Н.Эрдэнэбаяр: Бид Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага
8 жил өмнө

Хайр гэгч хүн төрөлхтний хэл, соёл, орон зайн ялгаанаас үл хамаарах ямар агуу зүйл болохыг Бумбардай зурган ном дахин ойлгууллаа” Сатонака Мачико

Энэ үгийг Японы Манга авардсын тэмцээний шүүгч нарын зөвлөлийн дарга Сатонака Мачико Бумбардай цувралд Гранп-ри шагнал гардуулахдаа хэлсэн юм.

Мэдээж Бумбардай өв уламжлал,  гээгдэж үгүй болох гэж буй нүүдлийн соёл иргэншлийг харуулсанаараа онцлог, содон. Гэхдээ хамгийн чухал нь Япон хүмүүсийн хөгжлийнхөө замд гээсэн “зүйл”-ийг хүчтэй мэдрүүлснээрээ онцгой байсныг Сатонака Мачико  “Хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголчуудын ахуй амьдрал соёлоос тодхон саналаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр илэрхийлснийг Бумбардайгийн үнэнч уншигчид санаж байгаа биз.

 

Бид ч  бас хөгжлийн төлөө гэр бүлээ, үнэт зүйлсээ, өв уламжлалаа замын голд салан баавгай шиг үлдээсээр байгаа юм биш биз гэх бодлыг Бумбардайн хамт олон эрхгүй төрүүлж байлаа.

Бумбардай бол хайр.  Санаж байна уу? Хамгийн эхний цуврал дээр өвчтэй ээжийнхээ гарыг дулаацуулах гээд бяцхаан гараараа бариад үлээж байсныг нь. Үүнийг харсан хэний ч сэтгэл хайраар дүүрэх нь гарцаагүй.

Бумбардайн түүхийг бидний өв уламжлалтай хослуулан бяцхан уншигчдад, тэдний гэр бүлд нандин дурсамжийг бий болгож байгаа нь “хайр”-аас өөр юу билээ. Тэдний сэтгэлд хамгийн хөөрхөн бас өхөөрдөм дурсамжийг үлдээж хүн хүнээ  хайрлаж, эцэг, эхээ  хайрлах сэтгэлийг бий болгож байгаа учраас л таван жил тасралтгүй эрэлттэй байсан биз.

Монголын үндэсний баатар гэсэн тодотголтой Бумбардай энэ сарын 16-ны өдөр зургаа дахь цувралын  нээлтээ хийх нь. Хүүхэд багачууд ч гэлтгүй эцэг, эхчүүдийн дунд хүлээлтийг үүсгэсэн Бумбардай цувралын шинэ номын нээлтийн талаар “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

 

- Сайн байна уу. Удаан хугацааны дараа Бумбардайн шинэ цуврал нээлтээ хийх гэж байна.  Яагаад ингэж удах болов? 
- Мэдээж гурван жил урт хугацаа. Магадгүй бид есөн цуврал гаргаж чадахаар хугацаа ч байж болох юм. Гэхдээ бид чанаргүй зүйлийг хүүхдэд өгөхийг хүсээгүй. Энэ хугацаанд Бумбардай ном л хэвлэгдээгүй болохоос Бумбардай хүүхэлдэйн киноны бичлэг гэх мэт олон гайхалтай ажил урагшилсаар ирлээ. Энэ удаагийн Бумбардайгийн VI цуврал өмнөх цувралуудаас өндөр түвшиний ном болсон гэж найдаж байна.  

Өнгөрсөн хугацаанд 21 номыг есөн удаа давтан зурсан байна. Зөвхөн Бумбардай-IV  цувралыг л гэхэд тав дахь удаагаа зурж байна. Хэрэв Бумбардай сонирхолгүй байсан бол мартвал мартахаар хугацаа өнгөрсөн ч эрэлт маш их байна. Бид эцэг, эхчүүдийн уулзалтанд очоод маш их загнуулсан.  Номоо гаргаач ээ гэж загнах уншигчидтай байна гэдэг сайхан шүү дээ.

Төслийн хүрээнд нийт Монгол өв соёлыг харуулсан 108 цуврал хийх болно. Хурдан гаргасан чанаргүй 10 Бумбардай үлдсэн зуун цувралын хувь заяаг шийднэ. Тиймээс 108 номоо хийхийн тулд өнгөрсөн хугацааг зарцууллаа.  Одооноос манай цуврал улиралдаа нэг удаа гарахаар төлөвлөж байна. Номныхоо бодлого төлөвлөлт дээр илүү ажиллалаа.

- Бумбардай – VI  “Сүүн цацал” цувралын онцлогийн талаар тодруулахгүй юу?
- Энэ дугаарт бид нүүдэлчид зөвхөн нүүгээд л байдаггүй, тэд бүтээлч хүмүүс гэдгийг харуулахыг хичээлээ. Номонд Өндөр гэгээн Занабазарын тухай, нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн уран дархантай холбоотой зүйлүүд ч гарна. Ногоон Дарь-эхээс эхлээд  дэлхийд хосгүй олон бүтээлийг багтаасан байгаа.

Өөрөөр хэлбэл Монголын өв соёлоор дамжуулж Монгол хүн Монгол соёл ямар онцлогтой вэ. Хүүхэд яагаад бүтээлч байх ёстой вэ гэдгийг мэдэж чадна. “Сүүн цацал” номд Сарьдагийн хийдийн тухай өгүүлнэ. Байгальд хайртай, бүтээлч Бумбардай “ирлээ”. 

 

 

 

 

- Энэ удаагийн цувралд хэчнээн хүн ажилласан бэ? 

- Нэг Бумбардай цувралын ард маш олон хүний хөлс хүч, сэтгэл шингэсэн байдаг. Бумбардай "Сүүн цацал" VI  цуврал дээр 15 хүн ажиллаж байна. Үүнээс гадна хамтран ажилласан олон байгууллага бий.  Номыг нэг зохиолч л суугаад бүтээчихдэггүй. 
                                                                 
- Шувуу хамгаалах төв, Үндэсний түүхийн музей гээд олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Үүнийг илүү тодруулахгүй юу?  
- Тийм ээ, харилцагч байгууллагууд олон. Жишээлбэл Үндэсний түүхийн музей, Занабазарын музейн сан хөмрөгийг дахин таниулахыг зорьсон. 
Үүнээс гадна Монгол улсад гадаадаас маш олон жуулчин ирдэг. Жуулчид тухайн улсын онцлогийг илэрхийлэх дурсгалын зүйл авахыг хүсдэг. Тиймээс ч бид Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран нийслэлийн аяллын автобусыг Бумбардайн зургаар чимэглэлээ. 

 Номадик Комиксийн Ерөнхий продюсер Э.Тамир

Мөн номын нээлтийн үеэр “Лантуун дохио” ТББ -ийн "Ид шидийн орон"- ы хүүхдүүдийг Бумбардайн автобусаар Улаанбаатар хоттой танилцуулж, Үндэсний түүхийг музейг үзүүлэхээр бид бэлдэж байна.  

- Номын нээлт энэ сарын 16-нд болно. Уншигчиддаа онцгой бэлэг барих уу? 
- Нээлт Монголын Үндэсний түүхийн музейд болно. Бумбардайн сонирхогчид уншигчидтайгаа уран бүтээлийн багийг уулзуулах амьд харилцаатай, халуун дулаан уулзалт болох байх. 

Яг л Харри Поттерийн номын нээлт хэрхэн болдог билээ дээ түүн шиг уран бүтээлч уншигчид уулзаж ярилцах, гарын үсэгтэй худалдан авалт хийх гэх мэт Бумбардайг уншдаг, сонирхдог, бидний ажлыг дэмждэг хүмүүстэй нэг өдрийг амьд харилцаатай өнгөрөөх болно.

Мөн олон нийтэд дэлгэж байгаагүй зургаар  “Комик хэрхэн бүтдэг вэ?” үзэсгэлэн дэлгэнэ. 

- Яагаад музейд нээлтээ хийхээр болсон юм бэ? 
- Музейд соёлын үнэт өв хадгалагдаж, харин Бумбардай соёлын өвийг дэлгэрүүлэхийг зорьдог.  Бид соёлын өв, ёс уламжлалыг Бумбардай хүүгийн түүхтэй хослуулан зурагт ном хэлбэрээр хүргэдэг. Номыг уншсан хүүхэд түүхийн музейд зочилоход Бумбардайтай хамт өнгөрүүлсэн дурсамжууд бодогдох болов уу. Дурсамжаар дамжуулан хүүхэд эх орондоо хайртай, өв уламжлалаа танин мэдэх давуу талтай.  

- Улиралдаа нэг цуврал гаргана гэсэн дараагийн номоо хийж эхэлсэн үү?  
- Мэдээж, эхний нүүр нь зурагдаад явж байна. Хувиараа яг одоо задлая. Бумбардайгийн дараагийн дугаарууд нь хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байдаг байсан нь бидний хөгжүүлэлтийн ажлаас болж байсан. Тэгвэл энэ удаад бид нарийн хуваарийн дагуу ажиллана. 

Тодруулбал, Зургаадугаар сарын 16-нд Бумбардай нэг, хоёр, гурав, зургаадугаар цуврал албан ёсоор худалдаалагдана. Мөн Бумбардай эхний боть нээлтээ хийнэ. Харин намар хичээлийн жилийн өмнө дөрөв, тав, долоодугаар цувралын нээлт болно. Энэ үеэр Бумбардай хоёрдугаар ботийг мөн уншигчдад хүргэхээр төлөвлөж байна.  Долоодугаар цуврал  айрагны тухай, дараагийн цуврал  цагаан сарын тухай өгүүлэх болно.  Бумбардайн хамт олон 2018, 2019 онд нийт 12 цуврал дөрвөн ботийг гаргана.  

- Бумбардай төсөл таван жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд Японы манга зах зээлд хөл тавьсан. Борлуулалт ямар байна вэ?
- Бумбардай төсөл эхэлснээс хойш хол замыг туулж байна. Олон улсын манга авардсаас гранп-ри авч Японы Wedge Holdings компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Энэ компанитай хамтраад Азийн 11 улсад Бумбардай зурагт номыг гаргахаар ажиллаж байна. Төд удалгүй олон орны хүүхдүүдэд хүрэх болно. 

 

 

Уг компанийн сайтад “Бумбардай” цувралыг дижитал хэлбэрээр байршуулсан. Үүнтэй адил Монголын "М+" цахим номын санд цувралаа дижитал хэлбэрээр байршуулах болно. Гадаадад сурч, амьдарч буй Монголчууд унших боломжтой болно гэсэн үг. 

- Ирээдүйн Бумбардайд дурлагч залуусын хэв шинжийг юу гэж харж байна вэ?
- Бидний бусад үндэстнээс ялгарах онцлог бол нүүдлийн соёл иргэншил. Энэ нь бидний давуу тал болж орчин үед хэрэглэгдэх хэрэгтэй. Би хэн бэ, бид хэн бэ гэсэн олон асуултын  хариуг нүүдлийн соёлоос олох болно.  

Өдөр тутам хэрэглэхгүй байгаа, зарим талаараа орчин үеийн залууст сонирхолгүй санагдах нүүдлийн соёл, өв уламжлал соёл, сэтгэлгээг хүүхэд залуусын сонирхдог комикс, анимэйшн хэлбэрээр хүргэхээр Бумбардай төслийг эхлүүлсэн.

Одоо таван настай Бумбардай уншиж байгаа хүүхэд 15 жилийн дараа ээж, аав болоход бэлэн болно. Тэр хүүхэд Бумбардайг хүүхэддээ авч өгөх хүртэл бид урагшлана. Тэр хүн өв, соёл уламжлалаа мэддэг, хэдэн мянган жилийн онцлог, ахуй соёл дээрээ тулгуурласан давуу тал, сул талыг ойлгоно гэж итгэж байна.Тэгэхээр бид ирээдүйн 10,15 жилийн дараах тэр уншигчдад зориулж энэ төслийг хийж байна.

- Ирээдүйн хүүхдэд яагаад Бумбардай хэрэгтэй гэж та бодож байна вэ? 
- Бумбардай цуврал хүүхдэд нүүдлийн соёл, өв уламжлалын тухай сонирхолтой мэдээлэл өгөхөөс гадна байгаль орчинтой зөв харьцах, хүн хоорондоо зөв харьцах, хайрлах, тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг өгнө.
  
Эцэг, эхчүүдийн хувьд ямар ч зовлонгүйгээр үнэтэй архи аваад ууж чаддаг мөртлөө, нэг орой найзуудтайгаа уулзахад маш их мөнгө зарцуулдаг мөртлөө хүүхэддээ 20,000 төгрөгөөр улиралдаа нэг ном авч өгөхдөө маш их боддог. Тэр бүү хэл 5,000 төгрөгийн ном авч өгөхдөө маш их эргэлздэг. Бид мөнгөгүйдээ биш хүүхдэд, номонд хандаж байгаа хандлага , ирээдүйд хандаж буй хандлага ямар байгааг харж болно.

Хүүхэддээ 20,000 төгрөгөөр ном авч өгөхдөө боддог мөртлөө 200,000 төгрөгөөр нэг орой зугаацахдаа ердөө санаа зовдоггүй хүмүүс олон байгаа нь харамсалтай. 

- Бумбардайг нэг үгээр та юу гэж илэрхийлэх вэ? 
- Зарим хүн биднийг “Ном л хийдэг газар гэж боддог. Харин бид өөрсдийгөө Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага” гэж ойлгодог.
Бид нэг дүрээр дамжуулаад маш их санааг залууст, нийгэмд хүргэж чадна. Мөн улс орноо дэлхий нийтэд таниулах боломжтой гэж харж байна. Хүчтэй дүр дээр суурилсан суваг учраас бид энэхүү төслийг хийж байгаадаа баяртай байдаг.

- “Бумбардай” хүүхэлдэй кино  хэзээ гарах вэ? 
- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон, Солонгос, Тайландын багтай хамтран Бумбардай хүүхэлдэйн киноны төсөл хэрэгжсэн. Намраас чимээ сонсогдож Бумбардайн фэнүүддээ бэлэг барина.

- Шинээр Бумбардай нэг, хоёр, гуравдугаар цувралыг  нэгтгээд боть крилл болон монгол бичгээр гарсан байна. Цаашид монгол бичгээр гарах уу? 
- Бумбардайн нэгдүгээр боть гурван долоо хоногийн дотор 1,000 ширхэг зарагдсан. Эрэлт ийм их байна. Энэ удаагийн цувралаас эхлэн бүх цуврал монгол бичигтэй хамт гарна. Энэ нь Монгол бичиг сурахыг хүсч байгаа хүмүүст сурах бичиг болохоос гадна Өвөр-Монгол зэрэг Монгол үндэстэнд хүрэхэд давуу тал болно. Өвөрмонголын зах зээл дээр гаргах ажлуудыг бид давхар хийж байна.

Мөн бид цаашдаа Англи, Япон, Хятад, Франц, Солонгос, Герман, Итали, Швед зэрэг оронд номоо орчуулан гаргахаар төлөвлөсөн. 

Эх сурвалж: 

Б.НАМУУНЦЭЦЭГ, IKON.MN (2018 ОНЫ 6 САРЫН 14)