Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй
Хүнд амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Түүгээр бид өөрсдийн хэрэгцээтэй болон хүсч байгаа зүйлээ авдаг. Гэвч манай гэр бүлүүдэд мөнгө хүрэлцэхгүй байгааг байнга мэдэрч болно. Зарим гэр бүл арай ядан амьдарч байгаа. Үүнээс болж сэтгэлээр унаж архинд орох, эсвэл биеэ үнэлж хүн чанараа гээж эхэлдэг. Эсвэл их мөнгөтэй хүмүүст атаархаж, мөнгөтэй хүн л аз жаргалтай байдаг гэж итгэдэг. Бидэнд аз жаргалтай амьдрахад ямар хэмжээний мөнгө хүрэлцэх вэ? Жагсаалт гаргаж үзвэл маш урт болно байх. Жагсаасан эд юмсыг бүгдийг авчихлаа гэж бодъё. Удалгүй бидэнд дахиад л ямар нэг юм дутагдаж байгаа юм шиг сэтгэл ханамжгүй болно. Тэгээд дахиад хэрэгцээтэй зүйлийн маш урт жагсаалт гаргах болно. Бидний хүсэл хязгааргүй бөгөөд биелэгдээгүй бүхэн маш их гутралыг авч ирнэ. Иймд бид өөрсдийн материаллаг хүслийн тухай, мөнгөний үнэ цэнэ болон мөнгөөр юуг худалдаж авч болох, юуг болохгүй талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Хүн өөртөө байхгүй юмтай хүнд байнга атаархаж байдаг. Хэрэв тэр юм хэнд ч байхгүй байсан бол бид бүгд аз жаргалтай байж болно. Иймд мөнгийг чухалчилж, мөнгөнд ноёлуулж хэрхэвч болохгүй. Сүүлийн үед мөнгөтэй, муу санаатай хүн их найзтай байх нь их болсон. Харин ухаантай хэрнээ мөнгөгүй хүн цөөхөн найзтай байх нь бий. Хүн мөнгөнөөс болж үнэ цэнээ алдаж болохгүй. Хүмүүс олон шалтгаанаар ажил хийж мөнгө олдог байна.
- Өөртөө зориулах мөнгөтэй байх гэж
- Гэр бүлээ тэжээх гэж
- Өөрийн авьяас билгийг бусдын төлөө зориулах гэж
- Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх гэж
- Ажил хийх нь таалагддаг учир
- Эрх мэдэл, эд хөрөнгөтэй болох гэж... гэх мэт олон шалтгаан дурдаж болно.
Хүн зөвхөн мэдлэг, боловсрол, мөнгө, эрх мэдэл олохын төлөө бус үүрдийн хайрт ханьтайгаа учрахын төлөө төрсөн гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Ханийхаа, үр хүүхдийхээ аз жаргалтай амьдралын төлөө л мөнгө олдог. Мөнгийг чухалчилсаар үхвэл бид мөнгөө аваад үхэж чадахгүй. Харин хайрт ханиа дээдэлсэн бол хорвоод танийг дуурсах хүн үлдэнэ. Нас өндөр болсон хөгшчүүл хийсэн нүглээ наминчлах нь их болж, өөрийн алдааг үр хүүхдүүд минь бүү давтаасай гэж мөргөж байдаг.
Түүхийн явцад олон зуун нэрт эрдэмтэд орчлон ертөнцийг ойлгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн амьдралын материаллаг талыг халж байсан. Тэд амьдралд мөнгө болон дур татах зүйлээс чухал зүйл байдаг гэдгийг ойлгосон байсан. Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдоггүй. Хүний зүрх сэтгэлийг хэзээ ч худалдаж авч байсан түүх байхгүй. Үнэн, гоо сайхан, хайр дурлалыг материаллаг үнэт зүйлээс чухал гэж тооцдог хүн одоо ч байсаар байдаг.