Хандсүрэнгийн ХАТАНБААТАР- Оюуны спортыг Монгол улсад хөгжүүлэгч
8 жил, 4 сар өмнө

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан.

Хатанбаатар нь 1982 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Хандсүрэнгийн том хүү болон мэндэлсэн. Ээж Цэцэгмаа нь эмч мэргэжилтэй. Нэг эмэгтэй дүүтэй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн сургуульд 8-р анги төгсөтлөө сурч байгаад Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан дунд сургуульд суралцаж 2000 онд төгсөөд МУИС-ийн улс төр судлалын ангид элсэн орж хоёр жил суралцаж байгаад засгийн газар хоорондын тэтгэлгээр 2002-2008 онд  Турк улсын Газ Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн, 2008-2009 онд Турк улсын Анкара их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан. Эрхзүйч мэргэжилтэй. 
Турк улсад суралцаж байх хугацаандаа буюу 2007 оноос ой тогтоолт хөгжүүлэх талаарх мэдээллийг сонирхон судалж, өөрийн хичээл ном, амьдралдаа хэрэглэж эхэлснээр одоогийн Оюун ухааны академийг үүсгэн байгуулах эхлэл нь тавигдсан байна. Тэрээр 2009 онд сургуулиа төгсөж ирмэгцээ өөрийн судалж суралцсан ой тогтоолт хөгжүүлэх мэдлэг дээрээ тулгуурлан Монголын Оюун Ухааны академийг үүсгэн байгуулсан. Уг академи нь анх 2009 оны 10 сард “Оюуны хөгжил-Оюуны спортын төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж улмаар 2010 оны 9 сард академи болон өргөжиж нэрээ өөрчилсөн байна. Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн шинэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт, судалгааг түлхүү явуулдаг. Үүнд: Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын цогц сургалт, цээжээр тоо бодох аргачлалын цогц сургалт, хурдан уншлага, рубик шоо, судоку, соробан сампин, англи хэлний өргөн хэрэглээний 2500 үг цээжлэх мөн оюуны зураглал гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг байна.


Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм.

2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Гаргасан амжилтууд
  • 2008 оны Турк улсын "Ой Тогтоолт болон Түргэн Уншлагын Аварга Шалгаруулах Тэмцээн"-д мөнгөн медаль
  • 2008 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 8-р байр
  • 2010 оны Цээж бодолтын ДАШТэмцээнд 11-р байр
  • 2011 оны 20 дахь удаагийн дэлхийн аваргын ой тогтоолтын тэмцээнд “Хөзрийн дараалал цээжлэх” төрөлд 4-р байр, “Дуут цифр”-ийн төрөлд 7-р байр
  • 2012 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний  хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр
  • “MEMORIAD 2012” Оюуны олимпийн “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 8-р байр
  • 2012 оны Спортын салбарын оны шилдэг “Алтан сарнай-2012”-ын эзэн
  • “MEMORIAD 2013” тэмцээний “Нэр зүс, царай цээжлэх” төрөлд 5-р байр
  • Турк улсад зохион байгуулагдсан “Хөзөр цээжлэх” төрөлд 5-р байр
  • Турк улсад зохион байгуулагдсан “Фото уншлага” төрөлд мөнгөн медаль

Монголын Оюун Ухааны Академи

Монгол эх орны маань ирээдүй болсон хүүхэд бүр оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшинө гэдэгт Монголын Оюун Ухааны Академийн хамт олон бид бат итгэлтэй байдаг. Тиймээс Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор 2010 оноос эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна. 

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дотооддоо оюуны спортын 94 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 11,000 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Герман, Хятад, Хонг Конг, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Австри, Япон, Солонгос, Казакстан, Киргиз, Индонези зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохиогдсон 55 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улсын, дэлхийн, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 78 цом, 1004 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлсээр байна. Тухайлбал, дэлхийн ой тогтоолтын спортын нас насны ангилалын 54 дээд амжилтын 30-ыг нь манай тамирчид эзэмшиж байна. Мөн 2018 оны Геннисийн номонд 3 тамирчин маань бүртгэгдээд байгаа бөгөөд Саяхан Индонези улсын Бали аралд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид Ази тивийн 3 дахь удаагийн аварга болж чадсан бахархам амжилтуудыг нэрлэмээр байна.

Ярилцлага унших
https://mastermind.mn/