Амай | Жамбалсүрэнгийн Золбаяр
9 жил, 9 сар өмнө

Аялагч, нийгмийн зүтгэлтэн, мөрөөдлөөрөө амьдрагч, 12 жилийн турш дэлхийн 86 улсаар аялаж судалгаа хийсэн.

Намайг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг.

Монголчууд маань намайг Амай гэдгээр сайн мэднэ.

810 жилийн түүхт,

Их Эзэн Чингис Хааны бүтээсэн,

Нүүдэлчин овог аймгуудын Ураг нутгийг нэгтгэсэн,

МОНГОЛ ҮНДЭСТЭН-ий,

Ардчилсан Бүгд Найрамдах засаглалтай,

Тусгаар Монгол Улсын иргэн миний бие

1979 оны 6 сарын 28 нд

БНМАУ-ын, Монголчуудын шинэ нийслэл Улаанбаатар хотод

Их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж өссөн билээ.

Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан юм.

1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг төгссөн.

2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн.

2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн и Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлэв. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон юм.

ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжилээ дээшлүүлэв.

2005 оны 11 сарын 4 ний өдөр “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, шинэ нийслэлээс Дэлхий дахиныг танин мэдэж, туулахаар холын замд гарч, 10 гаруй жилийн хугацаанд

Монголын,

Төв, Баруун, Зүүн Өмнөд Азийн,

Хойд, Баруун, Зүүн, Өмнөд Европын,

Ойрхи Дорнодын Араб, Еврей, Бедуинуудын,

Хойд, Зүүн, Өмнөд, Баруун Африк тивийн,

Хойд болон Төв Америкийн

төр улсын түүх, тогтолцоо, эдийн засаг, соёл уламжлал, нийгмийн төрөл бүрийн байгуулалттай 86 улсад бадарчилж,

олон зуун мянган өөр өөр үүсэл гарал, дүр төрх, шашин шүтлэг, ажил мэргэжил, амьдралын хэв маягтай хүмүүстэй уулзан учирч, ярилцаж, Амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой боллоо.

XXI зууны эхэн үеийн Дэлхийн байгалийн гоо үэсгэлэн, Хүн Төрөлхтний аж амьдрал, Цаг хугацааны түүхэн баримтуудыг цуглуулж, амьдрал, хөгжлийн олон асуултын хариултыг олох нь “Монгол Бадарчин” төслийн гол зорилго байв.

Зөвхөн Монгол Үндэстний төдийгүй,

Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж,

Тусгаар Монгол улсынхаа далбааг Дэлхийн алс хязгааруудад намируулан мандуулж,

Гадаадын олон зуун мянган хүн ардад эх орон, Монголоо сурталчилж,

Дэлхий дахин гэж юу байдаг, соёл иргэншлүүдийн харилцаанд яг юу болж байгаа, энэ цагийн хүмүүст юу хэрэгтэйг ойлгоод, Эх орондоо эргэн ирээд байна.

“Монгол Бадарчин” төслийн хүрээнд бичигдсэн тэмдэглэлүүдийг Монголын ихэнх сонин хэвлэл, сэтгүүл, интернэт мэдээллийн сувгууд цаг тухайд нь олон нийтэд түгээж,

өөрийн олж мэдсэн Дэлхийн мэдлэг, амьдралын ухаан, хөгжлийн онолоо ТВ-ийн бараг бүх сувгуудаар ярилцлага хэлбэрээр тайлагнаж,

Энэ хугацаанд Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагууд, их, дээд, дунд сургууль, хувийн хэвшлийн нийт 300 гаруй албан газруудад уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн, Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” гурван боть ном, “Дэлхийн Нэг Өдөр” гэх Монголын экспортонд бэлдсэн, XXI зууны эхэн үеийн Дэлхийн амьдралыг үзүүлсэн хамгийн хэрэгтэй зурган мэдээлэлтэй, фото тэмдэглэлийн ном-альбом зэргийг бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээлээ.

Дээрх ажлын хажуугаар Монголын хип хоп урсгалын хөгжил, FM радиогийн хөгжил, DJ урлагийн хөгжил, Графити урлагийн хөгжил, Бүжгийн урлагийн хөгжил, ТВ-ийн хөгжил, блог тэмдэглэлийн хөгжил, сэтгүүл зүйн хөгжил, аялал жуулчлалын хөгжилд тус бүр хувь нэмрээ оруулж,

Залуусын юм үзэж нүд тайлах хүсэл эрмэлзлийг бадруулах, зоригжуулах, аялах замыг нээх зэрэг ажлуудад идэвхтэй оролцлоо.

Миний мэргэжил бол олон улсын харилцаа, гэхдээ 90-ээд оны үед манайд дэлгэрсэн гурван улсыг дамнасан улс хоорондын наймааны ухаанд суралцаж, диско клубын менежер, FM радиогийн менежер, хөтлөгч, S.A studio гэх хөгжмийн болон видео студи байгуулж, хөгжмийн продюссер, фотошоп дизайнер, ТВ-ийн хөтлөгч, сэтгүүлч, фото сурвалжлагч, мэргэжлийн аялагч, зөвлөгч, амралтын газрын аниматор, ном хэвлүүлэгч, багш сургагч, түүх соёл судлаач, шашин судлаач, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлээр ажиллаж, амьдралынхаа туршлагыг өргөтгөсөөр ирлээ.

Цахилгаан монтаж, фото зураг дарах болон боловсруулж хэвлэх, загвар өмсөх, хувцасны дизайн, оёдол, компьютер угсралтын сургалтуудыг тодорхой төвшинд гүйцээж,

Word, Photoshop, Premier, Sound Forge, Fruity loops программын орчинд ажиллаж,

интернэтийн Facebook, Twitter, instagram, Youtube гэх сошл орчинд хориод суваг нээн, олон нийтэд хүрч, мэдээллээ түгээсээр байна.

Олон мянганыг туулсан манай Аугаа соёл иргэншлийн, энэ цаг үед амьдарч буй Монгол залуугийн нүдээр, XXI зууны эхэн үеийн Дэлхийн болон Монголын амьдрал ямар байсан тухай хойч үедээ дуурсгах зорилгоор бүтээгдсэн, хамгийн олон хүнд хүрч чадсан, 11 жил зогсолтгүй хөтөлж буй www.amai.mnблогоо ажиллуулсаар байна.

2015 оноос эхлүүлсэн “Амай Илгээлтийн Эзэн” төслөөр, БНМАУ-д юм үзэж, нүд тайлсан залуу үеээ хөдөө, алс хязгаарт соёлын үр түгээлгэхээр илгээдэг байсан хөтөлбөрийг дахин сэргээж, Монголын залуус сайн дураараа хөдөөг хөгжүүлэхээр явдаг ажлыг өрнүүлэх зорилготой байна.

Одоогийн байдлаар Аавын маань нутаг Увс аймгийн Давст сум, Ээжийн минь нутаг Архангай аймгийн Өлзийт суманд судалгааныхаа ажлаа хэрэгжүүлж эхэллээ.

Миний бие хийсэн, бүтээсэн ажлуудаараа Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох Хубилай Хааны алтан медаль, ШУА-ийн Олон улс судлалын профессор цол, Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Энх Тайван Найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал “Найрамдлын алтан од”, Сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Ган Үзэгтэн”, ТВ олон нийтийн санал асуулгаар шалгарсан “Энэ цагийн Эгэл Баатар” цол өргөмжлөл зэргийг хүртээд байна.

http://www.amai.mn

https://www.facebook.com/amai.mn