Эрүүл мэндээрээ гоёцгооё 2
10 жил, 10 сар өмнө

"Хоол ба сэтгэл" номоос цувралаар хүргэж байна.  

Оршил буюу энэ номыг бичих болсон тухай

Учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн үг гүн утгатай. Зав гаргаж эргэцүүлэн бодмоор юм амьдралд олон байх юм.

Хамтдаа эргэцүүлэн бодъё.         

Хамгийн чухал нь ийнхүү бодохдоо өөрийгөө элдвээр гоёлгүйгээр хөндлөнгөөс харж байгаагаар төсөөлж, энэ номоор хэлж байгаа гол санаануудыг зөвхөн өөрийнхөө байдалтай харьцуулан эргэцүүлэхийг хичээгээрэй. Энэ ном өөрийгөө үнэн байгаагаар нь дотортой, гадартай нь, нарийнтай бүдүүнтэй нь танихыг хичээж байгаа хүнд зориулагдсан гэдгийг онцлон хэлье. /Дотор, нарийн гэдэг нь сэтгэл, гадар, бүдүүн нь бие/

 Харин өөрийгөө танихыг орхигдуулж, бусдыг өөрийн санаанд тааруулан, засаж хүмүүжүүлэх эрх болон үүргийг өөртөө ногдуулсан хүнд бол ойлгомжгүй санагдана. Цаг нь ирэхэд ойлгогдох тул уншихаа больж, цагаа үрэлгүй хойш нь тавих нь дээр. 

Алдартай сэтгэл судлаач Норман Пил “Та бол өөрийнхөө тухай таны бодож байгаа тэр хүн биш, харин бодож байгаа хүн юм” гэж хэлсэн байна. Хүсдэг юм, байгаа юм хоёр өөр байж болно гэсэн утга. 

Хэн ч хэзээ ч өөрийгөө муу гэж боддоггүй. Бодож болохгүй. Би муу амьтан гэж хэлж байхдаа ч дотроо тэр бодолтойгоо эвлэрдэггүй, өөрийгөө эсэргүүцэж л байдаг. Тийм биш гэж хэлээсэй гэсэн хүлээлттэй, тунирхсан л үг шүү дээ! Муу байхгүйг хичээдэг учраас тэр. Гэтэл үнэнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал хичнээн өрөвдөлтэй, сул дорой амьтан байдаг гээч?! /Төгс гэгээрч амжаагүй байгаа бол шүү/ Өөр хүнд хэлээд хэрэггүй.

Би л лав тийм биш, энэ номыг бичсэн хүн л тийм юм байна гэсэн бодол таныг эргэцүүлэн бодохоос өмнө гялс орж ирж байна уу? Тэгдэг л юм даа. Орж ирж л байг! Танд ажил байна гэдгийг нотолж байгаа хэрэг. 

Юуны тухай ном бэ?

Энэ номноос шүүж авснаа ашиглаж, дадлага хийх явцдаа үе үе өөрийгөө тийнхүү ажигласаар байгаарай. Ажиглалтын объект буюу жинхэнэ Та ямар хурдан сайжирч байгааг түвэггүй харах болно. Сайжирна гэдэг нь Та тэнцвэрээ хадгалж чаддаг болж, ухаанаар хичээхгүйгээр сэтгэлээр тэгш оршихуйд байх дадал тогтохыг хэлнэ.

Амьдралын дадал гэж юув, тэр нь тогтоно гэж юуг хэлэхэв, тогтохоор юу болдог вэ, яагаад тогтож өгдөггүй вэ гэх мэт асуултад гаднаас нь биш дотроос нь хариулахыг хичээлээ. Дотор нь орж үзсэн нь сайн хэрэг.

Дадал гэдгийг зүйрлэж хэлбэл, дугуй унаж сурч байхдаа хүн онхолдохгүйг л хичээдэг учир замын бартаа яамай бөгөөд харсаар яваад, зайлж чадалгүй шон мөргөх нь энүүхэнд. Харин сайн сурсан хойноо бол тусгайлан хичээж бодохгүйгээр давхидаг. Энэ нь олон удаа дадлага хийж, унаж боссоны хүчинд л яавал унахгүй байдаг вэ гэдгийг мэдсэн учраас тэр л байдалд байнга байхад дадсаны ач. Энэ дадлынхаа хүчинд бараг л автоматаар дугуйгаа жолоодож байна гэсэн үг. Дугуй унаад явж байхдаа одоо тэр булчингаа чангалж, энийг татаад, тэрийг түлхээд гэлгүй, өөр зүйлд зориод явдаг болно.

 Бүх юм хоёр талтай. Тэр хоёрын тэнцвэрийг барьж, хадгалахыг алтан дундаж гэж хэлдэг нь маш их учиртай юм байна. Та бодол доторх хүнээ хоёр туйлын нэгэн дээр л байлгаж, амьдрал дээр түүн шигээ байхыг хичээснээс ямар их зүдэрч байснаа харна.  Бодож байгаа хүн зөв байраа олоход бодол доторх тэр хүний маань ч байр зөв болно.

Ийм төлөвийг олоход аз жаргалыг байнга мэдрэх болно.

Миний лекцэнд суусан, телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож байхад минь утсаар холбогдсон зарим хүн

-Та тийм өвчинд ийм юм иддэг, жингээ барихын тулд тийм юм бүү ид гээд тэр эрүүл хоолоо тодорхой яриач. Хаяж ч болохгүй, авч ч болохгүй, толгой эргүүлсэн бөөрөнхий юм тойруулаад л байх юм. Асуудал руугаа орооч гэж бачимддаг. Нэг үзэгчид

-Анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн тухай та сонсож байна. Үүнийг гүйцээгээд ойлговол зөвлөгөө хэрэггүй болдог. Яг одоо ойлгомжгүй байгаа бол цаг нь ирэхээр ойлгогдоно. Заавал үзэх албагүй шүү дээ, сувгаа сольчихгүй юу дээ гээд хариулчихсан чинь бас нэг ууртай үзэгч холбогдоод,

-Яасан их хүн басамжилж, доош нь хийдэг хүн бэ, хэн ч ойлгохгүй юм ярихаа боль, яах гэж ийм юмнуудыг нэвтрүүлэгтээ оруулдаг байнаа, сайн эмч, эрдэмтэн мундсан биш гэх мэт юм хэлж билээ. Тэднийг буруутгах аргагүй. Би ойлгож, хайрладаг юм.

Эрүүл мэнд зохимжтой хооллолтын асуудал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ тухай бусдад хэрэгтэй юм ихийг хийх гэж оролддог учир надтай хамтарч ажилладаг сонин, сэтгүүл, радио, телевизийнхэн, эмч, багш, улс төрчид, нийгмийн ажилтнууд “Сэрэлт” киноны Бумаа биеэ өвдөнгүүт орос эмчдээ биш ах ламдаа үзүүлэх гээд хадаг өвөртлөөд явж байдаг шиг л яг хооллохдоо тулахаар нөгөө буруу хоолоо л иддэг юм билээ. Тэр олон хамтрагч дотор ам, ажил нь зөрдөггүй гуравхан/!/ хүн байгааг би мэднэ.

Бусад нь нэвтрүүлэг, уулзалт, лекцийн дараа хооллох цаг болсон байвал

-За, салаттай хуушуурт хэн гүйхэв гэх буюу сайхан хоолтой ресторан юу билээ, багшаа бидэнтэй хамт хоолонд орооч, нэг удаа дажгүй дээ, яриа амьдрал хоёр өөр шүү дээ гээд инээлдээд л алга болдог.

Мэдээгүйн улмаас дургүй хүн ойлгомжтой. Харин зөв сайных нь тухай олж мэдээд бусдад бас дамжуулдаг атлаа өөрөө/!/ түүндээ дурлахгүй ийм байдлын шалтгааны талаар ярихад ойлгохгүй байдаг нь бас шалтгаантай. Энэ тухай номыг Та барьж байна.

Алгебр гэдэг хичээл үздэг ахлах ангийн сурагчид амархан байдаг бодлого нэгдүгээр ангийн шинэ сурагчид дийлдэшгүй, нэгдүгээр ангийн бодлогыг тоолж сураагүй балчир бодож чадахгүй.

Ахынхаа алгебрийн номыг нэгдүгээр ангийн дүү нь үзээд сууж байхад нь “миний дүү цаг нь болохоор боддог болно” гэж хэлэхэд дүүгээ басамжилсан болохгүй биз дээ? Алгебрийн бодлого боддог болохын тулд мэдвэл зохих олон арга, томъёо, дасгал тэр хоёр сурагчийн мэдлэгийн хоорондох зайнд байгаа нь үнэн юм чинь.

Ах нь тайлбарлавал дүү нь “шуудхан хэлээч, юу гээд ойлгогдохгүй юм яриад бөөрөнхийлөөд байгаа юм бэ” гэхгүйгээр сайн сурч, анги дэвшсээр том болоод ахынхаа чадаж байгаа бодлогыг адилхан боддог болно гэдэг биш үү?

Эсвэл нэг жилд хоёр гурван ангийн хөтөлбөр хурдавчлан үзээд насаар дүү ч мэдлэгээр адил болж болдгийг бид мэднэ.

Амьдралын явдал ч үүнтэй төстэй.

Одоо хоёулаа эхнээсээ сайтар ойлголцчихъё.

Та хоолны жор, орц, тодорхой мэргэн зөвлөгөөг энэ номоос уншихгүй шүү!

“Бага ангийн хүүхдэд” бол учир нь олдохгүй “бөөрөнхий” санагдах нь гарцаагүй ч, “дунд ангийн сурагчид” маш сонирхолтой, “загатнасан газар маажсан шиг” гэж зүйрлэн хэлмээр, онгойж өгөхгүй байгаа цоожны түлхүүрийг олсонтой адил санагдах ном учраас уншсан хүн наанадаж л өөрийгөө ямар ангийн сурагч гэдгээ мэдэж авах сайн талтай гэдгийг урьдчилан хэлье. Сэтгэл санаагаа бэлдээрэй.