“Шинэ үе урлаг” үзэсгэлэн 5 дахь жилдээ
13 жил, 8 сар өмнө

2010 оны 8 сарын 25-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Шинэ үе урлаг” нийгэмлэгийн 5 жилийн ойд зориулан зохион байгуулсан 18 залуу уран бүтээлчидийн үзэсгэлэнд өөрийн бүтээлээрээ оролцлоо.  Уг үзэсгэлэн нь залуу уран бүтээлчидийг дэмжиж, бүтээлийг нь олон нийтэд хүргэж, орчин үеийн урлагийн төрлүүдийг урлаг сонирхогчидод хүргэсэнээрээ онцлог боллоо. Үзэсгэлэнг ивээн тэтгэсэн “Монос” групп, “Интерпресс” хэвлэлийн компанийн хамт олонд маш их баярлалаа.

Үзэсгэлэнтэй холбоотой Mongolnews сайт-д тавигдсан мэдээллийг доор орууллаа.

  Залуу уран бүтээлчдийг дэмжих “New Art” “Шинэ үе-урлаг” нийгэмлэгээс зохион бай гуулж буй “New art” үзэсгэлэн өчигдөр Занабазарын музейд нээлтээ хийлээ. Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилгоор зураач Л.Энхбат 2005 онд санаачлан байгуулсан тус нийгэмлэгээс үзэсгэлэнг зохион байгуулдаг юм. Энэ онд тав дахь удаагаа ийнхүү бүтээлүүдээ дэлгэлээ.

 Ц.Одгэрэл, В.Ундраа, Э.Лхагвадорж, А.Одхүү нарын 18 зураач “New art” үзэсгэлэнд оролцжээ. Залуу уран бүтээлчид уран болон зураасан зураг, баримал, торго, арьсан урлал, гоблен, график арт, инстоляци зэрэг төрлийн бүтээлүүдээрээ оролцож байгаа юм.

Нийт 40 бүтээл тавигдсаны ихэнх нь нийгэм дэх дүр төрхийг харуулахыг зорьжээ. Тэр дундаа Р.Лхагвасүрэнгийн нэгэн бүтээл үзэгчдийн анхаарлыг их татаж байлаа. Түүний урласан “хүн” яг л амьд мэт байсан. Ямааны арьсаар хийсэн түүний бүтээлийг хүмүүс амьд хүнтэй андууран, гүрээнийх нь судсыг цохилж байгаа эсэхийг шалган, гайхацгааж байсан. “Гудамжны” хэмээн нэрлэгдсэн хүмүүсийг дүрсэлсэн уг бүтээл орон гэргүйчүүдийн хэцүү амьдралыг харуулсан хэмээн уран бүтээлч нь тайлбарлав.

“Манай нийгэмлэг залуу зураачдыг олонд таниулах, бүтээлийг нь сурталчлан, дэмжих зорилгоор “New art”-ыг зохион байгуулдаг. Мөн олон нийтэд урлагийн боловсрол олгох, гоо зүйн таашаал өгөхийг эрмэлзэж байна” хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Б.ЭГШИГЛЭН
http://www.mongolnews.mn/