Чинбаатарын АНАР- Мэдээллийн технологийн салбарын эксперт, бизнес эрхлэгч
5 жил, 4 сар өмнө

Системийн инженер мэргэжилтэй

“ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “Анд Глобал”, “Анд Системс”, M Lab-ийн компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Монгол улсын үүрэн холбооны 4 дэхь оператор G-Mobile компанийг үүсгэн байгуулж байсан.

ЯРИЛЦЛАГЫГ УНШИХ

Энэ удаагийн зочин бол манай Unplug 2018 арга хэмжээний тайзнаа 800 залууст онц сонирхолтой, урам зориг бадраах түүхээ хуваалцсан, Анд Глобал, MLab компаниудын үүсгэн байгуулагч Чинбаатарын Анар юм. Түүнийг зарим хүмүүс Анд Глобалын харьяа компани LendMN-ээр мэдэх бол зарим нь 24 насандаа гар утасны оператор GMobile үүсгэн байгуулж явсан чадварлаг энтрепренер гэдгээр нь мэдэх байх. Анд Глобал компани л гэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас 15 сая долларыг татан, өдгөө 80 сая долларын үнэлгээтэй болоод байгаа юм. Уламжлалт бус сэтгэлгээтэй, өндөр эрсдэл үүрэх чадамжтай Ч.Анарыг илэрхийлэх нэг том баримт бол, тэрээр дэлхийн авто, мото спортын хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд хэцүү "Дакар Ралли" тэмцээнд оролцон, мэргэжлийн тамирчидтай 14 хоног 10,000 км газар уралдаж байсан түүхтэй билээ. Ингээд чадварлаг монгол залуучуудыг нэгтгэн, оюун бүтээлээр дэлхийг "дайлах" аянд мордоод буй түүнтэй хөөрөлдсөн яриагаа хүргэе.

Байршил: Монгол, Сингапур, Малайз
Эрхэлдэг ажил, албан тушаал: Анд Глобал компанийн үүсгэн байгуулагч, захирал; MLab-ийн үүсгэн байгуулагч, захирал; Математикийн Олимпиадын Холбооны Ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаар, нэгэн зэрэг
Сошиал хуудсууд: TwitterFacebook

ЮУНЫ ӨМНӨ ТА БИДЭНД ИХ СУРГУУЛЬД СУРСАН ҮЕ, БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН ҮЕЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ? 

Би 10 жилээ Өвөрхангайд төгсөөд 1998 онд МУИС-д орж байлаа. Намайг албан ёсоор их сургууль төгсөн диплом аваагүй болохоор зарим хүмүүс зарим алдартай энтрепренертэй зүйрлэх нь бий. Гэвч би их сургуульд сураагүй гэж хэлүүлэх дургүй. Их сургуульд хүн заавал сурах ёстой. Эндээс хүн төлөвшил хүмүүжлийг, олон мянган хүний хувь нэмрээ оруулсан нэгдмэл мэдлэгийг багцалж авдаг. Диплом аваагүй л болохоос ТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, Берлинд Техникийн их сургууль, Орост бас нэг сургууль гээд 3 их сургуулийн бүх кредитийг тус тус нэг жилийн дотор үзэж дуусгаж байсан юм. Зүгээр л дипломыг чухалчилдаггүй байсантай холбоотой гэж болно. Би сурч байх үедээ цаг алдахгүй гэж өдөр шөнөгүй хичээлээ хийдэг байсан. Эргээд бодоход оюутан цагийн амьдралаа дэндүү дурсамжгүй өнгөрөөж дээ гэж харамсдаг юм. МУИС-ийн ангийнхан маань "Анар ТИС-ийн оюутнуудын физикийн бодлогыг 200 төгрөгөөр боддог байсан гэж" одоо хэлдэг. Энэ мэтчилэн хичээлийн хэнээтэй оюутан байлаа.

Суралцсаныхаа дараа Монголын Цахилгаан Холбооны дэргэдэх "Миком" компанид орж байлаа. Захирлууд нь авахгүй гэхэд заавал ормоор байна гэж зүтгэсээр ороод, сайн инженерүүдийнх нь нэг болсон. 2001 онд одоо хүмүүсийн Никел Ганбаа нэрээр таньдаг болсон Дашнямтай хамтран "Нетсофт" хэмээх компанийг байгуулсан нь сүлжээний хамгаалалтын төхөөрөмж нийлүүлдэг Монелийн дараах монгол хардвер төхөөрөмжийн компани болж байв. Бид төхөөрөмжөө бага ашигтайгаар зарж байсан ч зуучилж буй компани маань маш их ашиг нэмж байгааг олж мэдээд би тухайн үед их бухимдсан. Энэ үед нэг захирал маань "Та нар төхөөрөмж зарж байна, нөгөөдүүл чинь шийдэл зарж байна шүү дээ" гэсэн. Яаж шийдэл хийдэг болох вэ гэж асуутал гар утасны гуравдагч оператор болох хэрэгтэй гэж хариулсан юм. Тухайн үед Мобиком, Скайтел хоёр л үйл ажиллагаа явуулж байв.
Ингээд гуравдагч операторыг байгуулахаар, 2 сая доллар босгохоор зориглосон. Олон компани, хөрөнгө оруулагчтай уулзан дэмжлэг аваад тендерт орсон ч туршлага дутаж ялагдсан юм. Гэхдээ шантралгүй явсаар 24 настай хөдөөнөөс ирсэн инженер залуу дөрөвдөгч оператор буюу G Mobile-ийг байгуулж байлаа.

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би олон төслийг зэрэг явуулдаг арга барилтай. Олон юманд зэрэг анхаарал хандуулж чаддаг, мультитаск хийхдээ дажгүй сайн шиг байгаа юм. Одоогоор том жижиг 14 төсөл байна. Үүнээс Анд ГлобалMLab гэсэн хоёр компани дээрээ голлон ажиллаж байна. Мөн саяхан Математикийн Олимпиадын Холбооны ерөнхийлөгч гэдэг албатай болсон. Би багаасаа математик, физик, мэдээлэл зүйгээр явсан хүн л дээ. Аав маань бас математикч. Анд Глобал компаниа математикч найзуудтайгаа байгуулсан, бас шилдэг математикчдыг багтаа урьсан.
Олон төслийг зэрэг явуулж байгаа нь авууштай мэт боловч их ядардаг. Би бусад бизнесмэн, энтрепренерүүдийг бодвол маш нарийн цагийн хуваарь хөтөлдөггүй. Гаднаас нь харахад ер нь замбараагүй, эмх цэгцгүй харагддаг байх. Олон хүнтэй уулзаж, санаа оноогоо ярилцаж байж ажлаа хийдэг. Ер нь уулзалтууд хийсээр л өдөр өнгөрнө дөө.

Ажлын маань 50 хувь нь ажлаар гадаадад өнгөрч байна. Монголд, бас Малайзад гэр маань байдаг. Тэгэхээр Монголд байгаа нь томилолт ч юм шиг. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүдийнхээ сургуулийг тогтвортой байлгах үүднээс гэрийнхэн маань Монголдоо түлхүү байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Би өөрөө технологийн хүн ч гэсэн тийм ч их технологи хэрэглэдэггүй. Гар утасны апп гэвэл тун цөөхөн. Имэйл хэрэглэдэггүй буюу имэйлийг маань туслах маань шалгаж надад Viber-аар тайлан өгдөг. Би өөртөө зориулан мэдээ авах дата майнингийн X Data нэртэй нэг програм бичсэн юм. Түүгээрээ интернэтээс өөрт хэрэгцээт мэдээллүүдийг шүүн авч уншдаг даа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зарим ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх гэж хэлж болно. Миний 2 цаг хийх ажлыг 5 минутанд хийх хүмүүс байгаа. Хүн бүр өөр өөрийн давуу талтай, чаддаг юмтай байдаг шүү дээ. Тэгэхээр ажлын үр дүнтэй хуваарилалт хийх нь чухал.

За зарим талаар нэг зэрэг олон ажил явуулдаг маань цаг хождог гэж найдаж байна.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?


Гар утасны Note апп-ийг сайн ашигладаг. Мөн Google Sheet дээр тэмдэглэх зүйлсээ оруулдаг. Календарь дээр бас уулзалтуудаа тэмдэглэдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Багаар ажиллахдаа гэж өөрийгөө сайн гэж итгэдэг. Гадаад, дотоодын, өөр өөр санаа зорилготой олон арван хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө зангидаж чаддаг. Багаар ажиллах бол бүх л карьерынхаа турш хийсэн ажил маань шүү дээ. Багаар ажиллана гэдэг хэцүү мөртлөө сайхан зүйл.

Зарим хүмүүс танай баг үнэхээр сайн, чадварлаг залуусыг элсүүлжээ гэдэг. Анд Глобалын хувьд мөнгөн ашиг олох нь бидний гол зорилго биш. Монгол залуучууд нэгдээд олон улсад өрсөлдөж чадна шүү, том зорилго тавиад түүндээ хүрч чадна гэдгийг харуулах хэтийн зорилготой. Энэ зорилгыг маань ч чадварлаг, авьяаслаг залуучууд дэмжин хүлээж авдаг, нэг баг болдог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бодит өөрчлөлтийг хийх, шинийг санаачлахын төлөө зорьж буй ажил, төслүүдээсээ, ажлынхаа үр дүнгээс их урамшдаг. Монгол гарааны компаниудаас анхлан гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж, том зорилго тавин ажиллаж байгаа болохоор ч тэр үү, хүмүүс их дэмжиж байгаад баярладаг.

Гадны хөрөнгө оруулалт татсанаас хойш харин өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг багасаад ирсэн. Миний нүүр царай, цаг хоёр бүтээж буй төслийнхөө өмч болчихоод байгаа учраас дуу хоолой болох ёстой байх. Уг нь би тайзан дээр гарч барих дургүй хүн юм шүү дээ.

AND GLOBAL КОМПАНИ ДЭЭРЭЭ ОДОО ЮУНД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Би олон улсад ажиллаж байсан найзуудтайгаа улс төрд орохгүйгээр эх орноо яаж өөрчлөх вэ гэж их ярилцдаг байлаа. Мэдээж бизнес хийж таарна. Монголд бизнес хийнэ гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ бид зөвхөн Монголыг зорилгоо болголгүй, олон улсад монгол залуучуудад юу хийж чаддагийг харуулъя гэж зорьсон. Олон улсад гарна гэдэг дааж давшгүй хүнд даалгавар биш шүү дээ. Олон улсын зах зээлд амжилттай компани байгуулж залуучуудынхаа сэтгэхүйг өөрчилье, энэ бүхэн боломжтой гэдгийг харуулъя гэж хүссэн. Өмнө нь бол биднийг хиймэл оюун, математик гээд ярихаар гадаадууд байтугай монголчууд маань итгэдэггүй байлаа шүү дээ.

Бид бүгд математикийн чиглэлийн хүмүүс байсан учраас санхүүгийн технологийг сонгон авч финтек компани байгуулсан. Одоо Анд Глобал маань одоо 8 охин компанитай, 150, 160 орчим ажилтантай болсон байна. Эдгээрийн нэг нь хүмүүсийн сайн мэддэг болоод буй апп-аар зээл олгодог, мөнгө шилжүүлдэг LendMN юм.

Анд Глобал 2020 онд 20 улсад нэвтрэхээр ажиллаж байна. Сингапурт компани байгуулагдсан манай компани тус улсын амжилттай яваа 8 дахь финтек компани гэгддэг. Сингапур, Филиппин, Мьянмар зэрэг хэд хэдэн улсад үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Зарим улсад бүтэлгүйтсэн жишээ ч байгаа. Хэдийгээр компани нэг талаар амжилттай яваа харагдаж буй боловч бид нөр их хөдөлмөрлөж, маш их бэрхшээлийг туулж байгаа. Мэдээж энэ бүхэн амар биш. Дотоод, гадаадын том компаниудаас манайхыг худалдаж авъя гэсэн санал олон ирдэг. Харин бид том компанид залгиулалгүй, өөрсдөө шинэ юм бүтээхийг, өөрсдийн гараар бүтээсэн технологио дэлхийн тавцанд гаргахыг хүсэж байгаа.

MLAB-ИЙН ТУХАЙ ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

Өнгөрсөн хугацаанд би 16 стартап байгуулсан юм билээ. Компаниуддаа нийт 80 сая долларын хөрөнгө оруулалт татсан тооцоо гарсан. Банкир хүмүүсийн хувьд их тоо биш байж магадгүй ч санаанаас өөр зүйлгүй стартапд хөрөнгө татна гэдэг амаргүй. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт босгосноо бага гэж боддоггүй. Одоогоор Анд Глобал 15 сая доллар босгосон, үнэлгээ нь 80 сая доллар гэж тооцогдож байгаа.

Хийж чадахаа батлан харуулаад, зөв хандлагатай, хичээл зүтгэлтэй гэдгээ харуулбал хөрөнгө оруулалт татах тийм ч хэцүү биш. Олон компани байгуулж, олон төсөл хэрэгжүүлж алдаж онож явсны хувьд MLab төслийг эхлүүлсэн. Санааны хувьд дэлхийд анхдагч болох MLab-д хөрөнгө оруулах сонирхлоо компаниуд ирүүлж байна. Товчхондоо блокчейнд суурилсан гарааны бизнесийн цахим экосистемийг бий болгох төсөл юм. Стартап компаниудыг элсүүлээд, хөрөнгө оруулалт, менежмент, байр оффис, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэг бүх л шаардлагатай нөөцөөр хангах зорилготой. Төсөл, стартап болгонтой тулж ажиллан, шаардлагатай бол бүр бодлогыг нь гаргаж, захирлыг нь томилох зэргээр зөвхөн өрсөлдөх гол давуу талдаа анхаарах нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүд байдаг боловч эдгээр асуудлыг бүрэн цогцоор нь шийдэж байгаа нь ховор. Ингэж дэмжихгүй болохоор ирээдүйтэй стартапууд ямар нэг зүйл дээрээ заавал алдах гээд байдаг. МLab төслийн гүйцэтгэлийг Gravity Lab хэмээх, мөн Сингапурт байгуулагдсан компани хариуцан явж байгаа. Бид MLab-ийг анхнаасаа нөхөрлөл хэлбэртэйгээр, 10 гаруй партнертай байгуулсан. Уламжлалт компанийн бүтцийг эвдэн бүх л зүйл дээр цоо шинэ хэлбэрээр ажиллахыг эрмэлзэж байгаа. Би MLab-ийг 10 жил бодож, сүүлийн 2 жил блокчейн технологийн хөгжил дээр суурилан хэрэгжүүлж байна. Төслөө эхлүүлэх консалтинг дээр л гэхэд маш их анхаарч, дэлхийн менежментийн томоохон компаниудтай хамтран 500 мянган долларын зардал гаргасан. Удахгүй ирэх хоёрдугаар сард маш том мэдээг дуулгахаар бэлдэж байна.

Саяхан Central Tower-д нээгдсэн M Space бол MLab хөрөнгө оруулалтаар нээгдэх газруудын эхнийх нь юм.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Түрүүнд дурдсан өөртөө зориулж хийсэн аппаараа л юм уншдаг даа. Баталгаат эх үүсвэрээс миний сонирхдог сэдэв, түлхүүр үгүүдээр мэдээллийг шүүн багцалж хүргэдэг. Өдөрт 2, 3 цаг зарцуулах нь энгийн үзэгдэл. Бүтэн ном унших нь сүүлийн үед ховор болоод байна. Уншъя гэвэл заавал унтах цагаасаа хомсолж таарах гээд байдаг юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Хөгжим огт мэдэхгүй шүү. Саяхан караокед бараг л 3 дахь удаагаа орсон байх. Дуу мэдэхгүй хүнд зүгээр суугаад хэцүү юм билээ. Lost on You, Despacito зэрэг мэддэг сүүлийн үеийн 3, 4-хэн дуутай.

Харин кино үзэх дуртай. Дараагийн анги нь тодорхой хугацааны дараа хийгддэг хит кинонуудыг үзэхийн тулд заавал өмнөх ангиудыг нь үздэг заншилтай. Нэг кино үзээд хэсэг хугацааны дараа тэр чигт нь мартчихсан байдаг болохоор яг л шинэ кино үзэх шиг болдог. Тэрэн шиг хүнийг царайгаар нь биш, орчноор нь цээжилдэг. Өмнө нь уулзаж байсан зарим хүн таарчихаад танихгүй болохоор намайг пээдгэр, их зантай гэх нь бий. Уг нь санаатай биш юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хүнтэй харилцахдаа би маш нээлттэй хүн. Зорилго, бодлого, стратеги гээд бүх л юмаа хуваалцдаг. Энэ бүгдийг нууцлаад байх нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг туршлагаасаа мэдсэн учраас хурдтай ажиллахын тулд бусдад нээлттэй байдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн үед дунджаар 4 цаг унтаж байна. 2 цагийн нойртой, 2-3 өдөр нойргүй явах өдөр ч бий. Ер нь нойр гэдэг тансаг хэрэглээ болоод байгаа. Хэдэн жилийн өмнө 4, 5-хан цаг унтдаг гэх хүмүүсийг панаалтай юм гэж боддог байсан бол өөрөө ийм болчихдог юм байна. Дунджаар шөнө 01 цагт унтаад 05 цаг гээд босож байна. Сүүлийн үед жаахан эрт унтаад эрт сэрдэг болохыг хичээж л байна.

Гэхдээ бага унтах нь мэдээж буруу л даа. Цагаа сайн зохицуулж чадахгүй байгаагийн шинж байх. Олон жил нойрны асуудалтай явсаар байгаад нүд маань хөхөрчихсөн. Ямар сайндаа найзуудаасаа панда гэсэн хоч авч байхав (инээв).

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Сүүлийн үед үнэндээ чөлөөт цаг байхгүй болоод байгаа. Би чинь авто спортын мэргэжлийн тамирчин, мото спортын сонирхогч хүн. Хөрөнгө оруулагчид маань намайг уралдахыг хориглосон. Амрахаараа буруу юм хийгээд байгаа шиг мэдрэмж төрөөд байдаг. Харин Окогийн "Амарч чаддаггүй хүн амжилттай яваа хүн биш" гэсэн хичээлийг сонссоноос хойш ажиллахдаа ч гэмшээд зовлонтой байна шүү (инээв).

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Экстрим юм хийж эрч хүч авдаг төрлийн хүн. Адреналинд донтогч гэж ярьдаг. Мэргэжлийн бус хүн байж Дакар Раллид уралдана гэхээр ойлгомжтой байх. Ер нь авто, мото уралдаанд хүн донтдог л доо. Эрсдэлтэй юм хийх тусмаа илүү кайф авдаг. Өөрөө нэг өмдөө 3, 4 жил өмсөж байж машиндаа 500 долларын сэлбэгийг хямдхан юм байна гээд аваад тавьчихдаг. Харин одоо энэ хобби маань хориглогдчихоод байгаа гэж сая хэлсэн дээ (инээв).

Аль нэг хүнийг, алдартай хүмүүсийг шүтээд сүйд болдоггүй. Харин өглөөдөө Youtube дээр энгийн хүмүүсийн урам зориг өгөх түүхүүдүүдийг тавьчихдаг юм. Тэргэнцэр суудаг хүн хичээгээд хөл дээрээ боссон тухай, асар тарган хүн маш олон кг хаяж турсан тухай гэх мэт фантази маягийн түүхүүдийг сонсохоор зүгээр байдаг юм. Заримдаа яг бодит түүх эсэхийг нь нягтлахаар Wikipedia ухаад суучихна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Дакар Раллид оролцож өөрийгөө олсон түүхээ хуваалцъя. Тухайн үед миний санхүүгийн байдал маш хүнд байсан л даа. Олон төсөл бүтэлгүйтээд, их өртэй болсон байсан. Яаж ч доройтлоо гэсэн, хуушуур хийгээд л босоод ирнэ гэж өөртөө хэлдэг байсан хүнд хүссэн юм хүзүүгээр татах нь тэр. Хуушуур хийх процессийг автоматчилсан франчайз бизнес эхлүүлэх талаар судалж байснаа "За Анар аа, арай ч дээ, хуушуур хийх гэж үү дээ" гээд сэтгэлийн тэнхээ хүрээгүй. Хуушуур хийхгүй байгааг бодоход би бүр туйлдаа хүртэл уначихаагүй байгаа юм байна, унавал унасан шиг унана биз гээд найзуудаасаа мөнгө зээлээд багын мөрөөдлөө биелүүлэхээр Дакар Раллид уралдахаар явсан.

Би автоспортын тамирчин ч уг уралдаанд машинаар оролцохын тулд баг бүрдүүлэх, 1 сая долларын зардал гаргах ёстой байсан тул мотоциклоор орохоор шийдсэн. Мотоциклоор ороход 100 мянган долларын зардалтай байсан юм. Ингээд 32 насандаа мотоцикл дээр, тэр дундаа уралдааны мотоцикл дээр анх мордож, нэг уралдаанд ороод шууд түрүүлсэн нь итгэл нэмж, бүр хөөргөж орхисон.

Ингээд энгийн нэг сонирхогч мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн, зүгээр барианд барианд орох нь л асар өндөр амжилт гэгддэг Дакар Раллийн замд хөл тавьсан. Элсэн цөлд 40, 50 градусын халуунд 14 хоног 10 мянган км замыг туулаад барианд ороход гурван хавирга хугарч, 11 кг турсан байлаа. Энэ хугацаанд байнга өвчин намдаах эм хэрэглэн зомби шиг л хүн явсан даа. Хамт гарсан зарим тамирчид замын дундаас буцаж байв. Бие дийлэхгүй, болиход бэлэн болоод байсан үедээ 2 ч удаа сэргэлт авсан минь азтай хэрэг байлаа. Эхний хүч өгсөн зүйл нь эхнэрийн маань үг байсан юм. Богд уул шиг элсэн манхан байдаг гэдэгт итгэхгүй байсан хүн 30 км үргэлжилсэн тийм манхдыг туулах болж, дунд нь гацаад байх үедээ эхнэр уруугаа хиймэл дагуулын утсаар ярьдаг юм. Үнэндээ "одоо болно доо, амьд л хүрээд ир" гэсэн үг дуулах гэж хүлээж байтал манай хүн “За яваарай, хүүхдүүд чинь чамайг харж байгаа шүү” гэсэн. Уйлдаггүй хүн чинь нулимс зангираад л явчихсан. Ингэж нэг сэргэж аваад, яван явсаар 13 дахь хоног дээр Андын нуруун дээр эрүү зуураад, амнаас хөөс сахраад, ямар ч тэнхэлгүй болчихсон байлаа. Энэ үед намайг мотоцикл дээр өргөж мордуулсан 2 голландын нэг нь нуруун дээр алгадаад “Mongolians never stop” (Монголчууд хэзээ ч зогсдоггүй юм) гэсэн үг хэлсэн. Магадгүй өөрөөр яагаад ч сэхэхгүй болсон бие маань цэнэглэгдсэн батерей аятай болж, эрээлжилж байсан нүд нээгдээд л ирсэн дээ. Ингээд үлдсэн 189 км-ийг туулж бариандаа орж чадсан.

Энэ туршлагаасаа би бидний зовлон зүдгүүр гэж боддог зүйлс зөвхөн тархинд л байдгийг ойлгосон. Уралдаанаас ирсний дараа тавьсан өр шир маань үнэхээр жижиг асуудал шиг санагдаж байлаа. Түүнээс өмнө би машин, утасны дугаартаа ач холбогдол өгдөг, хамгийн сүүлийн загварын машин унадаг, ер нь их онгироо нөхөр байсан. Дакар Раллид явснаар би энэ байдлаа өөрчилж, өөрийгөө сорьж, өөрийгөө олсон гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өнөөгийн залуучуудын асар их боломж байна. Хямд, хурдтай интернэтийн ачаар юу хүссэнээ хийх боломж гарч ирсэн байна. Оюутан байхдаа би үнэгүй интернэтэд суух гэж хамаг юмаа золиосолдог байв. Одоо менторууд ч их болж. Нэг ментортой байгаад, нэг хэрэгтэй зөвлөгөө сонсоход л олон юмыг товчилж болж байна. Хүсэл зорилго байхад л өргөн мэдлэгийг хавтгай дэлхийн хаанаас ч авах боломж бүрдсэн цаг үед бид амьдарч байна.

Залуучууд том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж, түүндээ шат шатаар дөх. Өөрийн хүсэж мөрөөдсөн зүйлийг хий. Эцэг эх, нийгмийн хүлээлтийг дагах албагүй. Манай үеийнхнээс нийгмийн хүлээлтийг даган өөрийгөө золиосолсон хүн олон байдаг. Материаллаг хэрэглээнд ач холбогдол өгөхөөс илүүтэй эрдэм мэдлэг, авьяас чадвартаа хөрөнгө оруулахыг эрмэлзээрэй.

Эцэст нь, хоббитой бай, хобби бол аз жаргалын үндэс шүү гэж хэлье.

Эх сурвалж: https://unread.today/