Яагаад аз жаргалтай, амжилттай хүмүүс аз жаргалтай, амжилттай байна вэ?
10 жил, 9 сар өмнө

Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ?  Яагаад гэвэл тэд дуртай юмаа хийж чадаж байгаа учраас аз жаргалтай, амжилттай байдаг билээ.

Сэтгэлээ сонсож, хүсэл сонирхлоо дагасан хүн цөм баяр хөөрөөр дүүрэн байж, явж, ярьж, хийж байгаа үйл бүхэн нь өөдрөг, хийморилог, өөртөө итгэлтэй, галт цогтой байдаг бөгөөд ийм хүний дэргэд очиход л өөрийн эрхгүй сэргэмээр эрч хүчтэй эерэг энергитэй болдог.  Харин дуртай юмаа хийж чадахгүй байгаа хүмүүс цаанаа л гунигтай байдаг.

Амжилтанд хүрэхийн тулд  аж амьдралаа 100 хувь хариуцаж, гартаа бүрэн авахаар зориглон шийдэж, өөрийгөө танин мэдэж, хүссэн дурласан юмаа олж авах маш чухал бөгөөд нэгэнт олоод авчихсан тохиолдолд цаг алдалгүй ямар нэгэн аргаар шууд хэрэгжүүлж эхлэх  бүр ч чухал юм. Юунд дуртайгаа мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.

Дуртай юмаа хийж байгаа тохиолдолд ядарч туйлдахыг ч, гутарч гуниглахыг ч хүртэл анзаарахгүй.

Дуртай ажлаа хийж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

  1. Хэрвээ бүтэн сайн өдрийн орой танд 5 дахь өдрийн орой шиг ижил мэдрэмж төрөхгүй байгаа бол та дуртай ажлаа хийгээгүй байна гэж бодох хэрэгтэй.
  2. Хэрвээ та ажлаа хийж байхдаа үдийн завсарлага, ажил тарах цаг, мөн 5 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг бол мөн ялгаагүй дуртай ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Ажилдаа дургүй хүмүүс ажлаасаа хоцрох, ажлаасаа эрт тарах, худлаа чөлөө авах зэрэг үзэгдлүүдийг их хэмжээгээр гаргадаг.
  3. Хэрвээ та гэв гэнэт их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодоход яг одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх үү? Үгүй бол та буруу ажил дээрээ байна гэж бодох хэрэгтэй.

Ажилдаа дуртай хүн үдийн завсарлагаанаас өмнө, ажил тарахаас өмнө, амралтын өдөр болохоос өмнө аль болох их зүйлийг амжуулахыг хүсдэг. Мөн шинэ ажлын өдөр болох Даваа гарагийг сэтгэл догдлон угтан авдаг. Их хэмжээний мөнгөтэй болсон ч гэсэн хийж байгаагаа улам ихээр хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

Таны амьдрал их үнэ цэнтэй учраас цаг хувь бүрт аль болохоор өөрийн сонирхдог, өөрийгөө баяр баясгалантай болгох зүйлүүдийг хийх хэрэгтэй.

Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал алба шиг санагдахаан больж, харин ч ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог. Яагаад гэвэл дуртай юмаа хийгээд тууштай явсан хүний араас мөнгө дагадаг.

Хүсэл сонирхлынхоо дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүхий л  сэтгэл санаа, авьяас чадвараа зориулж, ингэж зүтгэснийхээ эцэст их амжилтанд хүрэх бол хүн болж төрсний нэгэн баяр баясгалан юм.

 

Харин яг одоо би танаас, энэхүү асуултыг асуумаар байна? Та өнөөдөр дуртай ажлаа хийж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!

 

ХҮС ХИЙ ХҮР

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр