Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ- Соён гэгээрүүлэгч, сод туурвигч
8 жил, 3 сар өмнө

Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Ардын уран зохиолч, "Азийн тэргүүн найрагч” шагналт.

Еөншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай нь 1940 оны 7 сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн.

ЗХУ-д Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсыг тус тус төгссөн. Уран зохиолынхоо гарааг 1968 оноос эхэлж, тун удалгүй утга зохиолд халгиа цалгиа үүсгэсэн яруу найраг, дууль, арван дөрөвтийн эрхи, найраглал, өгүүлэл, эссэ, тууж, жүжиг, туурь, бодрол, нийтлэл, уран зохиолын онолын өгүүлэл, роман зэрэг олон арван зохиол бүтээл туурвиж ихээхэн шуугиан тарьсан төдийгүй Монголын уран зохиолын Бишүби урсгалын онолыг боловсруулцжээ. 1970-1980 оны Монголын шинэхэн үеийн уран зохиолын хөгжилд болон нийгмийн царцанга сэтгэл зүйд дотоод эрчим хүч үүсгэгч болж байсан гүн сэтгэлгээний яруу найраг, цаг үеэсээ хол түрүүлсэн гэмээр эргэцүүлэл нь давтагдашгүй байдлаараа уншигчид, шүүмжлэгчид, судлаачдыг байлдан дагуулж байсан ажээ. О.Дашбалбар нэгэнтээ "Өнөөгийн зохиолчдоос хожим хойтод ганцхан Урианхайн яруу найраг үлдэнэ" хэмээн зөгнөх мэт хэлсэн байдаг.



ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ- НҮҮДЭЛЧДИЙН ГҮН УХААНТАН

1940-өөд оны үед Булганд нэг буянтай хүн байжээ. Тэр хүний нэрийг Дамдинсүрэн гэнэ.. Дамдинсүрэнгийн Мандахсан, Дамдинсүрэнгийн Урианхай, Дамдинсүрэнгийн Баянтунгалаг хүүхдүүд нь гэж бодож явсан үе надад бий. Тохиол гэдэг сонин зүйл. "Монголын уран зохиол" номыг Цэндийн Дамдинсүрэн, Дамдинсүрэнгийн Цэнд нар зохиожээ гэхээр хичнээн сайхан сонсогддог билээ. Энэ ч яахав. Харин өчигдөр солонгосын уншигчдад зориулж Д.Урианхай ахын талаар ийм нэг товч тэмдэглэл бичив. Энэ хүнд бид их өртэйДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн ХХ зууны 60-аад оноос уран бүтээлээ яруу найргаар эхэлжээ. Оюун санааны хувьд хүчтэй хувь-бодгаль шинжтэй энэхүү зохиолчийн уран бүтээлийг гурван үед хуваан авч үздэг. 1980-1990 он буюу үзэл санаа, туурвилзүйн эрэлхийллийн үе, 1990-2000 он буюу уран бүтээлийн шинэчлэлийн үе, 2000-2010 он буюу чөлөөт сэтгэлгээ, оршихуйн философи хандлагатай өөрийн үзэл санааг тунхаглалын үе гэж тодорхойлдог. Яруу найраг, эсээ, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын төрлөөр харьцангуй жигд түвшинд бичдэг, орчин үеийн монголын нийгэм, оюун санааны амьдралын хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчдын нэг юм. Түүний үзэл санаа, ертөнцийн чиг хандлага төлөвшихөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлс буй. Тэрээр уран зохиолоос гадна нийгэм-улс төр, эдийн засгийн өндөр боловсрол эзэмшиж, Дорно, Өрнийн шашин, гүн ухааныг нилээд ул суурьтай судалжээ. Нөгөө талаар хэт техникжсэн хийгээд түүнийхээ өмнө хүчин мөхөстсөн хүмүүсийн сэтгэл зүйн хямрал, иргэншлийн бууран доройтол, хүний мөн чанарын “хүйтрэл”-ийг илчлэн харуулахад чиглэсэн байдаг. Монголын уран зохиолын хүчтэй уламжлалаас зайлсхийж, уран зохиолын тогтсон чиг хандлагаас ангид өөрийн оюун санааны үр-дархлааг бий болгосон юм. Туурвил зүйн хувьд Д.Урианхай нь бүтээлүүд зөн совин, ёр билэгдэл, нууцлаг ахуй, цаг хугацааны ба цаг хугацааны бус мэдрэмжүүдэд төвлөрч байдаг. Хүн нийгмийн хэт хөгжил эцэстээ хүнд өөрт нь хортой зүйл болж хувирсан, өөрийн дотоод чинадын дуу хоолойг эс сонсох нь хүнийг зөвхөн гадна талаа хэт шүтэх хандлагыг бий болгож байна. Ёс суртахууны доройтол, аливаад үл ханах шунал сэтгэл, түүнээс үүдэн гарах үйлийн үрийн тухай түүний зохиолууд, тэртусмаа жүжгийн зохиолууд нь хүчтэй илэрхийлдэг. Гоо сайхны ямар ч цэнгэл таашаалгүй, зөвхөн махан биеийн жаргалд автсан хүмүүсийн жигшмээр дүр түүний зохиолуудын нийтлэг хэв шинжийг илтгэнэ. Гэвч хүнийг үзэх хэт гутранга үзэл санаанаас тэр татгалздаг. Эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйлс, харин хүн бол энэрэл нигүүлсэхүйг бүтээгч хэмээн үзснээрээ тэр экзистенциализмын үзэл санаанаас ялгарч байгаа юм. Ахуй бол зөвхөн гял цал өнгө гэрэл, тэр хэзээд тийм шинжтэй байсан, түүнээс сайн сайхныг хүлээх нь ХҮНИЙГ улам арга мухардуулна. Оршихуй бол дарамт. Энэ бүхнээс ангижрах хүч хүнд өөрт нь буй. Тиймээс өөрийгөө мэдрэх, өөрийгөө чагнах бол ирээдүйн ганц боломж гэж тэр тунхаглаж байна. Хүн-нийгмийн зөрчил туйлдаа хүрч, хүн өөрийнхөө бүтээсэн зүйлийнхээ араа шүдэнд өртөж, сэтгэл оюунаар улам жижгэрч, бутлагдаж байгааг зохиолч өнөөгийн хамгийн том эмгэнэл гэж үздэг. Хүнийг гэгээрүүлэх цаг барсан үйл хэрэг, туйлын зорилго ч бус харин хүний гэгээрэл өөрт нь байдаг тухай түүний зохиолууд өгүүлдэг. Гол онцлог нь тэр дотоод гэгээрлийг зовлон зүдгүүр л өдөөнө. Жаргах тусмаа хүн мунхардаг гэж үзсэн нь Д.Урианхайн философи үзэл санааны шинэлэг тал зөвхөн түүнд илүү хамаатай “ нээлт” гэж үзэх үндэстэй. Хэдийгээр түүний уран бүтээлийг ХХ зууны эхээр Өрнө дахинд дэлгэрсэн философийн зарим урсгал чиглэлд хамааруулж болох ч Д.Урианхайд нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй шинж, байгалийн үзэгдэл , яруу сайхны гайхалтай дүрслэл, юунд ч үл хашигдахыг хүсэх нүүдэлчдийн эрх чөлөөний мэдрэмж цогцлон бүрэлдсэн. Түүний яруу найргийн бүтээлүүд бүхэлдээ чөлөөт задгай хэлбэрээр бичигдэж, туйлын үнэн- яруу найрагт оршдог хэмээх гүн ухааных нь үзлийг илэрхийлж байдаг. Гоо сайханг эгэл энгийнээс нээж олох, түүндээ догдлох, түүндээ эмзэглэх эсвэл түүндээ энэлэн шаналах хүчтэй “дуу хоолой”- г түүний шүлгүүд цуурайтуулан давтдаг. Энэ л өвөрмөц “буй” байдлаараа Д.Урианхай Монголчуудын төдийгүй, хүн төрөлхтөний илүү “сэхээлэг” цөөнхийн анхаарлыг татаж байна. Тиймээс сүүлийн 10- аад жилийн хугацаанд Д.Урианхай нь бүтээлүүд дэлхийн олон улсын хэлээр орчуулагдаж, Монголчуудын оюун санааны нүүр царай болж байна.

Пүрэвхүүгийн Батхуяг (2017 оны 9 сарын 19)


ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ “АЗИЙН ТЭРГҮҮН НАЙРАГЧ”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч хүн билээ. Тэрээр “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон өрсөлдүүлсэн байна. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарчээ.

“Асар хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тодорхойлсон байна. Д.Урианхай зохиолч шагналаа Гвоньжоу хотноо зохиогдож буй олон улсын яруу найргийн чуулганы үеэр гардан авчээ. Тэрээр орчин цагийн хүмүүсийн сэтгэл зүй хийгээд яруу найргийн тухай лекц уншсан аж.

“Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх энэхүү шагнал нь шүүлт, зохион байгуулалт, тухайн зохиолчид олгох мөнгөн дүн гээд бүхий л талаараа Нобелийн шагнал-тай дүйцэхүйц гэдгийг Солонгос дахь “Азийн утга зохиол” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн П.Батхуяг доктор онцолсон.

Эдүгээгээс хэдэн жилийн өмнө Д.Урианхайн бүтээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтаж байсан түүхтэй. Түүний “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодерн, авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байдаг. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг Францын нэртэй эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог. Шалгарсан бүтээлээ хоёр жилийн туршид уншиж судалсны эцэст ганцхан шүлгээр ном бүтээнэ. Ингэж Урианхай Ази тивээс анх удаагаа “Дэлхийн нэг шүлгийн ном”-д бүтээл нь хэвлэгдсэн зохиолч болж байв. Нэр хүнд бүхий уг номыг ердөө тавин ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг юм гэсэн. Сонирхуулахад, нэрт найрагчийн “Модод” шүлэг нь анх Марк Пэссан тэргүүтэй Францын эрдэмтэн мэргэдэд таалагдсан байдаг. Гэвч “Модод” бус “Инээд шиг хуучин хүний амьдрал”-д шүлэг нь хэвлэгдсэн нь бас сонин. “Модод” шүлгийг бүрэн эхээр нь хэвлэхийг найрагч санал болгожээ. Уг бүтээл олон бүлгээс бүрдсэн урт шүлэг юм. Нэг бүлгийг нь л Г.Аюурзана сонгож “Монголын сонгомол яруу найраг ном”-нд оруулсан байдаг. Гэвч найрагчийн хүсэлтийг хүлээн авч “Модод”-ыг бүтнээр нь хэвлэх боломжгүй учир өөр бүтээлүүдээс сонгосон нь тэр юм билээ.

“Урианхай Монголын утга зохиолд дуулиантай орж ирсэн нь 60-аад оны сүүл үе. Тэр багаасаа уран зохиол гэгч амар хялбар эд бус чухамхүү чөмгөөн дундалж жинхэнэ зохиолыг бичнэ. Эсвэл үгүй гэж хатуу батаар бодсон. Эл бодолдоо цаг хугацаа ахих бүр улам итгэж үг мөр бүхнээ чадал заан урладаг нь шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, жүжиг, романы нь утга уянга хийц далайц юм бүхнээс илэрхий” гэж ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн бол “Найргийн наадамд чуулсан морины хүүхэд шиг миний үеийнхэн бид “Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглал уншин толгой сэгсэрч эх орны бодолд автан гайхаж явсан цаг. Таны шинэ танил тууж хийгээд Саарал тэмээний тухай яриан дунд миний үеийнхэн их утга зохиолын босго алхсан юм. “Халуун зуны сүүдэр” тууж шуугиан тарьж “Өвлийн шувуу анир гүмхэн нисэж ахуйд бид яруу найргийн галд ойртож суусан. Тэр л цагаас Урианхай гэдэг нэр шинэчлэл гэдэг үг болон сонсдох болсон” гэж төрийн шагналт Дамбын Төрбат бичсэн.

“Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Тэр ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд-өрх бий. Тэр бол яруу найраг.

Аглаг шугуйн салхи үнэрээ гээж,

Амраг шувууд уйлалдсан намрын орой…

Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос

Эцсийн нь навч салхинд харвахуй

Нар тэмтрэн бүлээцэх голын ус

Эгшин зуур урсахаа зогсохыг сэрнэ…“ Салхи үнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай, төсөөлөхөөс халшрам энэ үгс бол дээд яруу найргийн өнгө аялгуу. “Навч унахын тоогоор мод хагацалд элнэ” гэдэг, “Нар тэмтэрч бүлээцээд голын урсгал зогсоно” гэдэг дээд яруу найргийн сэрэл мэдрэмж. Ийм өнгө аялгуу, ийм мэдрэмж сүлэлдсэн ертөнц” хэмээн Г.Аюурзана зохиолч бичсэн нь бий. Ингээд “Азийн тэргүүн найрагч”-ийн шүлгүүдээс уншигч олондоо хүргэе.

Инээд шиг хуучин хүний амьдралд...

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойрхон байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурхны хутаг олох

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх

Өчигдрийнх шиг,

Уржигдрынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх

Инээд шиг хуучин...

Нулимс шиг хуучин...

Гомдол шиг хуучин..,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх

Өчиг

Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод

Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!

Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ

Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!

Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч

Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ

Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь

Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа

Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс

Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа

Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч

Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө

Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч

Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо

Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж

Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж

Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу

Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ

Салхи шиг хуугиа бага наснаасаа би

Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж

Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар

Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…

Орчлонд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод

Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!

Н.ТУЛГАА (Өдрийн сонин 2017 оны 11 сарын 19)

https://www.facebook.com/%D0%9...