Даньдайгийн ЖАРГАЛСАЙХАН- Зохион бүтээгч инженер
5 жил, 8 сар өмнө

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилийг дэмжих ард түмний хөдөлгөөний тэргүүн. “JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологийг боловсруулсан.

Даньдайгийн Жаргалсайхан нь Ховд аймгийн Булган суманд төрсөн. Ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр 1973- 1983 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1983- 1988 онд Чехословак улсын Жилина хотын Тээвэр Харилцааны Дээд Сургуулийг Нийтийн тээврийн хэрэгслийн засвар ашиглалтын инженерээр, 1996 онд Англи улсад удирдлагын менежментийн курсийг тус тус төгссөн. Тэрээр 1988 оноос Цахилгаан Тээвэр компанид график маршрутын техникч, график маршрутын инженер, төв диспетчер, засварын мастер, засварын депогийн дарга, засвар ашиглалт хариуцсан дэд захирал, ерөнхий инженер, ерөнхий захирлаар дэвшин ажиллажээ.

1980-1990 онд хуучнаар ЗХУ-д сургаж авсан олон инженер техникийн ажилтан ажилчид ажлаа хаяж наймаа бизнес хийж эхэлснээр Цахилгаан тээвэр компани мэргэжлийн ИТА, ажилчдаар дутагдаж эхэлсэн ба тухайн үед троллейбусны засвар үйлчилгээний инженер, засварчдыг шинээр элсүүлэн сургах дадлагажуулах ажлыг зохион байгуулах замаар троллейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагааг хангажээ. ЗХУ-с хамааралтай байсан троллейбусны сэлбэг эд анги эрс хомсдож нийт паркийн 50 хувь нь сэлбэг эд ангигүй зогсох үед троллейбусны зарим нэр төрлийн эд ангийг троллейбусны депогийн тоног төхөөрөмж болон Төмөр Замын Засварын Депо, Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн засвар механикийн заводтой хамтран үйлдвэрлэснээр хүнд байдлаас гарч чаджээ. Энэ үед бүх төрлийн резин сальник, тусгаарлагч материал башмак, башмакны тусгаарлагч, хацар втулкнууд ДК-210, ДК-408, ДК-661 хөдөлгүүрүүдийн статор, якорыг бүрэн ороох, хийн системийн тунгаар үл хөлдөөгч, троллейбусны хойд тэнхлэгийг ЛИАЗ автобусны төв редуктор тохируулан тавих гэх мэт олон шинэ санаачлага гарган үйлдвэрлэлд нэвтрүүлснээр троллейбусны техникийн бэлэн байдлыг шугамын графикт үйлчилгээг хангах түвшинд хүргэж байсан.

Троллейбусны засвар, техникийн үйлчилгээг графикийн дагуу, технологийн өндөр шаардлага тавин хангуулж ирснээр троллейбусны насжилтыг уртасгаж нийт хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн нормыг 2-4 дахин давуулан явуулж. улс орны хөрөнгө хомс, троллейбусны паркийг шинэчлэх чадамжгүй үед цахилгаан тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байх техник технологийн олон талт ажлыг амжилттай зохион байгуулж парк шинэчлэх хөрөнгө оруулалтыг хэмнэснээр эдийн засгийн ихээхэн үр ашгийг улс орондоо оруулсан инженер билээ. Д.Жаргалсайхан нь 2004 онд Цахилгаан тээвэр тус компаний захирлаар томилогдон нийтийн тээврийн салбарт алдагдалтай ажиллаж байсан компанийг алдагдалгүй болгож 2006 онд JEA-800 загварын троллейбусыг дотооддоо угсрах ажлыг зохион байгуулжээ.

Дотооддоо троллейбус угсрахын сацуу ашиглалтанд байсан ЗИУ-683 маркын троллейбуснуудад техник технологийн шинэчлэлийг хийж засвар ашиглалтын зардлыг бууруулж компаниа санхүү эдийн засгийн хүндрэлээс гарган троллейбусны гүйлт, насжилтыг уртасгаж чадсан.


Монголд үйлдвэрлэсэн Троллейбус үйлчилгээнд гарлаа

Энэ ажлын хүрээнд ЗиУ-683 маркын орос троллейбусны өндөр болон нам хүчдэлийн хэлхээний электро механик удирдлагатай хоцрогдсон системийг транзисторын удирдлагын систем рүү бүрэн шилжүүлсэн ба троллейбусны хий системд ашигт үйлийн коефцент өндөртэй бага оврын тоног төхөөрөмжүүд суурилуулах замаар ОХУ-аас авдаг өндөр үнэтэй олон нэр төрлийн сэлбэгийн зардлыг хэмнэж чадсан.

Даньдайгийн Жаргалсайхан нь 2006 оноос эхлэн троллейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагаа болон зорчигчдийн тав тух аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэлт хийхийн зэрэгцээ хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байсан ч 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж Монгол улсын MN55773:2007 Стандартын шаардлага хангасан JEA-800 маркийн транзисторны удирдлагатай анхны троллейбусыг Монгол улсдаа угсран үйлдвэрлэж чадсан нь ард иргэдийн болон төр засгийн байгууллагуудын халуун дэмжлэгийг хүлээсэн юм.

2007 онд JEA-800М загварын электробусыг угсран үйлдвэрлэж иргэдийн үйлчилгээнд гаргаснаар тус компаний хамт олон цаашид цахилгаан тээврийн хэрэгслийг Монгол улсдаа угсран үйлдвэрлэх техник технологийн мэдлэг, чадвартай гэдгээ батлан харуулсан.

Цахилгаан тээвэр компаний хамт олны уйгагүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараар бий болсон JEA-800 загварын троллейбус, JEA-800M загварын электробуснууд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын дэмжлэгийг хүлээж 2008 оноос анхны хөрөнгө оруулалт хийж эхэлсэн билээ.

ОХУ-ын Москва хотын “Мосгортранс” үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын хоорондын гэрээний дагуу Москва хотын Троллейбусны заводаас нийлүүлэгдсэн 12 ширхэг троллейбусны каркасан дээр троллейбусны цахилгаан болон механик эд анги, тоноглол, агрегат, кузовын дотор салоны угсралтын ажлуудыг амжилттай гүйцэтгэн 2008, 2009 онд ашиглалтанд оруулсан. Мөн Нийслэлийн төсвөөс 2008, 2009 онд нийт 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд энэхүү мөнгөөр 12 ширхэг UBMOS загварын троллейбусыг ОХУ-ын Москва хотын Троллейбусны Заводтай хамтран угсран үйлдвэрлэж үйлчилгээнд гаргасан.

Компаний санхүүгийн дотоод нөөц боломжийг шавхан дайчлах замаар 2008 онд Солонгос улсын Huyndai фирмийн “Huyndai Aero City-540” маркийн автобусанд реконструкци хийж “JEA-800Т” загварын троллейбус угсран үйлдвэрлэж нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргасан нь мөн дэмжлэгийг хүлээж 2009 онд Улаанбаатар хотын Агаарын Бохирдлыг Бууруулах төслийн хүрээнд 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авснаар 2009 онд “JEA-800Т” загварын 15 троллейбус угсран шугамын үйлчилгээнд гаргав.

2007 оноос “JEA-800F” загварын дуобус угсран үйлдвэрлэх техникийн зураг, тооцооллыг хийж дуусган 2008 онд хосолмол хөдөлгүүртэй “JEA-800F” загварын дуобусыг анх удаа нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргаж чадсан нь цахилгаан тээврээр үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн олон хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан.

2009 онд Казакстан улсын захиалгаар “JEA-800F” загварын 2 ширхэг дуобусыг экспортонд гаргасан нь Монгол хүний ур чадвар, мэдлэг оюун, нарийн технологи шингэсэн тээврийн хэрэгсэл харь орон руу зорьсон анхны тохиолдол болсон юм.

Мөн БНХАУ-ын Ченду хотын Цахилгаан тээврийн компаний тээврийн хэрэгслүүд дээр “JEA-800F” маркийн дуобусны хөдөлгүүрийн хосолмол систем нэвтэрсэн.

2010 онд нийтийн тээврийн цахилгаан машины 5 дахь загварыг гарган авч тэжээлийн 3 эх үүсвэртэй “JEA-800D” загварын Монбус 1-ийг, “JEA-800” маркийн троллейбус 4 ширхэгийг үйлдвэрлэж нийслэлчүүдийн үйлчилгээнд гаргасан юм. Мөн тус онд Японы суудлын автомашин дээр технологийн шинэ шийдэл гаргаж агаар орчин бохирдуулдаггүй цахилгаан машин болгох туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.


БҮТЭЭЛ

“JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологи

Өндөр болон нам хүчдэлийн хэлхээний ачааллын тооцоолол.

Д.Жаргалсайхан. Дуобус пассажирский двухосный модифакция JEA-800F, руководство по эксплуатаций (ном).

“JEA-800” троллейбус угсрах MN:5773:2007 стандарт.

“JEA-800” маркын троллейбус, дуобус, монбус угсрах үйлдвэрийн байрны стандарт.

“JEA-800” загварын троллейбус, дуобус, монбус “J-800” загварын автобусны угсралт үйлдвэрлэлийн технологи

боловсруулах ажлыг гардан зохион байгуулжээ.

Үүнээс гадна том оврын дизель хөдөлгүүртэй автобусыг байгалийн хий /CNG/ түлшинд шилжүүлэх техник технологийн судалгааны ажлыг хийж, цахилгаан таксины бааз байгуулах төсөл зэрэг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий төслүүдийг боловсруулжээ. Тэрээр МОН-900 маркийн үтрэмийн будаа ачигч, Япон улсын Хонда фирмийн Honda Dazu маркын суудлын автомашинд суурилсан суудлын цахилгаан машин угсрах техникийн зураг баримт бичгүүдийг боловсруулж үйлдвэрлэн гаргажээ. Монгол улсын Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбоог санаачлан байгуулагчийн нэг бөгөөд энэ холбооны шугамаар улс орны Төмөрлөг машин үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарыг сэргээн босгох үйлсэд хувь нэмрийг оруулж байна.

Ярилцлага унших

https://www.facebook.com/jak.xoshuud/
https://twitter.com/d_jargalsaixan