонгон авсан агуулгад (Хавсралт 1) нийцсэн эсэх;
• ХҮА-нд ашигласан, хүүхдийн зурах сонирхлыг татсан, арга аргачлал бүхий үзүүлэн, тараах материал нь цэг зураасыг оновчтой ашиглан, орон зайг баримжаалан зурсан эсэх (Хавсралт 2- ын зургийг ашиглаагүй тохиолдолд);
• Хүүхдийг сэдэлжүүлсэн байдал;
• Багшийн өгч буй мэдээлэл, хүүхэдтэй ярилцах асуулт;
• Хүүхдийн хийсэн бүтээл;
• ХҮА-ны агуулга, зорилго, арга, хэрэглэгдэхүүн, технологийн шийдлийн уялдаа холбоог хангасан, тухайн шинжлэх ухааны нэршлээр зөв томъёолсон байх;
• Тухайн суралцахуйн чиглэлийн хүүхдэд эзэмшүүлэх чадамж, сэдвийн зорилго, хоорондын уялдааг хангасан байх;
• Хүүхдийн хийж буй үйл нь тэднээс сэтгэхүйн үйлдэл шаардахуйц байх.

Үнэлгээ:
• 80%-иас дээш үнэлгээтэй, адил агуулгатай ХҮА тус бүрээс 60 агуулга тус бүрт хамгийн өндөр оноотой нэг ХҮА-ны боловсруулалтыг (нийт 60) шалгаруулна.
• Уралдаанд оролцсон багш нараас нь хамгийн олон ХҮА-ны боловсруулалт шалгарсан (6-аас доошгүй) 3 цэцэрлэгийн арга зүйч, нэг цэцэрлэгийн эрхлэгчийг тодруулна.

5. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Шагналын сан: 4,5 сая төгрөг

1. Багш - 60 хүртэл
Шалгарсан ХҮА-ны боловсруулалт тус бүр 50.000 төгрөг, Батламж. (Хэрэв нэг багшийн 5-н ХҮА-ны боловсруулалт шалгарсан бол 250.000 төгрөгний шагнал авна.)

2. Арга зүйч - 3
“Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын “Онцлох гишүүн” тэмдэг, үнэмлэх, Батламж, 200.000 төгрөг

3. Эрхлэгч - 1
“Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын “Хүндэт гишүүн” тэмдэг, үнэмлэх, Батламж, 300.000 төгрөг

Тайлбар: Уралдааны шагнал болон холбогдох үйл ажиллагааны зардлыг “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ болон Сайн хүүхдийн найз КUBUS брэнд бүрэн хариуцна.

Хавсралт дэлгэрэнгүй мэдээлэл татах холбоос: http://share.time.mn/download.shtml…


Лавлах утас: 99158825, 89158825

Нийслэлийн Боловсролын газар
“Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ
Зохион байгуулах баг
2018 оны 9-р сарын 18