Чулуунбатын МӨНХ-ЭРДЭНЭ
4 жил, 9 сар өмнө

Ятгачин, ятгын багш

1975 онд төрсөн. 1988- 1994 онд Хөгжим Бүжгийн Дунд сургууль (одоогийн Хөгжим Бүжгийн Коллеж)-д ятгын мэргэжлээр суралцаж гоцлол хөгжимчин, ятгын багш мэргэжлээр төгссөн. 1993- 1996 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1992- 1996 онд Морин Хуурын Чуулга, 1994- 2001 онд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, 1998- 2000 онд Уянга хамтлаг, 2000 оноос Бөртэ хамтлагт гоцлол хөгжимчин, 2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар тус тус ажиллаж байна.

Тэрээр монгол ятгадах урлагт 1998 онд шинэчлэл хийсэн. Дэлхийн нэр хүндтэй 7 симфони найрал хөгжимтэй хамтарч ажилласан. Монголын шилдэг хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Чинзориг, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Төрийн шагналт Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар ятга, симфони найрал хөгжимд зориулсон том хэлбэрийн концертны бүтээлүүдээ нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэд зориулж зохиосон байдаг.Тэрээр 1400 жилийн тэртээх эртний нүүдэлчдийн "Алтай ятга"-ын тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгаан дээр ажиллаж тоглох дэгийг зохиосон. Аху их ятгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын нэрийн хуудас болсон ховор авъяастан.

Монгол улсын Филармони, ДБЭТ, Герман, Чех, Орос, Хятад, Америк зэрэг олон орны нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй хамтран ажиллаж бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

2001 онд “Алтайд хөглөгдсөн уянга”, 2002 онд “Мөрөөдлийн салхи”, 2004 онд “Хос эрвээхэй” зэрэг бие даасан уран бүтээлийн тоглолтоо эх орондоо тавьж олон нийтэд тайлагнасан. Хөгжимдсөн шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн “Хос эрвээхэй”, “Дурсамж” зэрэг цомог хэвлүүлсэн.

2004 онд “Алтан Намар” хөгжмийн наадмын “Шилдэгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 онд Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2008 онд Узбейкстан улсад болсон олон улсын Шарк-транолари наадмын ЮНЕСКО-ын нэрэмжит шагнал, 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд шагнал (Бөртэ хамтлаг) “Гоо Марал”-ыг тус тус хүртэж байсан.

Тэр 2011 оны 1 сард University of California, University of Stanford- ын симфони найрал хөгжмүүдтэй хамсран тоглож, 3 сард олон улсын урлагийн зах зээл дээр ажиллаж байсан ажлын туршлага дээрээ үндэслэн монгол ятгадах урлагийн түүхэнд анх удаа ятгадах тэмдэг тэмдэглэгээг шинээр зохиож, 4 сард Франц улсын UNESCO-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй хамсран тоглож, 10 сард Вьетнам ардын Дан Транг хэмээх 17 чавхдаст ятгыг судалсны үндсэн дээр монгол ятгадах урлагийн олон талын давуу боломж дээр тулгуурлан анх удаа Римский Корсаковын “Хэдгэнийн нисэлт” бүтээлийг гайхамшигтай уран чадварлаг тоглосон нь ятгын түүхэнд бас нэг онцлох үр дүнг бий болгосон.

Мэргэжлийн ятгачдыг бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гоцлол хөгжимчин Ч. Мөнх-Эрдэнэ нь хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Алтангэрэл нарын хос ятганд зоориулсан “Концертны Рапсоди”, “Ятга хөгжимд зориулсан 3 ангит Концерт”- уудыг гоцлон тоглож ятга хөгжимд зориулсан шилдэг бүтээлийн уралдааны Тэргүүн болон Гутгаар байруудад орж байсан. Мөн мэргэжлийн дунд ангилалд өөрийн шавь нараа амжилттай бэлдэж Тэргүүн байрыг эзлүүлсэн.

Ч. Мөнх-Эрдэнэ нь монголын ятгын урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн ятгачны авъяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, ятгадах урлагийг шинэчлэгч, гарамгай хөгжимчин, чадварлаг сурган хүмүүжүүлэгч болохыг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр өөрөө үлгэрлэн хөгжимдөхийн зэрэгцээ ирээдүй хойчийн ятгачдыг бэлтгэхэд хүч авъяасаа зориулж яваа хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.