Жутаагийн ХУМБАА- Икэлч, бийч
8 жил, 2 сар өмнө

Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм

Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн. 

Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай”  төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв. 

Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна.

Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж  Ж.Хумбааг 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж “Батламж” олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ.

Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан "Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт"-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.