Ц.САНЧИР: Дээд монголчууд “Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан", "Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн" гэлцдэг
8 жил, 5 сар өмнө

Дэлхий дээр Монгол хэлээр ярьдаг 18 сая хүн байна. Дэлхийн Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг гаргаж ирэх зорилготой Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа. Түүнтэй ярилцаж суухад монгол хүний үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнол өөрийн эрхгүй бахархал төрүүлж байсан юм. Ингээд соёл судлаач Ц.Санчиртай дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтай уулзаж, аж амьдралтай нь танилцаж явсан тухай хөөрөлдлөө.

-"ТАСАМ” гэдэг нь ямар утга агуулгатай үг вэ. Танай ТББ-ын дэргэд ийм цахим хуудас байдгийг мэдэх юм?


-"Тасам" гэдэг нь олон сайхан утга илэрхийлдэг монгол үг. "Тархан сагуришигсан монголчууд" гэсэн монгол бичгийн товчлол юм л даа. Ойрад монголчууд дээлийн эмжээрийг "тасам" гэдэг. Гурвын тоог ч мөн "тасам" гэдэг юм. Олон улсад нэрийн хайлт хийлгэж хууль ёсоор баталгаажсан брэнд нэр. "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төслийн нэр гэдгээр олон нийт илүү сайн мэдэх байх.


-“Монголын төлөөх зүрх бүхэнд” гэдэг их гоё үг. Энэ уриа үгийг яаж бодож олов?

-Бид Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын талаар 2009 оноос олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлсэн. 2002- 2008 онд ирж очоод, хээрийн судалгаа хийж, зураг дүрс, яриа буулгаад явсан ч үүнийгээ хэлж ярихгүй бол монголчууд маань мэддэггүй юм бай на, мартагдах нь гэж бодсон. "Монголын төлөөх зүрх бүхэнд" ажил мэргэжил, баян хоосон, мэдлэг боловсролын ялгаа байхгүй гэж боддог. Монголын төлөө цохилох зүрх монгол хүн бүрт байх учиртай. "Монголын төлөөх зүрх бүхэнд" гэдэг нэрээр бид гэрэл зургийн ном, найраглал, олон нийтэд хүргэж эхэлсэн хамгийн анхны цувралаа "Дээд Монгол буюу Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав" гэсэн нэртэй гаргаж байсан. Энэ цуврал маань цаашаа "Хазара-хайртай гэж хэлж өгөөч" гээд үргэлжилдэг юм.


-Аяллын хугацаанд галт тэргээр олон сар явсан гэж сонссон?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд бид 450 мянган км зам туулснаас таван сартай тэнцэх хугацааг галт тэргэнд өнгөрүүлсэн байдаг. Аялахад хамгийн тухтай, аюулгүй, санхүүгийн хувьд зардал багатай унаа нь галт тэрэг юм. Бид тэнгис, далай л гатлахг үй бол ямар ч оронд очсон галт тэргийг сонгодог. Мөн өдөр үзэж харах зүйлтэй, үзэж харснаа бичиж тэмдэглэх боломжтой байдаг л даа.


-Та үргэлж л манай багийнхан, бид гэж ярьдаг. Хэзээ энэ багт нэгдсэн бэ?

-Арван жилийн өмнө манай байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Цэрэн ганцаараа Монголын эзэнт гүрний Юань Улсын нутагт суурьшиж үлдсэн элэг нэгтнүүдээ зорьж байсан. Дараа дараагийн аяллаас нь би нэгдэж эзэнт гүрний байлдан дагууллаас үлдсэн монголчууд байдаг юм уу, байдаг бол хэдүүлээ, хаана, яаж аж төрдөг юм бэ. Монголын талаар ямар мэдээлэлтэй байдаг зэргийг мэдэх зорилготой аялж эхэлсэн. Монгол залуу хүний сонирхлоор Монголын түүхтэй холбоотой зүйлсийг дахиж үзмээр, зургийг нь авч баримтжуулмаар санагдаад олон удаа явсан. Зардал мөнгөний боломжоос хамаарч 2009 он хүртэл бид нэг нэгээрээ аялдаг байсан юм. 2009 оноос олон улсын хэмжээний төсөл болж мэргэжлийн ажлууд эхэлж, зохих хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд гарч ирсэн учраас дөрвөн хүнтэй судалгаа, зураг авалтын баг аялах болсон.


-Судалгааны ажлаар хэдүүлээ явбал тохиромжтой байдаг вэ?
-Зураглаач, гэрэл зурагчин, судлаач гээд мөнгөтэй, боломжтой тохиолдолд дөрвөн хүний бүрэлдэх үүнтэй явбал тохиромжтой бай даг. Исламын орнуудад дөрвөөс олон тэр тусмаа дөрвөн эрэгтэй, эсвэл нэг эмэгтэй гурван эрэгтэй хүн явахад олны анхаарал татах аюултай. Тухайн орны ард түмний дунд бичигдээгүй хууль үйлчилдэг хаалттай, дангааршсан улс оронд голчлон очиж байна. Дөрвөөс олон эрэгтэй хүнтэй багийнханд Иран, Ирак, Афганистан зэрэг исламын шүтлэгтэй, дотоод мөргөлдөөнтэй улс орнууд тийм ч таатай ханддаггүй.


-Одоо бол харьцангуй гайгүй болсон байх. Анх ганцаараа явахад айж эмээж байсан уу?

-Айдас гэдэг харьцангуй ойлголт гэж боддог. Арван жилийн өмнө мэдээлэл багатай учраас төдийлөн айдасгүй аялдаг байсан. Афганистанд ганцаараа очсон. Чингис хааны хүрсэн дөрвөн хотыг үзсэн. Эзэнт гүрний түүхийн дурс галууд байна уу гэсэн сураг лалын мөрөөр сонирх лын журмаар явсан л даа. Бидний аялал бүхэн хэцүү байдаг. Хүний нутаг бол хүний л нутаг. Тэр тусмаа Монголын түүхийн судлагдаагүй газар бидний элэг нэгтэн аж төрдөг, Монголын түүх, соёлын биет дурсгалууд хадгалагдан байдаг, дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэг, хаалттай нийгмийг зорино гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ айвал бүү хий, хийвэл бүү ай гэж мэргэн үг байдаг биз дээ.


-Монголын Эзэнт гүрний байлдан дагуулсан улс орнууд, түүхэн холбогдолтой газруудад очиход Монголын эзэнт гүрний их байлдан дагуулалт, Чингис хааны тухай хэр мэдэх юм бэ?

-850 жилийн тэртээх Монголын эзэнт гүрэн 40 гаруй улс орныг хамарч байсан. Харамсалтай нь Монголын эзэнт гүрнийг бүхэлд нь хамруулсан газрын зураг одоогоор байдаггүй. Эзэнт гүрний байлдан дагууллаас үлдэж хоцорсон монголчуудын тухайд дээрх мэдээлэл мэдлэгийн тал дээр үндсэндээ хоёр төрлийн ойлголттой байдаг. Монголын тухай мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд бий. 1220, 1225, 1227 онд Юань улсын, Цагаадайн хаант улсын нутагт Ганьсугийн цөлд үлдсэн монголчууд. Их хааны зарлигаар эзэлсэн газар нутгаа хамгаалан үлдсэн монголчууд дараагийн хааны зарлиг гартал эндээс явж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Монголчууд яснаасаа үнэнч ард түмэн. Сайхан амьдрал хөөж бүгдээрээ төв суурин газар уруу явсангүй. Зарим газар яваад очиход дэлхийг эзэлж дууссан уу, дууссан бол биднийг авахаар ирж байна уу гэх байдлаар хандана. Дайн байлдаантай оронд байгаа монголчууд үндэсний хувцас, хэл соёлоо мартсан байхад зарим газрын монголчууд "Жангар"- ын тууль, сайварлан бүжгээ аваад үлдсэн байх жишээтэй.

-Мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд гэлээ. Үүнийгээ тодруулаач?

-Манай хойд хөршид гэхэд халимаг, буриад, алтай, тува, монгол, өмнөд хөршид Өвөрмонгол, дээд мон гол, дагуур монгол, цаст монгол, дунсиан монгол, баоань монгол, шинжан монгол бүр нарийн дурдвал Бор талын монгол, харшаарын монгол, ховогсайрын монгол, баянголын монголчууд гэж байна. Энэ бүгд Мон голоос гарал суурьшилтай, би чиг үсэг, угсаатны онцлог, зан занш лаа тодорхой хэмжээгээр залгамж лан яваа монголчууд. Зарим хүн түүхийг нь үгүйсгэдэг тал ажигллагддаг. Үнэндээ түүх бол түүх шүү дээ. Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас бус ариусахгүй гэж мэргэн үг бий. Ямар ч оронд байгаа монголчуудын тухайд тусгаар Монгол Улс бол тэдний үлгэр дууриал байдаг. Тэднээс "Монгол Улсаас юуг хүсдэг вэ" гэхээр "Монгол Улс гэж байгаа нь л бидний бахархал, хүсэл мөрөөдөл" гэдэг. Манайхны хувьд нэг үеэ бодвол мэдээлэл харьцангуй нэмэгдсэн гэж боддог. Түвдийн өндөрлөгт байдаг монголчууд Хөх нуурын монголчуудыг мэддэг болсон байх жишээтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед Франц, АНУ уруу дүрвэсэн халимагууд, Афганистан, Иран, Иракийн дайны үед Австрали уруу дүрвэсэн хазарачуудыг "нээлттэй улс орон" гэдэгт оруулж болно.

-Өөр улс оронд байгаа монголчууд биднийг хэрхэн төсөөлдөг бол?

-Бидний ажлын онцлог бол зөвх өн баримт дэлгэж, уулзсан хүмүүс, үзэж судалсан дурсгалуудаа ярьдаг. Нэг л жишээ дурдахад, өмнөд хөршид байдаг уйгарууд монголчуудын дунд маргаан гарлаа гэхэд уйгарууд олуулаа учраас дийлдэг. Дийлэгдсэн монголчууд "Дэлхий дээр Уйгар улс гэж байдаггүй. Монгол Улс гэж байдаг юм шүү" гэж хэлдэг. Дээд монголчууд түвдүүдийн хооронд маргаан гарахад түвдүүд олуулаа учраас ялна. Ялагдсан монголчууд "Дэлхий дээр Түвд улс гэж байхгүй. Тусгаар Монгол Улс гэж бий шүү" гэж үгээрээ давах жишээтэй. Гаднын улс оронд байгаа монголчууд маань ингэж бахархаж байхад бид өөрсдөө эх орноо голж, бас тэднийгээ эрлийз хурлийзаар нь ангилж, хайлсан ууссанаар нь дуудаж болмооргүй санагдана. Чингис хааны нэг зарлиг бий. Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хөвгүүддээ сургасугай гэсэн утгатай. Их хаадынхаа гэрээс захиа сыг хэзээ ч мартах ёсгүй. Мон голын эзэнт гүрний байлдан дагууллын түүхийг бид хэр мэдэх вэ гэдэг ч эргэлзээтэй. Их байлдан дагуулалтаас гаднын улс орнуудад бидний мах, цусны тасархай үлдсэн. Тэд хаана байдгийг мэддэг байх нь чухал. Энэ бол түүхэн үүрэг. Бид түүхээ үгүйсгэвэл ирээдүй биднийг үгүйсгэнэ. Бид дээдсээ мартвал үр хойч биднийг мартана.


-Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын талаар олон улс орныг түрэмгийлэн эзэлсэн гэдэг өнгөц ойлголт түгээмэл байх шиг санагддаг?

-Олон жилийн турш харийнхан ийм байдлаар бидний тархийг угаасан шүү дээ. Эзэнт гүрний байлдан дагуулагчид, нүүдэлчид бичиг соёлгүй, харгис хэрцгий гэсэн төсөөлөл тэдэнд бий. Эсрэгээрээ тэр л нүүдэлчид дэлхийн олон орны албан ёсны анхны төвийг тухайн үеийн Ил хант улсын нийслэлд байгуулсан нь өнөөгийн Иранд баримт болон үлдсэн байна. Дундад Азийн уран барилгын хэв маягийг монгол загвар, хээ чимэглэлээр баяжуулсан нь ч бий. Уран барилга хот байгуулалт, гар урлал, газрын хуваарилалт гээд төр нийгмийн асар олон нээлт, шинэчлэл, эргэлтийг хийсэн байдаг. Дундад Азид цаасан мөнгийг анх нэвтрүүлж, дэлхий дахинд зоосон мөнгөний урлагийг гайхуулсан ард түмэн. Цэрэг дайны хувьд ч ухаан жолоогүй уулгалаад дэлхийн талыг эзлээгүй. Харин асар өндөр зохион байгуулалттай явган цэрэг, морьт цэрэг, тэнгисийн цэрэг, хана хэрэмтэй хот сууринг буулган авах оньсон төхөөрөмжөөр тоноглодог инженерийн цэрэг, олон улсын бичгийн мэргэдийн зөвлөхүүд, өндөр зохион байгуулалттай тагнуулын анги, эмч нарын хороо гээд асар олон зүйлийг тоочиж болно.

-Тархан суурьшсан монголчуудаа мэдэх, таних жимийг та бүхэн гаргачихлаа. Ирээдүйд улам өргөжих байх?

-Арван жилийн турш хээрийн судалгаа, зураг авалтын ажил хийлээ. Энэ нь дан ганц төрийн бус байгууллага, эсвэл дөрөв таван хүний хийх ажил биш гэдгийг сүүлийн үед илүүтэй мэдэрч байна. Дайн байлдаантай улс орнуудад устах аюулд ойрхон монголчууд, мөхлийн ирмэгт тулсан соёл дурсгалын зүйлс бий. Төр засгийн зүгээс нэгдсэн бодлогоор тодорхой ажлууд хийхгүй бол нэг хоёр жилийн дараа Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт зүйлсээс зураггүй, сураггүй үлдэж мэдэх нь. Тэр түүх соёлын зүйлсийг баримтжуулах, монголчуудад үнэ цэнийг нь мэдр үүлэх нь бидний зорилго шүү дээ. Явж ирэнгүүтээ аян замын тэмдэглэл нийтлүүллээ. "Үүргэвчтэй аялал" шиг нэвтрүүлэг хийж болдоггүй юм уу гэж олон хүн асуудаг. Судлаач учраас бидний ажил онцлогтой. Олон нийтэд хүргэдэг мэдээлэлд маш нухац тай хандах хэрэгтэй. Жишээ нь, Түвдийн өндөрлөгт ганцхан удаа очоод дүгнэлт хийж, ярьж болохгүй. Ахин дахин очиж, олон хүнтэй уулзаж байж Түв дийн өндөрлөгийн мон голчууд ингэж амьдарч байна гэдгийг харуулахыг зорьдог.

-Судалгааны явцад өөр хүмүүстэй хамтарч ажиллах юмсан гэсэн бодол төрж байсан уу?

- Бидэнтэй хамтарч ажиллах санал цөөнгүй ир дэг. Энэ эрхэм чухал түүхэн сэдэвт дөрөө лөөд янз бүрийн далд сурталчилгаа, ашиг сонирхол гарах вий гэж болгоомжлох тохиолдол ч бий. Яг одоо бид "Хаан түүхтэй монголчууд" хэмээх үндэс ний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөр маань Ерөнхийлөгчийн ивээлд орсон, ирэх жилээс төр зарим хэсэгт дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. Энэ хөтөлбөрийн нэг хэсэгт сэтгүүлчийн багтай хамт богино хугацаагаар эзэнт гүрнээ тойрох төлөвлөгөө бий. Бид судлаач учраас бодит байдлыг хүмүүсийн сэтгэлд хүртэл бичиж чаддаггүй байх.


-Ингэж бодох болсны шалтгаан юу вэ?

-Казахстанд Зүчи хааны шарилын бунхныг бид очиж үзсэн. Казахстан улс Зүчи хааны бунхныг төрийн тусгай хамгаалалтад авсан гэж олон улсад мэдэгддэг. Төрийн тусгай хамгаалалтад орсон гэхээр бид сайн сайхан талаас нь төсөөлж байлаа. Гэтэл 100 гаруй мянган хүн амтай хотынхноос асууж сураглахад Зүчи хааны бунхан хаана байдгийг мэддэг ганцхан жолооч тааралдсан. 50 км замыг хэдэн цаг туулсны эцэст очиход ямар ч хамгаалалтгүй, хаалга үүдгүй, үхэр, малын баас болсон газарт бунхан байсан л даа. Чингис хааны ууган хүү, алтан ургийн залгамжлагч дэлхийн 200 гаруй хотыг нэгтгэхдээ 60 орчим хувийг нь байлдахгүй буулгаж авсан аугаа хааны шарил шүү дээ. Тэр үед зохиолч эсвэл сэтгүүлч бидэнтэй ирсэн бол нүдэнд харагдтал бичих байх даа гэж бодсон. Казахстанд Монгол Улсыг төлөөлсөн Бүрэн эрхт Элчин сайд суудаг. Зүчи хааны бунхны зургийг ядаж цахим хуудастаа тавьж болоогүй юм байх даа гэж гайхаж л явлаа.


-Олон газрын монголчуудтай уулзсан. Тэдгээрээс сэтгэлд хоногшсон сайхан дурсамж бий байх?

-Монголчуудтайгаа их харьцуулмаар болдог. Монгол үндэстэн угсаат нуудтайгаа уулзаад "Та нарын мөрөөдөл юу вэ" гэж асуухад өдий хүртэл нэг л хариулт сонссон. Монгол Улсад очиж үзэх юм сан гэж. Харин Монгол Улсад очиж амьдрах юмсан гэж шууд хэлдэггүй. Монголд төрнө, очиж амьдарна гэдэг маш ховор хувь тавилан учраас ингэж ярьж болохгүй гэж боддог. Тэдний хувьд энэ нь маш эмзэг сэдэв. Бид дэлхийн монголчуудын мөрөөдлийн улсад амьдардаг хүмүүс шүү дээ. Дээд монголчууд гэхэд "Ар Монголд хурга болж төрөөд ирэг болж идүүлэх юм сан" гэж ярилцдаг. "Эргэх амьдрал гэж байдаг бол Ар Монголд адуу болж төрөхсөн", "Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан", "Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн" гэлцдэг.

https://facebook.com/sanchir.tasam
http://www.tasam.mn

Утас: 7575 3307

Т.ЗӨНБИЛЭГ

Эх сувалж: http://www.unen.mn/