Задийн Цэнгэлсайхан- Нэрт уран хатгамалч
6 жил, 4 сар өмнө

БӨХ ЦООХОР ОВОГТ ЗАДИЙН ЦЭНГЭЛСАЙХАН

Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт уран хатгамалч, Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүн.

З.Цэнгэлсайхан нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, хүний их эмчийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн  нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил албан тушаал эрхэлж байсан, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол улсын уран хатгамалч цолтой. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн болон Удирдах зөвлөлийг гишүүний сонгуульт ажилтай.

Тэр 1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургаж, тэдгээрийн  уламжлалт урлах арга зүйг гүнзгийрүүлэн  судалж, шавь нартаа өвлүүлэн уламжлууж, урлах арга зүйн шинэ шийдлүүдийг нээж урлалдаа нэвтрүүлэх зэргээр олон жил тууштай ажилласны дүнд мартагдах шахсан Монгол хатгамлын урлалыг сэргээхэд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.

Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

Эдгээр загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанаас шагнал хүртсэнээс заримыг нь дурдвал,

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

2001 онд Япон улсад зохиогдсон “ Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх,
2005 онд  НҮБ-аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанаас “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал,
2010 онд Уран хатгамалчдын Улсын  уралдаанаас  Монгол Улсын уран хатгамалч цол,
2011 онд Ардын урлагийн их наадмаас Хүрэл-Од медаль,
2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлалч Батламж, “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлалч ӨРГӨМЖЛӨЛ, Соёлын биет бус өвийн Их наадмын Алдаршуулах медаль тус тус хүртсэн байна.

УРАН БҮТЭЭЛ, САНААЧИЛСАН АЖИЛ

2005, 2010, 2018 онуудад өөрийн санаачлагаар БСШУЯ, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын Улсын 1,2,3-р уралдаануудыг Дархан, Улаанбаатар хотуудад  амжилттай зохион байгуулж, уран хатгамлын урлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, тус уралдаануудаас тэргүүн байранд шалгарсан 36 хүнд “МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ” цол олгуулж урамшуулсны    дээр “Уран хатгамал нэртэй номыг 2005, 2013 онуудад, “Уран хатгамлын гайхамшиг” нэртэй уран хатгамлын талаарх цогц мэдээллийг багтаасан ном болон “Урлах эрдмээс суралцаарай” номыг 2016 онд тус тус хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон.

Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээгдсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамлыг ЮНЕСКО-гийн дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлсэн.

 Цаашид Монгол үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг улам хөгжүүлэх, охид бүсгүйчүүддээ өвлүүлэн уламжлуулах, Уран хатгамлын дагнасан музей байгуулах, Монгол хатгамлаа ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монгол даалин урлалаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд мөнхлөх, Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалын нийгмийн хөгжилд нөлөөлж буй эерэг нөлөөлөл, ач холбогдлыг цаашид лавшруулан судалж, бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зорилго тавин ажиллаж байна.

https://www.facebook.com/tseng...

Ярилцлага унших