Т.Ганбаатар: Хүний гараар бүтсэн баянбүрдтэй болохыг мөрөөддөг
4 жил, 4 сар өмнө

Л.ЭНХТУЯА (Зууны мэдээ)

Говьд өөрийн гараар баянбүрд байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн эрхэмтэй таныг уулзуулья.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Тангаагийн Ганбаатар гэдэг. Дорно­говь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр баг гэр хорооллын оршин суугч хүн дээ би.

-Та мод үржүүлэг, байгаль хамгааллын ажлыг хэдэн жил хийж байна?

-Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Төр, төсвийн байгууллага, аж ахуйн байгууллагуудад мэргэжлээрээ ажилласан.

-Таны тарьж ургуул­сан бүхнийг хараад л байгаль орчны чиглэлийн мэргэжлийн хүн байна гэж бодлоо?

-Мод ногооны ажил бол залуусын хэлдгээр миний хобби. Сүүлийн хорь гаруй жил зууралдаж байна. Анх хүнсний ногоо тарьж эхэлсэн.

-Их том газартай юм байна. Анхнаасаа том зорилго тавьж ажлаа эхлүүлсэн бололтой?

-Анх өөрийнхөө ха­шаанд л ажлаа эхлүүлсэн. Удалгүй хашаа маань арай л жижиг санагдаад хажуу айлынхаа газрыг худалдаж аваад үргэлж­лүүлсэн. Мод тарих ажилд ус их хэрэгтэй байсан. Тэгэхээр цахилгаан хайгуул хийлгэсэн. Гүний худгаа 70 метр ухаж байж гаргасан. Устай болчи­хоор хамаг асуудлаа шийд­чихсэн, зорьсон бүхэндээ хүрчихсэн юм шиг бөөн баяр болсон. Устай болонгуутаа мод тарих зөвлөгөө авсан, ном сонин сэтгүүл үзсэн. Тэгээд л ажилдаа ханцуй шамлаад орсон.

-Хамгийн анх тарьсан мод хамгийн өндөр ургасан нь уу?

-Миний тарьсан хамгийн анхны мод 18 жил болж байна. Хамгийн өн­дөр хайлааснуудыг анхлан тарьсан. Одоо бол манай хашаанд 14 төрлийн гурван мянга гаруй мод бут ургаж байгаа. Мөн олон наст өвс, өлөн, ерхөг, согоовор тарьсан. Ургаж болох бүх л төрлийн ур­гамлыг ургуулж туршилт хийдэг. Нуурын эргээр ургадаг зэгс хүртэл бий.

-Жимстэй, цэцэглэдэг бут олон байгаа юу?

-Олон бий. Манай хашаанд хавартаа хамгийн эхэнд хангай газрын гүйлс цав цагаан цэцгээ дэлгэнэ. Дараа нь голт бор хачин сайхан үнэрээ цацаад эхэлнэ. Бүйлс цэцэглэнэ. Одоо бол говь нутгийн жигд модыг цэцэглэхийг хүлээж байна.

-Цогц болгох гээд зүтгээд байгаа юм байна?

-Хүний гараар бүрдсэн баянбүрд болгох мөрөөдөл байна. Юм бүхэн нь цогц, өөр хоорондоо шүтэлцээтэй байлгахыг хүсдэг. Ус байхад бүх ургамлыг ургуулж, арчилж, тордож болно гээд зүтгээд байгаа хүн дээ би. Буруудаж, зөвдөх алинд ч өөрийнхөөрөө зүтгээд байна. Зундаа энэ жижиг цөөрөмдөө ус шахаад дүүргэчихдэг. Хажууд нь жижиг модон гүүртэй, чулуугаар бас байгалийн хүрхрээг дуурайлгаж хийсэн. Ингэж бүхнийг нэг дор нь цогцоор шийдэх гэсний учир нь хүн байгалийн шүтэлцээг эрхэмлэсэн хэрэг. Хүн өөрөө бай­галийн амьтан. Бид өдөр бүр байгалиасаа хүс­сэнээрээ авдаг атлаа бай­галиасаа холдож, түүнийг мэдрэхгүй болоод байна. Үүний хор уршгийг нэг нь хүн төрөлхтний хачин их стресс юм. Миний гараар бүтсэн энэ бүхнийг хараад байгалиа хайрлаж шүтэх сэтгэл хүн бүрт төрөөсэй гэж бодож байна. Нэг талаас харвал энэ бүхэн миний амьдрах орчин боловч нөгөө талаас анзаарвал бусад хүмүүст байгалиа хайрлах сэтгэл, өөрийн гараар байгалийн сайхныг бүтээх урам өгөх гэсэн санаа, бодит ажил байгаа юм.

-Гэр бүлийнхэн хүүх­дүүд чинь таны ажилд тусладаг уу?

-Энэ их ажлыг хийхэд их олон хүний хүч хэрэгтэй. Анхандаа хүн бүхэн оролцдог, тусалдаг, үгүйдээ л санал зөвлөгөө өгдөг, урам­шуулдаг, шүүмжилдэг байлаа. Миний эхнэр Ганчимэг Хас банкинд нягтлан бодогчоор ажилладаг. Бид ханилаад гуч гаруй жил болж байна. Анх энэ ажлаа эхлүүлсэн цагаасаа л ханьтайгаа зөвлөнө, ярилцана, санал бодлоо хуваалцана. Манай хүний зав зай хомсхон. Банкны ажлын ихийг мэдэхгүй хүн байхгүй байлгүй. Үйл­чилгээний ажил болохоор өглөө хамгийн эрт эхэлж, орой хамгийн сүүлд тардаг. Амралтын өдөр бол тусална. Манайх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд бага байхдаа, гар хурууны үзүүрт гүйгээд тус дэмтэй байсан. Одоо бол өөр өөрсдийнхөө амь амьдралыг авч яваа том хүмүүс яаж миний ажилд оролцох зав байх билээ. Зун амралтаараа ирэхдээ л тусалдаг юм. Гол хүчийг дур эзнээ голохгүй гэдэг шиг өөрөө л нугална шүү дээ. Гэхдээ яаж энэ бүхнийг ганцаараа амжуулах билээ. Хүн хүч тодорхой цалин хөлсийг нь өгөөд л ажиллуулж байна.

-Өөрийнхөө гараар бүтээх баянбүрдээ анх төлөвлөж байсан санаа­гаараа хийж чадаж байна уу. Хүссэн бүхэн санас­наар болдоггүй тал бас бий?

-Ер нь л анхны зураглалынхаа дагуу явж байгаа. Энэ эгнээг ийм болгоно, тэнд тэрийг тарина гэсэн төлөвлө­гөөнөөсөө ухраагүй.

-Төлөвлөлтөө яаж хийсэн бэ?

-Энэ төлөвлөлтөө хийхэд их хөгжилтэй юм болж байлаа. Хот орлоо, Ботаникийн хүрээлэн орлоо, эрдэм шин­жил­гээний ажилтнуудтай уулзлаа. Тэд та хашаандаа ингээд цэцэрлэгжүүл гэж зөвлөж хэлэхгүй юм билээ. Газар газрын байдал өөр байдаг байлгүй. Тэгээд ч над шиг ийм жижиг хэмжээний юм хийдэггүй биз. Тэгэхээр хийх гэж байгаа хүн би өөрөө л хүсэл мөрөөдлөөрөө төлөвлөх ёстой юм билээ. Зарим эрдэмтэн миний планыг харчихаад “Наад хоёр мод чинь хоорондоо зохицохгүй, хамт ургахгүй” гэсэн тохиолдол бий. Нэг их зөвлөгөө авах гэж очсон хүн маань эцэс сүүлд нь өөрийнхөөрөө зүтгээд дууссан. Одоогоор бол үхсэн хатсан зүйл байхгүй л байна. Зөн совиндоо л хөтлөгдөөд явж байна даа.

-Та сүүлийн үед цэцэрлэгтээ чулуугаар дэглэлт хийж байгаа бололтой?

-Манай аймгийн Сүйхэнтийн ой гэж гурван киллометр нутгийг ха­марсан чулуужсан ой бай­сан. Зах зээлийн шуурга гайгүй гэсэн бүхнийг дайраад гарсан болохоор чаддаг мэддэг хүн бүхэн урагшаа гаргаж байлаа. Тухайн үед цуглуулчихаад гаргаж чадахгүй болсон хүмүүстэй ярилцаад чулуужсан модоороо хамтраад ийм зүйл хийе гэж санал тавьсан. Би худалдаж авч хүчрэхгүй, маш үнэтэй. Байгалийн энэ үнэт сайхан зүйлийг хүмүүст үзүүлье гэж тохиролцоод энэ ажлыг хийж байгаа юм.

-Чулуужсан мод яагаад тийм их үнэтэй байдаг юм бэ?

-Энэ чинь маш олон зуун сая жилийн настай. Тэр олон зуун сая жилийн хугацаанд байгалийн эрч хүч, үзэгдэл бүхний эрчим хүчийг өөртөө шингээсэн байдаг байгалийн бүтээг­дэхүүн. Хүн төрөлхтөн бид өнөөдөр өдөр тутамдаа тусгаарлагч хувцас өмсч, байгалиасаа хол дөрвөн хананы дунд шигддэг, газар дэлхийн энергээс хол болсон. Тиймдээ ч янз бүрийн стресс, уур бухимдал, уйтгар, сэтгэл гутралд ордог. Энэ бүхнийг мэдээд байгаа ч ажлын нөхцөл, амьд­ралын хэв маягаасаа болоод үүнтэйгээ эвлэрээд л байгаа. Харин өрөө тасал­гаандаа энэ чулууж­сан модноос тавих юм бол сайн л гэж үздэг бололтой юм билээ. Гэхдээ дан ганцхан чулуугаар яаж энэ бүхнийг орлуулж чадах вэ дээ.

-Та энэ ажилдаа багагүй хөрөнгө зарсан байх. Буцаагаад орлого олж чадаж байна уу?

-Миний хашаанд бүрдсэн энэ цэцэрлэгт орчин говийн нараар тэтгэгдсэн байгалийн эм мөн үү гэвэл мөн. Арван найман жилийн туршид би таван төгрөгний ашиг олж байгаагүй. Дандаа л зарлага гаргаж, хийсэн. Одоо бол эндээсээ тодорхой хэмжээний орлого олох шаардлага, хэрэгцээ байна. Үүнийгээ улам сайхан болгомоор байна. Энэ жил л гэхэд би өөрийнхөө байшинг шургаагаар гадна талыг нь өнгөлсөн. Шургааг гэдэг чинь говьд ёстой ховор бараа. Хаа байгаа Улаанбаатараас худалдаж аваад, тээврийн хөлс төлөөд авчирсан. Ингэхээс ч өөр арга алга. Ийм сайхан цэцэрлэгт хүрээлэн дунд чулуун байшин налаад сууж байна гэхээр ерөөсөө авцалдахгүй байгаа биз дээ. Энэ мэтчилэн хүний амарч, тухлах орчин нөх­цөлийг бүрдүүлсэнийхээ дараа л үйлчилгээний хөлс авдаг болно гэж бодсон. Одоо бол их дөхөж байна.

Энэ бүхнийг цогц болгох санаагаа би их холоос тээж ирсэн юм. Сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зардлаар Хайнаныг үзлээ. Тэнд бол далайн чийглэг уур амьсгалтай, сайхан, аялал жуулчлал, хүний ая тухтай амралт, алжаал тайлах нөхцөл бүрэн утгаараа бүрдэж, хэрэгжиж байна. Тэрийг харчихаад л Сайншандын Хайнаныг яагаад байгуулж болдоггүй юм бэ гэсэн бодол төрсөн.

-Та энэ баянбүрдээ байгуулахдаа төрөөс дэмжлэг авсан уу?

-Тийм дэмжлэг нэг ч удаа авч байгаагүй. Янз бүрийн төслийн уралдаан зарлахад байнга л төслөө явуулдаг. Шалгардаггүй юм. Буруу зөрүү бичээд санаагаа ойлгуулж чад­даггүй юм болов уу гэж боддог. Энэ бүхнийг хийхдээ банкнаас хүүтэй зээл аваад л хийдэг. Цалингаасаа буцаагаад төлнө. Хавартаа ид ажлынхаа үеэр ээл­жийнхээ амралтыг аваад л ажилладаг.

-Танай сум орон нутаг ч бас хотоо ногооруулах ажлын эхлэлээ тавьж байгаа харагдаж байна?

-Сайншанд сум 2009 онд Иргэдийн төлөө­лөгчдийн хурлаас 2021 он хүртэл хэрэг­жүүлэх “Ногоон Сайншанд” гэ­сэн урт хугацааны хөтөлбөр баталсан. Бодлогын төв­шиндөө аймаг орон нутаг юу хийх вэ, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжөө сайжруулах талаар, ногоон байгуу­ламжаа яаж байгуулах зураг төсөл гээд олон зүйлийг урьдчилан төлөв­лөж чадсан. Энэ хөтөл­бөрийн бас нэг онцлог бол маш олон иргэдийн са­налыг тусгаж, хэлэл­цүүлж, сонсч хийж чадсан.