ХУУР УРЛААЧ Л.ДЭМЧИГГАРАВ: МИНИЙ ХИЙСЭН ХӨГЖМИЙН ЗЭМСЭГҮҮД ХИЙСВЭР УРАН САНАА БИШ, ӨВ СОЁЛОО СЭРГЭЭН АМЬДРУУЛАХ ГЭСЭН МӨРӨӨДӨЛ МИНЬ
6 жил, 4 сар өмнө

Төрсөн нутаг Архангай аймагтаа амьдран, хуураа урлан хөг эгшгийг нь тааруулан бас монгол эртний хөгжмийн зэмсэгүүдийн талаар судлан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэн байгаа хуур урлаач Л.Дэмчиггаравтай ярилцлага өрнүүллээ.

Та хэзээнээс хуур урлах болсон бэ. Бага наснаасаа гарын дүйтэй байв уу ?

1976 онд улс орон даяар зарлагдсан залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд анх удаа сийлбэртэй морин  хуур хөгжмөөр оролцож тусгай байр эзлэж байсан. Энэ үеэс л хуур урлах замд орсон доо. Түүнээс хойш 40 гаруй жил болж байна.

Та өвөрмөц төрөл бүрийн хуур урладаг юм байна. Хүмүүс морин толгойтой хуурыг  л мэддэг. Гэтэл таны хуурууд өөр юм. Жишээ нь луун толгойтой хуур ч гэх шиг. Энэ нь таны уран санаа юу, эсвэл эрт дээр үед ийм хөгжмийн зэмсэг байв уу?

Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

Эдгээр хөгжмийн зэмсгийг хир зэрэг судалгаа хийж бүтээдэг вэ?

Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.

Хөгжмийн зэмсэг хийдэг материалуудаа хаанаас  бэлтгэдэг вэ?

Хөгжмийн үйлдвэрүүд болон, ахуй амьдрал, байгалаасаа материалаа сонгон авдаг.

Таны хийсэн хөгжмийн зэмсэгээр ямар ямар хөгжимчин, хамтлагууд тоглодог вэ?

Анх морин хуур урлаж эхлэж байхад тэр бүр хүн ойлгохгүй хэцүү байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хүн болгон морин хуураа дээдлэж ирсэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгээр Архангай аймгийн ХДТ, “Алтай” хамтлаг, МУГЖ, ятгачин Ж.Мөнх-эрдэнэ нарын олон уран бүтээлчид тоглож байна.  Язгуур хуурын төрлүүдийг хийхээс гадна  нилээд хэдэн ятга хөгжим хийсэн. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд минь  Архангайхны бахархал, Монголын нэрийг дэлхийд таниулж яваад нь баярлаж явдаг. Нийт 6 удаа өөрийн хийсэн хөгжмийн  зэмсгийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж тоглолт хийсэн.

Ардын хөгжмийн хамтлагууд янз бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглодог болсон. Үүнийг өөрсдөө  шинээр зохиож таньд захиалга өгч хийлгээд байна уу?

Монгол туургатан хөгжмийн зэмсэгийн баялаг сан хөмрөгтэй. Түүнээс л сэргээгдэж  урлан бүтээж байгаа хөгжмийн зэмсэгүүдээр л хамтлагууд тоглож байгаа юм. Хөгжмийн зэмсэгүүдийг хийдэг мэргэжлийн олон газар  бий.

Хөгжмийн зэмсэг урладаг хүн өөрөө авъяастай байдаг байх. Та хөгжимөө тоглодог уу. Урласан хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг хэрхэн тааруулдаг вэ?

Би хөгжим тоглохгүй. Гэхдээ хийсэн хөгжмийн зэмсэгийнхээ өнгө тонныг мэргэжлийн хэмжээнд сонсож чадна.

Таныг жүжигчин Д.Сосорбарамд нэг өвөрмөц ховор хуур хийж бэлгэлсэн гэж сонссон. Тэр талаараа яриач?

Би  урлагийн   Янжинлхам бурханы  мутарт байдаг Биба гэдэг хөгжмийн зэмсгийг 1990 оны үед анх хийж аймгийнхаа “Монгол эгшиглэн” чуулгад анх тоглуулж, хөгжмийн хамтлаг маань ардын язгуур урлагийн алтан өргөмжлөл, тэргүүн шагнал авч байсан. Дараа нь дахиад нэгийг шинээр хийж, яаж дуугаргах, ямар аялгуу тогловол сайхан байх талаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Баттөмөр багштай ярилцаж байгаад / тухайн үед багш маань манай аймагт урилгаар ажиллаж байсан /  ерөөсөө  Сосорбарамд өгье “Дорны цагаан  саран” дуугаа дуулж, тогложяваг гэж бодоод найздаа дурсгасан даа.

Та зөвхөн хөгжмийн зэмсэг л урладаг уу. Өөр зүйл хийдэг үү?

Би зөвхөн хөгжмийн зэмсэгээ л урладаг. Манай аймаг шанаган хуурын өлгий нутаг. Эртний хутаг хувилгаадын ордон, өргөөнд залагдан тоглогдож, өв дамжин хадгалагдаж байгаа соёлын үнэт өв, өвлөн тээгч нартаа л хадгалагдаж байдаг. Тэдэнтэй холбоотой байж язгуур хөгжмийн зэмсэгээс нь загвар авч, орчин үеийн тайзны бүтээлд тохируулан урлан бүтээж байгаа.

Та шавьтай юу. Ар гэрийхэн тань аль хир дэмждэг вэ?

Би цөөхөн гарын шавьтай. Хөгжмийн зэмсгийг тэр бүр хийх хүн олдохгүй их чимхлүүр ажил шүү. Хүмүүс сурах гэж ирдэг л юм. Жоохон суугаад л залхаад авдар саваа хийсэн нь дээр юм байна гээд яваад өгдөг дөө. Манай гэрийхэн маш их дэмжиж тусалдаг. Би чинь 3 хүүтэй. Хүүхдүүд маань цөм л хийнэ. Гэхдээ бага хүү маань бүхнийг хийж сурч байгаа хүн дээ.

Нэг бүтээл гаргахад хир хугацаа ордог вэ?

Нилээд хугацаа орно шүү. Бодно, судлана, зураг, схез гаргана. Урлана, хөг тавина, чимэглэнэ, дуугаргана гээд л хугацаа шаардана шүү.  Сайхан дуугаргахын тулд хэд дахин хийх ч явдал бий.

Таны урласан хөгжмийн зэмсэгүүд хир эдэлгээ даадаг вэ. Засварыг өөрөө хийдэг үү?

Дээрээс нь дараад уначихгүй л бол гарын ая даана. Хөгжимчин хүний халамж хэрэгтэй дээ. Хөгжмийн зэмсэгүүдээ өөрөө засварладаг.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.    

Эх сурвалж: Монгол, кирил хос бичгийн ОЮУНТҮЛХҮҮР ЭРДЭМ сэтгүүл (2019 оны 11 сар0

Л.Дэмчиггарав: Хуур урлах нь хүн бүтээхтэй адил

Хуур урлаач Л.Дэмчиггаравыг урлагийн хүрээнийнхэн андахгүй. Урласан хуурыг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлч ч цөөнгүй.

Тэрээр Архангай аймагт уран бүтээлээ хийж байна. Хөгжмийн зэмсэг урлах хүсэлтэй залуусаар хүрээлүүлэн Л.Дэмчиггарав гуай гайхамшгийг бүтээхээр чармайн сууна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та олон төрлийн хуур урлажээ. Урлахуйн онцлог тань юу вэ. Хуур урлаач бүхэн өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэдэг?
-Би Архангайн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийлээ. Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна. Мөн аавынхаа тухай дурсахгүй өнгөрч боломгүй. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон. Үйл хэргийг нь ч өндөрт өргөж авч явах үүрэг хариуцлага надад оногдож байна.

Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог.

-Гоёл чимэглэлийн гэхээсээ илүү мэргэжлийн хуур урлах юм. Энэ нь уран бүтээлчийг үнэлэх үнэлэмжийг харуулах байх?
-Тийм шүү. Харагдах байдал, гоё ганган гэхээсээ илүү дуугаралт, ая, дан чухал. Хөгжим гэдэг амьд зүйлийг төрүүлэх гээд суугаад байгаа юм. Мөн би түүхэн хөгжмийг сонирхон урлах дуртай. Чингис, Хубилай, Мөнххааны үед ордонд эгшиглэж байсан зэмсгүүдийг судлан урлаж байна. Ер нь манай үндэсний хөгжмийг модон, төмөр, чавхдаст аялгууны гээд дотор нь найман төрөлд хуваан авч үздэг. Тэр бүхнээс сорчлон хуурын төрлийг голлон урлаж байна.

-Ер нь хөгжмийн гол дуугаралт нь хаанаа байдаг вэ. Та олон жил урлаж байгаа болохоор одоо “ааш авир”-ыг нь андахгүй биз?
-Би одоо ч сурагч хэвээрээ байна. Хуурыг ер нь хийж сурна гэж байдаггүй юм билээ. Өнөөдөр гоё дуугарч байна, одоо болчихлоо гэж бодоход маргааш нь муухан болчихдог. Ер нь тэгээд ааш авирыг нь олно гэдэг хэцүү шүү. Нэг амь төрүүлж байгаатай л адил. Хар, цагаан адууны хялгасаар хийх өөр. Амьд адууны сүүлээр хийхэд ч өөр дуугарна.

-Тийм үү. Та хуурандаа ихэвчлэн ямар адууны хялгас ашиглаж байна?
-Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог. Хуурын дуугаралт гэж дээр асуусан даа. Хүмүүс царандаа байдаг гэж ярьдаг ч зөвхөн цар биш, ишиндээ ч байх тохиолдол бий. Тэгэхээр энэ ажил маш нарийн байгаа юм.

-Морин хуурыг модоор урлахаас гадна сүүлийн үед ясаар хийх боллоо. Хуурыг яс, модоор урлахын ялгаа нь юу вэ?
-Их ялгаатай. Гэхдээ урлаач хүн өөрөө хуураа юугаар ч хийх чадвартай байх хэрэгтэй. Сэтгэлгээ сайн, өргөн хүрээнд хийх чадвар урлаач хүний хамгийн чухал дадал. Зарим хүн морин хуурыг амархан хийдэг гэж боддог нь эндүүрэл. Маш их ажиллагаатай.

-Өнгөрсөн жил Худалдаа аж үйлдвэрийн танхимд бие даасан үзэсгэлэнгээ гаргасныг санаж байна. Молор хуурь тань хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байх шиг байсан?
-Алдарт зураач Х.Тэнгисболдын “Их хөлгөн туульс” гэж алдартай зураг бий. Түүн дээр молор хуур байдаг. Тэгээд Х.Тэнгисболд надад энэ хуурыг урлаад дуугаргах санал тавьж байлаа. Тэр үед бүтэхгүй санаа мэт санагдаж шууд л татгалзсан. Гэхдээ л дотор бодогдоод байсан учраас хийхээр зориглоод суусан даа. Хоёр жилийн турш оролдож байж дуугарсан. Одоо эх хувилбар нь Театрын музейд бий. Мөн Луун хуур минь тэнд байгаа.

-Та луун, морин, шоор хуур гээд бүгдийг нь урлаж байна. Аль нэгийг нь урлал, түүх талаас нь онцолж ярихгүй юу?
-Давсган, тэмээн, төв Халхын гээд үргэлжилнэ шүү дээ. Алдарт хуурч н.Балчин гуайн хуураас ч санаа авч хийж байна. Хийхэд амархан хуур гэж байсангүй. Бүгдийг нь л биедээ байх бүх л хүч чадлаа гарган урласан. Гэхдээ одоо анзаарч байхад би шанаган хуураараа илүү ажилласан байна. Хүмүүс ч миний бүтээлүүдийг үнэлдэг. Манайхан “Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог биба хөгжим” гээд л ярьдаг. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн Монголд алга. Биба хөгжмийг тоглолтод эгшиглүүлэхсэн гэж боддог. Би дээр үед биба хөгжим урлаж, “Дорнын цагаан саран” дуугаа энэ хөгжмөөр тоглож дуулаарай гээд Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам найздаа бэлэглэсэн. Тэр үед хөгийг нь сайн тааруулж чадаагүй. Энэ удаа дахин урлахдаа хөгийг нь гайгүй сайн тавьсан гэж бодож байгаа.

-Хөгжлийн явцад морин хуурын зарим зүйл алдагдаж байна гэдэг. Та морин хуурын түүхийг сонирхон хардаг хүн. Анзаарагдаж байх юм уу?
-Хэв шинжээ хадгалж байх нь хамгийн чухал. Хөгийн баяжилт, тоглох техник талаас ишний байрлал зэрэг тогтсон байрлалдаа байвал зүйтэй юм. Энэ талын зарим зүйл алдагдаж байгаа нь үнэн. Тэр ч  утгаараа залууст сургалт явуулвал сайн байна. Манай хөдөөд морин хуур сонирхон судлах хүн олон бий. Гэхдээ хөгжмийн мэдрэмж дутагдалтай байдаг.

-Их урлагаа дагаад хотод очоод уран бүтээлээ хийж болдоггүй юм уу. Ер нь хөгжмийн захиалга олон газраас ирдэг үү ?
-Танил талгүй над шиг хүн хотод юм хийх хэцүү дээ. Өөртөө итгэлгүй байна. Нэг хөгжим хийчихээд түүнийгээ бариад зах дээр гаралтай биш. Тендер энэ тэрд танил талтай хүн л ялдаг юм шиг байна билээ. Хөдөөгийн уран бүтээлчдэд нэг зовлон байдаг юм. Сонин, телевизээр гарч, хүмүүст танигдаагүй болохоор хийж бүтээснийг маань харахаасаа урьтаж хөдөөгийнх гэдгийг маань хараад байдаг юм. Хөдөөгийн хүн хийсэн болохоор бүтээл нь сайн биш гэсэн байдлаар ханддаг.

Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй

-Тиймээс л та хот орох хэрэгтэй юм биш үү?
-Үгүй дээ. Өнгөрсөн жил хотод үзэсгэлэнгээ гаргасан. Хүмүүс сайхан хүлээж авсан. Гэхдээ урлагийн төлөө сэтгэл минь хот хөдөөд ялгаагүй шүү дээ. Тэгээд ч миний насан дээр дуу шуугианаас ангид эндээ байх сайхан байна.

-Та олон хуур хийсэн байх. Энд тэнд хадгалаастай байгаа байх. “Тэр хуур минь хаана байдаг бол доо” хэмээн санаж өгүүлэх хуур бий юу?
-1976 онд Залуу уран бүтээлчдийн улсын уралдаан болсон. Тэр уралдаанд анх сийлбэртэй морин хуур хийж оролцон, тусгай шагнал авч байлаа. Энэ хуурыг маань Герман улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцуулж, дараа нь Урчуудын эвлэлийн дүрслэх урлагийн салбар урын сандаа авсан юм. Тэгээд сураг тасарч, би ч бараг мартаад байтал хэдэн жилийн өмнө телевизээр гарсан юм. Мэдээ үзээд сууж байтал гайхалтай ур хийцтэй, давтагдашгүй бүтээл, эзэн нь энэ бүтээлийг хийгээд бурхан болсон” гээд нэг хуурыг жигтэйхэн магтаж байна. Сонирхоод хартал миний 1976 онд бүтээсэн хуурыг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт залж байдаг байгаа. Тэгэхээр нь телевиз рүү утасдаж, “Наад хуурыг чинь би хийсэн юм. Худлаа гэвэл өрөөсөн чихийг нь хар. Сүүлд сольсон байгаа” гэж хэлсэн. “Тийм байна” гэж байна билээ. Зах зээлийн бужигнаанаар Урчуудын эвлэлийн сан хөмрөгт байсан бүтээлийг бужигнуулахад нэг овсгоотой нь авч хадгалсан шиг байгаа юм.

-Хятадууд морин хуурыг өөр нэрээр соёлын өвдөө бүртгүүлнэ гэсэн асуудал гарч байсан. Та үүнд ямар бодолтой байв?
-Монгол хүн монгол морин хуураа мэддэг. Хятад хуур, монгол хуур хоёрын дуугаралт хийц донж ялгаатай байдаг. Монгол хүн өөрийнхөөрөө сэтгэж хуураа урладаг байхад хятадууд бидний сэтгэлгээнд хэзээ ч хүрэхгүй. Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй.

Т.Батсайхан (2014 оны 5 сар)

ШАВХАГДАШГҮЙ ЭРДЭНЭСИЙН САНД ОРЧИХООД Л ҮЗЭЖ СУДАЛЖ ДУУСАХГҮЙ ӨВ СОЁЛЫН ГАЙХАМ ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ ЯВАА

Монгол улсын шилдэг зохион бүтээгч, хуур урлаач Л.Дэмчиггарав гуайг өв соёл буландаа урьж бүтээж буй хөгжмүүдийнх нь тухай яриа дэлгэлээ. Тэрээр урлахуйн гайхамшгийг бүтээхээр буйдхан гэрээ урлан болгожээ. Монголчуудын эртний хөгжмийн зэмсгийг урлах амаргүй хийгээд хариуцлагатай ажилд сэтгэл оюунаа чилээн суугаа энэ эрхмийн урласан хөгжмийг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлчид цөөнгүй ч аймгийнхан маань дэмждэггүй хэмээн нулимстай ярих түүнтэй ийн ярилцлаа.

-Би таныг хөгжмийн талын л мэргэжилтэй гэж бодож байсан юм. Гэтэл таныг бүжигчин байсан гэх юм?

-Ах нь урлагт 47 жил ажиллаж байна. 22 жилийг нь ардын бүжгийн урлагаар бүжигчнээс бүжгийн багш хүртэл нь аймгийн театрт ажилласан. Соёлын Дунд сургуулийг төгссөн. 1992 оны 9-р сард тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш бие даагаад үндэснийхээ хөгжмийг урлаж байна.

Намайг хөгжим урлах энэ сайхан үйлсэд хөтөлж оруулсан хүн бол миний аав. Миний аав дөчин тав зургаан жил урлагаар явсан хүн байсан. 1952 оны аймгийн клуб гэж байхад миний аав урлагт орж байсан хүн. Ширээтийн гэгээний алдарт хөгий ногоон гэж хуур манайд хадгалагдаж ирсэн. Тэр хуураар манай аав ардын урлагийн их наадамд орж байсан сайхан түүх ч бий. Аав мааань 40 шахам жил урлагт зүтгэсэн хүн байсан даа.

-Таны анхны урласан хөгжим хуур байсан уу?

-Бригадаар явж байгаад лут гэмтээд бүр группт хүртэл орж байлаа.  Хагас хэвтрийн байдалтай байсан. Тэгж гэмтсэн нь нэг талаар азтай. Гэртээ байхдаа ойр зуурын юм хийгээд суугааг минь Хотонтын уран Санжаа гэж хүн дуулаад ирсэн. Би хоёр морь сийлээд сууж байсан. Одоо бодоход миний сийлэх ч гэж юу байхав дээ.

Миний багш уран Санжаа гэж хүн бол алдарт сийлбэрч Чувамэд, УГЗ Дорж гэж хоёр хүний багш юм. 14 зандан мод нийлүүлээд аяга сийлэхэд хүн заадлыг нь олдоггүй тийм л агуу уран хүн байсан. Дандаа сийлбэртэй морин хуур хийдэг байсан. Багшийн хийсэн хуур тэр үедээ Чүлтэм гуайд ихээр үнэлэгдэж нэг нь хоёр мотоциклийн үнэ буюу 6000 төгрөг хүртэл хүрч явсан удаатай. Харин тэр хуурыг тэр үеийн дарга нар мундагдаж аваад Цэдэнбал, Самбуу дарга нарт бэлэглэсэн байдаг. Миний багшийн уран бүтээл гэвч үнэлэгдээгүй дээ. Багш шиг маань сийлбэр хийж байсан хүнийг би л лав үзээгүй.

1976 онд анх удаа хуур хийх ажилд орлоо. Анх удаа хийж байгаа ч битүү сийлбэртэй хуур хийхээр болов. Эхлээд багшаасаа их айдаг байлаа. Хоёр сар шахуу сууж хуураа дуусгалаа. Тухайн үед их сайхан сайхан арга хэмжээнүүд зохиогддог байсан. Хуураа Улаанбаатарт болсон залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд авч явлаа. Тэр уралдаанд багшийн хийсэн хуур түрүүлж, миний хийсэн хуур тусгай шагнал авсан. Бөөн урам. Бас болоогүй ээ Германы нэг хотод болсон үзэсгэлэнд бас тавигдсан. Шагналын мөнгө 1200 төгрөг.

Тэрнээс хойш бие сайжирч ажилдаа орсноос хойш 1983 онд хүртэл ахиж хөгжим, сийлбэр ч хийгээгүй. Тэр үед чинь бригадаар явах гэдэг нь лут ажил байлаа. Ханийгаа дөрөв тав төрөхөд нь нэг дээр нь л хамт байсан байх. Бусдад нь дандаа л бригадаар яваад эзгүй.

Тэгж явсаар 1983 онд орон нутгийг судлах музейд нэг шанаган хуур хийж өгсөн.

Манай гэрт хадгалагдаж байсан Хөгий ногоон гэж алдартай хуурыг дуурайлгаж сар шахуу ноцолдож, бараг л уйлах шахаж байж хийж билээ. Их үзсээн. Тэр хуураараа Ардын язгуур урлагийн их наадамд оролцож хүрэл медаль авсан. Хамгийн анхны энгэр цоолсон медаль минь тэр байлаа.

Тэрнээс хойш 1985 оны ардын урлагийн их наадамд ардын хөгжмийн хамтлагтай оролцох санаа төрж биба, үелэгч, шанаган хуур, хуучир, ятга гэсэн таван хөгжим урлан оролцож, алт, хүрэл медаль авсан.

1989 оны Монголд анх удаа мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаан болдог юм байна. Тэрэнд ёстой жинхэнэ хуур хийж оролцоно доо гэж зориод ямар хуур хийхээ бодоод л байлаа. Том хийх үү, жижиг хийх үү гэх мэтээр их л бодлоо. Гурван утастай хийхээр тоглогч нь болохгүй гэх мэтээр маш удаан толгой гашилсан. Хуур хийхэд хямдхан ч судалж бодож олох нь их хэцүү. Гэтэл Өвөр Монголын алдарт хуурч Чибулаг гуай Монголд анх удаа ирж тоглолт хийсэн нь телевизээр гарч байна. Тэрийг үзэж суугаад хуурынх нь хэмжээг нүдэн баримжаагаар авч, ганц нэг элементийг нь өөрчлөөд яг монгол дэг жаягаар морин хуур хийгээд уралдаанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Тэр уралдаанд 76 мастерийн хуур орж байлаа. Билгийн Дамдинсүрэн, Ардын жүжигчин Батчулуун гуай нар шүүгч нь байсан.

Чибулаг гуайн хуураас хэдхэн хэмжээсээр л зөрсөн байна билээ. Гэтэл Чибулаг гуай “Миний хуурны хэмжээг хаанаас авсан бэ” гээд намайг “телевизерээс авсан” гэхэд “халхад алдартай хулгайч” гэж тоглоом шоглоом болгож их сайхан танилцаж байж билээ.  

-Та таван хөгжим хийж уралдаанд орж байсан гэлээ. Чуулгын хөгжим цогцоор нь хийж байсан уу?

-Мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд байр эзэлсэнд би маш их урамшсан. Түүний дараахан нийслэлд уригдаж ажлаар яваад хөгжмийн зохиолч  Хаянхирваа гэж хүн намайг дуудаад Монголын язгуур хөгжмийн оркестр байгуулъя гэж ярилцаад тэдгээр хөгжмийг хийхээр болоод явж байтал нөгөө хүн маань нас барсан. Жамцын Бадраа гэж агуу хүний гарын шавь даа би. Багш маань ч миний хөгжим хийхийг их дэмжиж байсан. Тэгээд аймгийн театрын бүхий л хөгжмийг солих ажилд шамдан орсон. Аймгийн театр 18 хөгжимчинтэй байхад ах нь 36 хөгжим хийсэн. Залуу ч байж, тэнэг ч байж, махран зүтгэж зургаан сар тэр хөгжмүүдийг хийсэн. Сүүлдээ ядраад хүний дуу нэг сонсогдоод л нэг тасалдаад л байхад нь түргэн дуудаж даралт ихэссэн оношоор шууд эмнэлэгт хэвтэж байлаа шүү дээ. 7 хоног эмчлүүлж гараад Ардын урлагийн их наадамд оролцохоор Улаанбаатарыг зорилоо.

Бидний “Монгол эгшиглэн” хамтлаг тэр үедээ толгой цохиж явсан хоёр том аймаг Увс, Ховдыг хол орхин Ардын урлагийн их наадмын Алтан өргөмжлөл гэдгийг анх удаа аймагтаа авчирч байлаа.

Ингээд их наадамд түрүүлчихсэн том амьтан нутагтаа иртэл харин эсрэг байдал намайг угтсан. Хүрч ирээд аймгийн театрт нөгөө хөгжмүүдээ өгөх гэсэн чинь нөгөө хотруу явсан хэдэн хөгжимчид чинь хөгжмөө өгдөггүй өөрсдөө авна гээд, театр авах гэдэг бөөн зөрчил маргаан үүссэн. Би театртаа өгнө гэсэн. Зах зээлд шилжээд хаа сайгүй бужигнаж байсан үе л дээ. Энэ дунд би болох болохгүй юм сэдсэн нэр зүүж, шүүхийн хаалга татаж, бүгд найрамдах уншуулаад шүүхийн шийдвэрээр ажлаасаа халагдсан ... Бүх хөгжмийг маань эвдээд дууссан даа. Хөгжмийг маань эвдээд ширээний ивүүр хийсэн байхыг хүртэл ах нь харж л явлаа ...

Ингээд л амьдрах гээд ах нь их үзсэн дээ. Гунигтай даа гунигтай. Юм хийснийхээ төлөө гутаж явах шиг гунигтай юм гэж байхгүй юм билээ. Миний аавын шавь, манайхаар орж гарч явсан гэмгүй сайхан байсан хүн ч дандаа дарга нарт очиж матаад л, сувинерийн хөгжим хийдэг гэж ярьж явсан нэр бүхий хүмүүс ч байгаа.

-Түүнээс хойш хөгжим урлах ажлаа орхиогүй биз дээ?

-Оргилсон их хүсэл мөрөөдөл маань унтарсан ч хөгжмөө урласаар л байсан. Дараа нь мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд дэд байр эзэлсэн. Ийм хошой шагнал авсан хүн монголд байхгүй. Урласан хөгжмөө оюуны өмчийн газарт бүртгүүлж 17 патент авсан. Бие даасан үзэсгэлэнгээ зургаан удаа гаргасан. Миний гурван хөгжим театрын музейд хадгалагдаж байгаа. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглож байгаа. Алтай хамтлагийнхан, алдарт ятгачин, Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэ миний хийсэн хөгжмөөр тоглодог. АНУ-ын хөгжмийн музейн эрдэм шинжилгээний байгууллагад хоёр хөгжим маань байгаа.

Оюуны өмчийн газраас миний хөгжмүүдээр хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч батламж олгосон. Аймгийнхан дэмжихгүй ч миний ажлыг ойлгож дэмждэг хүмүүсээс урам авдаг.

-Таны урлахуйн онцлог юу вэ? Эртний хөгжмийн зэмсгүүдийг сэргээн урлах ажлыг хийж байгаа гэж дуулсан?

-Хөгжмийн сонирхол маань цаагуураа л намайг судалгааны ажилд татан оруулсан. Урлагийн буянд улсынхаа 280 орчим сумаар явж үзсэн. Тэгж явахдаа л хөгжим сонирхож, үзэж харж явлаа. Ж.Бадраа багшийгаа ардын язгуур урлаг судалж хөдөө гадаа явахад нь хамт явж байсан удаа ч бий. Асар их судалгааны үндсэн дээр хөгжмийг урладаг. Миний цуглуулсан судалгааны материалаас докторын ажил хийж байгаа хоёр ч хүн их сайхан судалгаа олж авлаа гээд явж байсан. Түүнээс гадна гурван ч магистрын ажлын судалгаанд хэрэг болж, зарим нэгийнх нь аминд ч орж явлаа даа.

Одоо монголчуудын тоглож байсан хуур, ятгын төрлүүдийг сэргээн урлаж байна. Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур зэрэг хөгжмийг сэргээн хийсэн.

Шанаган хуур бол манай төв Халх түмний өөрийнх нь брэнд болсон хөгжим. Гэхдээ дандаа хаад, хутагт, хувилгаадын өргөө гэрт залагддаг байсан. Заяын гэгээн өргөөндөө залж байсан арслан хуурыг судалж сэргээгээд яг тайзны хэмжээнд зориулж хийсэн.

Монголд ес байдаг шанаган хуурын уламжлалын долоо нь манай аймагт байдаг. Гурван зуу гаруй жилийн настай матар хуурыг бас сэргээж хийсэн. Уламжлагдаж ирсэн эдгээр хуурууд нь бидэнд хосгүй үнэт зүйл юм шүү дээ.

Илдэн Бэйлийн хошууны хун хуур гэж бас бий. Бэйлийн хошууныхан хэрэглэж байсан, Шанхын хийдэд залагдаж байсан түүхтэй. Бас өөрсдийгөө хун гарвалтай гэж  үздэг буриадууд хун хуурыг их залдаг. Алтай хамтлагийнхан тоглож байсан миний хийсэн хун хуур байна. /үзүүлэв/.

Луу гүний үед хөгжмийн бас их том соёл дэлгэрч байсан түүхтэй.

Баруун Монголчуудын хувьд морин толгойгүй, ширэн цартай хуурыг эгшиглүүлж байсан сурвалж бий. Баруун талынхаа хөгөөр хөглөдөг икэл, чандмань гэх мэт баруун зүгийн хууруудыг ч би сэргээж хийсэн. Шанаган, икэл хуур нь 100 гаруй жилийн өмнө тоглогдож байсан түүхтэй. Энэ хуурыг л гэхэд их олон жил бодож байж хийсэн дээ. Баруун Монголчууд хөгжмийн өндөр соёлтой, язгуур урлагийн асар их өвтэй түмэн.

Биба хөгжмийг монгол үндэстний хөгжмийн хаан гэж үздэг. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог хөгжим. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн монголд алга. Харин энэ хөгжмийг тоглодоггүй мөртлөө хятадын пипаг сургалтад оруулж байгаад харамсдаг. Зөв ч юмуу буруу ч юмуу. Тэр пипа нь монгол акустик байхгүй нэг их дээшээ лут дуугарсан л хөгжим байдаг.

Монгол хуур, Өвөр монгол хуур хоёрыг харьцуулаад тоглоход шал өөр шүү дээ. Монгол хуур бол сайхан цаанаа л нэг хүнгэнэсэн дуутай.

Би зургаан төрлийн ятга хийсэн. Алдарт ятгачин Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэд хамгийн сүүлд Хүннү ятгыг хийж өгсөн. Хүннү ятга маань марк болж худалдаанд гарсан.

Хөгжим урлахад дээд зэргийн сайн хатаасан хус, гацуур гээд л чанар сайн материал орно.

Хөгжим урладаг хүн маш их байдаг ч нэг хөгжмөө л дагнаж хийдэг болохоос надаас өөр эртний хөгжмийг сэргээж хийж байгаа, язгуур хөгжмийг цогцоор хийж байгаа хүн Монголд байхгүй.

Анх 1989 оны мэргэжлийн морин хуур хийх улсын уралдаанд 76 хүн орж байсан бол хамгийн сүүлийн орсон тэмцээнд мэргэжлийн талаасаа шахагдаж цөөрөөд 26 хүн л орж байгаа юм. 1989 оноос хойш маш их хөгжсөн ч монгол дуугаралтаа алдаж хөгжиж байгаа. Намайг бол хөгжим судлаачид тэмбр зөвтэй гэж үнэлдэг.

Ийм нарийн нандин том өвийг нэг насандаа хийж дуусдаггүй юм байна. Ах нь бол ардын өв уламжлалын нэг их том эрдэнэсийн сан дотор л яваад орчихсон юм шиг л байгаа юм. Бариад авахаар нэг их гялалзсан талсттай, үзээд, хараад, судлаад дуусашгүй. Ардын өв гэж их агуу юм байгаа юм даа. Би шавхагдашгүй эрдэнэсийн санд орчихоод л үзэж, судалж дуусахгүй өв соёлын гайхам сайхан ертөнцөд амьдарч яваа.

-Ярилцсанд баярлалаа. Таны хөгжим урлах их үйлсэд бүтээлийн дээдийг хүсье.

Ц.ӨНӨРЦЭЦЭГ (2018 оны 10 сар)