ЭНЕРГИЭР ЦЭНЭГЛЭГДЭН ЭХ ОРНООРОО АЯЛААРАЙ
12 жил, 1 сар өмнө

NMMAteam-ийн намар бүрийн уламжлалт аялал болж өнгөрлөө. Машины цонхоор эрх чөлөөг мэдрүүлэн үлээх салхиар үсээ сэнстүүлэн давхиж “Ертөнцийн агуй” спорт тоглоомын амралтын газарт ирлээ. Айдсыг хүчин зүйлээ даван туулж, 8 метрийн өндөрт олсон дээр болжмор шиг сууж, чөлөөт уналт хийж, уулчин аятай хаднаас олсоор буулт хийж үзлээ. Энэ тоглоомуудаар айдас бол тийм ч аймшигтай зүйл биш, харин хүн өөрийнхөө төсөөллөөр л улам аймшигтай болгож байдаг тархин доторхи төсөөлөл төдий гэдгийг улам баталгаажууллаа. Яагаад гэвэл энэ үнэхээр аймаар, яанаа, унаад үхчихгүй байгаа даа, унавал аймшигтай байх даа гэсэн төсөөлөл хөлийг минь тушиж, биеийг царцааж байсан хэдий ч, ямартай ч хийгээд үзье, туршаад үзье, даваад үзье гэсэн итгэл бий болсоны дараа айдас замхран алга болж илүү эрч хүч бий болж байлаа.

 

Оройны галын наадам, түүдэг галын дэргэд одтой тэнгэрийг ширтэн хэн ч хараагүй мэт эрх чөлөөг мэдрэн бүжих үнэхээр төгс төгөлдөр ажээ. Ийм гайхалтай мөчүүдэд цаг хугацаа зогсож, амьдралд илүү дурлах, амьдралаа илүү хайрлах тийм мэдрэмжийг төрүүлдэг. Ийм мөчүүдийг би амьдралын алтан хором гэж нэрлэдэг.
Зүлгэн дээгүүр зүгээр л нэг хөл нүцгэн гүйгээд, дураараа хашгираад, ертөнцийн хязгаарт ирсэн юм шиг л тоглож наадлаа. Хүүхэд нас санаанд ороод, өглөө шүүдрээр хөлөө угаан гүйж, үхрийн халуун баасан дээр хөлөө дулаацуулж, хөлийн салаандаа таанын цагаан цэцгийг хавчуулж чимдэгсэн. Шүүдрийн дуслаар хөлөө угааж анхны цаснаар хөл нүцгэн гүйж эх дэлхийтэйгээ ойр амьдарсаных эрүүл чийрэг амьдарч яваа ч юм билүү?

Өвөө, эмээ, ээж, аавын хэлдэгээр хүн байгальтай ойр байснаар энерги, эрч хүч авдаг гэснийг дахин дахин баталж БАЙГАЛЬ ЭЭЖИЙНХЭЭ ХЭВЛИЙГЭЭС дахин дахин төрөөд ирлээ. Хөдөө ирээгүй ямар их удаав дээ. 
Сэлэнгийн энгүй их тариан талбайд хараа билчээн, Хараа холын хэвлийд сэлж, эрэг дээр нь тууцалдаж байгаад ирлээ. Эх орондоо амар тайван амьдрах сайхан юм аа.
Хамгийн гоё хэсэг нь мешокоо дэлгээд уулын бэлд тэнгэрийн доор унтсан нь байлаа. Өглөөн нар сормуусыг чинь шүргээд, шумуулын шунгинаараар нойрноос сэрээд алсын уулсын оройг ширтэж, морь тургилахыг сонслоо.

Хөл нүцгэн хээрийн эрүүл хөрс, ус, агаар дундуур туучсан аялал. Ямартай ч энэ өвөл ханиуд хүрэхгүй, өвдөхгүй гэдэгт итгэлтэй байна. Байгаль ээжтэйгээ уулзаж, айдсын хүчин зүйлээ даван туулсан аялалаа өндөрлөе. 

Эх орноо танин мэдэж, байгаль ээжтэйгээ хамт аялаарай, Найзуудаа!

Зураг үзэх