Дэмчигийн Бараадууз- Говийг ойжуулагч баатар
6 жил, 4 сар өмнө

Ойн нэрт зүтгэлтэн, Байгаль орчны гавъяат ажилтан.

Өмнөговь аймгийн Булган сумын 9га газрыг ойжуулж говьд Хангайг бий болгож ГОВИЙГ НОГООРУУЛСАН БААТАР. Монголын говь бол цөл биш бөгөөд ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадлаа. МОНГОЛЫН ГОВЬД Олон төрлийн мод, бут, ховор эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНСний бүс нутаг болгох боломжтой.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Д.Бараадууз 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулжээ. Өдгөө “Ойн хишиг” төв 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хот болон зүүн аймгуудад мод, суулгац бэлтгэн нийлүүлдэг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн бүх сумдад мод тарьжээ. Ойн хишиг төвийн нийт тарьсан мод одоо 200 мянган ширхэгийг хол давжээ. Д.Бараадууз гуайн мод үржүүлгийн газар говийн мод сөөг болох хайлаас,улиас, бургас, сухай гэсэн 4 төрлийн модыг даганан тарьж ургуулдаг гэнэ.Унд ус хомсхон говь газар тэр их хэмжээний модыг арчлахад төдий хэмжээний усны эх үүсвэр шаардагдана. Говь нутагт хүндрэлтэй дээрх асуудлыг тэдний мод үржүүлгийн газар булгийн адаг бараадан байрлаж, ойролцоо нь гүний худаг өрөмдөж гаргаснаар шийджээ. Д.Бараадууз гуай 1992 оноос хойш тэтгэвэрийнхээ хөрөнгөөр мод үржүүлгийн газраа тордож иржээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль экологийн үйлсэд зарцуулсан түүний хөрөнгө оруулалт 60-70 сая төгрөгийг өлхөн давжээ.Түүнд “Говь гарден” ХХК-ны хамт олон худаг гаргаж өгөх, хашаа барих зэргээр туслалцаа үзүүлдэг гэх. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Багабулаг гэх газар орны 8 га газрыг бойжуулж, үзсэн хүн хангай гэж андуурахаар болтол ургамалжуулжээ. Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ. “Ойн хишиг” төв энэ онд шинээр 8 га газар хашаалж худаг гарган 10 мянган мод тарихаар ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн төв орчмын 400 га газарт Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтээр хоорондоо 5 км зайтай 4 зурвас ой байгуулжээ. Ногоон хэрэм, зурвас ойг байгуулснаар хаврын улиралд говийн нутгуудад дэгддэг шороон шуургаас аймгийн төвийг халхалдаг болжээ. Тэр байтугай Д.Бараадууз гавъяатын хэлж буйгаар, “Сүүлийн арваад жил Өмнөговийн нутагт ган гачиг тасраагүй. Гантай жилийн өвөл зуд болдог нь ном. Тэгтэл энэ зурвас ойг бойжуулснаар ойн тойргийн хүрээлэл дунд оршиж буй аймгийн төвийн орчим хур бороо тасрахаа байсан. Үүний гаргалгаа нь хайлаас модыг бөөнд нь тарьчихаар эргэн тойрондоо сэрүүн орчинг бий болгодог. Тэгэхээр дээгүүр яваа үүлэнд конденсац үүсгэж үүлэнд хуралдаж буй шингэнийг задалж хур болгодог байгаа юм. Шигүү тарьсан хайлаасан ойн систем үүлний чигийг татаж бороо хур оруулдаг шинжлэх ухааны үндэстэй, прагтик дээр батлагдсан технологи. Говь нутгийг цөлжилтөөс хамгаалах боломж байна. Хэрэв хамгаалах хүсэл байвал энэ мэт зурвас ойг олноор бойжуулахаас өөр замгүй. Сумдууд төсөвтөө үүнийг тусгаж, суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын судалгааг харвал зурвас ой байгуулсан сумдад бороо хур элбэгтэй, ой тариагүй сумд гандуу зусдаг нь илэрхий харагддаг” хэмээв.

Ярилцлага унших
Видео үзэх