CHINGGIS KHAAN БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АНИМЕЙШН КИНО ТӨСӨЛ
9 жил өмнө

CHINGGIS KHAAN БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АНИМЕЙШН КИНО ТӨСӨЛ


ТАНИЛЦУУЛГА

Монгол үндэстэний бахархал итгэл үнэмшлийг сэрээн монгол хүний суу алдрыг бадраах, Монголын түүх, өв соёлыг даян дэлхийд таниулах ЧИНГИС ХААН бүрэн хэмжээний анимейшн кино бүтээж олон улсын зах зээл дээр гаргах төсөл.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь болох Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулж Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн анимейшн киног бүтээнэ.

ЧИНГИС ХААН бүрэн хэмжээний анимейшн кино төсөл by YARU

ҮНДЭСЛЭЛ

1990 онд бид түүх, соёлоороо бахархах эрх чөлөөг олж авсан. 24 жилийн дараа харахад үнэндээ бидний олонх нь аархал, омогшил хэмээх харанхуй мунхаглал руу хальтран оржээ. Товчхон хэлбэл аливаад ул үндэстэй ханддаггүй, ихэнхдээ домгийн шинжтэй зүйлсийг ам дамжуулан цуурдаг нь ийм байдалд хүргэлээ. Бид жаахан хүүхэд шиг өвөг дээдсийнхээ зөвхөн ялж дийлж явсан түүхээр бахархдаг. Учир шалтгаан, үр дагаварын талаар огт эргэцүүлэхгүй. “Би Чингисийн монгол, би монгол эр хүн” гэж хоосон цээжээ дэлддэг олон монгол залуус харьд сурч, ажиллахаар очоод Шороотын Цэвээн шиг хөглөж байна. Гадаад оюутнуудын дунд өрнөдөг маргаанд тэд амаа таглуулаад, сүүлдээ тархиа угаалгаад буцаж байна. Европчуудын оюун сэтгэлгээг “Гүтэнбэргийн библи” нээж өгсний адил монголчууд бид аархал, омогшлын харанхуй манангаас гарахад МНТ ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Харин хилийн чанадад Монгол улсын талаар мэдэх хүн маш цөөн. Мэддэг хэд нь бидний өвөг дээдсийг зэрлэг, бүдүүлэг дээрэмчид байсан мэт ойлгодог нь хэвээр байна. Гадаад ертөнцийн хувьд МНТ-г уншсанаар андуу ташаа ойлголт нь засарч дэлхий нийтэд монголчуудын талаарх үнэлэмж нь үлэмж дээшлэнэ. Үүнийг хоосон төсөөллөөр хэлсэнгүй. МНТ-г уншсан харийн зочид уншаагүй бусдаасаа хамаагүй илүү ойлголттой, монгол соёлд элгэмсүү ханддаг нь ажиглагддаг. Ерөөс гадагшаа хандах сурталчилгааны голыг МНТ нугалж чадна.

Хүннү гүрнээс Их монгол улсыг хүртэлх хугацааны соёлыг судлах нь хамгаас чухал. Учир нь энэ цаг үеэс манай соёлын гадны шашин, соёлын нөлөөнд ороогүй унаган төрхийг олж хардаг юм.

ЯАГААД АНИМАЙШН ГЭЖ?

  1. Анимайшн түгээмэл урлаг болж чадсан. Гэр бүлийн үзвэр;
  2. Шашин соёлоос шалтгаалах хил хязгааргүй;
  3. Техник технологи, зураг авалт, хүний нөөц зэрэг боломжиндоо хязгаарлагдахгүй;
  4. Дүрслэлийн боломж чөлөөтэй. Хүссэн орчин, дүрээ бүтээж болно;
  5. Чингис хааныг ямар нэгэн жүжигчинээр төлөөлөхөөр Монголчуудад хүрдэггүй. Харин анимайшнаар түгээмэл дүр бүтээж болно;

ДАВУУ ТАЛ

ТҮГЭЭМЭЛ УРЛАГ

Анимейшн кино нь шашин, соёлын хил хязгаар, арьс өнгөний ялгаанд өртдөггүй түгээмэл урлаг болж чадсанаараа киноны бусад төрлөөс маш их давуу талтай юм. Мөн насны хязгаарлалтгүйгээр бүх насныхан үздэг гэр бүлийн үзвэр болж чаддаг.

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Монголчууд бидний хувьд дэлхийн зах зээлд гарах нэг боломж нь анимейшн кино юм. Материал техникийн бааз, асар том павьлон, хувцас хэрэгсэл, олон мянган масс жүжигчид, мал амьтан шаардахгүй бага төсөвөөр бүтээх боломжтой. Ихэнхи ажлыг нь компьютер графикаар өөрсдийн санасан хэмжээнд бүтээх боломжтой.

ХҮНИЙ НӨӨЦ

Манай уран бүтээлчид, графикчдын хувьд крейтив ур чадвар, сэтгэлгээний өндөр түвшинд хөгжсөн. График програмыг 10 орчим жил бие даан судлаж богино хэмжээний анимейшн бүтээсэн залуус олон байна. Монгол анимейшн киног дэлхийн зах зээлд гаргах нь эдгээр уран бүтээлчдийн нэгдмэл хүсэл зориг юм. Тиймээс манай төсөлд нэгдэх хүсэлтэй олон уран бүтээлчдийн хүчийг нэгэн зорилгод нэгтгэх нь бидний давуу тал юм.

ТҮГЭЭМЭЛ ДҮР

Чингис хаан болон бусад түүхэн дүрүүдийг олон орны олон жүжигчид бүтээсэн боловч үзэгчдийн сэтгэлд үлдэж чадаагүй юм. Ялангуяа Монголчуудын хувьд их эзэн хааныгаа ямар нэгэн жүжигчинээр төлөөлүүлж харахад сэтгэлээс нь хол бууж байгаа юм. Тиймээс анимейш урлагийн давуу талыг ашиглан монголчуудын нийлэг хэв шинжит дүр болон Чингис хааны түгээмэл дүрийг бүтээх бүрэн боломжтой.

ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

Түүх, археологийн судалгаа өндөр түвшинд хүрч 13-р зууны үеийн түүхэн олдворууд маш их олдлоо. МНТ Түгээмэл эх номын зураг бүтээх ажлын хүрээнд 13-р зууны биет болон биет бус соёлын өвийн судалгаа маш сайн хийгдсэн нь анимейшн киноны суурь судалгаа болох юм.



АЧ ХОЛБОГДОЛ

СОЁЛЫН ДАРХЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай заалтанд "Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж заасан байдаг. Соёлын дархлааг бэхжүүлснээр Монгол Улс бусад орны соёлын довтолгоо- зөөлөн хүчний бодлогот бага өртөх бөгөөд ирээдүй хойч үе маань өөрийн соёл, үнэт зүйлсээ танин мэдэж бахархалт иргэн болж төлөвших юм.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ

Монголчууд багаар ажиллаж чаддаггүй, том төсөл хийж чадахгүй гэх мэт хөгжилд саад болж буй ойлголтуудыг бут цохиж бид өндөр технологи эзэмшиж дэлхийн хэмжээнд бүтээж чадахаа нотлон харуулснаар монгол хүний ур чадварт итгэх итгэл нэмэгдэж, өвөг дээдсээрээ, түүх соёлоороо бахархах бахархал нь ул суурьтайгаар нэмэгдэнэ. Энэхүү үндэсний итгэл үнэмшил хийгээд бахархал нь ямар ч ашиг орлогоос илүү эрхэм, юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэ юм.

БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ

Өв уламжлал, түүх соёл арвинтай, өвөрмөц соёл урлагтай Монгол Улсын хувьд соёл, урлаг, бизнес болон технологийн салбарын нийлбэр, оюуны хөрөнгөд тулгуурласан бүтээгдэхүүн буюу үйлчилгээг бүтээх, үйлдвэрлэх, түгээх бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Анимейшн кино нь бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн томоохон түлхэц болж чадна.

МОНГОЛ БРЭНД

Тухайн үндэстний түүх, соёл нь хаана ч дахин давтагдашгүй нөөц боломж бөгөөд түүнд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн брэндинг хийж дэлхийн зах зээлд гаргаж чадсан нь асар их баялагийг бий болгож чадаж байна. МНТ бол Монголын түүх соёлын нэвтэрхий толь учир монгол орныг таниулах сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэж чадна.

ҮНДЭСНИЙ ИМИЖ

“Soft power” буюу зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байна. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчлах, имиж бүрдүүлэх, үндэстнийг брэндчилэх, соёлын өвийг таниулах чиглэлд

Хөгжихийг хүсч буй улс үндэстэн өөрийн nation branding хийх ёстой.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Улаанбаатар хот “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу 2030 он гэхэд жилд 5 сая жуулчин авдаг болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болох нэн чухал ажил бол дэлхийд гарах кино бүтээх юм. Кино бүтээл улс орнуудын аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлсэн жишээ олон байна. Шинэ Зеландын Аялал жуулчлалын яамнаас “Бөгжний эзэн” киног санхүүжүүлж бүтээснээс хойш аялал жуулчлалын жилийн орлого 27 сая ам.долларт хүрсэн байдаг. Орлого буураад ирмэгц дахин “Хоббит” киног санхүүжүүлж бүтээлгэсэн байдаг. Өмнөговь аймгийн Хэрмэн цавын үргэлжлэл Өвөр Монголын нутагт Жан Эмаогийн “Херо” киноны зураг авалт хийгдсэнээс хойш аялал жуулчлал хөгжсөн. Аватар киноны байгалийн дүрслэлийг Хятад өмнөд нутгийн байгалиас санаа авж хийсэн гэж бүтээгчид нь хэлсэн байдаг. Одоо тэр газар нь мөн л аялал жуулчлал хөгжсөн. Казахстаны "Борат" кинонд казакуудыг муухайгаар харууллаа гэж шүүмжлэлтэй хандаж байсан боловч санаанд оромгүй үр дүнд хүрч, аялал жуулчлалыг 10 дахин өсгөсөн байх жишээтэй.

Эртний Монголын нээгдээгүй соёл, сонин сайхан ертөнцийг хүн төрөлхтөнд нээн харуулж чадвал Чингис хааны өлгий нутгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.


САНААЧЛАГЧ

Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ

Ерөнхий найруулагч, зураач

“Монголы нууц товчоог дэлхийд түгээе” төслийг санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээсэн.

1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан.


ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ" ТАНИЛЦУУЛГА

ЧИНГИС ХААН бүрэн хэмжээний анимейшн киноны OST "Ээжээ би харьж явна"

ХОЛБОО БАРИХ

https://www.facebook.com/MSHteam
https://facebook.com/groups/MNTteam