Чинагийн Галсан: Нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн. Зарим ном минь Германд 20,000% борлогдож байсан
9 жил, 1 сар өмнө

ХБНГУ-ын Бундестагын дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсанд Холбооны гавъяаны загалмайн одонг гардуулахдаа;“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа нь цаад утгаараа тэрээр өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл үүгээрээ байгалиас заяасан авъяасыг хүндэтгэж, бүтээлээрээ дархалсан гавъяаг үнэлж чаддагаа дэлхий дахинд харуулжээ…” гэж хэлжээ.

Лайпциг, 2002.12.20

-Таныг Германд л байдаг гэж бодож явлаа, ирээд удаж байна уу?
-Би ирэн очин байдаг хүн шүү дээ. Тэнд 3 сар л байдаг, виз тэгж таардаг.

-Та Герман хэлээр хичнээн номтой юм бэ?
-Би нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн байх юм. Анх нэг ч ном бичээгүй байхдаа би 5 ном л гаргана гэж хэлэхэд манай зохиолчид жоохон дооглонгуй: “За бичээд байж дээ…” гээд мушийж байж билээ. Тэгэхэд залуу ч, омголон ч байж. Гэтэл өнөөдөр 50 ном гаргах дээрээ тулчихаад байж байна даа. Одоо би ядарч байна, хөгширлөө гээд зогсож болно л доо. Өмнөхөөсөө давах зохиол л бичих зорилготой болохоос, тоо хөөцөлдөх бодол алга. Эрнест Хеменгуэй сүүл рүүгээ өмнө бичсэнээ давахаа болисон. “Өвгөн далай хоёр”-оосоо хойш өөрийгөө ч дэлхийн зохиолчдыг ч “цохино” гэсэн хүн гутрахдаа амиа хорлосон юм шүү дээ. Архинд их орчихсон эмзэг хүн байсан болоод тэр.

-Та Хеменгуэйг их уншдаг уу?

-Уншдаг байсан, сүүл рүүгээ больсон. Яагаад гэвэл “Африкийн ногоон толгод” номондоо арьсны үзэлтэйгээ илчилж, харуудыг их доош хийсэн юм бичсэн байдаг. Бас амьтан алж хядаж байгаагaa их л баяссан өнгөтэй бичснийг хараад уншихаа больсон. Хиеэн гэж нэг нохой байдаг шүү дээ. Харaхад их муухай л дaa, тэрийг буудаж тамлаж алснаа жаргал болгож, яаж гаслаж гангинасан, цусаа хэрхэн урсгасан гэх мэтийг бичсэнийг уншаад би уншихаа больсон.

-Одоо ямар ном уншиж байна?
-Далай ламын номуудыг англиар харж сууна. Миний бодсонтой бүр яг таарсан юм их байх юм. Бид хоёрын амьдрал их адилхан санагддаг. Би энэ хүнийг их өрөвддөг, уулзаж ч байсан. Нобелийн шагналтай том хүн ч гэсэн эх орон байхгүй, xятадуудад зүхүүлээд, зовж яваа хүн шүү дээ. Нэг удаа хамтраад юм ярих бодолтой байдаг. Сэтгүүлч хүнийг сонин битгий уншиж бай гэх ч хаашаа юм. Би сонин уншдаггүй болоод удаж байна. Нетээр хааяа нэгийг түүж сорчилж хардаг. Манайх шиг сонингууд хүний сэтгэлийг их хиртүүлдэг юм. Ер нь залуус та нар сонголт сайн хийж унших хэрэгтэй. Их гунигтай, зовлонтой, хар юм унших дотроо харлуулж байгаа хэрэг шүү дээ. Бал нь дотор сэтгэлд тогтдог юм. Чингиз Айтматовыг уншдаг. Би таньдаг байлаа. Тэр Киргизээрээ, би Тувагаараа яриад хэлмэрчгүй ойлголцдог байсан. Хаaяа нэг мэдэхгүй үг гарч ирвэл би казаxаар асууна, тэр ч казак хэл сайн мэднэ. Мэдээж болохгүй бол оросоор ярина. Миний бодож явдагтай яг адил юм бичдэг байсан нь санаа нийлэх гол шалтгаан. Айтматов намайг их зоригжуулсан хүн. Миний өмнөөс, Төрмөнхийн өмнөөс, ер нь дорно дахины хүний өмнөөс хэлж бичсэн анхны том хүн байсан. Бид их дотно, багш шавь болцгоосон. Сүүлчийн удаа уулзаад лифтэн дотор гар бариад салхад хажуудах хүндээ:

“Энэ залуу их зовж байна. Яг исэлт нь боловсорч байна. Энэ хүн хүрэх газраа хүрнэ. Би харахгүй байх, та нар харна aа ” гэж хэлсэн гэж байгаа. Жилийн дараа хорвоогоос явсан л даа. Кавабатаг их уншсан. Лакснэс гэж Исландын нэг зохиолч бий, бас их уншсан.

-Таныг гаднаас их олон шагнал авсан гэж сонсож байсан манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?
-Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаны төлөөх шагнал (Heimito-von-Doderer- Award ) гучин мянган евро дагалддаг том шагнал л даа.

Adelbert-von-Chamisso-Award: Би 10 дахь хүн нь юм билээ. Тэгээд би өмнөх 9 хүнээ судалж харлаа. Гэтэл тэнд амьдардаг гадныхан, өөрөөр хэлбэл тэдний иргэд авсан байх юм билээ. Энэ утгаараа бол би анхны жинхэнэ гадны хүн, бүр азийн анхны зохиолч болж таарч байх юм. Тэрбум гаруй хүнтэй Хятад ч аваагүй, тив алгасагч пуужинтай Орос ч аваагүй, Азийн Америк гэдэг Япон ч аваагүй юм билээ.

-Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүнийг манайхан нэг л тоож харахгүй юм даа. Нобелийн шагналыг төр нь тодорхойлдог билүү? Мураками гэж япон зохиолч бараг жил бүр л нэр дэвших юм?

-Тэгэлгүй яахав. Нобелийн академид миний нэр зүгээр уншигчдын хүсэлтээр хэд хэд очсон гэдэг. Уг нь тэр зохиолчын улсын төр, засаг л тодорхойлдог журамтай. Би Тува гэдгээсээ болоод л хавчигдаад, хариуцах хүнгүй болчихоод байна уу гэж боддог болсон. Энэ миний нэг бахархал, бас зовлон. Бүр Цэдэнбал даргын үед би Германд айлчлах илтгэл, энэ тэрийг нь бичиж, орчуулж бэлдэж өгч байлаа. Тэгэхэд Герман бичгийн машин байхгүй, би өөрийнхөө машиныг бөөн зөвшөөрөл авч байж ордонд авч орж хийж өгч байлаа. Цэдэнбал дарга; Чи над шиг их няхуур ажилсаг, нэг юмандаа улайрдаг хүн юм байна. Би сэмхэн ажиглаад л байлаа гэж магтаад жоохон юм ярьж билээ. Тэгээд эцэст нь чи хаанахын хүн бэ ? Нутаг хаана билээ ? гэж асуусан. Би Тува хүн гэж хариулсан чинь их дургүйцэж Монголд нэг ч Тува хүн байхгүй шүү. Чи бол Урианхай хүн! гэж билээ. Урианхай хүн монголоор ярьдаг, бид Тувагаар ярина гэсэн чинь тун их дургүй байсан.

-Яагаад тэгдэг юм бэ? Одоо ч бас тэгж хандаад байна гэх гээд байна уу?
-Хар хайрцагны бодлого. Бал дарга их юм уншиж мэдсэн хүн байсан юм шүү дээ. Би сүүлд учрыг нь мэдсэн. Чингис хаан Туваг эзлээд хаа байгаа Бурхан халдуны дэргэд байдаг Урианхай нараар нэрлэсэн байдаг юм билээ. Нэгдсэн их гүрэн байгуулах гэж байгаа улс чинь тэгдэг юм байна л даа. Египитийг Миссир, Энэтхэгийг Жагар гэх мэтээр бүгдийг Монгол нэрээр нэрлэдэг байсан шүү дээ. Нэгдсэн улс байгуулж байсан улсын бодлого. Харин надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo. Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!



-Таны номнууд Германд хэдэн хувь борлогддог юм бэ? Манайд бол ном маш муу гүйлгээтэй байдаг юм билээ.
-Дэлхий даяар ном тийм ч их гүйлгээтэй биш болсон. За яахав өнөөх их рекламтай ном бол өөр байдаг байх. Би эхлээд хэвлэлийн газартаа гар бичмэлээ үзүүлнэ.Тэд уншаад гэрээ хийгээд гарын үсэг зурсан өдрөө багахаан урьдчилгаа өгнө. Гэхдээ 5000 орчим евро ч юм уу, манайхаар бол 15 сая төгрөг үү? За тэгээд зарагдаад эхлэхээр тонтем гэж нэрлэдэг 10 хувь орчмыг авна. Энэ сүүлийн ном л гэхэд 22 еврогийн үнэтэй байна уу? Тэгэхээр нэг номноос 2 евро гэсэн үг. Хэвлэлийн газар маань уулзалт их зохион байгуулна. Нэг уулзалт дээр аягүй бол 100 ном ч зарагдаж мэднэ. Би худалдаж авсан номонд нь гарын үсэг зурдаг. Тийм уулзалтыг тэд нар зохион байгуулна. Зардлыг, буудлыг тэд даана. Тэгээд л өнөөх тахиа өндөглөж байгаа юм шиг жоохон жоохноор энд тэндээс түүгээд байдаг. Янз бүр дээ, ном болгон адилгүй. Сардаа ч юм уу улиралдаа орлогоо шилжүүлнэ. Надад менежер байгаа. Тэр бүхнийг зохицуулна. Зарим ном 20 мянган хувь зарагддаг. Гэхдээ бас энэ тийм ч үнэн тоо биш. Хэвлэлийнхэн дардаг байх. Би өөрөө мөнгө гаргаад ийм сайхан ном хэвлэнэ гэвэл бүтэхгүй шүү дээ. Цэвэр оюун ухаанаа зарж идэж байгаа болохоор сайхан шүү дээ. Бac зардлыг хэвлэлийн газар хариуцдаг болохоор.

-Тэгээд та байн байн яваад байдаг хэрэг үү? Номоо ингэхэд хаана бичдэг юм бэ?
-Хэвлэлийн төлөөлөгчид том том хот болгонд байдаг л даа. Тэд намайг тийм уулзалтанд уридаг юм. Тэр уулзалтууд дараагийн борлуулалтанд их нөлөөтэй. За Галсан ах сайн ярина шүү! гэнэ шүү дээ. Би баахан бурж өгнөө, тэгээд борлуулалт нэмэгддэг юм. Бичихийн тухайд бол хаана ч бичнэ. Шүлгүүдээ би ихэнхдээ галт тэргэнд, зочид буудалд бичсэн байдаг. Жинхэнэ нүүдэлчин шүү дээ би гэдэг хүн. Тэгээд ерөөсөө л нүүдэлчдийн тухай бичдэг хүн . Би 10 роман бичсэн. Энэ сүүлчийн “Алт ба элс” романыг дэлхийн хэмжээний роман гэж шүүмжлэгч нар үнэлсэн. Би өөрийгөө нэг алтны уурхайтай хасаг хүүхэнтэй хайр дурлалын холбоотой болсон тухай роман юм л даа. Би болохоор уулаа ухуулмааргүй байдаг, гэтэл өнөөх хүүхэн жигтэйхэн баян, тэгээд бид хоёр хайртай, ийм нэг зөрчилтэй роман. Сүүлдээ өнөөх хүүхэн үхэж би Баян-Өлгийд байгуулсан оршуулгын газартаа оршуулж байгаа гардаг. Тийм оршуулгын газар би байгуулсан юм. Битүү модтой сайхан газар. Үзэл бодол нь эсрэг гэхдээ зүрх сэтгэл нь хоорондоо татагдаад байгаа тухай зохиол.

-Мод гэснээс, нээрээ таныг нэг сая мод тарих зорилготой гэж бичээд байх боллоо.

-Тийм, чиний энэ харж байгаа моднуудыг бүгдийг би тарьсан, гэхдээ ойгоос хулгайлж авчраагүй. Бүр үрээр таpьж байгаа.Тээр харагдаж байгаа шилэн хүлэмжинд үр суулгаад ургуулдаг юм.Тэр том торхонд 2 тонн ус байгаа. Доорoo худагтай. Газрын наймаа мафи байна гэдэг үнэн шүү дээ. Энэ газрыг 10 саяар, тэр хүлэмж байгаа газрыг 20 саяар авлаа шүү дээ. Надад мод тарих газар ч олдоoгүй. Батлан хамгаалах яаманд маш олон мод тарьж өгсөн. Тэнд хээрийн сургууль гээд байлдаж тоглоод байдаг даа. Цэргийн ангийг хархад ганц ч модгүй зэвхий саарал байхаар нь л тарьдаг юм шүү дээ. Намайг ганц дэмждэг байгууллага шүү дээ. Баян-Өлгийд, энд гээд тарисан мод бий. Нэг сая мод гэдэг их тоо л доо, гэхдээ би тарина л гэж боддог. Энэ хавийн айлуудад мод өгдөг. Зарим нь ч сайхан арчлаад ургуулах юм, зарим нь ч үхүүлчих юм даа. Хүмүүс дэмжих нь байтугай тоохгүй шүү дээ. Сая Л.Түдэв багш нэг нийтлэлдээ Ч.Галсан өөрийнхөө мөнгөөр сая мод тарих гэж байхад энэ төр огт ойшоохгүй байна гэж бичсэн харагдсан.

-Бас нэг ойлгомжгүй юм дуулсан. Бороо оруулдаг төхөөрөмж ч гэлүү? Зарим хүн Ч.Галсан солиорчихож гэж байсан.
-Тийм ээ. Би тийм төхөөрөмж бас өөрийнхөө мөнгө төгрөгөөр хийлгэсэн юм. Манай энэ тэнгэр мандалд цөмийн хогooc болж блокад бий болчихдог юм байна. Тэрийг нь сорж ч гэхүү онгойлгож байгаа төхөөрөмж л дөө. Зад гэдэг шүү дээ. Исгэрэхээр тэнгэр задраана гэж манайхан ярьдаг даа. Тиймэрхүү л нэг юм. Олон төмөр хоолойгоор татахаар тэр үл үзэгдэх хогон хана нурж байгаа хэрэг. Нэг нураад эхлэхлээр яг л элс нурж байгаа юм шиг цааш яваад эхэлдэг юм шиг билээ. Исгэрээд салхи гаргаж өдөөдөг шүү дээ, түүн шиг л юм гэж ойлгож болно.

-Ийм хачин юмыг тэгээд та бодож олоод, тийм машин хийгээд, тэгээд бороо ороод байгаа болж байна уу? Итгэхэд их л хэцүү юм.

-Тэрийг би бодож олоогүй. Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон юм. Тэнгэрт бид тусалж болно, тэнгэр өөрөө баярладаг, гомддог, амьтай гэж үздэг хүн байж. Манайхан тэнгэрт сүү өргөөд байдаг шиг юм л даа. Тэнгэр амьтай, сүнстэй гэж үзээд түүнээсээ болж европын эрдэмтдэд гоочлогдоод Хэрээстийн шашныг, ертөнцийн эзнийг доромжилж байна гэж Европоос хөөгдөөд Америкт дээр байх гээд очсон чинь бүр чонын амнаас гараад барын аманд оров гэгч болоод шоронд ороод 1951 онд нас барсан хүн. Бүр үхсэнийх нь дараа Америкын нэг шүүх Вилхэлм Райхын үзэл шашны эсрэг буруу суртал гэсэн тогтоол гаргаад бүх номыг нь шатаасан гэж байгаа. Caяхан шүү дээ. Өнөөх буруу халимагт 1933 онд л ном шатаасан гэдэг. Тэгэхэд бас бүр саяхан ч ийм юм болж л байж. Энэ тухай хэн ч дуугардаггүй шүү дээ. Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн Орос- Монгол толийн хавсралтыг хэвлэх үйлдвэрт бас шатааж байсан гэж байгаа. Би тэр Вилхэлм Райхыг номыг олж уншаад тийм төхөөрөмж аль дээр хийгээд бүр ашиглаж байсныг номноос нь олж мэдсэн . Америкийн Невадад анхны атомын бөмбөг дэлбэлсний дараа ган гачиг нүүрлэсэн үед машин хийж бороо оруулаад бүр ган гачигийг зогсоосныг бичжээ. Тэр хүн бас түүнээсээ болж буруудсан байх юм. Яагаад гэвэл ган гачиг болж байвал өнөөх худаг ус гаргадаг бизнест сайн байна шүү дээ. Ингээд тэр хүнийг үгүй хийсэн . Дараа нь мартагдаж байгаад Арабын оронд тэр машиныг хийж Сахарын цөлийг ногооруулаад бараг 15 жил болж байгаа тухай олж мэдлээ. Дараа нь тийм машин хийдэг Алжир хүнтэй танилцлаа. Mажид Абдул Азиз гэж тэр хүнийг авчираад 14 хоног цагийн 100 еврогоор хөлслөөд 2012 онд хийлгэсэн эд л дээ. Цэврийн цэвэр ган төмөр ордог тэрийг нь Германаас авчруулсaн.

-Ямар өртөг гарав?
-Германы пүүс надад тэр ган турба энэ тэрийг бэлэглээд байхад л 50 сая төгрөгөөр энэ машин боссон. Тэгээд 2012 оны 4 сарын 9-ны өдөр ашиглалтанд оруулсан. Гэхдээ бөөгийн ёсоор гал өрдөж залбирч яг л овоо тахиж байгаа юм шиг ёслол хийж тэнгэрийг аргадсан хэрэг. Олон хүн намайг хараад энэ хүн солиорч гэж бодсон доо. Зарим нь Галсан бөө болчихож гэж байхад, зарим нь энэ овоо сайхан амьдралтай хүн шороон дээр хөрвөөгөөд солиорч гэж бодoo биз. Эхлээд маш их салхи тависан. Дараа нь тэсэхийн аргагүй хүйтэн болоод тэгээд үүл ээрүүлэнд ээрсэн ноос шиг хуйлраад сүүлдээ бороо, цас холилдоод орж эхэлсэн. Машины зураг харъя гэвэл www.galsan.info сайтад байж байгаа. Тэнгэрийг сэрээж, задрааж байгаа юм шүү дээ. Манай Тувачууд 9-ийн тоог их эрхэмлэнэ. 29 ч юм уу 19 ч юм уу 9-тэй өдөр Тува айл огт юм гаргадаггүй. Тэгээд 9-нд амжуулах гэж их яарсан даа.

-Хачин юмаа?
-Чи нетээс хараарай. Сүүлд чамд үзүүлнээ. Одоо ажиллаагүй байгаа.

-Одоо эргээд зохиол руугаа оръё. Бас таны тухай. Та ер нь жоохон гомдож явдаг хүн шиг харагддаг?
-Гомдох ч гэж дээ. Манай энэ төр засаг миний чадварыг, намайг нэг ч удаа ашиглаж чадсангүй. Дандаа бусдад ашиглуулж байна. Киргиз улс Чингиз Айтматовыг 16 жил Бенелуксын 3 оронд элчингээр суулгалаа шүү дээ. Тэр хугацаанд Киргизэд тэр хүн мөн ч их юм олж өгсөн дөө. Хэрвээ энэ төр засаг чи Германаас ийм нэг юм бүтээгээд, мөнгө босгоод ир гэвэл би яаж ийж байгаад нэг юм болгож орхино дoo. Тэнд би гайгүй нэртэй. Надтай уулзаж байгаа улс нэг л биширсэн өнгөөр бүр гарт минь ч болтугай хүрэх гэж бараг л Далай ламтай уулзаж байгаа юм шиг ханддаг юм шүү дээ. Дэлхийн суутнуудын уулзалтад олон удаа сууж байлаа. Дэлхийн ухаантнуудын зөвлөлийн гишүүн гэж байгаа.

-Таны хөөж биш, хүлээж гүйцнэ гэдэг үгийг би их иш татдаг юм. Энэ таны үгүү ийм үг байдаг юм уу?
-Энэ миний л үг л дээ. Монгол ухаан гэдэг тайван тэвчээртэй байж, хөөж биш хүлээж гүйцэх ухаан шүү дээ. Европыг би сайн мэднэ. Тавь гаруй жил ирэн очин байна. Тэд нар мөнгө, цагтай уралдаж байна гээд л бажигдаад гүйлдсэн яаруу сандруу улс байдаг . Аливаа юм эргээд л ирдэг дугуй цагириг замтай байдаг. Бид тосож, угтаж бодох хэрэгтэй. Харин сүүлийн үед манайхан яг л тэдэнтэй адилхан хөөж гүйх болж дээ. Бид энэ янзаараа бол Хятадад бууж өгч мэднэ гэж бодох боллоо. Өндөр гэгээн Занабазар Чингисийн тугийг өөрөө өмнөд хөршид мөлхөж очоод бөхийлгөсөн түүхтэй шүү дээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд гарч байлаа. Одоо яг 100 жил болж байна. Юм эргэх гээд байдаг гэж би дээр хэллээ. Оросод энэ Украйнаас ч болоод юм уу, эсвэл Өмнөд Солонгос дайн эхлүүлж тэгээд өнөөх Америк орж ирээд бөөн юм болж мэдмээр санагдаад байх боллоо… Би улс төр нэг их сонирхдоггүй. Гэхдээ 24 жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч нефттэй боллоо гээд л цагаан дээлээ хар тосоор мялааж байлаа. Би их баярлаж билэгшээж байлаа. Кувэйт шиг орон болох нь гэж. Гэтэл одоо өнөө нефьт хаана байна? Хятад л авдаг юм уу даа. Энэ нэг төмөр зам гээд, нарийн бүдүүн гэж 4 жил хэрэлдлээ, бас л таг. Одоо ч өрнөөс их юмгүй л боллоо гэх болж дээ. Ингэж хэрэлдэж байх хооронд элдэв юм бүү болчихоосой гэж л ханцуйн дотроо залбирч суух юм даа.

-Та маргааш хаашаа явах гэж байна?

-Швейцарьт хэвлэгдсэн, бас Туркэд орчуулагдаж гарч байгаа номын ажлаар явна, олон уулзалтaд оролцоно. Вeна, Цюрих, Франкфурт, Хамбург гээд олон хотоор явна даа. Өндөр зэрэглэлийн зочид буудал, унаа бэлэн, олон хүнтэй уулзана гэхээр сайхан байдаг, гэхдээ бас ядаргаатай. Европ тивд ази хүнийг заримдаа тийм ч их тоохгүй юм шиг харагддаг. Намайг харин ийм сайхан хүлээж авч байхад би ханьцуйн дотроо залбираад л, номоо бичээд л явахаас өөр яах ч билээ дээ. Монголoop бас хэдэн ном гаргая гэж бодох л юм. Зав даан ч гарахгүй юм даа. Гадаадад ингэж тоож байгаа дээр нь л тэдэнтэй зууралдаад байна даа. Гэхдээ л Монгол хүний тухай бичнэ шүү дээ.

-Та өглөө бүр 4 цагт босдог гэсэн одоо ч хэвээрээ юу?
-Анх Германд очоод шалгалтанд тэнцэхгүй бол буцна гэж айгаад 4-т босож хичээлээ давтдаг болсоноос хойш бүүр дадал болчихсон юм даа. Бас 4 цаг л унтдаг. Эмч нар намайг одоо ахиу унтаж бай, настай болж байна, үхнэ шүү гэдэг юм. Би “Харин нээрээ би бас үхэх байх шүү” гэж тоглоом шоглоом хийгээд л өнгөрдөг. Нэгэнт 40 гаруй номтой болсон хүн 60 ном биччих юмсан гэж боддог. Бас Монгол хэлээрээ хэдэн ном бичих юмсан даа.

Энд тэнд тавьсан илтгэл, уулзалт цуглаан дээр хэлсэн үгээ эмхтгэж ном гаргах гээд мөн ч их ажил байна даа.

-Явах гээд давчуу байхад чинь шалаад ядраачих шиг боллоо. Танд баяраллаа сайн яваад ирээрэй.

2014- 4-1
Ярилцлагыг Д.Төрмөнх
Эх сурвалж: niitlelch.mn