2010 онд Юу сэтгэж юу бүтээв? Хэтийн зорилго хаана уу? Хэний хүүтэй нөхөрлөв?
13 жил, 3 сар өмнө

2011 он гарлаа. Шинэ жилүүдэд уригдаж баярлаж хөөрч явахтай зэрэгцээд нэг нас нэмж хүний амьдралын нэгэн хуудас эргэж байгаа учраас бодож тунгаах зүйл бас олон байлаа. 

4 жил гаруйн өмнө “Яруу сэтгэгч” сонин гаргачихаад, сониноо үүрээд сургуулиудиар зараад явдаг байсан үе бодогдлоо. Эхлэгч нь ямар хүн байдаг вэ гэж хүмүүс асуухаар нь Лувсандорж гээд нэг хүн байдаг юм гэж хэлчихээд л суудаг байж билээ. Өвлийн хүйтэнд сургуулийн коридорт зогсож сониноо танилцуулаад, шөнө нь сониноо бэлдэж дуусгах гэж номын сангийн шалан дээр сонин дэвсээд унтаж байсан үе ч бий. Хотын төв номын сангийн лавлагааны хэсэгт бараг амьдрах шахуу явсан үе ч бий. Хоолныхоо мөнгийг хүртэл хэвлэлтэндээ өгч байж хэвлэдэг байлаа... Гэр бүл, найз нөхөд маань сонин гаргахыг ойшоохгүй, мөнгө олохгүй дэмий балай зүйл хийж байна гээд л нүд үзүүрлэж байсан үе ч бий. Шантармаар, уйлж дуулмаар хүнд хэцүү үеүд байсан.

Гэхдээ бид хийхээ зогсоогоогүй, бидэнд харсан, зорьсон, чиглэсэн зүйл байсан. Тэрнийхээ төлөө л амьдарсан. Монгол хүнийг соён гэгээрүүлж чадваржуулах гэсэн зорилгоосоо хазайлгүйгээр, уншиж, судалж, мэдлэг чадвартай хүмүүстэй уулзаж, ярилцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө цаг хугацаагаа зориулж байлаа. За за энэ мөнгө олохгүй юм байна өөр ажил хийе, ашигтай мөнгө олох бизнес хийе гэж хошуурч гүйгээгүй, худлаа яриагүй, өөрийгөө хуурч диплом цуглуулаагүй, шалтаг тоочиж архи ууж орилж хашгираагүй, бухимдаж жагсаж цуглаагүй, хүн луйвардаагүй, урдаас бараа зөөгөөгүй... Зорилготой зоригтой өөрсдийнхөө харсанаар л явсан даа. Хамгийн анх сониноо дэмжиж цалингүй ч хамаагүй ажиллая гэж ирж байсан О.Булганхангай, Г.ЭнхбазарЭ.Жаргалсайхан, Алтангэрэл,Л.Золзаяа, Пүрэвжаргал, Номинзол, Энхчимэг, Ж.Бэгзсүрэн зэрэг анхдагчидаараа бахархаж байгаагаа илэрхийлье.

Тэр үеэ бодвол одоо ч бага ч болтугай хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй болжээ. Номин холдингЮнителАзи фарма зэрэг үндэсний томоохон компаниудад сургалт зохион байгуулж, хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллаа. Саяхан Багануур ХК, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга хүртэл сургалт авъя гэж биднийг урьж байсан. Дэлхийн олон оронд төгсөж ирсэн залуучууд, эрдэмтэн мэргэдтэй санал бодлоо солилцож, чадварлаг, ухаантай найз нөхөдтэй болж монгол хүний хөгжлийн төлөө олон ажлуудыг хамтын хүчээр урагшлуулж явна.

 

2010 оны хувьд:
Өөрийн зорилго болох “Монгол хүний хөгжлийн төлөө чадварлаг, хүчирхэг Монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж, амьдарна” гэсэн зарчмынхаа дагуу хүүхдүүд, залуучууд, ажилчин, сэхээтнүүдийн хөгжилд чиглэсэн 30 орчим лекц сургалт, “Эх орны залуус хаа явна” нэвтрүүлгийн 24 дугаар, нэг ном ариутган шүүж, 2 сургамжит аудио цомог бүтээлцлээ. Эх орон телевизийн захирал Ш.Хишигсүрэн, Баатар маарамба, Жааз дуучин Д.Цэцэнбилэг, Олимпын аварга Эрдэнэбаатар, Кино найруулагч Бадамрагчаа, Маркетер Т.Төгөлдөр, Дельта констакшны захирал Эрдэнэбат, Сүрбаатар дүүргийн УНЗ-ийн Тэргүүлэгч Б.Батзориг, Fohowкомпанийн захирал С.Дашдулам, зураач В.Ундраа зэрэг нэр төртэй хүмүүстэй танилцаж, А.Мэнд-Орших, Алтангадасын Солонго, Шийрэв, Ганцоож, Баярсайхан зэрэг олон жилийн онлайн танилуудтайгаа уулзаж хамтарч ажиллах үүд хаалгаа нээж нийт 100 орчим шинэ хүнтэй танилцаж хамтран ажиллаж байна.

Мөн 10 орчим олон нийтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулалцаж, 30 гаруй ном уншиж, 40 орчим нийтлэл бичиж, Монгол хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэг, “Индиго” хүүхдийн хөгжлийн төв, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, “Mind freedom” сургалтын төв, “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэг зэрэг ашгийн бус хүний хөгжлийн байгууллагууд болон Эх орон телевизийн "Эх орны залуус" нэвтрүүлэгт зөвлөж ажиллаж байна.

 

Зарим нэг онцлох ажлуудыг сараар нь дурьдвал:

1 сар
- "Мөнхийн тэмүүлэл" сургамжит цомгийг хамтран бүтээж олны хүртээл болголоо.
- "Эх орон" телевизийн Ш.Хишигсүрэн захиралын саналын дагуу Мэдээний албаны даргаар ажиллаа.

2 сар
- Өөрийн саналаар "Эх орон" телевизийн "Эх орны залуус хаа явна" нэвтрүүлгийн хөтлөгч, редактораар ажиллаж 24 дугаар бэлтгэн хүргэлээ.

3 сар
- Юнител, Fohow зэрэг компаниудад лекц, сургалт зохион байгуулалаа.

4 сар
- "Сортоо" клубээс санаачилсан Эх үрсийн хайрын илэрхийлэл- Эх үрсийн ногоон төглийг ЭНЭШТ-д бүтээн босгох "Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж зохицуулагчаар ажиллаа. 
- "Миний 100 найз" залуусын хамтын ажиллагааны нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.

5 сар
- “Яруу сэтгэгч” клуб болон сонины 4 жилийн ой тохиолоо.
- “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэгийн санаачилсан “Төгс эрүүлжихүйн баяр”-ыг зохион байгуулалцлаа.

6 сар
- Сэрж буй Монгол” сургамжит цомгийг хамтран бүтээж нээлтээ хийлээ.
- “Ээждээ зориулсан бидний төгөл” нээлтийн ажиллагаа боллоо.
- Fohow компанийн санаачилсан “Монгол бардамнал” өв соёлоороо омогших цэнгүүнийг хамтран зохион байгуулалцлаа.
- People to people байгууллагаас санаачилсан “Бидний амьдарч буй байгаль дэлхий” гар зургийн уралдааныг хамтран зохион байгуулалцлаа.

8 сар
- The New Media Marketing Agency-н Хүний нөөцийн болон олон нийттэй харилцах албанд ажиллахаар боллоо.

9 сар
- Яруу сэтгэгч клубын санаачилгаар “Индиго” шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв үүдээ нээлээ.
- The New Media Marketing Agency-тай хамтран “Яруу сэтгэгч” цахим сонин гаргах шийдвэр гаргалаа.

10 сар
- Мандухай хатан” компанийн санаачилсан “Мандухай хатаны үрс” хүмүүнлэгийн аянг дэмжиж оролцлоо.
- Twitter Top users by Location-ны 36-р байрт жагслаа.

11 сар
- О.Булганхангай, Б.Баттулга нарын “Хүн чанарын эрэлд” номын ариутган шүүгчээр ажиллаа.
- “Дельта” констракшний захиалгаар ажилтаны хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулах судалгааг эхлүүллээ.

12 сар
- The New Media Marketing Agency-н санаачилсан “Монгол блогчид- 2010” наадмын зохион байгуулалтын багт ажиллаа.
- БГД-ийн Боловсролын хэлтэс, “Болор толь” төвийн хамтарсан сурагчидад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, багшийн хөгжилд чиглэсэн “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийг дэмжиж оролцлоо.

 

За ингээд 2011 ондоо,

Хаана ч, хэзээ ч зорилготой, зоригтой
Ядарсан ч зүдэрсэн ч жавхаатай, хийморьтой
Өвдсөн ч зовсон ч  шантрахгүй, сөхрөхгүй
Өлссөн ч цангасан ч буцахгүй, няцахгүй
Шүлсээрээ ундалж, шүднийхээ махаар хооллож
Өглөө бүр тэмүүлэлтэй, мэдрэмжтэй
Үдэш бүр ялалттай, ухааралтай
Амар хялбарыг харж биш
Хэцүү бэрхтэй барилцаж, балбалцаж
Хөнгөн хийсвэрийг сонгож биш
Хүнд хэцүүтэй арсалдаж, алалцаж
Ажлаас айж биш
Ажлыг айлгаж, умруулж
Өөрийнхөө авъяасыг нээж, хөгжүүлж 
Өөрөөлийн чадварыг өнгөлж, хурцалж
Өөрийн амьдралаа өөрийнхөө гараар бүтээн босгож, алдаж онож, баярлаж догдлож амьдарна шүү, анд найз нараа. 

2011 он та нарын он жилүүд шүү. Алтан үеүд ард чинь биш Урд чинь байгаа шүү.