Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ
6 жил, 4 сар өмнө
Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.
Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

-Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

-Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

-Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

-Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

-Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

-“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

-Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

-Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

-Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

-Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

-Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

-Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

Майдар төслийн гол онцлог юу бэ?

Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

-Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

-Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил .... Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

-Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

-Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

-Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

-Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

-Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

-Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

-Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

-За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

-Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

-Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

-Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

-Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

-Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

-Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

-Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

-Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

-Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

-Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

-Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

-Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

-Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?
-За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.


Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/