Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР- Цахим эрхзүйн олон улсын хуульч
9 жил өмнө


Олон улсын эрх зүйч, хуульч

Орчин үеийн нийгмийн чухал асуудал болох мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн Монгол Улсын цөөн хуульч, судлаачийн нэг юм. Монгол Улсын Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх академи болон Сингапур улсын Оюуны өмчийн академийг оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр тус тус төгссөн.

2010 онд оюуны өмч, мэдээллийн технологийн эрх зүйн асуудлаар “Цахим эрх зүй” ном, 2015 онд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах асуудлаар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном бичиж хэвлүүлсэн. Мөн “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан туршлагатай. “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн 5 дугаар бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцож “Mongolian Legislation and Law Enforcement” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд өгүүлэл, нийтлэлээ түгээж буй судлаач юм.

Тэрээр Монгол Улсын Их сургуулийн хуулийн зөвлөх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хуульч зэрэг хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн чадварлаг хуульчдын нэг юм. Өдгөө Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаачаар ажиллаж, хэд хэдэн бодлогын судалгааг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан олон тооны сургалтад сургагч багшаар ажиллаж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж буй судлаач юм.

Түүний “Цахим эрх зүй” блог www.galbaatar.blogspot.com нь 2007 оноос эхлэн өнөөг хүртэл цахим орчны эрх зүйн асуудлаар сонирхон судлагч, тусламж хүсэгч хэн бүхний хувьд чухал, шинэлэг эх сурвалжид тооцогдож байна.

Илтгэлүүд үзэх: http://www.slideshare.net/galbaatar1/
https://www.facebook.com/galbaatar