Гүррагчаагийн ЛХАГВАА- Хүнс судлал
Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер.
Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.
Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн.
Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд “Хүнсний үйлдвэр” компаний ерөнхий захирал, 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан.
“Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”, “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, "Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал", "Билгүүн ухааны толь", "Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном 1-4 боть" зэрэг шинжлэх ухааны ном, "Хайрын ханасан уусмал", "Хөтөлгөө морьтой эцэг", "Газрын амьсгал", "Цэцэг тоссон бүсгүй", "Мөнхийн цагаан уул" зэрэг яруу найргийн ном, "Эх үрсийн дуулал", "Дүүриймаа" зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.
“Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга”-ыг олж Герман улсын патент, “Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь” /1997/ бүтээлээр Монгол улсын зохиогчийн гэрчилгээ, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга” /2000/, “Хүний эмчилгээний загварчлал” /2003/, мөн хамтын бүтээл болох "Чихрийн шижин өвчний эмчилгээний үеийн хооллолт" бүтээлүүдээр Монгол улсын патентийн эрх эзэмшдэг.
Хүн, хүний хөгжлийн онолын шинэ баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн тодорхойлолтуудыг томъёолж, Хүний өөрийгөө эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх эмчилгээ - хөгжлийн шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн.
"Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал" бүтээл нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны шагнал хүртсэн.
Шинжлэх ухааны доктор (D.Sc.) 1, доктор (Ph.D.) 5, магистрын 12 судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан.
Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.
Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Хүнсний аж үйлдвэрийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Монгол улсын зөвлөх инженер.
Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж, ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн.