Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай
1 жил, 9 сар өмнө

Хэзээ ч зэврэхгүй, өнгөө алдахгүй ган материал хүрэл цутгуурыг бодоход зүлгэхэд хатуу байдаг. Тэгэхээр та ган барималтай танилцах болвол уран бүтээлчийн маш их хөдөлмөр шингэсэн бүтээлийн өмнө зогсож буйгаа санахад илүүдэхгүй.

Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорьж яваа бүх хүн морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы "Улаан хуй" хөшөөг харахгүй өнгөрнө гэж үгүй. Омголон, эрч хүчтэй, хэзээ ч яндашгүй бадрангуй хүсэл эрмэлзэл тэр хөшөөнд шингэсэн нь хэн хүний нүднээ ил. Харин энэхүү хөшөөг бүтээсэн барималч МУЭ хорооны шагналт А.Очирболдын өөр нэг чухал чадвар бол Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн хатан бүтээлүүдээс нь гадна 304 маркийн чанартай гангаар хийсэн бүтэн үзэсгэлэнгийн ган баримлын ажлууд юм. Тэдний нэг нь Сентрал таур барилгын хүлээлгэн танхимд байрлах "Би" бүтээл бөгөөд өмнө нь олон хүн очиж "өөрийгөө" хардаг. Энэ зун түүний "Өнгөгүй өнгө" үзэсгэлэнгийн "Би" бүтээл дахин үзэсгэлэнгийн танхимд заларчээ. Хэрэв түүний бусад ган баримлуудтай нь та танилцах юм бол А.Очирболдын баримлууд тантай бүр илүү гүнзгий мэдрэмжийн хэллэгээр ярилцах болно. Тэр нандин мөчийг тань ойлгомжтой, мэдээлэлтэй болгох үүднээс бид өөрөөс нь бүтээлүүдийх нь дотоод агуулга, утга санааг сайтар асууснаа дэлгэж байна.

Эхлээд гангийн тухай

Хэзээ ч зэврэхгүй, өнгөө алдахгүй ган материал хүрэл цутгуурыг бодоход зүлгэхэд хатуу байдаг. Тэгэхээр та ган барималтай танилцах болвол уран бүтээлчийн маш их хөдөлмөр шингэсэн бүтээлийн өмнө зогсож буйгаа санахад илүүдэхгүй. Ган материалын гол чадвар нь дүрсийг тусгах тольт шинж чанартай. Магадгүй зарим хэсэгт нь зөвхөн тэнгэр харагдах өнцөг байлаа гэхэд түүнийг харах хүнд тэнгэрийн дээр зогсож буй мэт сэтгэгдэл төрж болно.

Үзэсгэлэнгийн дэглэлт

Монголд анх удаа ган баримлын үзэсгэлэн дэлгэсэн А.Очирболд МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимын ханыг бүхэлд нь хар өнгийн даавуугаар хулдаж, танхимын цагаан өнгөтэй хослуулсан ба тод улаан өнгийн тууш хуваалтуудтай хийжээ. "Өнгөгүй өнгө" үзэсгэлэнд гангаар бүтээсэн арван бүтээл дэлгэгдсэн. Бие даасан үзэсгэлэндээ зориулж хийсэн дэглэлтүүдээс түүнийх шиг хүчтэй, нэг цөм уур амьсгалыг төрүүлж чадсан үзэсгэлэн ховор билээ.

Үндэсний бахархал

Эртний сүг зургийг хөдөлгөөнд оруулж, дөрвөн моринд тэрэг хөллөсөн байхыг дүрсэлсэн бүтээл нь үндэс угсаагаараа бахархах сэтгэгдэл төрүүлнэ. Пирамид хэлбэртэй болгон зохиомжилсон нь их дээш, тэнгэр уруу тэмүүлсэн, алсыг харсан харцтай болжээ. Уран бүтээлчийн хувьд "Бид яагаад ийм дээр байж болдоггүй юм бэ" гэсэн санаагаар тус бүтээлийг туурвижээ.

Зэрэглээ

Гурван зээрд морь дүрсэлсэн энэхүү баримлыг "Зэрэглээ" гэнэ. А.Очирболдын хувьд төрсөн тал нутгийнхаа зэрэглээг яг ийм л байдаг гэж үзэх агаад ер нь ган материал өөрөө зэрэглээг дүрслэхэд тохиромжтой аж. Морьдыг шилэн дээр байрлуулсан бас нэг шинэлэг зүйл болжээ. Өнгөгүй өнгө гэдэг үг өөрөө байхгүй байгаа зүйлийг илэрхийлж хөтөлнө. Би лав харахад байгаа хэр нь барихад биегүй тэр өнгөгүй зэрэглээ уруу нэвтэрч үзэхээс татгалзахгүй байхсан.

Үүлэн чөлөө

Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

Үүл үргэлж нэг тийшээ л нүүдэг нь бүх зүйлс нэгэн гольдиролд байдаг гэдгийг илтгэнэ. Харин үүнийг илэрхийлэхдээ бүгд нэг тийш хандсан таван мориор дүрсэлжээ. Гэхдээ тэднийг морь гэж харахаас илүүтэй үүлэн чөлөө гэдэг нэр нь илүү чухал гэдгийг барималч онцолж байна.

Хүннү хутга

Аливаа улс үндэстэн өөрийгөө магтах, тоох зүйлтэй байдаг. Энэхүү хүннү хутгыг тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулж бүтээжээ. Үзэсгэлэнгийн дэглэлтээр энэ бүтээлийн ард тууш улаан зурвас байрлуулсан нь маш их эрх мэдлийг илтгэх шиг санагдуулна. Энэ бүтээлийн талаар "Хүннү гүрэн хүчирхэг байсан нь үнэн л юм. Түүнээс үүгээр том газар нутаг эзэлсэн гэж балмад байдлаар харуулах гээгүй. Дэлхий дээр ийм хүмүүс амьдарч, үрс бидэндээ гавьяа байгуулсан юм гэдгийг харуулахыг хүссэн. "Хаяа өөрийн эрхгүй Монгол хүн гэдгээ хүчтэй сэрж, мэдрэх юм байна шүү дээ" хэмээн А.Очирболд өгүүлсэн билээ.

"ХАЯА ӨӨРИЙН ЭРХГҮЙ МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭ ХҮЧТЭЙ СЭРЖ, МЭДРЭХ ЮМ"

Би

Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

"Би" хөрөгний зарчим агуулж буй хоёр нүүрний баримлыг харсан хүн "би"-д өөрөө яаж тусах вэ гэдгээс шалтгаалж хүн бүрт өөр мэдрэмж төрүүлнэ.

Цавчим тохой

Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

Ган материалын чанарыг ойлгоод ирэхээрээ түүний характерийг гаргах гэж үзүүлсэн бүтээл. Ган хэрхэн тогтдог вэ, бас тогтох хүртлээ ямар ааш араншин гаргадаг вэ гэдгийн цаана амьдралд тэмцэл байдаг гэсэн санаа агуулагдана. Түүнийг ус цалгиад цацардаг шиг байдлаар харуулахыг хүсчээ. Гэвч тэр бол уяхан зөөлөн ус биш хамгаас хатуу ган билээ.

Туйлын туяа

Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

Гангаар бүтээгдсэн арван баримлаас хамгийн сүрлэг нь болох бугатай баримлын нэр нь туйлын туяа. "Хойд туйлын туяаны хөшиг шиг намирсан гэрэлт салхины урсгал найган дайвалзаад дэндүү гоё байдаг даа. Халуун, хүйтэн агаар холилдоод ч байгаа юм уу? Яаж тийм гайхамшигтай зүйл бий болдгийг нь мэдэхгүй ч үнэхээр туйлын туяа сэтгэлээс гардаггүй. Тэгээд туйлын туяаг би ингэж дүрслэх юм байна гэж бодож хийсэн".

"ТУЙЛААС ГАРЧ БАЙГАА ТУЯАГ ХҮН БОЛГОН ХАРАХЫГ ХИЧЭЭДЭГ. МИНИЙ БҮТЭЭЛ ДЭЭР ТЭГВЭЛ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХАРАГ. ХҮН ӨӨРИЙНХӨӨ ДҮРСИЙГ ТУЙЛЫН ТУЯАНД ТУСЧ БАЙГААГ ХАРААСАЙ. "

Усан дээрх утаа

Харахад энэ зүйл нэг уул ч болоод, ус ч болоод, бас л нэг тийм баригдахгүй манан хөвөлзөөд ч байх шиг, хөөрөөд л, гоё бүжиглэж байгаа морь ч болох шиг. Манан өөрөө салхинд сарниж хийсдэг шүү дээ. Салхиар бага багаар сарниад байдаг. Нүдэнд харагдаад байгаа хэр нь барьж болдоггүй өнгөний чанар түүнд байх аж.

Та анх ган хайлуулаад цутгаж байхдаа юу бодож байсан бэ?

Анх ган хайлуулаад цутгаж байхад би гараасай л гэж бодож байсан. Гараад ирээсэй, гоё болоосой гэж бодсон. Миний анхны бүтээл эд нарын хажууд арай өөр ч гэсэн надад маш их баяр баясал авчирсан. Магадгүй би яг энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдийг тэр ганг цутгаж гаргасны дара хийе гэж бодсон байх.

Ган баримал хэр үнэтэй вэ?

Ган металлын хувьд хүрлээс хямдхан ч хүрлийн хажууд хөдөлмөр нь их учраас түүгээрээ үнэтэй болдог. Би энэ гурван зээрдийг хүрлээр хийвэл нэг сарын дотор хийнэ. Гангаар бол гурван сарын хугацаанд өдөр шөнөгүй хийж байж гаргана. Тийм л ялгаатай.

Та зэрэг ажилладаг уу, нэг бүтээлийг дуусгачихаад дараагийнх руу ордог уу?

Ер нь бол шавран дээрээ эхнийхийг хийж дуусаад, дараагийнх руу орно. Цутгаад гараад ирсэн зүйлийг тал талд гагнаад л зүлгээд хүмүүстэй ажиллана. Ганцаараа барахгүй, арав, хорин хүн ажиллана. Тэгж байж л гарна.

Та бүтээлүүдээсээ аль нэгийг нь хотод хаа нэгтэйд ил байгаасай гэж бодож төлөвлөж байгаа юу?

Тэгж бодолгүй яах вэ, уран бүтээлч хүн бүрийн мөрөөдөл. Чи уран бүтээлч бол ерөөсөө л тэрийг хий. Айхтар тэгж ашиг олох зорилгоор босгохыг бодохгүй байна. Босгочих юм бол би харин баярлана. Ухаандаа зардлыг нь даагаад босгоод өгвөл баярлана. Би ашиг олоод тэрүүгээр баяжина гэж бодож явсангүй.

Гадаа орчинд байвал хэр том хэмжээтэйгээр өөрийнхөө бүтээлийг төсөөлдөг вэ?

Би энэ сэлмийг хорин метр өндөр босгочихвол гоё л харагдана гэж бодож байна.

Жишээлбэл ямар байршилд?

Гоё шилэн байшингийн үүдэнд байгаад, доогуур нь хүн алхаад л явж байвал гоё л байх. Тэр дээр нэг хүн байж байдаг. Тэр сэлэм, таван морь эд нар бол томорч болно. Зарим нь зориулалтаасаа шалтгаалаад жижиг байх.

Та модерн уран бүтээлч мөн үү?

Би өөрийгөө модерн л гэж бодож байдаг. Модерн руу л явж байна.

Ер нь ямар хүн барималч болдог юм бэ?

Хүн л, жинхэнэ хүн л барималч болно доо. Хүн чанар нь ч сайн, юмыг ойлгодог хүн л барималч болно.

Хүмүүс ямар учраас юм бол гээд гайхаж байж болох юм?

Жинхэнэ ухаантай хүн л барималч болно. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Би барималчин гэдэгтээ тууштай байж тэсвэр хатуужилтай байхын дээр хүн байх хэрэгтэй. Ер нь уран бүтээлч бол "хүн" байж л уран бүтээл хийдэг юм.

Барималч, уран дархан хоёр ялгаатай юу?

Уран дархан бол эмээлийн баавар, данхны хээ, мөнгөн аяганы хээг гоё хийх ёстой байдаг бол бид нар ертөнцөд зориулж бүтээл хийдэг. Тэгэхээр ухаантай байхаас өөр аргагүй. Хэрэв чи хийж чадахгүй бол хамгийн тэнэг нь болоод л хийж чадахгүй байна гэсэн хатуу үнэн бий.

Та цаашдаа материалаа солих уу?

Би дараа нь материалаа солино, дандаа гангаар хийхгүй. Өөрийгөө ч солино. Өөрийнхөө бодлыг ч солино. Тэгэхдээ л би барималчаараа үлдэнэ.



Эх сурвалж:http://buro247.mn/culture/art-theatre/barimalch-ayuurzany-ochirbold-kh-n-riynkh-d-rsiyg-tuylyn-tuyaand-tusch-baygaag-kharaasay.html