Өдөр бүрийг л баяртайгаар угтан авч, хайртай хүмүүстээ талархаж амьдрая
13 жил өмнө

Өдөр бүрийн давтагдашгүй, сонирхолтой амьдралд маань энэ үгийг хэлэх боломж олгодог энгийн хэрнээ элгэмсэг хүмүүсийн сайхан харилцаа болон үйлдлүүдэд маш их БАЯРЛАЛАА.

Өглөө босоод л ямар сайхан өглөө вэ хэмээн бодож, гал тогоондоо орон цайгаа чанахаар тавих юмуу ус буцалгах хооронд зарим нэг зүйлийг эргэцүүлнэ. Өнөөдөр юу хийхээр төлөвлөлөө би гэдэг хүн гээд л... бид ер нь байнгын бодол тээж явдаг юм байна, гол нь тэр бодлууд сайхан уу? саар уу? гэдэгт л чухал байгаа юм шиг. Өөрийнхөө болон бусдын төлөө ямар нэг эерэг зүйлийг бодож төсөөлөхөд цаанаа л урамтай, улам л байгаа бүхнээсээ хуваалцаж хүн бүрийг та бол хамгийн мундаг нь та байгаа болохоор л хэмээн сайн танихгүй ч гэсэн хэн нэгнийг баярлуулмаар, ихийг хийж бүтээмээр санагдана. Хүний сэтгэлээс гарсан зүйл хүний сэтгэлд хүрдэг шиг хэн нэгэнд баярлаж явдагаа чин сэтгэлээсээ хэлж байсан нь дээр юм билээ. Бид ямар робот биш, зүрх сэтгэлтэй шүү дээ. Урмын сайхан үгсийг хэлж байхад буруу нь юу байхав, харин ч сэтгэл санаа дээрдээд гоё байдаг юм хэ хэ. Өдөр бүр дахин хэзээ ч давтагдахгүй гээд бодохоор амьдарч буй хором, мөч бүхнээ хайрламаар, бас талархмаар... гэхдээ учир утгагүй зүйл гэж байдаггүй юм хойно энэ амьдралаас суралцахаа сураад, мэдэхгүйгээ мэдээд, мэдрээгүй сайхан мэдрэмжийг цаг нь болохоор мэдрэхийг хүснэм. Зүгээр л зөрж өнгөрсөн хүмүүс руу даруухан мишээгээд, харин дотны гэсэн хүмүүсдээ баярлаж явдгаа үйлдлээрээ болон хүндлэлээрээ мэдрүүлж, урмаар дутаж яваа найздаа өөрийнхөө хэмжээнд урам өгөөд, эс чадвал ядаж л дэргэд нь байж сэтгэлийг онгойтол түүний яриаг сонсонгоо тэр хүний үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэг сайхан. Хүмүүс бид хүсвэл бүхнийг чадагч агуу мөртлөө, зарим нэг зүйл дээр маш эмзэг сэтгэлийн амьтад ч юм шиг. Тиймээс сайхан үгсийг бие биедээ харамгүйгээр хэлж байя, ер нь өнөөдөр хэлэх боломжтой зүйлийг дараа гэж хойшлуулахаа больё. Өнөөдөр амжиж өөрийн эрхэм хүмүүстээ баярлаж явдгаа цаг алдалгүй хэлцгээе, заавал ямар нэг баяр ёслол, талархалын өдрийг хүлээгээд яахав. Өдөр бүрийг л баяртайгаар угтан авч, хайртай хүмүүстээ талархаж амьдрая. Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй...

Хүрлээгийн Номинзол