Пүрэвдоржийн ЦЭРЭНДАГВА- Ардын жүжигчин, нийгмийн зүтгэлтэн
18 жил, 11 сар өмнө



1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн. 
1976 он УБДС-ийн Кино драмын ангийн Жүжигчний мэргэжлээр төгссөн.
1968 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.


Монголын
 тайз, дэлгэцийн нэрт жүжигчин. Тэрээр 1948 оны 5-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлсэн.

1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Хаан түүх" жүжгийн Хаан, "Жамуха" жүжгийн Чингис, "Тамгагүй төр" жүжгийн Эгрэгэ өрлөг, "Хүйтэн сэнтий" жүжгийн Богд хаан, "Атга нөж" жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

Тэрээр уран бүтээл болон ярилцлагуудаа үндэсний үнэт зүйл, монгол хүний ёс жудагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилготой нэрт уран бүтээлч, багш, нийгмийн зүтгэлтэн.

    БҮТЭЭСЭН ДҮР, УРАН БҮТЭЭЛҮҮД

    “Гарын таван хуруу” жүжгийн Баяр
     “Ээдрээ” жүжгийн Галдан жонон ван 
    “Хаан түүх”
     жүжгийн Хаан 
    “Жамух” жүжгийн Чингис 
    “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг 
    “Хүйтэн сэнтий”
     жүжгийн Богд хаан 
    “Атга нөж”
     жүжгийн Хөхөчү 
    “Саран хөхөө” жүжгийн Ямши 
    “Нора” жүжгийн Хельмер 
    Ричард III” жүжгийн Бекингем, Ричард 
    “Ромео Жульетта”
     жүжгийн Капульетта Хотын захирагч 
    “Цахлай” жүжгийн Сорин 
    “Парисын дарь эхийн сүм”
     жүжгийн Фролло 
    “Тэнгэрийн хүү”
     жүжгийн Лүсү ван 
    “Гамлет” 
    жүжгийн Клавди

    АМЖИЛТ, ШАГНАЛ

    1991 онд МУ-ын Гавъяат жүжигчин
    2001 онд МУ-ын Ардын жүжигчин 
    1995 онд “Ричар III” жүжгийн Бекингемийн дүрээр Соёлын яамны “Оны шилдэг дүр”-ийн шагнал, 
    2003 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал, 
    2004 онд бүтээсэн “Саран хөхөө” жүжгийн Ямши ноёны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал
    2008 онд “Эдип” жүжгийн Трессийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал
    2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фрологийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал 

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    П.Цэрэндагва: “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.

    Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.

    -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

    -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

    -Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

    -Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

    -Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

    -Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

    -Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

    -Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

    -Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

    -Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

    -Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

    -Бид хоёр арваад насны зөрүүтэй.

    -Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

    -Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

    -“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

    -За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

    -Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

    -Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

    -Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

    -Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

    -Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

    -Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

    -Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо...

    -Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

    -Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

    -Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.

    Л.Батцэнгэл (Өдрийн сонин) 2018.03.09