Яндагийн ГАНБОЛД- Царцааны бэлдмэлийн зохион бүтээгч
1 жил өмнө



Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн 

Малын их эмч,

Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС (Ph.D), 1993 он, ШУА (Sc.D), 2009 он

Украины ХАА-н академи

https://www.facebook.com/ireed...

Царцааны бэлдмэлийн зохион бүтээгч



ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.