Интернэт худалдааны анхдугаар чуулга уулзалт 2015.10.23
8 жил, 6 сар өмнө

ЯАГААД?

ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗАХ ЗЭЭЛ буюу Интернэт худалдаа нь улс орнуудад экспортод чиглэсэн худалдааг өсгөж, масс зах зээлд хүргэх гол суваг болсоор байна. Та бидний өмнө том сорилтын жилүүд ирлээ. Тиймээс бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээ ярилцаж, хамтдаа нэг чигт харах цаг болжээ.


ЗОРИЛГО

Интернэт худалдааны орчин Монголд болон дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгаа, энэхүү орчныг хөгжүүлэхэд бид хамтдаа юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа хамтран ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрч, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох нь уг арга хэмжээний гол зорилго юм.


ҮР ДҮН

- Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага, нөхцлийг илрүүлэх
- Эдийн засгийн хямралын үед экспортод баримжаалсан худалдаа,үйлчилгээг интернэт худалдааны платформ ашиглан хил хязгааргүй зах зээлд гарах боломжийг олох
- Дотоодын хэрэглэгчдийн онлайн зан төлөв ямар түвшинд байгаа, хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашид хэрхэн хувьсах хандлагыг мэдэх
- Интернэт худалдааны ЭКО систем хэрхэн бүрэлддэг, бидний оролцоо юу байх талаар цогц ойлголттой болж, шинэ боломжуудыг олж харах, түүнийг бизнестээ ашиглах
- ЭКО системийг бүрдүүлж буй салбар бүрийн төлөөллүүд өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах.

http://ecommerceub.com/


“Бизнес Таймс” СОНИНЫ ТОДРУУЛГА

- Монголд анх удаа зохион байгуулж буй форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Манайд интернэт худалдаа хэр хөгжиж байна вэ? Энэ арга хэмжээ хожимдоогүй гэдэгт найдаж байна...?

Манай улсын ихэнхи ААН, төрийн байгууллагууд интернэт сүлжээгээр дамжин онлайнаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд яаж хүргэх гэдэг рүү тэмүүлж байгааг та бүхэн анзаарч мэдэрч байгаа. Гэхдээ бидэнд туршлага байхгүйгээс алдаа оноотой байгаа. Манайд өнөөдөр 1-2 зүйлээс болж интернэт худалдаа хөгжихгүй байна гэвэл эндүүрэл. Энэ салбар цааш хөгжихөд бид том системээр нь харах хэрэгтэй. Бид АНУ, барууны орнуудыг жишиг болгохоос илүүтэйгээр Хятад, Орос хоёр хөршөө харах хэрэгтэй.

Энэ үйл ажиллагааг бид урт хугацааны төлөвлөгөө болгоогүйгээс одоо ямар байгааг бүгд мэдэж байгаа. Гол алдаа нь бид судалгаа шинжилгээгүй муйхараар хандаж ирсэн. Тиймээс энэ чуулга уулзалт цаг үеэ мэдэрсэн, хөгжих, эс хөгжих үү гэсэн зааг дээр байгаа зүйлийг том зургаар нь гаргаж ирэхээр зорьж буй учраас чухал арга хэмжээ болно гэж найдна.

Манайд интернэт худалдаа хөгжиж байна уу гэхээс илүү хөгжих нөхцөл бүрэлдсэн үү гэж асуувал тохиромжтой. Тийм нөхцөл үүссэн. Хөгжүүлэхэд нөлөөлж буй гол төлөөллүүд гэвэл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, банк, онлайн төлбөр тооцоо, логистик, даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамж, цахим маркетингийн салбарууд байна.

Интернэт худалдаа хөгжихэд нөлөөлж буй бас нэг зүйл нь хууль тогтоомж юм. Тиймээс нэгэнтээ манай улсад үүсчихээд байгаа нөхцөл байдлыг ярилцах учир энэ чуулга уулзалт цаг үеэ олсон байх. Хэрвээ арай өмнө зохион байгуулсан бол нийгмийн эрэлт хэрэгцээ, оролцогч талуудын идэвхи сул байх байлаа.

- Та интернэт худалдаан дээр юуны өмнө хоёр хөршөөс суралцах гэлээ. Тэд том зах зээлтэй орнууд. Харин манайх шиг улсад интернэт худалдаа яаж хөгжих вэ? Өөрийн гэсэн онцлог байна уу? Нэг ёсондоо давуу болон учир дутагдалтай талууд нь юу байна? Ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Бид барууны хөгжлийн загваруудыг шууд хуулсны хор уршиг нь өнөөдөр эдийн засгийн баялгийн тэгш бус хуваарилалтаар батлагдаж байна. Хятад улсад интернэт худалдаа хөгжихөд барууны загвар ажиллахгүйг баталсан жишээ бол “eBay” байна. Тухайн үед “eBay” барууны арга барилаар Хятадын зах зээлд ажлаад улмаар амжилтгүй, ашиггүй ажиллах болсон. Харин “Алибаба” эсрэгээр нь “eBay” дээр хийгдсэн маркетинг, борлуулалтын идэвхижүүлэлтийг яг эсрэг нь хийснээр зах зээлээ тэлсэн түүхтэй.

Бидний гол алдаа бол гадны загварыг шууд хуулдаг. Тиймээс бид Монголд тохирсон загварыг гаргах хэрэгтэй. Манай чуулга уулзалтанд Хятадын төлөөлөгчид оролцож илтгэл тавих тул тус улс дэлхийн зах зээлд хэрхэн гарсан тухай мэдэж авч болно.
Ер нь бид цаг үеэсээ түрүүлж сэтгэж гадны зүйлийг хуулбарлахаасаа илүүтэйгээр одоогийн нөхцөл байдалдаа тохируулан системийг бүрэн эргэлдүүлэх ёстой.

Интернэт худалдаа гэхээр бид зөвхөн бодит биет барааг онлайнаар худалдан авах гэж ойлгож болохгүй. Та бидний бага ахуйдаа хэрэглэдэг байсан зүйлс одоо бүгд онлайн болж хувирлаа. Жишээ нь, ухаалаг утсан дахь апликешнуудыг хар. Интернэт худалдаа нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк, онлайн төлбөр тоо, логистик, даатгал зэрэг бүх салбарыг хамарч эдийн засгийг хүчирхэг болоход нөлөөлдөг. Урд хөршид үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд том бизнесүүд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх гол суваг нь “Аlibaba” боллоо. Энэ тухай ярьвал платформ эдийн засгийн тухай ярих болно. Төр ч бай, хувийн хэвшил ч бай бүгд л онлайн болох нь эцсийн зогсоол байх болно.

- Манай улсын хувьд ямар онцлог байна?

Нэгд, хувь хүний болон газар нутгийн онцлог төвлөрлийн байдал, бизнесийн уламжлалт арга барил, төрийн оролцоо, хууль тогтоомж зэрэг нь бусдаас өөр. Наад зах нь манайд мэйль-ээр ирсэн зүйлийг шүүхийн өмнө баталгаатай гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, заавал цаасаар байхыг шаарддаг. Одоо энэ байдлыг өөрчилчихвэл онлайн худалдаа хийхэд нэг алхам ойртлоо гэсэн үг. Ирээдүйн хөгжил бидэнд ойрхон байгаа. Хамгийн гол нь оролцогч талууд нэгдэж ажиллах хэрэгтэй.

- Нээрээ бид өдөр тутмын амьдралдаа “дарагдаад” интернэт бидний амьдралын нэг хэсэг, хэрэглээ болсныг тэр бүр “анзаарахгүй” байх шиг. Жишээ нь, таны хэлж байгаагаар банк, санхүүгээс аваад интернэт үйлчилгээг бишгүй авч, хүртэж, бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрчихсэн шүү дээ. Энэ бүхнээс манайд аль салбарт түлхүү хөгжиж, олон улсын зах зээлд гарах нь вэ?

Чуулга уулзалтын нэг онцлог агуулга бол “Бид дэлхийн зах зээлд яаж гарах вэ?” гэдэг асуудал. Энэ бол нэг тал. Нөгөө тал нь “Бид дотооддоо интернэт худалдааг хэрхэн хөгжүүлэх вэ?”. Хоёулаа чухал зүйл юм. Хятад улс дэлхийд гарах гарцаа өөрсдөө бэлдэж, тэр нь Нью Иоркийн хөрөнгийн бирж дээр 20 тэрбум доллар босгож чадлаа. Энэ бол “Алибаба” байлаа шүү дээ. Бид тэгвэл яах ёстой вэ. Хил хязгааргүй зах зээлд хүрэх гол гарц бол интернэт худалдаа гэж хэлэхийг хүсэж байна л даа. Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагаас гурван тэрбум хүн интернэт ашигладаг. Энэ тоо цаг мөч бүр өсөж байна. Цаг зав мөнгөө хэмнэх боломжийг интернэт сүлжээ, банк, онлайн төлбөр тооцоо олгож байна. Тогны мөнгө, үзвэр үйлчилгээ бүгд онлайн болчихлоо. Энэ бас л интернэт худалдаа шүү дээ.

Дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэдэг бол их нарийн зүйл. Наад зах нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхдээ судалгаа шинжилгээтэй байх ёстой. Бидний өөрсдийн мэдээд байгаа органик нэрийг дэлхийд Монгол брэнд болгох хэрэгтэй болов уу. Манайхаас гарч арилжаалагдаж буй бүх бүтээгдэхүүн органик байх нь дэлхийд тулгамдаж буй гол асуудлыг шийдэх учраас хэдэн тэрбум долларын эдийн засгийг бий болгож чадна гэж үзэж байна. Энэхүү зүйлийг бид уламжлалт байдлаар хийх үү. Үгүй ээ, интернэт худалдаа буюу платформ эдийн засгийн бүтцэд оруулах ёстой.

Интернэт худалдаа хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна бизнесийн хамтрагчид болох боломж бидний чуулга уулзалтаар бий болох юм. МҮХАҮТ, нийслэлийн Мэдээллийн Технологийн газар хамтран зохион байгуулж байгаа энэ конференцид та бүхнийг урьж, ирэх 10 жилийн цаадахыг харж, олон бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, бизнесээ дэлхийн зах зээлд өргөжүүлээрэй гэж ерөөе.

- Та бүхний ажилд амжилт хүсч, “Бизнес Таймс” сонин анхны энэ үйл ажиллагааны мэдээллийн дэмжигч байгууллагаар оролцож байгаадаа баяртай байна.

Тодруулсан Б.БОЛД