​ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ
8 жил, 11 сар өмнө

Саяхан Хууль сахиулах их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Батлан хамгаалах болон Хил хамгаалах байгууллагын тулааны урлагийн багш, офицеруудын дунд “Гардан тулааны урлаг" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов. Энэхүү хуралд “Монголын цуутай нударган тулаанчид” хэмээх хоёр боть ном туурвисан зохиолч, сэтгүүлч Б.Ойдов урилгаар оролцож "ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ, ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" ГЭСЭН СЭДВЭЭР илтгэл тавив. Ингээд уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.


ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ
ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Миний бие одоогоос арав гаруй жилийн тэртээ дэлхийн тулааны урлагийн мастер, кино од Брюс Ли-гийн “Эртний монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдэм Шаолинь сүмийн 316 эрдэмээс давуу байсан гэж үү?” хэмээн гайхан биширч байсныг Оросын нэгэн сэтгүүлээс уншиж билээ. Энэ бол ямар ч зохиолч, сэтгүүлч, судлаач хүний шүүрч аваад судалж бичих гоц санаа байлаа. Тэгээд л надад “Монголын цуутай нударган тулаанчид” хэмээх ном бичих санаа төрж, эрт урьдын түүхийг судалж, олон арван түүхч, эрдэмтэн мэргэд, тулааны урлагийн хүмүүстэй хүүрнэлдэж байсаар өдгөө дээрхи номынхоо нэг, хоёрдугаар дэвтрийг бичээд байна. Нээрээ ч эрт цагт алдарт Шаолинь сүмийн нударган тулаанчдыг “арчаад” өнгөрч байсан Монголын эрэмгий дайчдын үр сад нударган тулаанд гаргууд явсан болох нь түүхийн шарласан хуудас болон өвөг дээдсийн маань үлдээсэн домог ярианд тодорхой тусгагдсан байх ажээ. Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр үеэс л гардан тулааны үндэс суурь тавигджээ. Аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар цолтонгууд өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургахыг үүргээ гэж үздэг бичигдээгүй хуультай байж. Ер нь Монгол үндэстний оршин тогтнож ирсэн, мөн нэгэн цагт дэлхийд хамгийн хүчирхэг их гүрнийг байгуулж чадаж байсаны нууц бол тун энгийн зүйл юм. Тэр нь гардан тулааны урлагийг гойд эзэмшсэн явдал байлаа. Монгол эр хүн хэрвээ 13 нас хүрсэн бол эр цэргийн дансанд албан ёсоор орж, харин 60 нас хүрмэгц цэргийн албанаас чөлөөлөгддөг байсан нь тухайн үеийн монгол хүний биеийн бойжилт болон өсөлт одоогийнхоос харьцангуй илүү байсаны тод жишээ юм. Эрт цагийн монгол цэргийн эрдэм нь байгаль шинжлэл, хүний биеийн бүтцийн ухаан, бодисын ухаан дээр суурилж байсан болохыг өнөө цагийн эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Зэвсэгийн эрдэм, уналгын эрдэм, биеийн эрдэм гэсэн гурван том салбар чиглэлтэй нэгэн цогц урлаг болон хөгжиж чадсаны үр дүнд монголчууд олон зууны турш хүчирхэг явж ирсэн түүхтэй. Харамсалтай нь эртний монголчуудын зэвсэгийн эрдмийн талаар өдгөө дэлхийд дуугарч байгаа хүн алга. Харин хятадууд кунфу, у-шу хийгээд Шаолинь сүмийнхээ 700 гаруй эрдмийн талаар дэлхийд шуугиулсан кино бүтээхийн сацуу зодооны урлагийн тухай мянга мянган ном хэвлүүлсэн байх аж. Сэлэмнээс өөр зэвсэггүй ганц хүн л бүхэл бүтэн хороо цэргийг хиаруулан устгаж, гал усан дээгүүр шувуу шиг нисэн дүүлж, сэлмээр ялаа шиг олон сумыг зад цохин хааж буйг бид телевизийн дэлгэцнээс олонтаа үзсэн. Өнөөгийн Хятадын уран бүтээлчид “Бид эрт цагт ийм агуу баатруудтай байсан. Тийм тулдаа л агуу их Хятад гүрэн өнөөг хүртэл хүч чадлаа хадгалж үлдсэн” гэх маягаар эрт цагийн тулааны урлагаа тун гайхалтай сурталчилдаг. Гэтэл нэгэн цагт энэ их гүрэн монголчуудын өлмий дор сөхрөн бөхийж байсан түүх бий. Учир нь Монголчууд тулааны эрдэмд гайхалтай нэвтэрсэн хүмүүс байв. Энэ талаар дэлхийд дуугарч чадаагүй ч Монголдоо дуугараад байдаг хэд хэдэн хүн бий. Тэдний нэг бол Монголын гардан тулааны холбооны тэргүүн С.Хаянгарваа юм. Энэ хүн зарим нэг улсын тулааны урлагийн эх үндсийг Монголоос үүдэлтэй гэж хэлсэн. Жишээ нь тэр “Дэлхийн олон оронд каратэ, таэквондо гэх мэт төрөл бүрийн нэртэй бие хамгаалах урлаг байдаг боловч энэ бүгдийн үүсэл гарал нь монголчуудын бие хамгаалах аргаас эхтэй” гэж бардам хэлдэг хүн. Ер нь Хүннүгийн хаан Модун Шаньюйгийн үеэс тулааны урлаг хөгжиж эхэлсэн гэж болно. Түүхээс харж байхад монгол гаралт эртний улсууд болох Сяньби, Кидан нарын үед тулааны урлаг хөгжиж байсан баримт байдаг. Ялангуяа сэлэм, жадаар байлдах урлаг бол Хятадтай хийх дайныг шийддэг байжээ. Харамсалтай нь талын нүүдэлчид бичиг соёлын дурсгалаа үргэлжийн дайн байлдааны явцад үгүй хийснээр өнөөгийн бидэнд тулааны урлагийн талаар дорвитой бүтээл үлдсэнгүй. Хятадууд буцаах буюу татах хүчийг анх нээж, үүнийгээ тулааны урлагт ашигласан гэж үздэг ч үүнийг анх хүннүчүүд нээсэн байдаг. Оросын нэрт эрдэмтэн Константин Циолковскийг орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн эцэг гэж цоллодог. Циолковский завин дээрээс голын эрэг рүү цүнхтэй юмаа чулуудахад зав нь хойшоо бага зэрэг ухарсан, тэгээд л тийрэлтэт хөдөлгүүрийг анх санаачилсан гэх домог яриа байдаг. Гэхдээ 19-р зууны үед амьдарч асан Циолковскийгээс хамаагүй өмнө буцаах буюу татах хүчийг хүн төрөлхтөн аль хэдийн нээчихсэн байв. Наад захын жишээ гэхэд л үхэр буу. Гэвч үхэр буу гээчийг бий болохоос хамаагүй өмнө эртний хүннүчүүд “Татах хүч”-ийг ялан дийлсэн түүхтэй. Орчин үеийн нэрт эрдэмтэн Окладников үүнийг “Төв Азийн нум” гэж онцгойлон нэрлэсэн байх бөгөөд ухаандаа Хүннүгийн нумны ааг чадлыг их хаан Атиллын үед Европын хамгийн хүчирхэг цэрэгжсэн гүрэн болох Ромын импери бие дээрээ туршиж эмгэнэлтэйгээр “цоо цоо цохиулан” баталсаныг хэлж буй хэрэг. Үнэндээ ч хамгийн холч мэргэн зэвсэг нь дүүгүүр байсан ромын легионуудын хувьд хүннүчүүдийн нумны сум өнөөгийн тийрэлтэт миномёт шиг сүртэй, аюумшигтай зэвсэг байжээ. Тэгээд ч нэг жанжин нь “Аяа, энэ нүгэлт модон царцаахай” гэж дуу алдсаныг яруу найрагчид тэмдэглэн үлдээжээ. Хүннүгийн нум сум ийм л алдартай байсан бөгөөд ухаандаа орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн эх үндсийг К.Циолковский биш эртний хүннүчүүд анх санаачилжээ. Үндэсний монгол тулааны урлаг нь Манай эриний өмнөх гуравдугаар зуунаас эхтэй юм байна. Үүнийг түүхэн талаас нь сонирхож үзэхэд Хүннү гүрний үед эмээлийнхээ бүүрэгнээс арван метр хэрийн урт нарийн жирэм сур уяад хоёр үзүүрт нь нойтон үлээсэн гүзээ, үхрийн давсагийг бэхлээд шогшоогоор юмуу, тойргоор давхих хооронд давсагийг ойж ирвэл хөлөөрөө, гүзээг нь гараараа цохьдог, мөн хар давхиагаар давхихад араас нь хөөж байгаа морьтон дуут, саран, гурвалжин хэлбэрийн зэвтэй сумаар харвадаг байж. Энэ нь монгол тулааны урлагийн эх суурь болсон байх бөгөөд 13-р зууны үед монгол цэргийн байлдах, тулалдах урлаг гаргууд сайн байсан нь үүнтэй холбоотой. Чингисийн үед цэргийн, морины уналгын, биеийн эрдэм гэх мэт олон төрөл байж. Тэгээд мөнхүү тулааны урлагаа үр хойчдоо зааж сургах бөгөөд Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй нар Ононгийн шугуйд юуны төлөө яах гэж харваж намнах эрдэмд боловсорч байсныг санахад л хангалттай. 1239 онд Гүюг хааны дэргэд жад цэрэг буюу тусгай цэргийн хороо байгуулагдаж байжээ. Тэдгээр нь Хүннүгийн үеэс өвлөгдсөн харвах, намнах, хатгах, цавчих эрдэмд төгс боловсорсон эрчүүд байсан бөгөөд тухайн үедээ 3000 орчим хүнтэй байсан аж. 1242 онд Бат хааны гучин мянган цэрэг Лигниц хотын дэргэд Европт тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байсан Тевтоны ордны 80 мянган рыцарийг хиар цохьсон гэдэг билээ. Европын шилдэг рыцариудыг ийнхүү бут цохисон нь монголчуудын цэрэг зэвсэг, тулааны урлаг ямар агуу байсныг илтгэнэ. Мөн Арабын ертөнцийг байлдан дагуулсан Хүлэг хааны үед “Нохой цэрэг” гээч нь монгол цэргийн ялалтын нууц түлхүүр болж, Өрнөдийн ван, жанжинуудын зүрхэнд орж байжээ. “Нохой-цэрэг” нь болбоос хүйтэн усанд биеэ шилгээж норгоод нарийн элс, наалдмаг сайтай шавар шавхаагт хэдэнтээ хөрвөөж, мөнхүү үйлдлээ олон хоног давтах бөгөөд эцэст нь яг л хуягласан бодон лугаа зузаан арьстай болж, тэр нь суманд үл ажрах хуяг бамбай болж төгөлдөржинө. Тийм бөгөөс хуягласан “Нохой-цэрэг”-ийн ганц амин газар болох нүдийг нь олж хатгахгүй л бол дийлдэшгүй. Монгол цэргүүд энэхүү дийлдэшгүй чанараа Миссирийн дайнд бахдалтайяа харуулж, хожим Перс-Түрэгийн “Огуз-наме” хэмээх туульсын баатар болж, “Харвасан суманд үхдэггүй, ширвэсэн сэлмэнд өртдөггүй, хачин ер бусын, шилмэл нохой-цэргүүд” гэж дуурсагдах болтолоо тэмцэлдсэн юм. Энэ тухай би саяхан "Төрт ёс-Хаадын сан"-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн "Айн Жалудын цавчилдаан" хэмээх бүтээлдээ бас тусгасан. Тал нутгаас Өрнөдөд зорьж очсон монгол цэргүүд дайн тулаанд үхэх буюу сэхэхийг чухамхүү тэнгэрийн таалал гэж үзэх тул хацрыг нь жадлан байвч харсан нүдээ цавчихгүй, хар цусаа урсган байвч харьж огт буцахгүй. Хязгааргүй талын дунд мэндэлсэн монгол эрсийн мөрөөдөл үргэлж ертөнц адил задгай. Ер нь эртний монголчууд Манжийн халдан түрэмгийлэл хүртэл тулааны эрдэм чадлаар гаргууд байжээ. Харин Манжийн дарлалын хоёр зуун жилийн дотор өвөг дээдсийн маань тулааны урлагийн гайхамшигт өв сан тасран алга болжээ. Манж нар монгол эрчүүдийн дийлэнх хэсгийг лам болгож, үүний улмаас монгол эр хүний цэргийн эрдэм үгүй болох тийшээ хандсан байдаг. Тэгэхээр дайчин чанар нь алдагдана биз. Гэсэн ч монгол тулааны эрдэм, арга техник лам нар луу эргээд шилжиж, тэдний дунд нударган зодоон, хүрээ зодоон гэх мэтээр дахин хөгжиж, манай сүм хийдүүдэд өөрийн гэсэн өвөрмөц зодооны урлаг болох “Банди зодоон” түүхийн явцад үүссэн байдаг. Ухаандаа монгол гар зодооныг даяанч лам, бадарчин, шилийн сайн эрчүүд гэх мэт хатуухан заяа төөрөгтэй ганцаардмал хүмүүс анх сэдэж, өөр өөрийнхөө ур чадварт тохируулан бие хамгаалах зорилгоор хэрэглэж, тэр нь цаг хугацааны эргэлтэнд улам төгөлдөржсөн байх жишээтэй. Ингэж тэд эртний цөс ихт монголчуудын тулааны урлагийг зохих хэмжээнд үргэлжлүүлж явсан байх аж. Ардын хувьсгалаас өмнө Түвд, Лхас руу мөргөл үйлдэхээр яваа лам, бадарчингууд зам зуурын хүрээ хийдийн зодоончидтой гар зөрүүлэн өөрийнхөө бэлтгэл сургуулийг шалгадаг байжээ. Тэд зөвхөн гар зөрөлцөөд зогсохгүй хавчиг үүргэвчиндээ хүхрийг шар тосонд холин тусгай бэлтгэсэн мод юмуу, эсгий гадартай тэсрэх зүйлийг хийдэг байж. Тэгээд үүнийгээ чоно дагасан үед цэнэглэж хэрэглэх, зодоонд мөргөх зэргээр ашигладаг байсан байна. Бадарчин лам нартай зэрэгцээд 1860-аад оны үеэс хүрээнд халхын цуутай зодоончид нэгдэж Манжийн ноёд ихэсийн эд хөрөнгийг дээрэмддэг “Нууц бүлгэм” байгуулж байсан байна. Уг бүлгэмд Баруун хүрээний “Дүүгүүр” Зодов, Эрдэнэзуугийн “Том гар” Бат-Очир, Их шавийн бадарчин “Хонхор” Лодон, Сайн ноён ханы шилийн сайн эр “Мөр” Дэндэв, Баруун хүрээний Чойжоо маарамба, Засагт ханы шилийн сайн эр Магван, Зүүн хүрээний “Ганц хөлт” Дугар, “Солгой” Нацаг гэх мэт халхын цуутай зодоончид багтдаг байжээ. Тухайн үед эдгээр эрчүүд Вангийн хошууны, Гөрөөчний хошууны бүлгэм гэж хоёр тасарч нэг нь Богдын хүрээнд, нөгөө нь хилийн чанадад гэх маягаар ээлжлэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан баримт байдаг. Зүүн хүрээний “Ганц хөлт” Дугар гэдэг нь зүүн хөлөн дээрээ дэгэнцээд баруун хөлөөрөө гайхалтай өшиглөдөг хүн байж. Нэг удаа Дугар Хүрээний хэдэн банди нарын хамт арван ханатай том гэр барихаар ханыг нь тавьж байтал нэг банди “Дугар ч хөлөөрөө хүний эрүүг алдахгүй өшиглөдөг хүн дээ. Харин энэ арван ханатын хананы бүх толгойг хөлөөрөө тоолж чадах болов уу даа” гэж басчээ. Үүнийг сонссон Дугар үг дуугүй дээлийнхээ хормойг шуугаад монгол гуталтай баруун хөлөө толгойныхоо тушаа өргөөд хатавчнаас эхлэн хананы толгойг хөлөөрөө тоолж эхэлжээ. Үүнийг үзэхээр олон ч хүн цугларч. Дугар нэг ч удаа хөлөө буулгалгүй бүх хананы толгойг булга өшиглөж дуусахад тэнд байсан хүмүүс шагширч байсан гэдэг. 1910-аад оны үед халхын тэргүүн зодоончоор Сийлэнбүүвэй хэмээх эр тодорч байсан тухай түүхийн зарим нэг эх сурвалжид тэмдэглэжээ. Ингэж түүхэнд тэмдэглэгдэхийг бодоход Сийлэнбүүвэй нь аргагүй сайн зодоонч байсан төдийгүй тухайн цагийн засаг ноёд, лам хувилгаад нударган зодооныг бөх барилдахтай адил хэмжээнд үзэж сонирхдог, улмаар спортын нэгэн төрөл мэтээр үздэг байсан нь илт. Нэг удаа Вангийн хошууны, Гөрөөчний хошууны бүлгэмийнхэн нутаг булаацалдан нэлээд дуулиантай зодоон хийжээ. Олон эрчүүд ойр хавийн айлуудын хонины хашааны шургаагийг барьж зодолдсон бөгөөд тэр хавийн айлуудын хонины хашааг бүгдийг нь хугартал нанчилджээ. Уг зодоонд гурван эрийн гэзэгтэй хуйх хуу цохигдсон гэдэг. Бүтэн өдөр болсон дээрхи зодоон дуусахад дараагаар нь хоёр хошууны эрчүүл “Эвлэрсэний найр” гээчийг хийж гурван өдөр, гурван шөнө хөл толгойгүй найрлаж байсан гэдэг. Энэхүү сүрлэг зодоонд Халхын цуутай зодоончид бүгд оролцсон бөгөөд тэднийг ингэж нэгдсэний дараа бүгдийг нь Сийлэнбүүвэй захирах болжээ. Халхын тэргүүн зодоонч Сийлэнбүүвэй 1910-аад оны үед Богдын хүрээний манлай зодоончдын хоншоорыг зад өшиглөөд нэрд гарсан байна. Тиймээс түүнийг аливаа зодоонд оролцуулахаас айж, бүгд түүний удирдлаган дор захирагдах болсон гэдэг. Мөн тухайн үед Сүрэн гүний хошууны “Хар” Найдан гэгч эр “Арван гүзээний зодоон” гэгчид шилдэгээр шалгарч байжээ. Гоц сайн бэлтгэлтэй нударган зодоончийг шалгаруулахдаа 8-10 хонины хийлж хатаасан гүзээг хөөдөж гэрийн тоононоос зүүнэ. Тэгээд бэлтгэлээ шалгуулах хүнийг тод өнгийн дээл өмсүүлэн дасгал сургууль хийлгэхэд дээлээ хөөдөлгүй гарч ирвэл тэр сайн зодоонч гэж хэлэгдэх жишээтэй. Энэ нь олон хүнтэй зэрэг нударгалцахад хэрэгтэй дасгал болдог байв. “Хар” Найдан “Арван гүзээний зодоон”-д тэргүүлэгч болоод зогсохгүй хунз цайн дээр мөрийтэй зогсоод нэг байрнаасаа удаан тэвэг өшиглөөд ялдаг байсан бөгөөд ингэж тэвэг өшиглөх нь хөлөөрөө өшиглөх сургалт болдог байж. Мөн тэр гарынхаа эв, хурд, хүчийг сорьж үхрийн сээрний ясыг хуга цохидог байжээ. Харин Ардын хувьсгал ялан мандсаны дараа хүрээ хийдийн лам нарын гардан тулаан хумигдсан байдаг. Тэгэхдээ энэхүү эрдмийг гуч, дөчөөд оны үед Дотоод яамны чекистүүд их, бага хэлбэрээр өвлөн авч Хятад, Японы хорлон сүйтгэгч, тагнуул туршуулуудтай тэмцэлдэж явсан байх аж. Ингэхээс ч өөр арга байсангүй. Яагаад гэвэл хятад, япончууд бол гардан тулаанд эртнээс мэргэшсэн улс. Японы захын нэг самурай гэхэд л дор хаяхад айкидо, карате, жүдо, кудо зэргийнхээ аль нэгийг хийж чаддаг байжээ. Эрт цагт монгол цэргийн эрдэм буюу үндэсний тулааны урлаг нь цэвэр дайн тулаан, зэвсэгийн шинж чанарыг агуулж байсан бол орчин үеийн тулааны урлаг нь өнөөгийн нийгэм болон монгол хүний бие бялдар, зан онцлогт тохирсон, дэлхийн бие хамгаалах урлагийн төрлүүдээс ялгагдахуйц өвөрмөц мэх, техник, онол, өмсгөл, зэвсэг, ёс жаягтай мэргэжлийн болон сонирхогчийн хоёр чиглэлээр хөгжиж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд жудо, бокс, буудлагын төрлөөр олимпийн медаль хүртлээ. Энэ чинь тэр чигээрээ тулааны урлаг. Энэ бол эрт цагийн цөс ихт өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн тулааны урлагийн өв эх эрдэм. Энэ их эрдэм чадлыг сүүлийн жилүүдэд манай олон арван гардан тулаанч дэлхий дахинд мэдрүүлж чадлаа. Жишээ нь мэргэжлийн боксын дэлхийн аварга Чой. Цэвээнпүрэв, “Чингисийн цавчилт” хэмээх алдрыг хүртсэн Ж.Нарантунгалаг, “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан, каратэгийн дэлхийн аварга цолыг хэд хэдэн удаа хүртсэн Д.Бямбадорж нар тив, дэлхийд нэр алдараа дуурсгав. Мөн өдгөө энхийг сахиулагч манай цэрэг дайчид эртний монгол дайчдын агуу сүр хүч, тэсвэр хатуужил, эр зоригийг гадаад ертөнцөд харуулсаар байна. Энд ганцхэн жишээ хэлье. Өнгөрсөн жил Афгинастан улсад үүрэг гүйцэтгэж байсан Олон үндэстнүүдийн цэргийн багуудын дунд цэргийн ур чадварын тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд оролцогчид хоёр хоёроороо нэг баг болж таван км гүйж дүүжинд жаран удаа, гар дээрээ 230 удаа суниагаад 16 кг ачаатайгаар дахиад таван км гүйж дүүжинд жаран удаа, гар дээрээ 230 удаа суниана. Тэгээд дахин таван км гүйж барианд орсоноор тэмцээн өндөрлөнө. Энэ тэмцээн нь эр цэргийн хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг сорьсон хүнд даалгавартай гэдгээрээ олон орны цэргийн албан хаагчдын дунд алдартай юм байна. Ерөнхийдөө энэ тэмцээнд оролцсон олон үндэстэний цэргийн багууд хамаг л хар хөлсөө цувуулж, шар махтайгаа хатдаг ажээ. Дэлхийд алдартай гэгддэг Америкийн тэнгисийн явган цэргүүд хүртэл энэхүү хүнд хэцүү тэмцээнд тамираа шавхаж, сөхөрч унадаг юм байх. Тэгтэл Афганистанд алба хааж буй Чингисийн удамт монгол дайчид өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцоод, дэлхийн талыг эзлэн тойгтоныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж явсан эцэг өвгөдийнхөө овсгоо самбаа, тэсвэр тэвчээрийг өнөө хэр нь өвлөж яваа шүү гэдгээ яруу тодоор харуулжээ. Уг тэмцээнд Монгол улсын цэргийн багийг төлөөлж 68 хүнтэй есөн баг оролцжээ. Тэгтэл 1, 2, 3, 4, 5, 6, 7-р байр болон 9-р байрыг манай баг эзэлж, харин 8-р байрыг Америкийг төлөөлж оролцсон тэнгисийн явган цэргийн баг эзэлжээ. Бусад орны багууд байр ч үгүй хоосон хоцорчээ. Холливудын уран сайхны кинонуудад өөрсдийгөө хэнд ч дийлдэшгүй “төмөр цэрэг” мэтээр харуулаад байдаг Америкийн алдар цуут тэнгисийн цэргүүд ийнхүү Азийн цээжнээс аажуу уужуухан хөдөлсөн монгол цэргүүдийг гүйцэж түрүүлэх гэж араас нь амь тэмцэн гүйж, хар хөлсөө цувуулаад цувуулаад барсангүй. Ингэж манай дайчид Монгол гэж агуу дайчин ард түмэн Азийн цээжинд байдгийг дэлхий дахинд мэдрүүлж өгч чадсанаар уг тэмцээний дараа гадныхан, тэр тусмаа Америкийн цэргүүд өөрсдийн фейсбүүк болон тветтер хуудсандаа “Монгол цэрэг та нар чадлаа. Үнэхээр гайхалтай. Та нар биднийг алмайрууллаа. Талын хүчирхэг баатруудаар бахархаж байна” гэх мэтээр биширсэн сэтгэлээ илэрхийлж байсан юм. Энэхүү гайхам явдал Монголын үндэсний тулааны уламжлал, шинэчлэл биш гэж үү?
Би илтгэлээ алдарт Брюс Ли-гийн хэлсэн үгээр эхэлсэн. Одоо харин Брюс Ли-гийн хэлсэн үгээр дуусгая.
Брюс Ли “Мөрөн голын сайн эрчүүд”-ээс хэдэн хувь давж гарахын тулд дэлхийн бүхий л зодооны урлагтай холбоотой 2000 гаруй номыг цуглуулан судалж байжээ. Тэрбээр Житкундогийн дүрэм боловсруулахын зэрэгцээ эртний Шаолины сүм, Хятадын мөрөн голын цуутай эрсийн зэвсэгийн эрдмийн тухай өөрийн бодлыг бичиж байв. Уг номондоо Азийн У-шу, Карате, Кунфу, Айкидо, Жүшүними, Таеквондо гээд бүхий л төрлийн зодооны арга техникийн давуу, сул талуудыг тодорхойлжээ. Мөн Хятадын Кунфугийн урлаг үеэс үед доройтон суларч байгаа тухай, 800 жилийн өмнө мөрөн голын сайн эрс болгоны эзэмшиж чаддаг байсан дотоод хүч, амьсгалын хий зэрэг нууц эрдмүүд бараг үгүй болсон тухай, тэдгээрээс зөвхөн хөнгөний тамиртай цөөхөн мастерууд л Хятадад үлдсэн тухай, Кунфугийн эрдмийг цорын ганц итгэлтэй хүндээ уламжлуулан үлдээдэг эртний ганц ёсыг шүүмжлэн бичсэн байв. Энэхүү нэг хүнээр дамжих уламжлал нь эрт цагийн төгс эрдмийг улам бүр алга болгоход хүргэж байна хэмээн тэр үзэж байлаа. Уг номонд нэгэн сонирхолтой хэсэг байгаа нь монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдмийн тухай бичсэн бүлэг юм. Брюс Ли монголчуудын түүхийг нэвт сайн мэдэж байжээ. 1227-1282 оны хооронд яагаад нүүдэлчин, зэрлэг удмын монголчууд Хан, Тан, Алтан улсыг тэр чигээр нь эзлэн авч чадсан бэ? гэдэг асуулт түүний сонирхолыг ихэд татжээ. Учир нь тухайн үед Шаолинь сүмийн нэр хүнд гурван мөрнөөр цуурайтаж байсан гэдэг. Тиймээс Брюс Ли “Сүмийн оройд үсрээд гарчихдаг хөнгөний тамиртай сайн эрс, дотоод хүчээрээ зайнаас хүний ташаан дахь илдийг суга татдаг мастерууд Хятад орноор хөлхөлдөн байсан хэрнээ яагаад нүүдэлчин монголчуудыг ялан дийлж чадсангүй вэ?” гэж уурсан бичиж байжээ. Ухаандаа монголчуудыг Хан, Тан, Алтан улсыг эрхшээлдээ оруулж байх тэр үед Хятадад нударган зодоон хийгээд зэвсэгийн эрдэм ид оргилдоо хүрч цэцэглэн хөгжиж байсан аж. Гэтэл зэрлэг бүдүүлэг гэгдэх нүүдэлчин аймгууд тэр бүх эрдмийг төрүүлж гаргасан ард түмнийг уландаа гишгэн боолчилж орхисон нь Брюс Ли-гийн сонирхолыг зүй ёсоор татжээ. Тиймээс Брюс Ли “Монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдэм Шаолинь сүмийн 316 эрдэмээс давуу байсан гэж үү?” хэмээн гайхан биширч байжээ.

АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.