Ж.ЛУВСАНДОРЖ: Авъяаслаг, бүтээлч хүмүүсд зөв менежмент хийж баялаг бүтээж болно
2 жил, 7 сар өмнө

“Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой гэсэн үзэл баримтлалтай, монгол хүний авъяас ур чадварыг нээж, бүтээлч монгол хүнийг олон болгох зорилготой Ж.Лувсандоржтой сонирхолтой ярилцлага өрнүүлснээ танд хүргэж байна. Тэрээр нийгмийн асуудлыг бүтээлч байдлаар шийдэж нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлтийг авчирах зорилготой бүтээлч төслийг хэрэгжүүлдэг "Бүтээлч Монгол" нэгдлийг үүсгэн байгуулагч юм.

МОНГОЛЫН НЭГ АВЪАЯСЛАГ БҮТЭЭЛЧ ХҮН ГЭДЭГ БОЛ

ШАВХАГДАШГҮЙ НЭГ УУРХАЙ Л ГЭСЭН ҮГ

- Сайн байна уу. Таны хувь хүний хөгжлийн сэдвээр бичсэн цуврал зөвлөгөөг тань уншиж байсан. Бас таныг хүний хөгжлийн зөвлөх гэж тодорхойлсон байдаг. Энэ ажлынхаа онцлогийн тухай сонирхуулж яривал?

- Би уран бүтээлч хүн. Кино хийж бүх хүнийг өөрчилж чадна гэсэн хүүхэд насны дэврүүн мөрөөдлөөр кино урлагийн чиглэлээр суралцсан. Тэгээд сургуулиа төгсөөд том кино бүтээж чадахгүйгээ мэдээд, бас л хүнийг өөрчилж нөөлөлдөг салбар болох сонин эрхлэх ажлыг сонгож 2006 оноос “Яруу сэтгэгч” танин мэдэхүйн сонин эрхлэн гаргаж эхлэсэн. Энэ үеэс л хүний хөгжлийн салбартай холбогдсон.

Сониндоо тулгуурлаж “Яруу сэтгэгч” хүний хүний хөгжлийн клубыг байгуулж, олон судлаач, сэтгэлгээний хүмүүстэй танилцаж, олон ТББ-тай хамтарч ажиллаж эхлэсэн дээ. Сүүлдээ өөрөө хүний хөгжлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгдөг болсон. Сонирхлоо дагаж явсаар байгаад орчихсон салбар гэх юм уу даа. (Инээв)

2010 оноос хойш бизнесийн байгууллага, компаниудад голчлон зөвлөгөө өгч хамтран ажилласан. Байгууллага хүн дээр л тогтож байгаа шүү дээ. Бидэнтэй нэгдсэн судлаач, багш нартайгаа хамтран тухайн байгууллагын сургалт, хөгжлийн бодлогыг нь тодорхойлж, хэрэгжүүлдэг болсон. Энэ хүрээнд олон залуустай ажиллаж байсны хувьд чадлын хэрээр цуврал зөвлөгөө бичиж нийтлүүлсэн юм.

2013 онд хүний хөгжлийн төрийн бус байгууллагатай нэгдээд “Яру” нэгдлийг байгуулсан. Энэ үеэс манайх салбартаа мэргэшсэн судлаач, багш, бүтээлч хүмүүсийг дэмжих, тэднийгээ менежмент, маркетингийн бодлогоор хангаж бодлогын зөвлөгөө өгөх чиглэлд илүүтэй ажиллах болсон.

Бидний гол үзэл баримтлал бол Монголынхоо авъяаслаг, гоц бүтээлч хүмүүсийг илрүүлэн олж тэдэнтэйгээ нэгдэж, дэмжиж ажиллахыг хичээж байна. Тэдний оюун санааны бүтээлийг монгол хүний болон монгол компаниудын хөгжилд зориулахад чиглэж байна. Монголын нэг авъяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай л гэсэн үг. Энэ хүмүүс маань Монголын хөгжлийн тулгуур юм. “Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой.

- “Монголын нэг авъяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай гэж та хэллээ. Бид монгол хүнээ баялаг болгохын тулд яах ёстой вэ?

- Хүн бүрт мундаг санаа байдаг. Гэвч тухайн санагаа ажил хэрэг болгох тал дээр бусдад хүргэх тал дээр арга барилаа тэр бүр олж чаддаггүй. Энэ бүхэн дээр бид менежментээр дэмжиж ажилладаг. Уран бүтээлчид маань уран бүтээлээ л сайн хийх хэрэгтэй. Харин тухайн бүтээлийг нь зарж борлуулах ажлыг өөр баг гүйцэтгэх хэрэгтэй. Жишээ нь бид Сайн хүүхэд хөтөлбөр, Алтай ятга төсөл, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Монгол бэлэг хөдөлгөөн, Дээд эрүүл мэнд төсөл зэргийг Яруу сэтгэгч нэгдлийн судлаачидтайгаа хамтран хэрэгжүүлсэн. Уран бүтээлч, оюун санааны хүмүүсийн бүтээлийг бүтээлч үйлдвэрлэлийн хэлбэрт оруулж чадвал монгол хүнээ бид баялаг болгож чадах юм.

- Та өөрийнхөө уран бүтээлээс танилцуулна уу?

- Миний уран бүтээл гэснээс бидний уран бүтээл гэвэл илүү тохирох байх. Ер нь аливаа уран бүтээл, үйл хэрэг үргэлж л хамтын бүтээл байдаг. “Мөнхийн тэмүүлэл”, “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомог, “Эх орны залуус”, “Интернэт маркетинг” нэвтрүүлэг, “Өнөөдрийн тэмүүлэл” цуврал зөвлөгөө бий. “Өнөөдрийн тэмүүлэл” нь хүн өөрийгөө танин мэдэж, зөв зүгээ тодорхойлоход чиглүүлэх зорилготой цуврал зөвлөгөө юм.

ХҮН ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГЫГ ДАГАЖ

БҮХНИЙГ ОРХИЖ ДАХИАД ШИНЭЭР ЭХЛЭХ ЗОРИГТОЙ БАЙХ ЁСТОЙ

- Хувь хүний хөгжил юунаас эхэлдэг гэж та боддог вэ?

- Хүн энэ хорвоод ямар нэгэн утга учир, хийж хэрэгжүүлэх зорилготой учраас л мэндэлдэг байх. Тиймээс өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө хийх ёстой зүйлээ тодорхойлох нь хөгжлийн эхлэл байх. Хүн эцэг эхээс нэг төрнө. Дараагийн нэг төрөлт бол өөрийнхөө хийх ёстой зүйлийг ойлгох тэр мөч юм. Энэ мөчөөс цоо шинэ утга учиртай, тэмүүллээр дүүрэн амьдрал эхлэнэ дээ.

- Гэхдээ амжилтыг хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгоно. Энэтхэгийн нэг хүн хүүгээ сургуулиас нь хоцроохгүй гэж замд нь саад болж буй уулыг 30 жил нүхэлсэн байдаг. Энэ бол массын хувьд амжилт бус тэнэг үйлдэл. Харин залуугийн хувьд амжилт.

Тэр хийх ажлаа олсон байна. Ажил нь түүнд утга учир өгч, хүүдээ зориулж уулыг нүхэлсэн ч тосгоны бүх хүнд үнэтэй цаг хугацааг хэмнэх бололцоо олгосон байна шүү дээ. Тэгэхээр миний үзэл бодол бол яг тийм. Хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг олох, таних нь хамгийн чухал. Зөвхөн их мөнгө олно гээд бусдыг дагаж туйлширч болохгүй. Тухайн хүний хийх ёстой ажил хонь маллах, шүлэг бичих гээд юу ч байж болно. Зарим хүн шүлэг бичээд та нар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж юу байдаг юм гэдэг. Тухайн хүн шүлэг бичихээсээ таашаал авч тэр нь бусдад сайнаар нөлөөлж болно. Бүх зүйл материаллаг биш.

Хүн сэтгэлээрээ өлсч, цангана. Хүнд оюун санааны амьдрал байх ёстой. Хүүхэд байхдаа хүн маш том мөрөөдөлтэй байдаг. Би ерөнхийлөгч болно гэдэг ч юм уу. Томрох тусмаа тэр мөрөөдөл сарнидаг. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орчих юмсан. Их сургуулиа төгсөхийнхөө үед ажилтай болчих юмсан. Ажилд ормогцоо энэ ажлаа алдчихгүй юмсан гэж эмээдэг. Энэ мэт хүний амьдрал тойрогт орж эхэлдэг. Тав тух үүсэж хайрцаглагддаг.

Цалин авахгүй ч гэсэн дуртай зүйлээ хийгээсэй гэж би боддог. Хүн бүхэн аялах дуртай гэдэг хэрнээ яагаад аялдаггүйд нь гайхдаг. Шалтгаан нь мөнгө байхгүй гэдэг. Мөнгөгүй ч гэсэн аялах боломжтой. Надад бол тийм ч их мөнгө байхгүй. Гэсэн хэдий ч зун болгон аялдаг. Аймагуудруу явахад шуудангийн зардал 40- 50 мянган төгрөгтэй байхад л болчихно. Гэтэл хүмүүс дараа зун л яг явъя гэнэ. Дараа зун гэж байхгүй. Тэр зунаа аял л даа. Өөрийгөө олсон амьдрал хамгийн утга учиртай. Амьдралд мөнгө чухал ч мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл гэж байна.

- Залуучууддаа өгөх таны зөвлөгөө юу вэ?

-Залуучууддаа хамгийн түрүүнд хэлдэг зөвлөгөө бол зоригтойгоор эрсдэлтэй зүйл их хий гэдэг. Шаардлагатай бол дурласан ажлаа хийхийн тулд гэрээсээ ч хамаагүй яв гэж хэлдэг. Өнөөдөр 20, 30 хүрчихээд аав ээжийнхээ хажууд амьдраад л тэднийхээ өврөөс гараагүй хүн олон байдаг. Тэдний зарим нь “амьдралдаа өөрчлөлт хиймээр байна” гэдэг.

Түрүүн би өөрийгөө хөгжүүлэхийн хамгийн эхний алхам өөрийгөө таних гэж хэлсэн. Харин хоёр дахь алхам бол ямар нэгэн үйлдэл хийх юм. Ашгийн бус хүмүүнлэгийн гээд өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа л хий. Энэ бүхэн сэтгэл зүрхийг чинь хүчтэй болгоно. Ямар ч сургалтаас үүнийг авах боломжгүй. Өөрийнхөө хийж чадах зүйлээрээ бусдад тусалж эхэлмэгц орчлон ертөнц чамд шинээр нээгдэх болно. Сайн үйлс хийснээр хүний сэтгэл зүрх хүчтэй болдог. Янз бүрийн саад бэрхшээлд нугарахгүй сэтгэлийн хаттай болдог. Энэ нь нэг төрлийн дасгалжуулалт юм.

-Хүмүүс өөрийгөө хөгжүүлэхийн тулд маш их сургалтуудад хамрагддаг. Олон сургалтад сууснаар хүн хөгжиж чадах болов уу?

- Сургалтанд суух нь нэг алхам мөн. Гэхдээ юун түрүүнд хийх алхам бол дурлаж байгаа ажлынхаа төлөө ямарваа үйлдэл хийх юм. Амьдрал дунд орж, хийж бүтээнэ гэдэг өөрөө маш том сургууль.

- Өөрийгөө танина гэж ярилаа. Өөрийгөө олох, таних хоёр адилхан ойлголт уу?

- Адилхан. Олно гэж ярих нь надад оновчгүй мэт санагддаг. Олно гэхээр гаднаас юм олох гээд байгаа ч юм шиг. Танина гэхээр өөртөө байгаа бүхнээ хайж таних тухай асуудал юм болов уу гэж бодож байна. Би чамтай анх уулзаад чамайг сайн мэдэхгүй учраас итгэл тэр бүр төрөхгүй. Харин ярилцах тусам чамайг улам таньж байгаа учраас итгэл нэмэгдсээр байна. Түүнтэй адил өөрийгөө таниагүй цагт өөртөө итгэх итгэл маш бага байдаг. Тиймээс өөртөө эргэлзсээр л байх болно. Харин өөрийгөө таних тусам улам өөртөө итгэх итгэлээр дүүрэн болно. Тэгэхээр өөрийгөө танина, нээнэ гэж ярих нь илүү оновчтой.

НҮДЭЭ НЭЭ, ГАДНА ЧИНЬ БҮХ БОЛОМЖ БУЙ

ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ДОТОР ЧИНЬ БҮХ АВЪЯАС БУЙ

-Хүн бүрт өөрийн гэсэн амьдралдаа баримталдаг афоризм байдаг байх. Таны хувьд?

- Өөрийгөө нээ, дотор чинь бүх авьяас буй. Нүдээ нээ, гадна чинь бүх боломж буй. Ер нь авьяас хэн бүхэнд л бий. Хамгийн гол нь чиний зөн совин чамайг юунд дуудаж байна, түүнийгээ нээлттэй байлгаад авьяасаа нээх ёстой.

Нүдээ нээ гэдэг нь сохор юм шиг битгий амьдар гэсэн санаа. Бүх боломжуудыг хар. Сэтгэлгээний мундаг хүмүүс байхад тэдэнтэй хамтар. Надаас “Чи яаж ийм гоё төсөл хийгээд явдаг юм бэ” гэж хүмүүс асуудаг. “Би хийгээгүй энэ мундаг хүмүүс хийдэг юм. Тэд надтай ажиллахыг хүсдэг болохоор би хамтардаг юм” гэж л хэлдэг. Ер нь би төслүүдийнхээ ард талд нь л байдаг.

-Харин ч сүүлийн үед хүмүүс олонд танигдахын тулд их хичээдэг болсон юм биш үү. Өөрийгөө дөвийлгөх дуртай байдаг ч юм уу. Амбийц гэж ярьдаг даа.

- Тэр амбийц чинь дараа дараагийн ажлуудаа балладаг. Би нэг хүнтэй төсөл хэрэгжүүлчихээд өөрийгөө л дөвийлгөх гээд байвал нөгөө хүн маань дургүйцнэ. Нэг удаа өөрийгөө харуулахаас илүү тухайн хүнтэйгээ дараагийн илүү үнэ цэнтэй чухал ажилруугаа зүтгэх нь чухал биз дээ. Тийм болохоор би хүмүүсийг сэтгэлээр өргөх дуртай. Ер нь аливаа зүйлд багаар тоглох хэрэгтэй. Баг бутраад байвал том зүйлд хүрч чадахгүй.

-Надад бол өөрийгөө хоосон дөвийлгөх биш хийж бүтээснээрээ бусдад танигдах нь чухал гэж боддог.

-Яг зөв. Хийсэн юм хийснээрээ л үлддэг. Үнэн үнэнээрээ л дуусдаг. Жижиг зүйл дээр битгий амбийц гарга. Манай үеийнхэн бол тэр асуудал дээр л их алддаг. Хүмүүст өөрийгөө хурдан харуулахыг хичээдэг.

ХАЙРЦАГЛАГДСАН ДҮРЭМ ЖУРМААР СЭТГЭВЭЛ

БҮХ ЗҮЙЛ БОЛОМЖГҮЙ МЭТ САНАГДДАГ

-Та түрүүнээс хойш хүн өөрийгөө танихын ач холбогдлын тухай ярилаа. Тэгвэл та хэзээнээс өөрийгөө таньж эхэлсэн бэ. Ер нь хүн өөрийгөө бүрэн танина гэж байх уу?

- (Инээв) Өөрийгөө бүрэн танина гэдэг боломжгүй зүйл. Тэгэхээр гол аргачлал түлхүүр нь гэвэл сэтгэлийн дуудлага гэж хэлж болно. Хүнд зөн совин гэж байна. Зургаа дахь мэдрэхүй ч гэж ярьдаг. Ялангуяа эх хүнд илүүтэй байдаг. Хүүхэд нь өвдөхөд өөрөө өвддөг, хөх нь чинэхэд хүүхэд нь уйлна. Миний хувьд анхнаасаа хүмүүсийг л өөрчлөхийг хүсдэг байсан.

-Тухайлбал?

-Би Сүхбаатар аймагт дунд сургуулиа төгсч байлаа. Тэр үедээ юу хийвэл надад тохирох бол гэж бодсон. Миний хувьд математик, физикийн хичээлдээ маш сайн хүүхэд байв. Хүмүүсийн хэлдгээр номын талдаа хүүхэд байж. Манай аав механик инженер мэргэжилтэй байсан учир намайг инженер болгох сонирхолтой. Багш нар ч тэр чиглэлээр явна гэж боддог байлаа. Тухайн үеийн миний бяцхан ойлголтоор кино урлаг хүнийг бүхлээр нь өөрчилнө гэдэгт итгэдэг байв.

Гэвч сургуулиа төгсөх үед урлагийн мэргэжлээр хуваарь ирсэнгүй, ТИС-ийн Цахилгаан системийн ангид орлоо. Аав ээжийнхээ урмыг хугалахгүйн тулд энэ ангийг сонгосон ч хагас жил л сурсан. Аав өвчтэй байсан учир би төлбөрөө төлөхийн тулд Монгол телевизийн хашаанд байрлах напелон тортны цехэд ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа даа . Манай гэр Дарь-Эхэд учир шөнө зурагтаас гэр рүүгээ алхдаг байлаа. Сүүлдээ ТИС надад таалагдахаа больж гэрийнхнээсээ нууцаар КУДС-д шалгалт өгч тэнд суралцах болсон. Сургуулиа төгсөөд сонин гаргах хүсэл төрж “Оршил” нэртэй сонин гаргахаар боллоо. Нэрийн хувьд аливаа бүхний эхлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг бэлгэдсэн юм.

Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон.

. Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон. Зөн төрөх үед түүнийг хүлээж авах ёстой гэдэг ч юм уу. Ихэнх хүн тэр зөнгөө үгүй хийдэг.

Тархи бол логикоор сэтгэдэг. Харин хүний зөн бол хайрцаглагдаагүй гэнэт санаа байдлаар орж ирдэг. Тэр үед дэлхийг өөрчилмөөр ч санагддаг. Анзаараад байхад ихэнх оюуны чадвартай хүмүүс зөнгөө дагасан байдаг. Стив Жобс гэхэд л буддист хүн байсан. Тэрбээр цэвэр буддын хоосон чанар, төгс зохицохуйг илэрхийлсэн харахад нүцгэн, гэрэлтдэг мэт дизайнтай анхны компьютераа хийж байсан. Тэр бол арга билэг буюу төгс зохицохуйг илэрхийлсэн байдаг. Тэр утгаараа амжилтанд хүрсэн. Утсыг ганцхан товчлууртай хийж болох юм гэсэн зөн түүнд төрсөн байна. Хайрцаглагдсан дүрэм журмаар сэтгэвэл бүх зүйл боломжгүй мэт санагддаг. Стив Жобс хэзээ ч 100 мянган хүнтэй компани байгуулна гэж тухайн үедээ төсөөлөөгүй байх. Залуучуудын хувьд бизнес хийхийнхээ өмнө “мөнгө байхгүй, зээл яаж авах вэ” гэдэг. Тэд бүхнийг бэрхшээл гэж хардаг.

-Ямар үед хүн сэтгэхээ болих вэ?

-Тав тухад автаад хүсч мөрөөдөж байсан бүхэн нь үгүй болоод эрсдэлээс айж эхлэхээрээ хүн бүтээлч байдлаа алддаг. Үүнийг сэтгэхээ болино гэж хэлж болохгүй. Хэдий тав тухад автсан ч хүн бага ч гэсэн сэтгэнэ. Өөрөөр хэлбэл тархиа нэг л хэлбэрээр ашигладаг болно. Өглөө бүр нэг замаар ирж, нэг л зүйлийг хийгээд байвал тархинд зам үүсдэг. Ингээд ирэхээрээ хүний бүтээлч сэтгэлгээ үгүй болно. Нэг хэвийн амьдралаар амьдарч байгаа хүний амьдрал ирээдүйд гуниг авчирдаг. Өөртөө сэтгэл хангалуун бус болно.

40-50 насанд бий болдог бие физилогийн хямрал нь өнөөх сэтгэхүйн хямралтай давхцдаг. Үүнээс болж хүн амиа хорлох, сэтгэлзүйн гүн дарамтанд орох, архичин болох нь бий. Тиймээс нэгэн хэвийн байдалд орохоос зайлсхийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл тав тухаар солигдож эхлэх үед хүн бүтээлч байдлаа алддаг.

Gogo.mn- д өгсөн ярилцлага
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/149825