АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРТАЛЧИЛГАА, ДИЗАЙНЫ ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОГЧ МОНГОЛ ЗАЛУУ
1 жил, 6 сар өмнө

Дэлхийн шилдэг дизайнер монгол залуус

Ганболд, Дариа хоёр одоогоор АНУ-ийн Ерөнхийлөгчийн сурталчилгаа, олон нийттэй харилцах албанд ажиллаж байна.

...Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа, хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Сонгодог барилаар, ихэвчлэн түүхэн сэдвээр зурсан Ч.Ганболдын зургууд, Монголын уламжлалт барилаар, тэг жаягаар зурсан Г.Дарийн зургууд яг л арга билгийн зохицолдоо мэт.

Ажлын гэхээсээ "уран бүтээлийн" гэж нэрлэгдэх өрөөнд нь цахим ертөнцийн хамгийн сүүлийн үеийн компьютерүүдээр тоноглосон байлаа. Түүнийг үзсэн миний нэгэн танил өөрийн эрхгүй "пөөх" гэж гайхан дуу алдсан сан. Түүн дундаас цахим радио болон уран зураг зурах электрон самбар (wacom cintiq) намайг бишрүүлсэн. Энэ өрөөнд л Ч.Ганболд бид хоёрын яриа өрнөсөн юм.

Нэг: Сахилгагүй хүүхэд, Монголын боловсролын салбарын загварчлагдсан тогтолцооны эсэргүүцэл байлаа

Г.Г-Хүүхэд болгон багадаа зураг зурах дуртай байдаг ч яг зураачийн мэргэжлийг маш цөөхөн хүүхэд сонгодог.

Ч.Г- Багаасаа л зурах сонирхолтой хүүхэд байсан, Аав маань шугам зүраг болон план зүраг гэх мэт техникийн тѳрѳлд зохион бүтээх сонирхолтой хүн байснаар надад их нѳлѳѳлсѳн байх.

(Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 4н настайд нь хийж огсон мотортой машин )

ganbold 01

(Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 7н настайд нь хийж огсон мотоцикл)

ganbold 021

Г.Г-Дүрслэх Урлагийн Дунд Сургууль /ДУДС/-д элссэн түүх чинь?

Ч.Г-Би дунд сургуульд сурч байхдаа их ч хөдөлгөөнтэй, нилээд сахилгагүй хүүхэд байлаа. Юм л бол ямар нэгэн асуудалд орооцолдоно. Сургууль багш нар маань аргаа барсан байх л даа. 8-р ангиасаа сургуулиасаа хасагдлаа.Сургуулиасаа хасагдсанаа ээждээ мэдэгдэхгүй гэж, өөрөө гүйж байгаад ДУДуС-д шалгалт өгөөд тэнцсэн. Өглөө босоод дунд сургуульдаа явж байгаа мэт гэрээсээ гараад ДУДуС-д хичээллэнэ. 2 жилийн дараа л ээж минь мэдсэн гээд бод доо. Гайхаж, дуу алдсан ээж минь эхлээд уурлах аядсанаа эцэстээ эвлэрч "за за миний хүү өөрөө л болно гэж бодож байгаа бол яахав" гэж хэлсэн. Энэ л миний зүгээс амьдралдаа бие дааж гаргасан анхны шийдвэр байсан.

Г.Г-Ер нь олон жилийн дараа эргээд харж байхад, дунд сургуульд сахилгагүйтэж, хэл ам таталж, "зовоож" байсан хүүхдүүд энэ амьдралд хөлөө олж , гайгүй сайн яваа нь зөндөө байгаа. Багш нарын үгнээс гардаггүй, дуулгавартай, идэвхтэй "онц сурлагатан" хүүхдүүдээс энэ амьдралд арга эвээ олж чадахгүй яваа нь ч бас цөөнгүй байдаг.

Ч.Г-Сахилгагүйтэнэ гэдэг олон янз л даа. Гэхдээ нэг хэсэг нь боловсролын загварчлагдсан тогтолцоог эсэргүүцэж байсны илэрхийлэл байх. Ѳѳр, өөрийн сонирхолтой хүүхдүүд, заавал сургууль багшийн хатуу чанд заавар дүрмээр явахыг хүсдэггүй байсан байх. Тэд өөрийнхөөрөө байхыг хүсээд, энэ хүслээ янз бүрээр л илэрхийлнэ. Эндээс ойлголцохгүй, төвөгтэй байдал их үүсдэг. Гэхдээ эргээд бодоход Монголын боловсролын тогтолцоо бидэнд хэрэгтэй ч, бас хэрэг болохгүй ч олон зүйлийг бидэнд өгчээ.


Г.Г-Одоо л Монголын боловсролын тогтолцоонд, хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухаанжсан мэдлэгээр хэт дүүргээд, хэрэглээ болгож сургахгүй байна гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчилж эхэлж байгаа. Гол нь мэдлэгээ амьдралд хэрэглэж чаддаг байх, яг л өөрийн хэрэгцээ болгох нь илүү чухал байгаа хэрэг.
Ч,Г-Хэдийгээр хэрэглэж чадахгүй ч оюун санааг олон тѳрлийн мэдлэгээр дүүргэсэн нь надад лав багагүй хэрэг болж байгаа байх гэж боддог. Миний мэргэжил болох компьютер график дизайны ажилд санаа их чухал. Олон салбруудын захиалгат ажил дээр ажиллаж байхдаа өөртөө хэрэгтэй санааг олоход дэмжлэг болдог болов уу. Нэг ёсондоо бид төгс мэдэх зүйл бага хэрнээ бас мэдэхгүй зүйл ч үгүй. Яг ийм байдлаас л өөрт хэрэгтэй санаагаа олох, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх боломж олддогт надад хэрэг болж байгаа байх. Тэгэхээр би л лав тэгтлээ харамсдаггүй. Урлагийн сургуульд бол өөр л дөө. Тэнд өөрийн мэдлэг чадвараа шууд л цаасан дээр буулгах, эсвэл тодорхой материал дээр буулгаж түүнийгээ байнга харж, өөрчлөн сайжруулж болох олон боломжуудыг эрж хайснаар, илүү хөгжих боломжтой мэт.


Хоёр: Зураач ба компьютер


Г.Г-Чухам тийм учраас л зураач, уран бүтээлч хүн илүү оюунлаг, бусдаас илүү сэтгэлгээтэй байх хэрэгтэй болдог. Сэтгэлдээ эргэлдэж байгаа олон гайхамшигт санаануудыг бодитоор буулгахад их л авьяас, хөдөлмөр, шаналал шаардагддаг байх.
Ч.Г-Бүтээл хийхийн тулд их бодож судлах хэрэгтэй байдаг. Хоромхон мөчид гялсxийгээд орж ирсэн санаа сэтгэл хүрсэн бүтээл болох нь бий. Заримдаа хийж буй бүтээлээ явуулж чадахаа болиод түр орхих нь, нилээд хугацааны дараах бодлоос эргээд ѳѳр байх жишээтэй. Ер нь уран бүтээл хүний сэтгэл зүрх, оюун санаанаас гардаг болохоор яг таг хугацаа, дэг журам, жор гэж байдаггүй байх гэж боддог.


Г.Г-Чиний зурсан зургуудыг харж байхад сонгодог хэрнээ, монгол зургийн барилтай хосолмол юм шиг. Харин Дариагийн зургуудыг харахад монгол зураг, зураасан зургийн хосолмол юм шиг.
Ч.Г-Монголд Европ болон Ази дорнийн арга барилаар зааж сургадаг. Гэхдээ хувь хүн өөрийнхөө барилыг өөрөө л сонгодог. Минийх таны ажигласан шиг байж магадгүй. Би түүхийн сэдвээр ихэвчлэн зурах дуртай. Өгүүлэмж нь тийм болохоор өнгө будаг нь сонгодог тал руугаа байж болно. Яг Европ барил ч биш, монгол зургийн барилууд ч бий.

Г.Д-Би Бээжингийн Уран Зургийн Академид суралцсан болохоор Ази барил илүүтэй байх. Хятадын уран зургийн онцлог нь зураасан зургаар, өнгө будгийн зохицолдоогоо их зөөлөн хэлбрээр илэрхийлдэг. Манай Монгол зургийн барилтай төстэй шүү.


Г.Г- Та 2 Монголдоо зураач дизайнераар суралцаж төгссөн. Харин АНУ-д зургийн чиглэлийн зах зээлийг судалж, сонирхож үзсэн үү? Миний мэдэхийн АНУ-д хэд хэдэн мэргэжлийн монгол зураачид ажиллаж амьдарч байгаа.
Ч.Г-АНУ-д зургийн хөгжил, зах зээл нь том л доо. Миний бодоход уран зургийг үнэлж, худалдан авах талаараа Европыг арай гүйцэхгүй байх. АНУ-ын том хотуудад их сонирхох хандлага нь илүү байхад жижиг хотууддаа арай л бага байх жишээтэй. Тэд зураачдын эх бүтээлийг нь үнэ хүргэн худалдан авахаасаа, дэлгүүрээс хуулбрыг нь худалдан авч гэртээ тавих сонирхол нь илүүтэй мэт санагдсан. Харин Америкийн мэргэжлийн зураачид нь бол их мундаг шүү дээ.
Би АНУ-д 2 удаа зургийн үзэсгэлэн гаргаж үзсэн. Энд миний мэдэхээр зураач Д.Цолмон болон М. Цогтсайхан ах нар мэргэжлээрээ амжилттай сайн ажиллаж байгаа.


Г.Г-Та хоёр өнөөгийн хөгжлийн хурдацад хүрэх гэж зураач мэргэжлээ компьютертэй холбохоор шийдсэн байх.

Ч.Г-Өнөөгийн компьютер болон мэдээллийн IT технологийн хурдацтай хөгжилд дизайнер хүний хэрэгцээ зайлшгүй хэрэг болж байгаа. Тэр утгаараа хүмүүст хүргэх реклам сурталчилгаа их үүрэг гүйцэтгэж, ямар их хурдацтай ѳрсѳлдѳѳнтэй хөгжиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болжээ. Тийм болохоор бид энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-н Охойяа мужын Кэнт стейтийн их сургуульд (Kent State University) "Kомпьютер график болон 3D анимейшн инженер" мэргэжлээр суралцаж төгссөн. Охойяад сурч ажиллаж, амьдарсан жилүүд бид 2-ын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, олны дунд болон бусад мэргэжил нэгтнүүдээсээ дадлага туршлага сурч, суралцахад ихээр нѳлѳѳлсѳн юм.


Гурав: Амжилт бол их шаналлын үр дүн


Г.Г-Саяхан Монголын сонин хэвлэлээр "Дэлхийд гайхуулж яваа Монгол залуус" гэдэг нэртэй бичлэг дээр та 2-ын нэр бичигдсэн байсан.
Ч.Г-Бид 2 бусдын л адил жирийн монгол залуучууд. Мэргэжилдээ дуртай, хийж бүтээх хүсэлтэй, бас өөдрөг мөрөөдөлтэй. Бид Монголдоо дараа нь АНУ-д суралцаж төгсөөд их ч зүйл сурч, их ч зүйл ойлгосон. Шаналж, хөдөлмөрлөж байж хийсэн бүхэн маань бидэнд амжилт авчрахад бид баярлаж, илүү урамтай болдог. Энэ урам дахиад бүр илүүг хийх хүсэл тэмүүллийг өгдөг. Тэгээд хөдөлмөрлөнө, хичээнэ. Ямартай ч өмнөхөөсөө муу зүйл хийж болохгүй гэдэг бодол биднийг урагш хөтөлж явдаг.

Г.Г-2009 онд авсан шагналынхаа тухай яриач. Мѳн оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан...?

Ч.Г-Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе (Adobe) хэмээх компанийн нэр логотой байдаг. Тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photоshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг юм байна лээ. Ѳнгѳрсѳн жил 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын "Мандалай Бэй Ресорт" -д болж ѳнгѳрсѳн. Би урьд нь Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлж байснаар, миний нэр энд тэнд дизайнеруудын жагсаалтад орсон юм шиг байгаа юм. Тэрний дагуу тэмцээнд оролцох урилга ирсэнээр энэхүү тэмцээнд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ оролцон тэргүүн байрын шагналыг авсан.

"Adobe World Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын бүтээл

montage

(Зураг дээр: "Adobe World Guru Awards” уралдаанд шалгарсан Дариагийн бүтээл )

medee43

darias adobe

Г.Г-Мѳн тэр уед үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит “iStock Munny Doll” тэмцээнд авъяаслаг дизайнер бүсгүй Гомбожавын Дариа бас тун амжилттай оролцож 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна.

Г.Д-Энэ тэмцээнд миний бүтээл 1-р байр эзэлж, Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн юм шүү дээ.

Зураг дээр: (“iStock Munny Doll” уралдаанд түрүүлсэн Дариагийн бүтээл)

daria doll

Г.Г-Та хоёр маань үнэхээр мундаг байнаа. Энэ бүхэн эхлэл байгаасай гэж хүсч байна. Тэгээд ч та нар их залуу байна.

Ч.Г-Тийм ээ бид залуу байна. Хамгийн гол нь бид өөрсдийн дуртай мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байна. Амжилт,алдаа болгон урам өгдөг хэдий ч бид цаашдаа өөрсдийн хийж чадах бүхнээ л хийх болноо. “Хүн ѳѳрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллавал, насан туршдаа хэзээ ч ажил хийдэггүй” гэж Күнз-ийн хэлсэн үг байдаг. Ер нь Монголчууд маань чадвартай шvv. Аль ч салбарт, хэнээс ч дутахгvй ѳрсѳлдѳж, амьдарч байна. Нэг vеэ бодвол Америкт байгаа манайхны ахуй амьдрал ч их ѳѳр болсон. Тэнд бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг. Ер нь бид хаана ч явсан юманд хурдан дасан зохицож чаддаг юм шиг байгаа юм. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хvний зэрэгтэй авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг.


Г.Г-Та 2 Охойяагаас Вашингтон ДС-д нүүж ирээд удаагүй байгаа. Ганболд сая АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллаа. АНУ-ын сонгуулийн талаар юу бодож байв?

Ч.Г-Сонгууль бол улс төрийн тавцан дээрх өрсөлдөөн. Мэдээж сурталчилгааны явцад янз бүрийн л асуудал гардаг. Бие биенээ буруутгах гутаах маргалдах зүйл байдаг. Гэхдээ энэ нь хэмжээнээсээ халиад олон нийтийг хамраад, нийгэмд бухимдал үүсгэх байдалд хүргэдэггүй. Харин сонгуулийн дараа бүгдээрээ олон нийтийн сонголтыг хүндэтгэн зөвшөөрнө. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь эдний онцлог юм болов уу гэж бодож байна.


Г.Г-Чамайг бас АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн вэб хуудас дээр ажиллаж байгаа гэж сонссон?

Ч.Г- Тиймээ, Би энэхүү ажилд ороод удаагуй байгаа. Анх манай ажлаас энэхүү том үүрэг ѳгѳхѳд нь их сандарч байсан, Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон суртачилгаа, дизайн арга барилийг судалснаар конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажилласан.


Г.Г-Ийм мэргэжилтэй хүн болгонд том улстөрчид, том компани, байгууллагууд санал тавина гэж үгүй. Тэд мэдээж ур чадвар болон ажил хэрэгч чадварыг илүүтэй харгалзан сонгодог байх. Товчхондоо хаана ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын талаар.

Ч.Г-Зураач болгон компьютер дээр ажилладаггүй, компьютер дээр ажилладаг хүн болгон зураач байдаггүй байх л даа. Магадгүй бид хоёрын зургийн сургуульд сурч мэдсэн зүйл маань,ѳнгѳ будаг , арга барил зохиомжлоход нѳлѳѳлдѳг байх. Бас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хандаж хугацаанд нь хийдэг, заримдаа санаанд оромгүй хувилбар сонгодог нь бас хэрэг болдог байх л даа. Бид энэ хугацаанд Америкийн болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, суртачилгааны албанд ажиллаж байсан. Үүнд нэр хүндтэй гэж хэлж болох Forest City, Northrop Grumman, Yahoo!, American Greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэт. Таны хэлсэнчлэн бид Вашингтон ДС хотод нүүж ирээд, ажилдаа ороод удаагүй байгаа, Би одоo эндэхийн (Presidential campaign - Obama for America) ерѳнхийлѳгч болон засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх суртачилгааны албанд ажиллаж байгаа.

Дөрөв: "Эх орон байхад диваажин надад хэрэггүй"

Г.Г-Чиний www.ganbold.com вэб хуудас руу ороход эхлээд хөх тэнгэр, тэр тэнгэрт элин халин дүүлэх шонхор шувуу, тэгснээ уртын дуу эгшиглэж аажим аажмаар газраас тэнгэрт хүрч, тасран одох мэт сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхамшигтай байлаа . Олон олон цахим хуудаснаас огт өөр мэдрэмж төрж байсан шүү.

Ч.Г-Олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийхэд өвөрмөц дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай холбогддог. Ер нь монгол аялгуу, монгол ахуй их өвөрмөц. Тэрхүү дүрслэлээр тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор би эх орноо төсөөлдөг.


Г.Г-Надад бас тийм бодол төрдөг. Гэхдээ өнөө цагт бид өнгө мөнгөнд хэт улайраад эргэж олдохгүй, давтагдахгүй гайхамшигтай зүйлүүдээсээ холдож салаад байна уу даа гэж харамсах сэтгэл төрдөг.

Ч.Г-Монголын түүх, нүүдэлчин ахуй, үндэсний урлаг соёл, ёс заншил, уртын дуу үнэхээр гайхамшигтай төдийгүй хэзээ ч давтагдахгүй. Өнөөдөр дэлхийн хөгжлийн хурдацад хүмүүс төөрч, эргээд монголчууд бидний орхиод байгаа зүйл рүү тэмүүлж байна. Хүмүүс "робот" шиг амьдралаас залхаж, амар амгалан амьдрал, онгон байгальдаа зохицож амьдрах, хүн хүндээ чин сэтгэлээсээ хайрлан хандах сэтгэлгээ рүү тэмүүлж байгаа. Харин монголчууд бид үүний эсрэг л яваад байх шиг.


Г.Г-Бид өнөөдөр Монголын хөгжлийн тухай их шүүмжилж, бас их л бухимдацгааж байна.

Ч.Г-Монголд минь өнөөдөр сайн муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа л хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернет IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш. Би л хувьдаа Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг.


Г.Г-Ч.Ганболд нилээн хэдэн жилийн ѳмнѳѳс интэрнэт Цахим Радиог нээж ажиллуулсан. Тэр радио "ЭХ ОРОН БАЙХАД ДИВААЖИН НАДАД ХЭРЭГГҮЙ" гэх уянгалаг хэрнээ сүрлэг үгсээр эхэлдэг. Түүнийг сонсохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрмөөр.

Ч.Г-Цахим радиог анх найзтайгаа 2004онд нээж байхдаа энэ үгээр шторк хийж АНУ болон Герман улсаас 4н суваг явүүлж эхэлж байсан, Ер нь хүн эх оронтой байна гэдэг ямар аугаа их хувь заяа гэдгийг харьд байхдаа монголчууд бид илүү ойлгож мэдэрдэг. Бид энэ радиог ашгийн бус байдлаар, эх ороноосоо хол байгаа Монголчууддаа зориулж явуулсаар ирсэн. Эх орон гэдэг хүний өлгий бас бахархал, омогшил. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой, өөрийн гэсэн хөгжил, эрх чөлөөтэй Монгол оронд төрснөөрөө монголчууд бид омог бардам явдаг. Бид энэ дэлхийн хаана ч явсан, сайн муу бүх л үйлдлийн өмнө "МОНГОЛ" гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэгэхээр эх орон биднээс л эхэлдэг гэж би боддог.


Г.Г-Чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртоо баярлалаа. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл тань та хоёрыг улам өндөрт өргөж, тэр хэрээрээ "МОНГОЛ" хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваарай.

Ч.Г-Танд ч бас их баярлалаа. Өдгөө залхуурал дэлхийг хөгжүүлж байгаа ч , монголчууд бид залхууралгүй хичээж зүтгэж байж Монгол орноо хөгжүүлж чадна. Залуус бидэнд их боломж их ирээдүи бий. Монголчууд бид бүгдээрээ хичээхэд бүгдээрээ л аугаа болж чадна.

Тэднийхээс гарч явахад сэтгэл нэг л сайхан. Тэдний "Лайка" хэмээх хөөрхөн эгдүүтэй нохой нь үсэрч цовхчин, гэрийн гадаа байх арын шилэн дээрээ томоос том "МОНГОЛ" гэсэн бичигтэй "Хаммер" машин дэргэд тэд намайг үдсэн. Хаа ч явсан содноос содон энэ л машинд дэлхийд үнэлэгдэж байгаа монгол залуус сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эх орноороо овоглож явдаг юм. Тэд өнөөдөр дэлхийн дэвжээнд авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч буй өнөөгийн монгол залуусын хэсэг нь. Амьдралын зам нь үргэлж дардан байх болтугай.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
http://galbadrakh.com/