Хавтгайн Намсрай- Онолын физикийн салбарт дэлхийд шинэ нээлт хийсэн эрдэмтэн
6 жил, 4 сар өмнө

Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнасан.

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой - гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт", "Намсрайн арга, схем", "Намсрайн хязгаарлалт" гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

Ярилцлага унших